| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0006/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/07 |
| Огноо | 2023-12-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/07
2024/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: А.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Аы Өт холбогдох эрүүгийн 2312000000181 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувийн малаа малладаг, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, 3 дүүгийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын ................ газар оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Аы Ө/РД: АЕ............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн ........ газарт иргэн Г.Г нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Ө нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд Архангай аймгийн Өлзийт сумын ........й гэх газарт иргэн Э.Гийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Г.Гийг зодож, эрүүл мэндэд нь баруун тойг ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд зүүн 6-р шүдний эмтрэл, баруун өвдөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулайн хуйх, баруун нүдний зовхи, хацар, хамар, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Гийн“...Би Архангай аймгийн Өлзийт суманд ирж, очиж байдаг. Энэ жил хаваржилт хүнд байсан учир би аав, ээжийн гэр болох Архангай аймгийн Өлзийт сумын ......... гэх газарт 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос очсон. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн найз нөхөд болох манай сумын М, Пуна нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 12 цагийн үед аавын гэрт орж ирээд унтаад өгсөн. Тус өдрийн 17 цагийн үед унтаж байгаад сэрээд аавын гэрт байж байтал манай сумын иргэн Өсөхөө, Р нар нийслэл нэртэй 2.5 л 1 ширхэг пивотой хүрч ирсэн. Тухайн авч ирсэн пивыг би ганцаараа уусан байх. 2 хүүхэд бор цай уусан байх. А.Ө, Б.Р нар намайг “Өлзийт сумын төв орж ахтайгаа архи ууна шоудна” гэж хэлээд намайг мотоциклынхоо голд суулгаад гуравлаад хөдөлсөн. Тэр үед миний эцэг Г нь худаг дээр байж байх үед очоод бид 3 үхэр өргөж өгсөн. Э.Гийн гэр рүү явсан. Би тухайн үед салхинд цохиулаад нилээд согтчихсон байсан. Э.Гийн эхнэр болох З нь хоол хийж байсан. Би Зг “ямар удаан хийдэг юм бэ” гэж үг хаяад бага зэрэг маргалдсан байх. Зг өмөөрөөд нөхөр нь намайг нэг удаа миний зүүн эгэм хэсэгт цохисон. Намайг А 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед гэрт мотоциклоор хүргэж ирсэн. Би сумын Э эмчид үзүүлсэн. 1.500.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Үүнээс хойш дахин эмчилгээ хийлгэсэн. Миний хохирол төлбөрийг барагдуулсан зүйл огт байхгүй. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/, гэрч М.Оын”...2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг Мэргэн гэх газар нөхөр, хүүхэд, хадам аав, ээжийн хамт тавуулаа байж байсан. Миний нөхөр Г.Г нь тухайн өдрийн өглөө 08 цагийн орчимд “Пуна гэх айлынх руу явлаа” гэж хэлээд явсан. Тэгээд өдөр 12 цагийн орчимд гэртээ ирэхдээ халамцуу, архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Тухайн үед би хоол унд хийж байсан болохоор манай нөхөр хоол идчихээд унтаад өгсөн. Тухайн өдрийн орой 18 цаг орчимд Б.Р, нэг найзын хамт манай хадам аавынд ирэхдээ 2 литрийн савлагаатай нийслэл гэсэн нэртэй том пиво авч ирсэн. Тэгээд тэр хоёр манай нөхөр болох Г.Гтэй авч ирсэн том пивоо ууж эхлээд удалгүй тэр хоёр хүн “наад пиво чинь орохгүй байна” гээд надаар хар цай хийлгэж уугаад манай нөхөрт тэр пивоо уулгаж дуусгасан. Дуусгасныхаа дараа Б.Р, А.Ө хоёр манай нөхрийг “төв орж шоудъя, караоке оръя” гээд дагуулаад А.Ө гээд залуугийн мотоциклоор “Б.Рийнх руу явна” гэж хэлж гараад урд зүгт байдаг худаг руу замаа өөрчлөөд яваад өгсөн. Тэгээд би араас нь харж байтал тэр 3 хадам аав, ээж дээр очиж хэвтэж байсан нэг үхэр босгож байхыг би харсан. Тэр худаг дээр ойролцоогоор 30 минут орчим болсны дараа тэр 3 Рийн гэрийн зүг яваад өгсөн. Төд удалгүй тэр 3 мотоциклоо унаад манай хадам аавын гэрийн хажуугаар гараад явчихсан. Тэгээд орой 20 цагийн орчимд манай нөхөр хувцас нь урагдчихсан, баруун нүд нь хавдаад хөхөрчихсөн, гар, өвдөг, хүзүү нь зулгараад улайчихсан ирсэн. Тэгээд бид хоёр цагдаагийн байгууллагад хандсан. Б.Р, А.Ө хоёр тухайн өдөр манай хадам аавынд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэчихсэн орж ирсэн. Манай нөхөр болох Г.Г нь өдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд гэртээ ирээд унтаад эрүүл болчихсон байсан. Тэр гурав 2 литрийн савлагаатай Нийслэл нэртэй том пиво авч ирээд тэрийгээ ууж дуусчихаад гараад явсан. Бага зэрэг л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Б.Р нь гэнэт манай нөхрийг “дандаа хүүхэн шиг юм ярьж явах юм аа” гээд хараалын үг хэлээд уурлаад байсан. Би ямар шалтгаантай тэгснийг нь сайн мэдэхгүй. Тэгээд гэрийн гадаа үхэр уначихсан байхаар нь хадам орилохоор нь би Б.Рийг “өргөлцөөд өгчихөө” гээд гаргасан. Гарсных нь дараа манай нөхөр утсаар ярьж дуусаад байж байтал гаднаас Б.Р бид хоёр орж ирэхэд Б.Р “яах гэж ээжтэй ярьсан юм, манай ээжид яах гэж хэлсэн юм” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь манай нөхөр Б.Рийн өөдөөс нэг их юм яриагүй. А.Ө гэх залуу нь танай ээж ярьсан гээд байсан. Би ямар учир шалтгаантай уурлаад байгааг сайн мэдэхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/, гэрч Д.Эийн”...Би Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажилладаг. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр томилогдсон хуваарийн дагуу би жижүүр дуудлагын эмчээр ажиллаж байх үед 10 цагийн үед хүнд зодуулсны улмаас хэвлийн хэсэгт өвдөж, толгойн дүүрч чинэрч өвдөөд босож чадахгүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн" би дуудлага мэдээллийн дагуу Архангай аймгийн Өлзийт сумын .... гэх газарт байрлах Гын Г гэх хүн дээр очиж биед нь үзлэг хийгээд толгойн хэсгийг гараар тэмтэрч үзэхэд 2-3 газар овойсон, зүүн нүд нь хавдаж, хөхөрсөн, зүүн шагай нь эмзэглэлтэй, гишгиж болохгүй байна гэсэн, бие хэвлий нь хэсэгт дарахад эмзэглэж байсан. Би Бийн биед үзлэг хийх явцдаа ямар шалтгааны улмаас гэмтсэн талаар асуух үед манай нутгийн 2 залуу хэвлий болон толгой хэсэгт өшиглөж зодсон, гэрээс нь дуудаад аваад гарсан гэж надад хэлсэн. Би өвчин намдаах анальгин 50%-2 мл, Димедрол 1%-1мл хольж судсанд хийсэн. Илэрхий цус алдалтын шинж тэмдэг илрээгүй учир Улаанбаатар хотод очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/, гэрч Э.Гийн”...Би Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэрт байрлах Дэрстэй гэх газар эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн гэртээ байж байх үед гаднаас Г.Г, Б.Р, А.Ө нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн манайд мотоциклтой ирсэн. Би тухайн үед унтаж байсан. Тэр гурав 2,5 литрийн нийслэл нэртэй байсан байх би сайн санахгүй байна, талд нь орчихсон пиво байсан. Бид нар хувааж уусан. Тэр үед манай эхнэр хоол хийж байсан. Г.Г нь манай эхнэр болох Зг “гичий, жингэр, гуйлгачин” гэж дуудаад би эхнэрээ өмөөрөөд “чи яах гэж гуйлгачин айлд ирсэн юм” гэж хэлтэл Г.Г босож ирээд намайг нэг удаа баруун хацар хэсэгт зүүн гараараа нэг удаа цохисон. Миний хамраас цус гарсан. Би зөрүүлээд Гийн зүүн эгэм хэсэг рүү нэг удаа баруун гараараа нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Намайг цохисны дараа А.Ө нь Г.Гийг “чи яахаараа хүнийг өвчин зовлонтой байх үед хүн рүү агсраад хэл амаар доромжлоод байгаа юм” гэж хэлээд манай гэрээс авч гарсан. Гадаа зодолдоод байгаа мэт дуу чимээ гарсан. Манай эхнэр Б.З гэрээс гараад тэд нарыг салгасан. Б.Р тухайн үед унтаж байсан. Тэгээд А нь Г.Гийг хүргэж өгсөн. Би Г.Гийн нүүр царайг нь хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-30 дугаар тал/, гэрч Б.Згийн”...2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед би өөрийн гэр болох Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэрт байрлах Дэрстэй гэх газарт байж байхад гаднаас Г.Г, А.Ө, Б.Р нар 1 мотоциклтой сундлаад манайд ирсэн. Тэд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирсэн. Манайд 2.5 л 1 ширхэг пивотой ирсэн. Тухайн пиво талдаа орчихсон байсан. Манай нөхөр Г унтаж байгаад тэд нарыг ирэхээр нь сэрээд авч ирсэн пивоноос нь хувааж уусан. Би хоол хийгээд сууж байх үед Г.Г нь “алцгар янхан, гуйлгачин” гэх мэтээр намайг хэл амаар доромжлоод байсан. Манай нөхөр Э.Г “чи яах гэж гуйлгачин айлд орж ирсэн юм” гэж хэлэх үед Э.Гийг Г.Г цохиод авсан. Зөрүүлээд Э.Г, Г.Гийг цохиод авсан. Тэр үед А.Ө нь Г.Гийг манай гэрээс авч гарсан. Гадаа зодолдоод байгаа мэт дуу гараад байсан. Би гэрээсээ гарахад Г.Г, А.Ө нар зогсож байсан. Манай сумын иргэн А Г.Гийг хүргэж өгсөн. Г.Гийн хувцас газар уначихсан байсан. Би хувцсыг Г.Гт өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-35 дугаар тал/, гэрч Ц.Аийн”...2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед би үхэртээ яваад Өлзийт сумын Ямаат багийн ........ гэх газар ирэх үед Э.Гийнд Г.Г, Б.Р, Э.Ө нар ирчихсэн пиво уугаад сууж байсан. Би гадаа мотоциклоо засаад байж байтал Э.Гийн эхнэр Б.З намайг “хоол ид” гээд дуудсан. Би Э.Гийн гэрт ороод сууж байтал Г.Г нилээн согтчихсон Б.Зг “гуйлгачин минь” гэх мэтээр хэл амаар доромжилж, хэрчсэн гурилыг нь базаж шидэж байсан. Э.Г эхнэрээ өмөөрч “чи яах гэж гуйлгачингийнд ирсэн юм” гэж хэлээд маргалдсан. Г.Г босож ирээд Э.Гийг цохиод авсан. Зөрүүлээд Э.Г баруун мөр хэсэгт цохисон. Гэхдээ шүргээд өнгөрсөн. Тэр үед А.Ө нь Г.Гийг гэрээс чирээд аваад гарсан. Гадаа зодолдож байгаа мэт дуу чимээ гарсан. З гэрээс гараад араас нь би гарах үед А.Ө нь Г.Гийг өшиглөсөн. Г.Гийн зүүн нүд хавдсан байсан. Б.З тэр 2-ыг салгасан. Г.Г надаас гэрт хүргэж өгөхийг гуйсан. Би Г.Гийг гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Рийн”...Би дээрх цаг хугацаанд юу болсон талаар санаж байна. Тухайн өдөр би гэртээ буюу Ямаат багийн Мэргэн гэх газар байхад найз А.Ө манайд ирсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Бид хоёр хуучилж байгаад гэрт байсан 2 ширхэг 2.5 литрийн пиво байсны нэгийг нь задлаад бид хоёр хувааж уусан. Үлдсэн нэг пивоо ууж байгаад барахгүй болохоор нь миний утас цэнэглэж байсан айл болох Бунаа гэх айлд очихоор болоод тал пиво өвөртөө хийгээд А.Өын мотоциклтой бид хоёр явсан. Замд явж байтал Г.Г ах гэрийнхээ үүднээс дуудсан. Бид хоёр яваад очсон чинь “худаг дээр очоод үхэр өргөлцөөд өг” гэж хэлсэн. А.Ө мотоциклоо бариад Г.Г ах голд суугаад би ард нь суугаад худаг руу явсан. Гэтэл миний өвөрт байгаа пивыг Г.Г ах мэдээд “2 дүү пивотой явж байгаа юм уу” гэж байсан. Бид 3 үхэр өргөж босгосон, миний өвөрт байгаа пивыг манайд очиж уухаар болоод манай гэрт очоод нэг нэг аягыг бид 3 уугаад пиво үлдсэн. Г ах тухайн үед бас архи уучихсан согтуу байсан. Г.Г ах “Э.Гийнд очъё” гэхээр нь зөвшөөрөөд 3-лаа явсан. Би үлдсэн пивоны үлдэгдлээ өвөртөө хийсэн. Замдаа бид 3 хажуулдаж унасан. Г.Г ах мотоцикл жолоодож явсан газар унасны дараа А.Ө мотоцикл жолоодоод цааш яваад Э.Гийн гэрт очсон чинь Э.Г эхнэртэйгээ хоол хийж байсан. Бид 3 ороод сууж байтал Г.Г ах Э.Г руу хэрүүлийн үг хаяад эхнэрийг доромжлоод байсан. Тэгснээ Э.Г ах хэвтэж байхад нь Г.Г ах очоод “бос” гээд толгой хэсэг рүү гараараа цохисон. Тэгтэл Э.Г ах босч ирээд Г.Гийн нүүр хэсэг рүү нь гараараа цохих шиг болсон. Би яг цохиж байхыг нь хараагүй. Тухайн үед би их согтсон байсан. Өмнөх өдөр нь бас айлд архи уучихсан согтуу байж байгаад нэмээд А.Өтай хамт пиво уугаад нэмээд согтчихсон. Би согтоод ч юм уу урьд шөнө унтаагүй архи уучихсандаа ч юм уу унтмаар санагдаад гэрийнх нь баруун талын орон дээр хэвтээд унтаад өгсөн байсан. Нэг сэрсэн чинь А.Ө, Э.Г эхнэртэйгээ хамт байсан. Г.Г ахыг А гэрт нь хүргэж өгөх гээд явсан гэж байсан. Тэгээд би А.Өаар гэртээ хүргүүлээд амарсан. Сүүлд дам яриа сонсоход Г.Гийг “А.Өтай хамт нийлж байгаад зодсон” гэдэг яриа гарсан байсан. Энэ талаар манай аав ээж хоёр сонсоод намайг загнахаар нь үнэнгээ хэлээд би тухайн үед согтуу унтаж байсан. Наад зодоон цохион чинь надад хамаагүй Г.Г, А.Ө нарын хоорондын асуудал юм байгаа биз надад хамаагүй гэж хэлсэн. Г.Г ах “хөлөө тулчихлаа л” гэж байсан болохоос биш хөл явж чадахгүй болтлоо гэмтсэн зүйл байхгүй 3-аа босоод зүгээр мотоцикл дээрээ суугаад явсан. Э.Гийн гэрт очоод хэрүүл хийгээд явж байхдаа ч хөл бэртлээ, гэмтлээ гэдэг зүйл огт яриагүй. Зүгээр байсан юм. А.Ө ил гэмтсэн зүйл байхгүй зүгээр байсан. Э.Г, Г.Г нартай би хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Надад тийм шалтгаан байхгүй. А.Өтай нийлж зодох талаар ярилцсан, А.Өыг гуйж зодуулсан зүйл байхгүй. (Р инээв.) надад тэгэх ямар ч шалтаг, шалтгаан байхгүй. Хэрэв зодох дээрээ тулах юм бол би өөрөө Г.Г ахыг зодож чадна. Гэхдээ тийм зүйл болохгүй. Г.Г зүгээр 2 хөл дээрээ ямар нэгэн зовиургүй доголсон зүйлгүй байсан. Э.Г ахын биед ил харагдах гэмтэл учраагүй, эмээ нь нас барчихсан ажил явдалтай, архи пиво уухгүй байгаа гээд эрүүл байсан. Надад мэдүүлэг өгөхөд ямар нэгэн хүн нөлөөлсөн асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 198-200 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Злын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6823 дугаартай:
“...Г.Гийн биед баруун тойг ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд зүүн 6-р шүдний эмтрэл, баруун өвдөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулайн хуйх, баруун нүдний зовхи, хацар, хамар, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Г.Гийн биед учирсан баруун тойг ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд зүүн 6-р шүдний эмтрэл, баруун өвдөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулайн хуйх, баруун нүдний зовхи, хацар, хамар, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар тал/ өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч А.Өын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ө нь хохирогч Г.Гийн баруун тойг ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд зүүн 6-р шүдний эмтрэл, баруун өвдөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулайн хуйх, баруун нүдний зовхи, хацар, хамар, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулахдаа өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Өын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Ө нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч А.Өыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, мөн иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мягмарсүрэнг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 263.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч А.Ө нь дээрх төлбөрийг төлсөн талаар баримт ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан, шүүгдэгч А.Өт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн торгох ял нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Аы Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
Ж