Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2026/0607

 

 

 

 

                                                                                           

 

                                            

Орхон аймгийн Прокурорын газрын ахлах

прокурор Л.О-ийн дүгнэлттэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 119/ШШ2026/0050 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Дүгнэлт гаргагч: Орхон аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.О

Хариуцагч: Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Ш.Б

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Хариуцагч Ш.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.

Хэргийн индекс: 119/2026/0047/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 Гомдлын шаардлага:

1. “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ХХХ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт гаргажээ.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 6.6 дугаар зүйлийн 23, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Л.О/-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч /Ш.Б/-ийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ХХХ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Ш.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

4.1. “... Миний бие 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” удирдах албан тушаалтны тогтоолын дагуу шилжүүлсэн "Л ХХК-ийн О эмийн сан нь жор барих эрхгүй Лхагвасүрэнгийн Гээр 2025 оны 07 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд жор бариулж иргэдэд үйлчилгээ үзүүлсэн” гэх зөрчлийн хэргийг шалгаад, уг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. Уг зөрчил гаргасан үйл баримтад гомдол гаргагч болон хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргадаггүй. Мөн энэ талаар анхан шатны шүүх тогтоогдож байна гэж үзсэн. Гэсэн атлаа Улсын хяналтын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ХХХ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлагыг үндэслэлтэй гэж шийдвэрлэхдээ хуулийн зохих заалтыг буруу хэрэглэсэн байна гэж үзэж , гомдол гаргагчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйл /Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих/-ийн 23 дахь хэсэгт заасан “Эм барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу “Л” ХХК-ийг таван мянган нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 90 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсныг зөрчил гаргагч' зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байхад маргаан үүсгэсэн ойлгомжгүй байна.

Прокурорын дүгнэлтэд дурдсан Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлээ тайлбарлахдаа хууль буруу тайлбарлан хэрэглэлээ гэж үзэж байна.

Учир нь зөрчлийн холбогдогч нь жор барих эрхгүй Лхагвасүрэнгийн Гийн үйлдлээс харахад , эм барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулах зөрчлийн шинжид шууд хамаарч байгаа болно.Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.4-д зааснаар эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эм зүйч, эм найруулагчид заавал 5 жилийн хугацаагаар авах, ялангуяа эрхлэх зөвшөөрөл авах этгээд гэдэгт хуулийн этгээд гэж заагаагүй, харин хүн гэх этгээд хамаарахыг заасан. Эм барих зөвшөөрлийг зөвхөн хун дээр олгогддог. эрхлэх зөвшөөрөл авсан хүнээ дагаж, байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрөл олгогдсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл эм барих үйл ажиллагааг хуулийн этгээд явуулах тусгай зөвшөөрөл тусдаа олгогдоггүй тул зөвшөөрөлтэй эм зүйчийг ажиллуулах ёстой . Хэрвээ ийм хүнээр эм барих үйл ажиллагааг эрхлүүлээгүй бол тухайн байгууллага эм барих эрхгүй гэж үзнэ. Энэхүү байгууллагыг эм барих зөвшөөрөлтэй гэж үзэхийн тул ажиллаж буй ажилтан нь заавал эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байхыг шаардана. Ийм эрх зүйн зохицуулалтыг Эрүүл мэндийн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль нарийвчлан зохицуулсан байхад хамааралгүй заалт хэрэглэсэн байна гэж үзсэн нь үндэслэлгүй.

Харин прокурорын дүгнэлтэд дурдсан 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хүлээх үүрэг, хуулиар хориглосон зүйл, стандарт, тогтоосон журмыг зөрчсөн” тэх заалтыг хэрэглэж шийтгэл оногдуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй’’ гэж заасныг зөрчихөд хүрэх байсан. Учир нь жор барих эрхгүй этгээдийн үйлдлийн эм эмнэлийн хэрэгслийн стандартад тавигдах шаардлагатай хамааралтай гэж үзэж болохгүй юм. Тухайн гаргасан зөрчлийг шууд тодорхой заасан хуулийн заалт болох 6.6 дугаар зүйлийн 23 дахь хэсгийг хэрэглэх нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасантай нийцсэн.

Хуулийн этгээдэд олгогдох олон тусгай зөвшөөрлүүд байгаа боловч эм барих гэх тусгай зөвшөөрөл огт олгогддоггүй, зөвхөн ажиллах ажилтанд олгогддог, уг журмыг зөрчвөл хуулийн этгээд хариуцлага хүлээлгэхийг Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.23 заалтаар зохицуулсан болно.

Иймд Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Л агийн гаргасан “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн дагуу захиргааны актыг хууль ёсны гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу дүгнэлтийг буюу нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ХХХ дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчээс хариуцагчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Шүүх Орхон аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.О-ийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, хэрэг үүсгэн, улмаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ХХХ дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан прокурорын гомдлыг /дүгнэлт /хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг анхаараагүй байна.

3. Анхан шатны шүүх  “... зөрчлийн материалыг Орхон аймгийн Прокурорын газрын 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Хяналтын харьяа Цагдаагийн газраас бусад эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудын шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгах тухай удирдамжид заасан хугацаанд шалган, 2026 оны оны 06 дугаар сарын 04-ний өдөр дүгнэлт бичиж тус шүүхэд 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “энэ хуульд заасан "гомдол" гэж ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг” ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд дээрх байдлаар прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлэх талаар заасан боловч хугацааг тусгайлан заагаагүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх Орхон аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.О нь 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь дээрх хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй нь буруу болжээ.

Учир нь “удирдамжид заасан хугацаанд шалган, дүгнэлт бичсэн” асуудал нь прокурорын байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шүүхэд хандах хугацааг гомдол гаргах эрх бүхий бусад этгээдээс ялгамжтай хэрэглэх үндэслэл болохгүй.

4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлт буюу гомдлыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 119/ШШ2026/0050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т заасныг баримтлан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ХХХ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Орхон аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.О-ийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар дүгнэлт /гомдол/-ыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Ш.Б нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

             ШҮҮГЧ                                                      А.САРАНГЭРЭЛ

 

             ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ