Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01096

 

 

****ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/02346 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2114 дүгээр магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

****, ****, ****- ****нарт холбогдох, 

Өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3, 4 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгч Д.Батсүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****, ****, ****- ****нарт холбогдуулан өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3, 4 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/02346 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.6-д заасныг баримтлан Сундуйн Гэрэлмаа, Баттулгын Сугармаа нараас 34,144,444 төгрөгийг гаргуулан Баттулгын Хонгорзулд олгож, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан нотариатч ****-Эрдэнийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сундуйн Гэрэлмаа, Баттулгын Сугармаа нарт 3, 4 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай ****ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид ****аас 398,872 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, ****, **** нараас 328,672 төгрөгийг гаргуулан ****д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2114 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/02346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...34,144,444 төгрөг” гэснийг “...31,144,444 төгрөг” гэж, 2 дахь заалтын “...328,672 төгрөг” гэснийг “...313,672 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 169,620 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Батсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.20-ны өдрийн 102/ШШ2020/02346 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.09-ний өдрийн 2114 дүгээр магадлалыг тус тус дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, тэдгээрээр тогтоогдсон үйл баримтыг зөв үнэлж дүгнээгүй гэж үзэж буй үндэслэлийн талаар. Анхан шатны шүүх “...З.Баттулга нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотод байрлах, Ү-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууцыг өөрийн төрсөн эгч З.Уртнасангийн хүү Алдарт худалдсан болох нь баримтаар нотлогдоогүй байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх талаар зохицуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заажээ...”, Давж заалдах шатны шүүх “...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зохицуулсан. Гэвч хэргийн баримтаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоот орон сууцыг өвлүүлэгч З.Баттулга нас барахаас өмнө У.Алдарт худалдаж өмчлөх эрхээ шилжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна...” гэх үндэслэлээр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотын хоёр өрөө орон сууцыг З.Баттулгын өвлөгдөх эд хөрөнгөд оруулан тооцсон нь үндэслэлгүй болсон.

4.1.1. Хариуцагч **** нь “...Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, 8 дугаар байр, 18 тоот хаягт байрлах, Ү-2205055155 улсын дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг 210,000,000 төгрөгөөр худалдан авсан ба энэ байрны төлбөрийн 120,000,000 төгрөгийг талийгаач З.Баттулга, хариуцагч **** нарын ХААН банкнаас хамтран авсан зээлээр, 75,000,000 төгрөгийг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотын орон сууцыг У.Алдарт худалдаж олсон орлогоос үлдсэн төлбөрийг өөрсдөдөө байсан мөнгөөр төлсөн...” гэж тайлбарладаг ба энэ нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл шүүхээс өвлөгдөх эд хөрөнгөд тооцон оруулсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотод байрлах, Ү-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууцны үнэ нь З.Баттулгын гэр бүлийн дундын өмчлөлд шинээр бий болгосон орон сууцны төлбөрт тооцогдсон байна. Иймээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж. 18-A байрны 28 тоотод байрлах, Ү-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууц нь талийгаач З.Баттулгын өвлөгдөх эд хөрөнгөд хамаарахгүй байгаа тул уг орон сууцыг З.Баттулгын өвлөгдөх эд хөрөнгөнөөс хасаж тооцох ёстой байсан.

4.1.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотын 2 өрөө орон сууцыг 2016 онд талийгаач З.Баттулга, түүний эхнэр **** нар нь гуравдагч этгээд Г.Ганцэцэгийн нөхөр У.Алдарт 75,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрт 2017.09.12-ны өдөр 31,500,000 төгрөг, 2017.10.27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017.11.24-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017.12.22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018.01.26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018.02.26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018.04.05-ны өдөр 36,000,000 төгрөг нийт 75,000,000 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулга”-аар нотлогдож байгаа. Хариуцагч **** нь “...худалдахаар тохиролцсон орон сууцны төлбөр төлөгдөж дууссаны дараа орон сууцыг У.Алдарын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байсан боловч, энэ хооронд нөхөр маань нас барсны дараа буюу 2018.04.05-ны өдөр сүүлийн төлбөрийг төлсөн. Гэвч өвлөх эрхийн гэрчилгээ олгох нэг жилийн хугацаа дуусаагүй гэх шалтгаанаар орон сууцыг шилжүүлж чадаагүй байж байгаад 2019.07.09-ний өдөр би гэрээ байгуулж, У.Алдарын хүссэнээр түүний эхнэр Г.Ганцэцэгийн өмчлөлд шилжүүлсэн...” гэх тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотын 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг У.Алдартай байгуулаагүй гэх шалтгаанаар Г.Ганцэцэгийн өмчлөх эрхийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь З.Баттулга, **** нар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцыг У.Алдарт 75,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл хийгдэж, бодит байдал дээр 2016 оноос хэрэгжсэн бөгөөд хожим буюу 2019.07.09-ний өдөр ****, У.Алдарын эхнэр Г.Ганцэцэг нарын хооронд бичгээр хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулж Г.Ганцэцэгийн өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэж байгаа. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар З.Баттулгыг амьд сэрүүн байх үедээ гэр бүлийнхээ дундын өмчлөлийн орон сууцыг У.Алдарт худалдах хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр гэж үзэх бөгөөд уг хүсэл зоригийн илэрхийллийг дуусгавар болгосон ****, Г.Ганцэцэг нарын үйлдлийг буруутгах, үгүйсгэх хууль зүйн үндэслэлийг шүүх зөв тодорхойлж чадаагүй.

4.1.3. Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, 8 дугаар байр, 18 тоот хаягт байрлах, Ү-2205055155 улсын дугаарт бүртгэлтэй орон сууц, Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Энгельс гудамж, 3 дугаар байр 656 тоот хаягт байрлах Ү-2205063998 дугаарт бүртгэлтэй авто зогсоол, Төв аймгийн ****сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Аржанчивлан суурин овоо хэсэг 2-А гудамжны 1-А тоотод байрлах Г-1423005079 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг гурван хөрөнгө З.Баттулгын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө тул эдгээр хөрөнгөөс талийгаач З.Баттулгад ногдох хэсэг нь түүний өвлөгдөх эд хөрөнгө болно. Эдгээр эд хөрөнгийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээгээр тооцон үзвэл З.Баттулга, түүний эхнэр ****, охин **** нарын гэр бүлийн дундын өмчлөлд хамаарах хөрөнгийн нийт үнийн дүн 220,300,000 төгрөг болж байгаа. Үүнээс талийгаач З.Баттулгад ногдох хэсэг болох 73,433,333 төгрөгийг хууль ёсны өвлөгч ****, ****, **** нар тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй тул нэхэмжлэгч ****д оногдох хэсэг нь 24,477,778 төгрөг болох ёстой.

4.2. Хяналтын шатны шүүхэд гаргах хүсэлт: Дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.20-ны өдрийн 102/ШШ2020/02346 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.09-ний өдрийн 2114 дүгээр магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ****д олгохоор шийдвэрлэсэн өвлөгдөх хөрөнгөөс 6,666,666 төгрөгийг хасаж өгөхийг хүсье гэжээ. 

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч **** нь ****, **** нарт холбогдуулан талийгаач З.Баттулгын өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, нотариатч ****-Эрдэнэд холбогдуулан 2019.04.29-ний өдрийн 3, 4 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 8-р байрны 18 тоотод байрлах, 105.69 м.кв талбайтай орон сууц, мөн хаягт, 9-р байрны зоорийн давхрын 656 тоот хаягт байрлах, 12.45 м.кв талбай бүхий автозогсоол, Төв аймгийн ****сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Аржанчивлан суурин овоо зүүн хэсэг 2а гудамжны 1а тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-1423005079 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газраас ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрч, харин Баянгол дүүргийн 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоотод байрлах орон сууцыг, З.Баттулгыг нас барахаас өмнө бусдад худалдсан тул өвлөгдөх эд хөрөнгөд хамаарахгүй гэж маргасан байна. 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.6-д заасныг баримтлан хариуцагч ****, **** нараас 34,144,444 төгрөгийг гаргуулж ****д олгож, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан нотариатч ****-Эрдэнийн 2019.04.29-ний өдөр хариуцагч нарт 3, 4 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэндавж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “...хариуцагчаас 31,144,444 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон” өөрчлөлтийг оруулжээ. 

Давж заалдах шатны шүүх маргаанд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж,  ...нэхэмжлэгч нь өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн төлбөрт 31,144,444  төгрөгийг шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцсэн байна гэж дүгнэв. 

8. Хариуцагч нарын өмгөөлөгчийн “...Баянгол дүүргийн 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотын 2 өрөө орон сууцыг 2016 онд талийгаач З.Баттулга, түүний эхнэр **** нар нь гуравдагч этгээд Г.Ганцэцэгийн нөхөр У.Алдарт худалдахаар тохиролцож, орон сууцны үнэд 75,000,000 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа. ...Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар З.Баттулгыг амьд сэрүүн байх үед гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцыг У.Алдарт худалдах хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр гэж үзэх бөгөөд уг хүсэл зоригийн илэрхийллийг дуусгавар болгосон ****, Г.Ганцэцэг нарын үйлдлийг буруутгах, үгүйсгэх хууль зүйн үндэслэлийг шүүх зөв тодорхойлж чадаагүй. ...хууль ёсны дагуу өвлөгдөх гурван хөрөнгийн нийт үнийн дүн 220,300,000 төгрөг болно, үүнээс ... нэхэмжлэгчид оногдох хэсэг нь 24,477,778 төгрөг болох ёстой. ...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, ****д олгохоор шийдвэрлэсэн өвлөгдөх хөрөнгөөс 6,666,666 төгрөгийг хасаж өгөхийг хүсье” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

Хэргийн баримтаас үзэхэд З.Баттулга болон Ц.Туяа нар 1989.11.03-ны өдөр гэр бүл болж, 1991.02.25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1991.04.13-ны өдөр охин **** төрсөн, улмаар З.Баттулга нь ****тай 1995.03.01-ний өдөр гэр бүл болж, тэдний дундаас 1998.03.20-ны өдөр охин **** төрсөн. Эцэг З.Баттулга нь 2018.03.21-ний өдөр нас барсан, иймээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нэхэмжлэгч ****, хариуцагч ****, **** нар нь талийгаач З.Баттулгын хууль ёсны өвлөгч байна. 

Хоёр шатны шүүх Баянгол дүүргийн 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоотод байрлах, Y-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууц, Баянгол дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 8 дугаар байрны 18 тоотод байрлах, Y-2205055155 дугаарт бүртгэлтэй орон сууц, мөн хаягт 9-р байрны зоорийн давхрын 656 тоотод байрлах, автозогсоол, Төв аймгийн ****сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Аржанчивлан суурин овоо зүүн хэсэг 2а гудамжны 1а тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-1423005079 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар ****, ****, талийгаач З.Баттулга нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болох талаар зөв дүгнэжээ. 

Хариуцагч нар нь Баянгол дүүргийн 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоотод байрлах орон сууцыг, талийгаач З.Баттулгыг нас барахаас өмнө бусдад худалдсан тул өвлөгдөх эд хөрөнгөд хамаарахгүй гэж маргах боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу тухайн орон сууцыг өвлүүлэгч З.Баттулга нас барахаас өмнө У.Алдарт худалдаж өмчлөх эрхээ шилжүүлсэн болох нь тогтоогдоогүй, түүнчлэн У.Алдараас талийгаач З.Баттулгад Голомт банкаар дамжуулан мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан талаарх баримт хэрэгт авагдсан, гэвч тэдгээр нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийг төлж байсан баримт гэдэг нь эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй байна. 

9. Давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүх өвлөгдөх эд хөрөнгийн үнийг шинжээчийн тогтоосон 87,000,000 төгрөгөөс тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанд нийцээгүй, өвлөгдөх 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийн үнэ 280,300,000 төгрөг бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар З.Баттулга, ****, **** нарт ногдох хэмжээгээр хувааж, өвлүүлэгч З.Баттулгад ногдох хэсгийг тодорхойлоход 93,433,333 төгрөг болно, үүнийг хууль ёсны өвлөгч ****, ****, **** нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй тул хариуцагч ****, **** нараас 31,144,444 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.6-д заасантай нийцжээ. 

10. Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа тогтоох хэсгийн дугаарыг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах шаардлагатай гэж үзлээ. 

Дээр дурдсан үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2114 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 дахь заалтын” гэснийг “3 дахь заалтын” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.11.12-ны өдөр төлсөн 121,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                    Г.БАНЗРАГЧ 

                                                                                                П.ЗОЛЗАЯА 

               Б.МӨНХТУЯА