| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0012/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/08 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Б.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Тд холбогдох эрүүгийн 2312001270287 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Архангай аймгийн .......... ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ......... гэх газар оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бын Т/РД:АС............./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь бусадтай бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн үед Архангай аймгийн ..... нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘........ ... зам дээр хохирогч Д.Атэй маргалдан, хэл амаар доромжлон, улмаар зодож, хохирогч Д.Аийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун гуянд зулгаралт, цус хуралт, зүүн зовхи, хоёр хацар, эрүүнд цус хуралт, эрүү, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Тгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Хохирогчид ийм гэмтэл учруулахаар үйлдэл хийгээгүй. Энэ хүн олон нийтийн газарт зүй бус авир гаргасан. Орилж хашхираад, намайг зодчихлоо гэж гүйгээд, энэ хүн түрүүлж ирж миний бие халдсан. Ямар үйлдэл гаргасан, хэн нь эхэлж биед халдсан тэр талаар шатахуун түгээхийн бичлэгт тодорхой бичигдсэн. Би тэр хүнд гэмтэл учруулахаар үйлдэл хийгээгүй гэмтэд учруулсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 26-ны өдрийн 11 цагийн үед тэр хавиар 1 цаг гаран орилж хашхираад, урагшаа цагдааг очиж загнаад, намайг ч ирж загнаад, нөхрийг ч загнаад байсан. 1 цаг гаран болсон, тэр яваад цагдаад өргөдөл гомдол гаргасан байсан, тэр талаар би мэдээгүй. Миний биед халдаад нүүр самардсан сорви ч байдаг. Тухайн үед би шүүх эмнэлэгт үзүүлнэ гэж мэдээгүй өнгөрсөн. Манай хүүхэд зохисгүй авирлаад миний биед халдаад байхаар нь салгасан. Насанд хүрсэн хүн өөрийнхөө үүрэг хариуцлагыг мэдэхгүй тэр дураараа авирлаж байхад миний 14 настай хүүхэд ирж салгаж цохиж зодох нь наад захын асуудал байсан. Би хүүхдэдээ хэлсэн миний хүү ингэж болохгүй, буруу шүү гэж хүүхдээ болиулсан. Би хавтаст хэрэгтэй танилцаад өөрийнхөө ойлгосноор 27-ны өглөө 09 цагт шүүх шинжилгээнд үзүүлсэн байдаг. 26-ны өдрийн 12 цагаас хойш тэр эмэгтэй ямар ч үйлдэл хийхгүй байсан уу, тэр эмэгтэй бол ямар ч үйлдэл хийхээр өөрийгөө хянах чадваргүй байсан. Тухайн үед бид нар гайхсан энэ эмэгтэй эрүүл байна уу согтуу байсан уу гэж. Өөрийгөө авч явах чадваргүй тийм хүн шатахуун түгээхээс 11 цаг өнгөрөөгөөд явсан маргааш өглөөний 09 цаг хүртэл шүүх шинжилгээнд үзүүлсэн тэр хооронд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөр хүнтэй муудалцсан ч юм уу би тэр дээр эргэлзэж байна. Би тэр хүнд гэмтэл учруулахаар үйлдэл хийгээгүй. Камерын бичлэг ч байгаа түүн дээр эхлээд ямар үйлдэл гарсан, яаж салгаж байсан. Салгах үед манай хүүхэд биед нь халдаж цамцнаас нь сэгсрээд нэг цохиж авсан үйлдэл харагддаг. Тийм явцад хөнгөн зэргийн гэмтэл гарсан байх гэж бодож байна. Гэмтэл гарахаар үйлдэл хийгээгүй гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2312001270287 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Аийн өгсөн:
“...Улаанбаатар хотоос өнөөдөр Архангай аймагт баяр наадам үзэх зорилгоор ирсэн, наадам үзэж байгаад Архангай аймаг Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр замын дээр хөдөлгөөнд оролцоод өөрийн 66-25 УНА улсын дугаартай тоёота приус маркийн авто машинтай зам дээр явж байсан замын цагдаа хөдөлгөөн хааж чиглүүлээд хажуу талын жаст ойл бензин шатахуун түгээх станц замаар яв гээд чиглүүлсэн түүний хажуугаар явж байсан хогийн сав тавьчихсан байсан түүний хажуугаар машинууд цувраад гарсан хажуугаар гарахдаа тэр түгээгч эгч өөрөө хөлөөрөө өшиглөөд газар унагаасан тэр савны таган дээгээр би гараад хагалчихсан тэр эгч миний машиныг хөлөөрөө өшиглөхөөр нь буугаад та яаж байна гээд хэлсэн намайг хэл амаар доромжлоод янхан гичий янз бүрийн муухай үгээр хэлээд доромжлохоор нь би машинаасаа буугаад гараараа тэр эгчийн мөр рүү гараараа түлхсэн чинь хажуугаа бага насны хүү нь салгаад гараараа түлхээд намайг нэг удаа боосон. Тэгэхдээ миний эрүүн доогуур цохиод эрүү хавдсан хөндүүр байна, би тэр түгээгчид учир байдлаа хэлээд цагдаа энэ зам руу ор хамгаалалт авсан тэгээд зам хаагаад машинуудыг өөр замаар явуулсан талаар хэлсэн ойлгоогүй цагдаа руу хандаад та энэ талаар хэлээч гэхэд юу ч хэлээгүй шууд яваад өгсөн хажуугаар өөдөөс машин орж ирээд машины хажуу тал руу тулж зогсоод бууж ирээд намайг хэл амаар доромжлоод энийг алчихъя гээд газар байсан нэг эд зүйлийг авах гээд завдсан газраас гараараа аваагүй эхнэр одоо боль гээд болиулсан. Би нөхөрт нь хандаж та намайг гэмтээвэл би цагдаад хэлнэ шүү гээд хэлсэн утсаараа цагдаад хандсан ирэхгүй байсан. Тэгээд би зам дээр байсан хоёр цагдаа дээр очоод намайг хэл амаар доромжлоод намайг зодох гээд байгаа талаар хэлэхэд надад ямар нэг үг хэлээгүй зам дээрээ зогсоод байсан тухайн үед энэ хоёр цагдаа ажилтай байсан замын хөдөлгөөнийг нэг нь зохицуулаад нөгөө нь хажуу талд зогсож байсан жижүүрээс эргээд зам дээрээ байгаа цагдаа дээр очоод хэл гээд хариу урвал үзүүлээгүй эргээд шатахуун түгээх станц дээр очоод би машинаа холдуул би явмаар байгаа талаараа хэлэхэд чамайг явуулахгүй чамайг ална гэж хэлээд хэл амаар доромжлоод байж байснаа түгээгч эгч ээж нь миний толгой руу гараараа гурван удаа цохиж аваад хөлөөрөө баруун талын хөл рүү хөлөөрөө өшиглөөд авахаар нь би хариу урвал үзүүлээд буцаагаад би тэр хүнийг гараараа цохиж аваад хөлөөрөө өшиглөх гээд өшиглөсөн чинь өөрөө бултаад өшиглүүлээгүй хажуугаас хүү нь бололтой нэг хүүхэд миний толгойтой үснээс үсдээд гараар боогоод, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь хажуугаас ээж нь цагдаа сэргийлэх болно больсон. Миний бие эрх чөлөөнд халдсан хүн Архангай аймаг Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ........ 2023 оны 07 дугаар сарын 26-ны орой гарч байсан эмэгтэй, эгч өсвөр насны хүүхэдтэйгээ нийлж зодсон. Би тухайн хүмүүсийг таньж мэдэхгүй наадам үзэхээр Архангай аймагт ганцаараа ирсэн одоо миний баруун талын гуяны гадна тал хөхөрч хавдсан, эрүүний доод хэсгээр хавдсан, толгойн зүүн талын чамархай хэсэгт хавдсан үснээсээ зулгалуулсан, нүүх хавдсан байна, миний зүрх салгалаад чичрээд зүгээр болохгүй байна. Би тухайн шатахуун түгээх станц дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан ганцхан эмэгтэйн биед халдаж нэг удаа гараараа баруун гараараа түүний мөр хэсэг рүү түлхээд дараа нь намайг цохихоор зөрүүлээд гараараа нэг удаа цээж мөр хэсэг рүү цохисон хөлөөрөө өшиглөх гээд өшиглөсөн чинь бултаад өшиглүүлээгүй. Миний бие эрх чөлөөнд хохирол учирсан машин тэрэг рүү хөлөөрөө өшиглөөд байсан сэтгэл санааны хохиролтой байна. Би мэргэжлийн үнэлгээчнээр үнэлгээ хийлгэхгүй би өөрөө үнэлж мэдэхгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гэмтлийн зэрэг тогтоолгоно одоогоор эмнэлэгт үзүүлээгүй ямар нэг баримт материал байхгүй байна. Надад ямар нэг санал хүсэлт нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/
*Хохирогч Д.Аийн дахин өгсөн:
“...Би 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн 100 жилийн ой баяр наадам үзэхээр би ганцаараа явж байсан тэгсэн таньдаг нэг эмэгтэйгээ таараад Булган ууланд зул өргөхөөр болоод өөрийн 66-25 УНА улсын дугаартай приус маркийн автомашинтай би араас нь дагаад^явж байтал замын цагдаа намайг .....танц руу салах уулзвар луу дохихоор нь заасан зүгт хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байтал машинууд хогийн савны хажуугаар цувраад гарч байтал түгээгч эгч нь хогийн савыг өшиглөж унагаахад нь би уг савны таган дээгүүр гарч таараад тагийг нь хагалчихсан тэгсэн миний машин руу өшиглөхөөр нь буухад урдаас хэл амаар доромжлоод байхаар нь би тэр эгчийн мөр хэсэгт нь гараараа нэг удаа түлхсэн тэгэхэд хүүхэд нь ирж миний хоолойг боож салгаад эрүү хэсэгт гараараа цохисон. Миний биед учирсан гэмтлийн түгээгч эмэгтэй болон өсвөр насны эрэгтэй хүүхэд 2 учруулсан. Өсвөр насны хүүхэд нь намайг 2 удаа хоолой боосон мөн гуяны гадна өшиглөж шалбалсан эрүүний доод руу нэг удаа гараараа цохисон. Харин түгээгч эмэгтэй нь толгой руу гараараа 3 удаа цохиод баруун гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би хэн нэгэн хүнд гар хүрж цохиж зодсон зүйл байхгүй. Би өөрийгөө хамгаалах зорилгоор түгээгч эмэгтэйг түлхсэн. Би ганцаараа явж байсан. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардал мөн ажлаа хийж чадаагүй цалинг бүрэн гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/
*Хохирогч Д.Аийн дахин өгсөн:
“...Би хохирлын баримтыг гаргаж өгч хэрэгт хавсаргуулна. Миний унаж явсан машины урд 3-4 тээврийн хэрэгсэл тухайн ямар явж өнгөрсөн би араас нь дагаад явж байхад түгээгч эмэгтэй хогийн савыг өшиглөж унагааснаас болж би тухайн хогийн савны тагийг дайрсан. Би гарсан зардлаа гаргуулж авмаар байна. Зардал авах юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 139 дүгээр тал/
*Гэрч Г.Агийн өгсөн:
“...Би 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байхад над руу Д.А залгаад би хүнд зодуулчихлаа хүрээд ир гэхээр нь эргээд ярья гэж хэлээд цагдаа дээр ирээд уулзаад цагдаатай хамт бичлэгээр үзэхээр болоод хамт явж үзэхэд ........гадна бичлэгийг үзсэн тэгсэн хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг харагдсан. Тэгсэн машин хөдлөх шиг болсноо эргээд зогсоод манай найз Д.А бууж ирээд түгээгч эмэгтэйг цохиж байгаа харагдсан тэгсэн түгээгч эмэгтэй зөрүүлээд 1 удаа цохих шиг болсон, тэгсэн нэг хүүхэд дундуур орж салгах гэж оролдож байсан тэрнээс хойш би бичлэгийг үзээгүй. Тэр үед цагдаа хэн нь зодоон эхлүүлсэн нь чухал гэж хэлэхээр нь манай найз түрүүлж гар хүрэхийг нь хараад цааш нь бичлэгийг үзээгүй. Намайг харахад баруун талын шанаа хэсэг нь улайсан уйлсан байдалтай байсан өөр биед ил харагдах шарх сорви байгаагүй. Тухайн үед архи дарс хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/
*Гэрч М.Уын өгсөн:
“...Би тухайн өдөр хурлын дарга Занданшатарын хамгаалалтад ажлаар ....... урдуур явган явж байхад ....... дээр 2 эмэгтэй маргалдаад байхаар нь явж очиход түгээгч эмэгтэй болон жолооч эмэгтэй нар хоорондоо хэрүүл хийсэн байтал хогийн сав унаж автомашины урд дугуй дээр зогссон байдалтай байсан. Тэгсэн юу болсон талаарх асуухад түгээгч эмэгтэй хогийн сав дайрчихлаа шахаж орж ирээд байна гэж хэлж байсан. Харин нөгөө эмэгтэй машин руу өшиглөсөн гэж хэлж байсан. Тухайн үед цагдаа дуудсан гэж хэлж байсан тэгээд би тэр газраас яваад чиглэлдээ очиж үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгээд эргээд ирэхэд нөгөө машин хөдөлсөн түгээгч эгч ажиллаа хийж байсан. Харин нөгөө эмэгтэйг цагдаа дуудахаар явсан гэж хэлж байсан тэгэхээр би тэндээс явсан. Түгээгч эмэгтэй хөлөн дээгүүр гарлаа ш дээ ямар аймар шахаж орж ирдэг юм гэж хэлээд машины жолоочийн эсрэг талын урд хаалга руу хөлөөрөө 1 удаа өшиглөж харагдсан. Хоорондоо хэрүүл маргаан л хийгээд байсан. Нэгнийгээ элдвээр хэлээд хэрэлдээд байсан. Өөр зодолдсон шинж мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-56 дугаар тал/
*Иргэний нэхэмжлэгч Э.Бын өгсөн:
“...Би тухайн өдөр амралттай байхад орой 23 цаг өнгөрч байхад цагдаагаас залгаад хяналтын камерын бичлэг шүүх хэрэгтэй байна гэхээр очиход түгээгчээр ажиллаж байсан Б.Т гэх эмэгтэй хогийн савны таг дайраад намайг зодоод явсан гэж хэлээд зогсож байсан. Тэгэхээр нь би түгээгүүр рүү харсан камерыг шүүхэд улаан хүрэн өнгийн Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй манай түгээгчийн шаардлагыг эсэргүүцээд улмаар маргалдаж зодолдсон байсан. Тэр үедээ хогийн савны тагийг дайрч хагалсан байсан. Улаанбаатар хотоос нэгдсэн тарааж байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сард 150.000 төгрөгийг өртөгтэй ирж байсан манай Жаст шатахуун түгээх станцын эд хөрөнгө байгаа юм. Хуучиндуу хогийн сав байсан ашиглаад 8 сар болсон 2 дугуйтай хуванцар тагтай ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Би байгууллагын хогийн савыг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 135-136 дугаар тал/
*Иргэний хариуцагч Ж.Жы өгсөн:
“...Тухайн үед Архангай аймгийн 100 жилийн ой болж байсан бөгөөд би хүү эхнэр хоёртоо хоол хийхээр яваад хоол хийгээд ирэхэд манай эхнэртэй нэг эмэгтэй маргалдаад байж байсан тэгэхээр нь юу болсон талаар асуухад надад ямар нэгэн юм хэлээгүй. Тэгсэн хогийн сав дайрсан байхаар нь босгох гэхэд нөгөө эмэгтэй хогийн сав руу өшиглөхөөр би чи яаж байгаа гээд над руу дайраад байсан. Тэгснээ миний цээж хэсэг рүү гараараа цохисон тэгэхээр нь би уурлахад манай эхнэр бол гэж хэлээд болиулсан. Тэгээд манай эхнэртэй маргалдаж байгаад зууралдаж аваад нэгнийгээ цохиж байгаа харагдсан. Тэгсэн эхлээд эхнэрийг цохиод өшиглөсөн тэгсэн манай эхнэр зөрүүлээд цохиж харагдсан мөн хүү Ж.Г салгах үедээ цохиж алгадаж байгаа харагдсан. Тэгээд удалгүй тэр эмэгтэй машинаа унаад явсан. Би тухайн үед цагдаа ирсэн байхаар юу болсон юм бол гэж бодоод ирж зогссон тэрнээс хаасан зүйл бол байхгүй. Би тэрийг хэлж мэдэхгүй байна. Намайг ирэхэд нэг зууралдаж цохиж байгаа л харагдсан. Хогийн савны таган дээр зүүн гар талын урд дугуй нь хагас дайрсан байдалтай хогийн сав газарт унасан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 102-103 дугаар тал/
*Яллагдагч Б.Тгийн өгсөн:
“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 83-84 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаартай“...Д.Аийн биед тархи доргилт, баруун гуянд зулгаралт, цус хуралт, зүүн зовхи, хоёр хацар, эрүүнд цус хуралт, эрүү, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн АЦ-23-185 дугаартай:
“...Ногоон өнгийн дугуйтай хогийн савны үнэлгээг 2023 оны 07 дугаар сарын байдлаар 132.000/нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгөөр үнэлэв...” гэх мэдүүлэг/хх-ийн 65-67 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Жаст ойл” шатахуун түгээх станцын замд иргэн Д.А нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Жаст ойл” шатахуун түгээх станцын зам дээр хохирогч Д.Атэй маргалдан, түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Аийн ”...Түгээгч эгч өөрөө хөлөөрөө өшиглөөд газар унагаасан тэр савны таган дээгээр би гараад хагалчихсан тэр эгч миний машиныг хөлөөрөө өшиглөхөөр нь буугаад та яаж байна гээд хэлсэн намайг хэл амаар доромжлоод янхан гичий янз бүрийн муухай үгээр хэлээд доромжлохоор нь би машинаасаа буугаад гараараа тэр эгчийн мөр рүү гараараа түлхсэн чинь хажуугаа бага насны хүү нь салгаад гараараа түлхээд намайг нэг удаа боосон. Тэгэхдээ миний эрүүн доогуур цохиод эрүү хавдсан хөндүүр байна, би тэр түгээгчид учир байдлаа хэлээд цагдаа энэ зам руу ор хамгаалалт авсан тэгээд зам хаагаад машинуудыг өөр замаар явуулсан талаар хэлсэн ойлгоогүй цагдаа руу хандаад та энэ талаар хэлээч гэхэд юу ч хэлээгүй шууд яваад өгсөн хажуугаар өөдөөс машин орж ирээд машины хажуу тал руу тулж зогсоод бууж ирээд намайг хэл амаар доромжлоод энийг алчихъя гээд газар байсан нэг эд зүйлийг авах гээд завдсан газраас гараараа аваагүй эхнэр одоо боль гээд болиулсан. Би нөхөрт нь хандаж та намайг гэмтээвэл би цагдаад хэлнэ шүү гээд хэлсэн утсаараа цагдаад хандсан ирэхгүй байсан. Тэгээд би зам дээр байсан хоёр цагдаа дээр очоод намайг хэл амаар доромжлоод намайг зодох гээд байгаа талаар хэлэхэд надад ямар нэг үг хэлээгүй зам дээрээ зогсоод байсан тухайн үед энэ хоёр цагдаа ажилтай байсан замын хөдөлгөөнийг нэг нь зохицуулаад нөгөө нь хажуу талд зогсож байсан жижүүрээс эргээд зам дээрээ байгаа цагдаа дээр очоод хэл гээд хариу урвал үзүүлээгүй эргээд шатахуун түгээх станц дээр очоод би машинаа холдуул би явмаар байгаа талаараа хэлэхэд чамайг явуулахгүй чамайг ална гэж хэлээд хэл амаар доромжлоод байж байснаа түгээгч эгч ээж нь миний толгой руу гараараа гурван удаа цохиж аваад хөлөөрөө баруун талын хөл рүү хөлөөрөө өшиглөсөн. Миний бие эрх чөлөөнд халдсан хүн Архангай аймаг Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Жаст шатахуун түгээх станц түгээгчээр 2023 оны 07 дугаар сарын 26-ны орой гарч байсан эмэгтэй, эгч өсвөр насны хүүхэдтэйгээ нийлж зодсон...” гэх мэдүүлэг, гэрч Г.Агийн”...Тэгсэн машин хөдлөх шиг болсноо эргээд зогсоод манай найз Д.А бууж ирээд түгээгч эмэгтэйг цохиж байгаа харагдсан тэгсэн түгээгч эмэгтэй зөрүүлээд 1 удаа цохих шиг болсон, тэгсэн нэг хүүхэд дундуур орж салгах гэж оролдож байсан тэрнээс хойш би бичлэгийг үзээгүй. Тэр үед цагдаа хэн нь зодоон эхлүүлсэн нь чухал гэж хэлэхээр нь манай найз түрүүлж гар хүрэхийг нь хараад цааш нь бичлэгийг үзээгүй. Намайг харахад баруун талын шанаа хэсэг нь улайсан уйлсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Уын”...Түгээгч эмэгтэй болон жолооч эмэгтэй нар хоорондоо хэрүүл хийсэн байтал хогийн сав унаж автомашины урд дугуй дээр зогссон байдалтай байсан. Тэгсэн юу болсон талаарх асуухад түгээгч эмэгтэй хогийн сав дайрчихлаа шахаж орж ирээд байна гэж хэлж байсан. Харин нөгөө эмэгтэй машин руу өшиглөсөн гэж хэлж байсан. Түгээгч эмэгтэй хөлөн дээгүүр гарлаа ш дээ ямар аймар шахаж орж ирдэг юм гэж хэлээд машины жолоочийн эсрэг талын урд хаалга руу хөлөөрөө 1 удаа өшиглөж харагдсан. Хоорондоо хэрүүл маргаан л хийгээд байсан. Нэгнийгээ элдвээр хэлээд хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Бын”...Б.Т гэх эмэгтэй хогийн савны таг дайраад намайг зодоод явсан гэж хэлээд зогсож байсан. Тэгэхээр нь би түгээгүүр рүү харсан камерыг шүүхэд улаан хүрэн өнгийн Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй манай түгээгчийн шаардлагыг эсэргүүцээд улмаар маргалдаж зодолдсон байсан. Тэр үедээ хогийн савны тагийг дайрч хагалсан байсан...” гэх мэдүүлэг, иргэний хариуцагч Ж.Жы”...Тэгсэн хогийн сав дайрсан байхаар нь босгох гэхэд нөгөө эмэгтэй хогийн сав руу өшиглөхөөр би чи яаж байгаа гээд над руу дайраад байсан. Тэгснээ миний цээж хэсэг рүү гараараа цохисон тэгэхээр нь би уурлахад манай эхнэр бол гэж хэлээд болиулсан. Тэгээд манай эхнэртэй маргалдаж байгаад зууралдаж аваад нэгнийгээ цохиж байгаа харагдсан. Тэгсэн эхлээд эхнэрийг цохиод өшиглөсөн тэгсэн манай эхнэр зөрүүлээд цохиж харагдсан мөн хүү Ж.Г салгах үедээ цохиж алгадаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаартай дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Т нь хохирогч Д.Аийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч Б.Т нь гэм буруугийн талаар маргаж, би хохирогчийн биед толгойн тус газар нь нэг удаа цохисон, үснээс нь татаагүй, миний гарт үс нь орооцолдож татагдсан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч учруулсан болох нь тогтоогдсон, үүнийг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй болно. Шүүгдэгч нь үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Тг өөрийн төрсөн хүү насанд хүрээгүй Ж.Гтай бүлэглэж хохирогч Д.Аийг зодож хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж дүгнэж, Ж.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.6-д заасан “Ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.Ттай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх түүний хүү Ж.Г нь 2023 оны 07 сарын 26-ны өдөр эрүүгийн хариуцлага хүлээх 16 насанд хүрээгүй байсан нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар зэргээр тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч шүүгдэгч Б.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй хүнтэй хамтарч үйлдсэн хэргийг шийдвэрлэхдээ “Бүлэглэж үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлж зүйлчлэхгүй, харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулсан нь Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байвал тухайн зүйл хэсэгт зааснаар хэргийг давхар зүйлчилж шийдвэрлэх талаар Улсын дээд шүүх тайлбарласан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Д.Аийн биед тархи доргилт, баруун гуянд зулгаралт, цус хуралт, зүүн зовхи, хоёр хацар, эрүүнд цус хуралт, эрүү, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Д.А нь 570.099 төгрөгийг нэхэмжлэх талаар мэдүүлсэн бөгөөд түүний нэхэмжлэлээс 288.099 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, 282.000 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийг хохирол хор уршигт хамаарал бүхий талаар баримт ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хохирогч Д.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мягмарсүрэнг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 161.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Бын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хураагдсан сиди 2/хоёр/ ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Тгаас 288,099/хоёр зуун наян найман мянга ерэн ес/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын ............тоотод оршин суух хаягтай, хохирогч Б....д овогт Д.йн А/РД:МЗ........./-т, 161,000/нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.М.. /Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст/-д тус тус олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 282,000/хоёр зуун наян хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.А нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР