Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2020/03370

 

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2020/03370

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, .. гудамж . дүгээр байрны .. тоот хаягт оршин суух, эрэгтэй, Н овогт Б.Э /регистрийн дугаар: ../,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн . дугаар хороо, .. гудамж .. дүгээр байрны .. тоот хаягт оршин суух, эмэгтэй, И овогт Ж.О /регистрийн дугаар: .../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр байрны ..тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогт Ж.Т /регистрийн дугаар: ../-т холбогдох,

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 9.856.669 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эийн өмгөөлөгч С.Я, хариуцагч Ж.Тын өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э, Ж.Онар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч бид хариуцагч Ж.Ттай Орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээ-г байгуулж, Сүхбаатар дүүргийн.. дугаар хороо, .. хэсэг гудамж,..тоот хаягт байрлах 198 м.кв талбайтай өөрсдийн өмчлөлийн хувийн сууцыг хөлслүүлэхээр болж, хүлээлгэн өгсөн билээ. Ж.Тын зүгээс гэрээний хугацааг сунгах хүсэлтийг удаа дараа гаргасны улмаас гэрээг сунгаж байсан. 2020 оны 4 сарын 29-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг дүгнэн акт үйлдэж, сууцыг мөн өдөртөө хүлээн авсан. Байр хүлээлцэх үед хөлсний төлбөр дутуу, цахилгааны төлбөр төлөгдөж дуусаагүй байснаас гадна байрны засвар үйлчилгээ хэвийнхээс хэт дордуулж ашигласан байсан учир эдгээр нөхцөл байдалд нийцүүлж талууд асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ нэг мөр хэлэлцэн тохиролцож акт үйлдсэн билээ. Үүнийг тодруулбал, гэрээг дүгнэсэн талаарх талуудын актаар түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг дутуу байгааг, байрны дотоод засалд 7.272.264 төгрөгийг төлөх, мөн тухайн өдрийг хүртэлх хугацааны цахилгааны төлбөрийг төлж барагдуулахаар акт үйлдэж талууд гарын үсэг зурсан. 2020 оны 4 дүгээр сарыг дуусталх цахилгааны төлбөр нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэхээр 1.084.405 төгрөг болсон байна. Иймд дутуу төлсөн хөлс 1.500.000 төгрөг, байрны засварын зардал 7.272.264 төгрөг, цахилгааны төлбөр 1.084.405 төгрөг, нийт 9.856.669 төгрөгийг хариуцагч Ж.Таас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.Т би 2018 оны 05 сарын 14-ний өдөр Б.Э, Ж.Онарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн.. дугаар хороо, .. хэсэг гудамж,..тоот хаягт байрлах 198 м.кв талбай бүхий хувийн сууцыг Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-г байгуулан хөлсөлж, 2020 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл амьдарсан. Гэрээний хугацаанд түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг тогтмол төлсөөр ирсэн ба хувийн сууцыг нь зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Шаардлагатай засварыг өөрөө тухай бүр хэлэхэд түрээснээсээ хасчихна гэдэг байсан учраас би өөрийн зардлаар засаж янзалсаар ирсэн. Цахилгааны төлбөр 1.084.405 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрнө. Түрээсийн 1 сарын 1.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хугацаанаас нь өмнө Б.Э нь цоожны голыг сольсноор аргагүй эрхэнд гарцгаасан юм. 2020 оны 04 сарын 29-ний баримтыг Б.Э өөрөө бичсэн ба би хүүхдүүдийнхээ хувцас хунарыг авахын тулд аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан учраас 7.272.264 төгрөгийн дотор засал хийх гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс тухайн байрны зочны ханын цаасыг хүүхэд урсан учраас солиход шаардлагатай ханын цаасыг худалдан авахад 90.000 төгрөг, шалны хүрээ модыг авахад 14.000 төгрөг, нэг давхрын том цонхыг шиллэх шилийг худалдан авахад 300.000 төгрөг, ажлын хөлсөнд 250.000 төгрөг зарцуулагдах ба нийт 654.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Хуучин буйдан, хивс, ширээг төлөх үндэслэлгүй. Хивсийг Б.Эийн гэрийнх нь хаягаар хивс цэвэрлэгээгээр цэвэрлүүлээд өгөөд явуулсан учир зөвшөөрөхгүй. Тэдний нэхэмжилсэн 9.856.669 төгрөгөөс цахилгааны төлбөр, засварт нийт 1.768.405 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Хариуцагч Ж.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 6 сартайгаас 13 насны 4 хүүхэдтэйгээ гэр бүлийн хамт 2018 оны 05 сарын 14-ний өдрөөс 2020 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө гэрээгээр тохирсон ёсоор төлөн амьдарч байсан ч 2020 оны 03 сарын 15-ны өдөр эхнэр А.Ариунсанаагийн эрхэлж байсан ажилтай холбоотойгоор хүмүүс ирж, хэрүүл маргаан үүсгэсэн. Бид Сүхбаатар дүүргийн Цагдаагийн .. дугаар хэлтэст хэрүүл маргаан гаргасан, хаалга үүд эвдсэн хэмээн гомдол гарган шалгуулсан юм. Үүнийг Б.Э мэдэнгүүтээ гэрт хэрүүл маргаан үүсгэлээ, цагдаагаас биднийг дуудлаа гэдгээр шалтаглан тэр дор нь байрныхаа цоожны голыг сольж, гэрээний хугацаа дуусаагүй байхад манайхыг гаргасан. Тухайн үед манай гэрийн бүх эд зүйлс, хүүхдийн хувцас хунар байранд үлдсэн. 2020 оны 04 сарын 29-ний өдөр Б.Этэй удаа дараа ярьж байж хүүхдүүдийн хувцас хунар, эд зүйлсээ авахаар очиход байр хүлээлцсэн акт гэсэн бичиг бичээд ирчихсэн гарын үсэг зурахгүй бол хувцас хунарыг чинь өгөхгүй гээд байхаар нь аргагүйн эрхэнд гарын үсэг зураад эд зүйлээ авсан. Б.Э нь 65 инчийн Самсунг маркийн 4.999.000 төгрөгийн үнэ бүхий телевизор, 40 инчийн Сони маркийн 1.500.000 төгрөгийн үнэ бүхий телевизор, 1.482.000 төгрөгийн үнэ бүхий төгөлдөр хуур, 600.000 төгрөгийн үнэ бүхий 3 цонхны 6 хос хөшиг, 150.000 төгрөгийн үнэ бүхий ДДШ антен, нийт 8.731.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг барьцаа хэмээн аваад явчихсан байсан ба буцааж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Анх ороход Сантехникийн 2 холигч эвдэрсэн байсныг 100.000 төгрөгөөр сольсон, шалны халаалтын 2 ширхэг удирдлага тус бүрийг 70.000 төгрөгөөр авсан бөгөөд Б.Э төлбөрөөсөө хасаад тооцоорой л гэдэг байсан. Мөн Б.Э нь надад гадна талбайд сагсны шийдтэй тоглоомын талбай, гэрийн буурь хиймээр байгаа ч мөнгөгүй учраас чадаагүй юм гэж ярьж байсан ба түүнтэй түрээснээсээ хасуулна гэж тохиролцож 800.000 төгрөгөөр экскеватор түрээслэн газар шорооны ажил хийлгэж, цемент зуурагч машин 120.000 төгрөгөөр түрээслэн зуурмаг бэлтгүүлэн, 5 ажилчин хөлсөлж 2 өдөр ажиллуулан 500.000 төгрөгийн хөлс төлж, талбайг тэгшлэн цементлэн зассан. Үүнд 240.000 төгрөгөөр 20 шуудай цемент, 500.000 төгрөгөөр 0.5 хайрга худалдан авч нийт 2.160.000 төгрөгийн зардал гаргасан боловч түрээснээсээ хасаж тооцоогүй тул гаргуулж авах хүсэлтэй байна. Учир нь сагсны талбай нь тэдний өмчлөлийн газар дээр үлдсэн, салгаж авах боломжгүй юм. Иймд 8.731.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 эд хөрөнгийг гаргуулах, мөн сагсны талбай хийхэд гарсан зардал 2.160.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э, Ж.Онар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 2020 оны 04 сарын 29-ний өдрийн байр хүлээлцсэн актаар хариуцагч Ж.Т нь зарим хөрөнгө болох телевиз, жижиг төгөлдөр хуур зэрэг зүйлсээ түр хадгалуулахаар болсон. Нэг телевиз нь ажилладаггүй талаар актад тодорхой дурдсан болно. Шинэ эд зүйлс байсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үнэнд нийцэхгүй. Актаар бүх зүйлийг тохирсон, асуудлаа шийдэж тооцоогоо дуусгаад авч болно. Сагсны талбай хийх талаар огт тохиролцоо байгаагүй, хариуцагч дур мэдэн зөвшөөрөлгүй юм хийсэн. Өөрөө тэрийгээ цэвэрлэж авч явах талаар актаар тохирсон зүйл байгаа учир зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э, Ж.Онар нь орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөх ёстой хөлс 1.500.000 төгрөг, цахилгааны зардал 1.084.405 төгрөг, хохиролд 7.272.264 төгрөг, нийт 9.856.669 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ж.Т цахилгааны төлбөр болон хохиролд нийт 1.768.405 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн. Улмаар хариуцагч нь 65 инчийн Самсунг маркийн 4.999.000 төгрөгийн үнэ бүхий телевизор, 40 инчийн Сони маркийн 1.500.000 төгрөгийн үнэ бүхий телевизор, 1.482.000 төгрөгийн үнэ бүхий төгөлдөр хуур, 600.000 төгрөгийн үнэ бүхий 3 цонхны 6 хос хөшиг, 150.000 төгрөгийн үнэ бүхий ДДШ антен зэрэг 5 нэр төрлийн эд хөрөнгийг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, эд хөрөнгийг засан сайжруулахад гарсан зардалд 2.160.000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч нар бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

 

Талууд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх цуурайт 4 дүгээр хэсэг гудамж, 482 тоот хаягт байрлах, нэхэмжлэгч нарын өмчлөлийн 198 м.кв талбай бүхий хувийн сууцыг газрын хамтаар 1 сарын 1.500.000 төгрөгөөр, 2018 оны 09 дүгээр сарын 01-ийг хүртэл хугацаагаар хөлслүүлэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. / хх 7-11 дүгээр тал/

 

Дээрх гэрээг 2020 он хүртэл сунгаж, хувийн сууц болон газрыг хөлсөлсөн талаар талууд маргаагүй боловч хариуцагчийн хувьд 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэрээг цуцалсан хэмээн маргаж, улмаар 2020 оны 4 дүгээр сарын хөлсийг төлөх эсэх дээр маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрсдийн тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг. Хариуцагч Ж.Т 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нар гэрээг цуцалж, цоожийг сольсон гэх боловч энэ тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй.

 

Харин талуудын үйлдсэн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Бэлх цуурайтын ам, байр хүлээлцсэн акт баримтад: ...иргэн Ж.Т түрээсийн хугацааг 2020 оны 04 сарын 29-ний өдрөөр дуусгавар болгон дараах зүйлсийг хүлээн зөвшөөрч хүлээлгэн өгөв... гэж гэрээг цуцалсан хугацааг бичсэн байна.

 

Хариуцагч тал дээрх баримт дээр гарын үсэг зурснаа үгүйсгээгүй боловч уг баримтыг үйлдэхдээ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлээгүй, нэхэмжлэгчийн шахалтаар, хүүхдүүдийнхээ хувцсыг авах зорилгоор аргагүйн эрхэнд үйлдсэн гэжээ. Хариуцагч тал мөн л энэ тайлбараа нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй. Нөгөө талаас, хариуцагч нь цахилгааны төлбөр, 1 сарын хөлс 1.500.000 төгрөг, байрны засварын зардалд 7.272.264 төгрөгийг төлөхийг баримт үйлдэж зөвшөөрөхдөө зөвхөн хүүхдийн хувцас авах шаардлагатай байсан хэмээн тайлбарласан нь эргэлзээтэй байна. Учир нь, эдийн засгийн хувьд хүүхдийн хувцасны өртөг нь хариуцагчийн зөвшөөрсөн төлбөр төлөх актад бичигдсэн өртгөөс бага байхаар байна. Хариуцагч хүүхдийн хувцсыг зайлшгүй буцаан авах шаардлага гарсан байж болох шашны болон зан заншил, ёс уламжлалын талаар тайлбар гаргаагүй. Мөн хариуцагч 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орон сууцнаас гарсан гэх атлаа байр хүлээлцэх актыг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл 45 хоногийн дараа хүүхдүүдийн хувцсыг авах зайлшгүй шаардлага гарч акт үйлдсэн гэсэн нь эргэлзээтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

 

Иймд гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр цуцалж, орон сууцыг хөлслүүлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэж, 2020 оны 4 дүгээр сарын хөлс болох 1.500.000 төгрөгийг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан үндэслэлээр хариуцагч Ж.Таас гаргуулна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т зааснаар орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаардаг ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.2-т зааснаар хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Хөлслөн авсан эд хөрөнгөөс хашааны гүйдэг хаалга /дугуйн зам/ эвдэрсэн, 1 давхрын том цонх хагарсан, 1 ширхэг хивс элэгдэж муудсан, ширээ болон буйдан эвдэрсэн талаар талууд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр акт үйлдэж, эдгээр эд зүйлд учирсан хохирлын үнэлгээг 7.272.264 төгрөгөөр тогтоожээ.

 

Хариуцагч эд зүйлд хохирол учраагүй, хивсийг цэвэрлэж өгсөн, эд хөрөнгийг харьцангуй бага зардлаар засах боломжтой гэх боловч эдгээр тайлбараа нотлоогүй. Иймд талуудын харилцан тохиролцсон 7.272.264 төгрөгийн хохирлыг хариуцагч буюу хөлслөгчөөс гаргуулна.

 

Мөн талууд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээ-ний 4.7-д ашиглалтын зардлыг хөлслөгч хариуцахаар тохиролцсоноос гадна хариуцагч цахилгааны төлбөр болох 1.084.405 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн болно.

 

Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь орон сууцны хөлс, ашиглалтын зардал болон хөлслөн авсан эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй, талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, шаардлага гаргах мөн хуулийн 298 дугаар зүйлийн 298.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул хариуцагч Ж.Таас нийт 9.856.669 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, Ж.Онарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Ж.Т нь 65 инчийн Самсунг маркийн 4.999.000 төгрөгийн үнэ бүхий телевизор, 40 инчийн Сони маркийн 1.500.000 төгрөгийн үнэ бүхий телевизор, 1.482.000 төгрөгийн үнэ бүхий төгөлдөр хуур, 600.000 төгрөгийн үнэ бүхий 3 цонхны 6 хос хөшиг, 150.000 төгрөгийн үнэ бүхий ДДШ антен зэрэг 5 нэр төрлийн эд хөрөнгийг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс буцаан гаргуулах, мөн хөлслүүлэгчийн эд хөрөнгийг засан сайжруулахад гарсан зардал 2.160.000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нарын эзэмшилд хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө болох 65 инчийн Самсунг маркийн телевизор, 40 инчийн Сони маркийн телевизор болон төгөлдөр хуур байгааг үгүйсгээгүй боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул эдгээр эд хөрөнгийг өгөх үндэслэлгүй хэмээн сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байдаг боловч сөрөг нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийг нэхэмжлэгч нар хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин, орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй байдаг байна.

 

Нэхэмжлэгч нар нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр орон сууцанд байсан хариуцагч Ж.Тын өмчлөлийн жижиг төгөлдөр хуур, Самсунг /Samsung/ болон Сони /Sony/ маркийн 2 ширхэг зурагтыг саатуулан барьсан болох нь хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Бэлх цуурайтын ам, байр хүлээлцсэн акт баримтаар тогтоогдож байна. /хх 9-11 дүгээр тал/

Ийнхүү орон сууц хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч нь хариуцагчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2 ширхэг зурагт, 1 ширхэг жижиг төгөлдөр хуурыг хариуцагчид гаргуулан өгөх боломжгүй.

 

Хариуцагч нь 600.000 төгрөгийн үнэ бүхий 3 цонхны 6 хос хөшиг, 150.000 төгрөгийн үнэ бүхий ДДШ антен нэхэмжлэгч нарын эзэмшилд байгаа гэх боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.

 

Түүнчлэн, хариуцагч Ж.Т нь хөлслөн авсан газар дээр сагсан бөмбөгийн талбай хийх зорилгоор, бетон талбай цутгахад гарсан зардалд 2.160.000 төгрөгийг нэхэмжлэгч нараас шаарджээ. Орон сууц хөлслөгч нь салгаж үл болох нэмэлт засан сайжруулалтыг хийхдээ Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу хөлслүүлэгчийн зөвшөөрлийг авсан байх ёстой ба ийнхүү хөлслүүлэгчээс зөвшөөрөл авалгүй сайн дураараа хийсэн, эсхүл засан сайжруулалт нь хөлслүүлэгчид ач холбогдолгүй бол гарсан зардлыг шаардаж болдоггүй.

Хариуцагч Ж.Т нь бетон талбай цутгах талаар нэхэмжлэгчээс зөвшөөрөл авсан гэх боловч энэ тайлбараа нотолж чадаагүйгээс гадна хашаанд цутгасан бетоныг цэвэрлэж авах талаар талууд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн актаар тохиролцжээ. Энэ нь засан сайжруулалт хөлслүүлэгчид ач холбогдолгүй байсан болохыг нотолж байна. Мөн бетон талбай цутгахад хариуцагчаас 2.160.000 төгрөг гарсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна. /хх 10 дугаар тал/

 

Иймд хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Талуудад хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т заасныг баримтлан Ж.Таас 9.856.669 төгрөгийг гаргуулан Б.Э, Ж.Онарт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан үндэслэлгүй тул 65 инчийн Самсунг маркийн телевизор, 40 инчийн Сони маркийн телевизор, жижиг төгөлдөр хуур, 3 цонхны 6 хос хөшиг, ДДШ /DDISH/ антен зэрэг 5 нэр төрлийн эд хөрөнгө болон 2.160.000 төгрөгийг Б.Э, Ж.Онараас гаргуулах тухай Ж.Тын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172.700 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 189.900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Таас 172.700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, Ж.Онарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

 Б.ХИШИГБААТАР