Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2020/02175

 

   2020            08             19                                               183/ШШ2020/02175                           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, төв байр-44 тоотод  байрлах М ХХК/РД00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Морин, 0 тоотод байрлах, Б ХХК /РД:00000/-д холбогдох,

илүү нийлүүлсэн цементийн төлбөр 153,470,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 13,637,220 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч, Т.Ж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б түүний өмгөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.                                                 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Компани нь 2011 оноос Хан-Уул дүүрэгт зочид буудал, үйлчилгээний зориулалттай барилгын ажил эхлүүлсэн. Энэ ажлын гүйцэтгүүлэгчээр Л ХХК-тай гэрээ байгуулж ажиллаж байсан. Л ХХКнь тус барилгын ажлын суурийг хийхдээ Б ХХК-иас бетон зуурмагийг авах гэрээ хийгдэж ажиллаж байсан. Энэ хоёр компанийн хооронд хийсэн гэрээний дагуу МАК компани нь Б ХХК-д цемент нийлүүлэхээр болсон. Мак товер гэдэг барилгад шаардлагатай бетон зуурмагт ногдох цементийг нийлүүлэх үүрэг хүлээж ажилласан. Үүний дагуу Мак компани 2012 оноос 2013 оны хугацаанд нийтдээ 5,588.9 тонн цементийг нийлүүлсэн байдаг. Энэ талаар талуудын нягтлан бодогч нар тооцоо нийлээд анхан шатны баримтыг шүүгээд акт үйлдсэн байдаг. Нөгөө талаас Б ХХК манай компаниас авсан цементийг ашиглан зуурмаг бэлтгээд Л ХХК-д нийлүүлсэн. Нийт 10,843.9 м.куб бетон зуурмагийн тооцоо нийлсэн болохыг талуудын нягтлан бодогч нар анхан шатны баримтад үндэслэж тооцоо нийлсэн акт үйлдсэн. 2014 оноос тухайн барилгын ажил газрын гүний усны нэвчилтээс болоод зогссон. Үүнээс хойш цемент өгөөгүй, зуурмаг нийлүүлээгүй талуудын тохиролцоо цааш үргэлжлээгүй. Тооцоо нийлсэн актуудаар 10,843.9 м.куб зуурмагийг өгсөн, 2012, 2013 онд Л ХХК-д 9.976,9 м.куб зуурмаг нийлүүлэгдсэн. Харин Мак компани нь өөрийн бусад хэрэгжүүлж байсан жижиг төсөлд 8.700 м.куб зуурмагийг авсан байдаг. Хариуцагчийн зүгээс 1.009 м.куб зуурмаг бусад төсөлд нийлүүлсэн. Энэ дээр манай компанийн нийлүүлсэн 130 м.куб зуурмаг ороогүй байна гэсэн хариу тайлбар гаргасан. Үүнээс үзэхэд талууд энэ асуудалд тооцоо нийлсэн анхан шатны баримтыг үндэслээд талуудын нягтлан бодогч нар баталгаажуулан гарын үсэг зурж, өөрсдийн тамга тэмдгийг дарсан байдаг. Тэгэхээр тооцоо нийлсэн актад тусгагдсан тоо нь эцсийн дүн гэж үзэх үндэслэлтэй. Мөн тооцоонд ороогүй гээд байгаа зуурмагийн асуудал 2012 оны асуудал. Энэ асуудлыг 2020 онд гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75.2.1-д зааснаар шаардлага гаргах хугацаа дууссан асуудал. Ийм учир 139 м.куб зуурмагийг нийлүүлсэн гэдэг асуудлыг манай тал хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зөвхөн тооцоо нийлсэн актыг баримтална. Талуудын хоорондын харилцаанаас үзэхэд Б ХХК нь Мак компанид зуурмаг нийлүүлэх, зуурмагт ногдох цементийг Мак компаниас авах, илүү нийлүүлсэн цементийн төлбөрийг Мак компанид буцаан төлөх харилцаа үүссэн. Илүү нийлүүлсэн цементийн хэмжээ хэд вэ гэдэгт талуудын маргааны гол цөм нь явж байгаа гэж ойлгож байгаа. Б ХХК нь Л ХХК буюу Мак товэрт нийлүүлсэн зуурмагийн үнийг Л ХХК-иас авчихаж байгаа. Мак компани нь ногдох цементийн төлбөрийг нэхэмжлээгүй. Ногдох цементээс илүү гарсан цементийн үнийг нэхэмжилж байгаа. Нөгөө талаас Мак компани нь бусад төсөлд зуурмаг авсан. бусад төсөлд авсан зуурмагийн үнийг Б ХХК-д төлнө гэсэн байгаа. Ногдох цемент гэдэг асуудалд М200, М300, М350, М450 гэсэн зуурмагийн ногдох цемент дээр зөрүү гарсан. М250, М550-д орсон ногдох цементэд маргадаггүй. Харин үлдсэн 4 төрөлд маргаж байгаа. Барилга архитектур корпорацын дүгнэлт гарсан гэж ярьсан. Энэ дүгнэлт болон Мак компаниас гарсан дүгнэлт болон Б ХХК-иас гарсан дүгнэлтийн ногдох цементийг харахад М200-д гэхэд Мак компанийн гаргаснаас 5кг-аар илүү, Б ХХК-ийн тооцсоноор 30кг-аар илүү байсан. Ногдох цемент нь илт зөрүүтэй байгаа. М300-д манай талаас 33кг-аар бага тооцсон байхад Б ХХК 370кг гэж гарсан. Мөн  М450-д Барилга архитектурын гаргасан 370кг гэж заасан байхад Мак компани 425кг гэж 55кг-аар зөрүүтэй байхад Б ХХК-ийнх 475 гэж гаргаад энэ нь 105кг-аар зөрүүтэй гарсан. Барилга архитектурын дүнгээр тооцох юм бол илүү нийлүүлсэн цементийн төлбөр 165.000.000 төгрөг болох тооцоо байгаа. Гэхдээ манай компани ногдох цементийн асуудлаар 153.470.840 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нь хариуцагч компанид илүү ашигтай байгаа. Тухайн үед Л ХХК нь мөн мэргэжлийн компаниар гүйцэтгүүлэн газар дээр авсан дүгнэлтүүд байдаг. Б ХХК-ийн баримтлаад байгаа тоо нь технологийн заавар гэдэгт тусгагдсан. Технологийн заавар нь хэргийн материалд хавсралтаар оруулсан байгаа. Энэ нь бодит байдалд хийгдсэн цементийг тодорхойлох боломжгүй ерөнхий тоо хэмжээг гаргадаг. Технологийн зааврын 6-р хуудсанд дурдсан байдаг. Технологийн зааврын нүүрэн хэсэгт л бүртгэв гэсэн дардастай, орц нормтой холбоотой хэсгийг баталгаажуулаагүй баримт байдаг. Барилга архитектур корпорацын дүгнэлт Мак болон Л ХХК-ийн гүйцэтгэж байсан зуурмагийн найрлагыг тодорхойлсон дүгнэлтээс харахад Б ХХК нь технологийн зааврыг хэзээ ч баримталж байгаагүй нь тодорхой харагдаж байна. Б ХХК-ний баримталсан технологийн зааврын үндэслэх зүйл байхгүй байна. Технологийн зааврын 6-р хуудсанд дурдсанаар ойролцоо найрлага, цементийн марк, дүүргэгчийн шинж чанар нэмэлтийн төрлөөс хамааруулан тухай бүр орцыг тодорхойлно гэсэн үг, өгүүлбэр орсон байдаг. Тэгэхээр технологийн зааврыг баримтлах үндэслэл байхгүй. Харин мэргэжлийн итгэмжлэгдсэн лобатори болох барилга архитектурын корпорацын дүгнэлтийг барих нь зүйд нийцнэ гэж үзэж байгаа. Мак компани бусад төсөл дээр бетон зуурмаг авсан. Тэрийг тооцоо нийлсэн акт үйлдээд 870 м.куб гэж тогтоосон. Талууд зуурмагийн үнийн асуудалд маргадаггүй. Тийм учраас авсан хэмжээ нь марк, маркаар байдаг учир тооцож үзэхээр Мак компани 154.9 сая төгрөгийн зуурмаг бусад төсөлд авсан. Энэ төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг. Илүү нийлүүлсэн цементийн хэмжээ нь 2.028,9 тонн байдаг. 1 тонн цементийн үнэ 152.000 төгрөг нийтдээ 308.3 сая төгрөг болж байгаа. Илүү нийлүүлсэн цементийн үнийг Б ХХК-д төлөх ёстой зуурмагийн үнийг хасахад 153.470.840 төгрөг болж байна. Б ХХК-д илүү нийлүүлсэн зуурмагийн үнэ болох 153.470.840 төгрөгийг нэхэмжлэгч компанид олгохыг хүсэж байна. Хариуцагч компани 30.000.000 төгрөгийн Хөтөл тэлмэн ХХК-д танай өмнөөс төлсөн гэж ярьдаг. Энэ асуудалд талуудын хооронд ямар нэгэн тохиролцол байхгүй. Хэргийн материалд авагдсан баримтыг харахад 2012 оны 10 сарын 16-нд Б ХХК-иас Хөтөл тэлмэн ХХК-д 30.000.000 төгрөг шилжүүлсэн баримт байдаг. Үүнийгээ Мак компанийн өмнөөс төлсөн гэж тайлбарладаг. Б ХХК Хан-Уул дүүрэгт миний мэдэхийн хоёр бетон зуурмагийн үйлдвэртэй. Б ХХК нь тухайн үед цемент борлуулдаг этгээдүүдээс цемент авч байсан. Өөр аж ахуйн нэгжүүдэд зуурмаг нийлүүлж байсан. Ийм баримт хэргийн материалд хангалттай авагдсан байгаа. Хөтөл тэлмэн ХХК-д төлсөн 30.000.000 төгрөгийг өөрсдийн үйл ажиллагаандаа авсан цементийн төлбөрийг төлсөн гэж бодож байна. Мак компани нь манай өмнөөс төл гэсэн бичиг явуулж байсан бол түүнийгээ нотлох хэрэгтэй. Энэ талаар Иргэний хуулийн 210-т заасан байдаг. Манай компани зөвшөөрөл өгснийг би хайгаад олоогүй. 30.000.000 төгрөгт өөр жижиг асуудлууд их байдаг. Мөн манай зүгээс 2020 оны 5 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн дээр тооцоолол нь хүснэгтэн байдлаар байгаа” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсэх болсон гол шалтгаан нь 2011 онд байгуулагдсан МАК-ийн захиалгатай МАК товер гэсэн барилга бариулахаар үндсэн гүйцэтгэгч Л ХХК болон түүнд туслан гүйцэтгэгчээр Б ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ байгаа. Энэ гэрээгээр захиалагч тал цементээр хангана гэж гэрээний 9.6-д заасан. Цемент ороогүй дан зуурмагийн үнийг доллараар тохирсон байдаг. Мөн хавтаст хэрэгт цемент ороогүй зуурмагийг тодорхойлоод 1 доллар 1.330 төгрөгөөр тохирсон. 2012 оноос 2014 оны хооронд ажил хийгдэж байгаад 2014 онд тухайн төсөл цаашид хэрэгжих боломжгүй болж манайхтай гэрээ байгуулсан Л ХХК болон Монголын алт компанийн хооронд маргаан гарсан учир цааш хамтарч ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэрээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дан ганц Л ХХК, Б ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч копанийн газар дээр Б ХХК нь өөрсдийн үйлдвэрийг суурилуулж зуурмаг үйлдвэрлэхээр тохирсон. 2014 онд гэрээ хэрэгжихгүй болсноос хойш хоёр байгууллагын хооронд олон албан бичгүүд явсан. Түүнийг шүүхэд яагаад гаргаж өгөөд байгаа юм бэ гэхээр ямар харилцаа болоод байгааг харуулах гэж гаргаж өгсөн. 2014 оноос хойш бие биедээ албан шаардлага хүргүүлээд байгаа агуулга нь 2012 онд танай газарт барьсан 600.000 долларын үнэ бүхий үйлдвэрээ авъя гэсэн албан бичиг яваад байсан. Гэтэл Л ХХК-тай маргаан үүсэн Арбитрын шүүхээр шийдэгдэж байгаа учир танай үйлдвэрийг өгөх боломжгүй битүүмжилсэн гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл явсан. Энэ маргааны хугацаанд 2014 онд арилжааны гэрээ хийгээд зуурмагийн цемент авах гэрээ хийсэн. Энэ гэрээний тооцоо нийлсэн актаар Б ХХК нь 13.000.000 төгрөгийн авлагатай байгаа. Шүүхэд хэрэг маргаан үүсэхээс өмнөх явсан нийт албан бичгүүд манайх зуурмагийн үйлдвэрийг авъя, 13.000.000 төгрөгийн төлбөрийг авъя гэсэн утгатай албан бичиг явуулсан. Тухайн үед шүүхээр яваагүй байсан учир 13.000.000 төгрөгийн нэхэх боломжгүй байсан. Өнөөдөр Монголын алт компани шүүхэд нэхэмжлэл гаргасан учир сөрөг нэхэмжлэл гаргасан. Б ХХК шүүхэд хандах нөхцөл байдалд байсан юм. Нэхэмжлэлийн гол шаардлага нь 2012 оноос 2014 оны хооронд Л ХХК-тай хийсэн гэрээний дагуу зуурмаг нийлүүлсэн тооцоо нийлсэн актын зөрүү гэсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Гэхдээ нэхэмжлэгч талаас зуурмаг зуурахад гаргаж өгч байсан цементийг авсан зуурмагийн орц найрлагад оруулахад бага хэмжээгээр тооцоод түүний зөрүү мөнгийг нэхэмжилсэн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан. Нэхэмжлэгч хариуцагч нар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага болон баримт материалыг өөрсдөө нотлох үүрэгтэй байдаг. Энэ үүргийн дагуу манайх нэхэмжлэлд хариу тайлбар гаргасан. Зуурмагт орсон цементийн хэмжээг нэхэмжлэгч тал өөрсдөө тогтоож түүний зөрүүг нэхэмжлэлийн шаардлага болгон 153.470.840 төгрөг болгосон байна. Үүнийгээ ямар үндэслэлээр тогтоож байгаа гэдгийг шүүхийн журмаар барилга архитектурын корпорацын гаргаж өгсөн дүгнэлт, мөн хэрэгт хавсаргаж өгсөн үнэлгээний тайлан, барилга.мн хавтаст хэргийн

42-78 дахь талд гаргасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудаар цементийн үнэ, зуурмагт орж байгаа цементийн орц найрлагыг тогтоож нэхэмжлэлийг нотолж байна гэж тайлбарлаж байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг шалтгаан нь Л ХХК, Б ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний дагуу зуурмагийн үйл ажиллагаа хэзээнээс явагдаж эхэлсэн гэдэг нь гол асуудал. Гэрээ 2011 оны 11 сард байгуулагдсан. Б ХХК-ийн хүлээх гол үүрэг нь тухайн Монголын алт компанийн гаргаж өгсөн талбай дээр өөрийн үйлдвэрийг суурьлуулах. 2011 оны 12 сард үйлдвэрийн Солонгос улсаас захиалж аваад өнөөдөр шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа баримтаар 2012 оны 8 сарын 20-нд Л ХХК-с Б ХХК-нд гаргаж өгсөн албан бичгийг гаргаж өгсөн. Уг албан бичигт Б ХХК нь үйлдвэрийн суурьлуулалтын яаралтай хийж өгнө үү гэсэн агуулга бүхий албан бичиг байсан. Тэгэхээр зуурмагийн үйлдвэр баригдаж зуурмаг нийлүүлэлт нь 2012 оны 8 сарын сүүл 09 сарын эхээр хийгдсэн нь харагдаж байна. Тэгэхээр нэхэмжлэгч талын гаргасан цементийн орц найрлагыг тогтоож байгаа лабарторийн дүгнэлтүүд нь 2012 оны 2 сард гаргаж өгсөн дүгнэлт байдаг. Тэгэхээр баригдаагүй үйлдвэр дээр ямар бетон зуурмаг үйлдвэрлүүлээд шинжилгээ өгсөн гэдэг нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Б ХХК нь өнөөдрийн байдлаар хоёр зуурмагийн үйлдвэртэй үйл ажиллагаа явуулж байна. Тухайн үед мөн хоёр үйлдвэртэй байсан. Нэгдүгээр үйлдвэр нь Нисэхийн морингийн даваанд байрладаг. Нэгдүгээр үйлдвэрээс гарсан зуурмагийг нэхэмжлэгч тал өөрсдийн барилгын талбайд баригдсан хоёрдугаар үйлдвэрийн зуурмагийн шинжилгээний дүгнэлт гэж тайлбарлаад байгаа нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадахгүй байна гэж үзэж байна. М компанийн барилгын талбай дээр 2012 оны сүүлээс эхлэн зуурмагийг дэргэдээс нь нийлүүлэхээр болж баригдсан. Мөн үйлдвэр болгон өөрийн гэсэн технологийн заавартай Б ХХК-ийн хоёрдугаар үйлдвэрийн технологийн заавар гэсэн заавартай. Гэрээний гол нь Б ХХК болон Л ХХК-ийн хооронд хийсэн барилгын өндөр зэрэглэлийн зочид буудал болох байсан учир тусгай орц найрлагаар өндөр чанарын зуурмагаар хийнэ гэж тохироод орц найрлагыг баталсан. Мөн өмнөх шүүх хуралд  М компанийн өгсөн Л ХХК-иас М  компанид өгсөн 2012 оны 2,3 сард хийгдсэн шинжилгээний дүгнэлтийг гаргаж өгсөн. Тэр нь Б ХХК-тай хамааралгүй тухайн газар манайх үйлдвэрээ барьсан. Мөн  шинжилгээ хийдэг лабатори байсан. Тэрэнд Л ХХК-ийн туршилт хийсэн шинжилгээний хариуг гаргаж өгсөн. Тэрийг манай үйлдвэрийн  технологийн зааварт тусгагдсан орц найрлага гэж өөрсдийн гаргасанг манай үйлдвэрийн зуурмагийн дээж гэж гаргаж өгсөн байсан. Л ХХК-ийн гаргаж өгөөд байгаа шинжилгээ нь үйлдвэр баригдахаас өмнөх хийсэн шинжилгээ учир тухайн үйлдвэрээс гарсан зуурмагийн орц найрлага биш юм. Талуудын хооронд 3 ширхэг тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн нэгдүгээрт цемент авсан тооцоо, хоёрдугаарт бетон зуурмаг нийлүүлсэн, гуравт 2014 оны тусдаа хийгдсэн арилжааны гэрээ болох Б ХХК 13.000.000 төгрөгийн авлагатай гэсэн тооцоо гарсан. Эдгээр тооцоо нийлсэн актууд нь ямар нэгэн үнийн дүнг тодорхойлоогүй зөвхөн тоо хэмжээг дурдан тооцоо нийлсэн. 2016 оны 04 сарын 28-нд хийгдсэн цементийн тооцоо нь 5.588 гэсэн тооцоо нийлсэн акт байдаг. Энэ актын хавсралтад анхан шатны паданаар бүгдийг жагсааж бичин тооцоо нийлсэн. Гэтэл Монголын алт компанийг нэхэмжлэл гаргасан үеэс хойш анхан шатны баримтыг шүүж үзэхэд 2012 оны 09 сарын 29-ний өдөр 139 м.куб зуурмаг М компанид өгсөн болох нь тооцоо нийлсэн актад оролгүйгээр анхан шатны баримтууд гарч ирсэн.10.843 м.куб зуурмаг дээр 139 м.куб зуурмагийг бусад төсөлд нэмж авсан нь нотлогдож байгаа. Нэхэмжлэлд бичихдээ тухайн орц  найрлагад орсон цементийг хасаад 1991 тонн цементийг илүү нийлүүлсэн гэж үзэж. Үүнээс бусад төсөлд авсан зуурмагийн үнийг хасаад нэхэмжлэлийн үнийг гаргасан байна. Гол маргаан нь тухайн зуурмагийн орц найрлагаас зөрүү гарч байна.  Технологийн зааварт 1991 тонн биш 1351 тонн цемент зуурмагаас илүү авсан гэдгийг тогтоож байгаа юм. Түүнээс нэхэмжлэгч талаас цементийг үнэлж 206.356.720 төгрөгийн өглөгтэй гарч байгаа юм. Үүнээс бусад төсөлд авсан 1009 м.куб зуурмагийн 184.871.520 төгрөгийг хасаж тооцохоор 21.485.200 төгрөгийн өглөгтэй  гарч байгаа. 2012 оны 10 сард 30.375.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн. Тухайн үед Х ХХК-иас цемент авсан нь тооцоо нийлсэн актаар нотлогдож байгаа. 2012, 2013 онд зөвхөн авагдсан зуурмагийн үнийг шүүхээр нэхэмжилж байна. Гэтэл 2014 онд нэхэмжлэгч тал тусдаа цемент худалдаж авахаар гэрээ байгуулж үргэлжлэн явсан. 2012, 2013 онд авлага өглөггүй байсан учир 2014 онд дахин арилжааны гэрээ хийсэн. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага нь огт үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал 600.000 долларын үнэ бүхий зуурмагийн үйлдвэрийг 2012 оноос хойш авъя гэхэд өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Тийм учраас үндэслэлгүй гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү мөн сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ”2012, 2013 онд М компанид нийлүүлсэн зуурмаг болон цементийг нийлүүлсэн тооцоотой хамааралгүй асуудал юм. 13.637.220 төгрөг нь зөвхөн 2014 онд Монголын алт компанитай тусгайлан байгуулсан арилжааны гэрээний дагуу цемент авч зуурмаг нийлүүлсэн тооцоо нийлсэн актыг үндэслэж гаргасан сөрөг нэхэмжлэл байгаа. Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээний албан бичиг хүргүүлснийг шүүхэд гаргаж өгсөн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд 2015 оны тооцоо нийлсэн актын дагуу 13.637.220 төгрөгийг сөрөг нэхэмжлэлд шаардсан байна. 2015 оны үйл баримт нь арилжааны гэрээний дагуу гарсан. Иргэний хуулийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан. Хариуцагчаас 13.637.220 төгрөгийг анхнаасаа хасаад тооцсон учир сөрөг нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн” гэв.

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М ХХК илүү нийлүүлсэн цементийн төлбөр 134,103,180 төгрөгийг хариуцагчаас шаардсан нэхэмжлэлийг 2019.10.17-ны өдөр шүүхэд анх гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020.01.28-ны, 2020.05.14-ний өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн, тус шүүх хуралдаанд 2020.05.14-ний өдрийн нэхэмжлэлийг дэмжиж оролцсон бөгөөд илүү нийлүүлсэн цементийн төлбөр болох 134,103,180 төгрөгийг, 2014 оны арилжааны гэрээг дүгнэхэд хасаж тооцсон 13,637,220 төгрөг, шаардлагыг 5,730,400 төгрөгөөр нэмэгдүүлж нийтдээ 153,470,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн байна.

 

Харин хариуцагч “...М ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагийн үнэлгээ, тооцоог Л ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэсэн тооцооллын дагуу Б ХХК нь М ХХК-д 21,485,200 төгрөгийн үлдэгдэлтэй гарч уг төлбөрийг 2012.10.16-ны өдөр Хөтөл тэлмэн ХХК-д цементний төлбөрт тооцон 30,375,000 төгрөгийг шилжүүлж байсан. М ХХК нь нэхэмжлэл гаргаж, тооцоолол хийхдээ уг мөнгийг хасч тооцоолоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой. Уг тооцооллоор 2012, 2013 онуудад М ХХК-иас авсан цементний төлбөрийг бүрэн барагдуулж дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж” маргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд Б ХХК нь 2011.11.17-ны өдөр М ХХК-иас зарласан Hyatt Regency олон улсын зочид буудал барих тендерт оролцоод Л ХХК-тай 2 жилийн хугацаанд 48,000 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээр харилцан тохирч, Монголын алт ХХК-ийн эзэмшлийн газарт өөрийн үйлдвэрийг барьж суурилуулан бетон зуурмагийг нийлүүлэхээр тохирсон байна.

 

Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

 Дээрх 2011.11.17-ны өдрийн гэрээ, гэрээний хугацаа ба нөхцөлүүд гэх хавсралтад зааснаар МАК Hyatt Regency төслийн барилгын ажлыг бетон зуурмагаар хангах үйл ажиллагаанд хамаарах бөгөөд гэрээний 9.1-д бетон зуурмаг нийлүүлэгч нь 2011 оны 11 дүгээр сард багтаан нэгж тутмын үнэд тулгуурласан үнэлгээ ирүүлнэ, гэрээний 9.6-д зааснаар ажил олгогч М компани цементээр хангасан тохиолдолд бетон зуурмаг нийлүүлэгч цементийн үнийг төлнө, цементийн үнийг Улаанбаатар хотод сар бүр хэвлэгдэн гардаг барилгын материалын үнэ ханшийн сэтгүүлийг баримтлан тогтооно гэж тохирсон байна.

 Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно”, 347.2-т “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж тус тус заасан байна.

 Дээрх заалтаас үзэхэд ерөнхий ажил гүйцэтгэгч нь Л ХХК, туслан гүйцэтгэгчээр Б ХХК ажилласан байх бөгөөд ерөнхий захиалагч М  ХХК-ийн өмнө Л ХХК ажлын үр дүнг хариуцахаар байна.

 

 М ХХК, Б ХХК-ийн хоорондын 2017.04.28-ны өдрийн тооцоо нийлсэн актад “...2012.08.01-ний өдрөөс 2013.12.31-нийг хүртэлх хоёр байгууллагад хөтлөгдөж буй нябо бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Х ХХК-с Б ХХК-руу нийлүүлсэн цементийн тооцоо 5588.93 тн гарсаныг баталсан,  2017.07.28-ны өдрийн тооцоо нийлсэн актад “...2012.07.01-нээс 2013.12.31-нийг хүртэлх хугацаанд  Б ХХК-с   М ХХК руу нийлүүлсэн зуурмагийн тооцоо нь 10,843.9 м.куб гарсаныг баталсан” байна.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2012.08.01-ний өдрөөс 2013.12.31-нийг хүртэл хугацаанд цемент нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон, мөн удаа дараагийн тооцоо нийлсэн актын талаар маргаагүй байх боловч Монголын алт ХХК нь 2017.09.27-ны өдрийн 04/1282 дугаар албан бичигтээ “...ойролцоогоор 175,633,920 төгрөгтэй тэнцэх цементийг илүү нийлүүлсэн” талаар дурдаж, 2014 оны тооцоо нийлсэн актын төлбөр болох 13,637,220 төгрөгийг хасаж, нийтдээ 161,996,700 төгрөгийг нэн даруй төлөхийг Б ХХК-д анх мэдэгдсэн байна.  

 

Нэхэмжлэгч тал илүү нийлүүлсэн гэх цементийн хэмжээг гаргахдаа  Л ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагийг маркаар нь ангилж ногдох цементийн хэмжээг тогтоосон, тэрээр 302,662,400 төгрөгийн үнэ бүхий 1991.2 тн цемент илүү нийлүүлсэн гэж үзээд үүнээс М ХХК-ийн бусад төсөлд авсан 154,922,000 төгрөгийн үнэ бүхий 870 м.куб  бетон зуурмагийн төлбөрийг хасаж зөрүү 147,740,400 төгрөгөөс 2014 оны тооцоо нийлсэн актаар гарсан 13,637,220 төгрөгийг хасаж үлдэх 134,103,180 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2012-2013 оны үед М ХХК-ийн хэрэгжүүлж байсан М Товер төслийн барилгын ажилд нийлүүлсэн бетон зуурмагийн орц найрлагыг тогтоосон гэх Барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн 2012.05.15-ны өдрийн шинжилгээний дүнг үндэслэн илүү нийлүүлсэн цементийн хэмжээ 37.7 тонноор нэмэгдсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг 5,730,400 төгрөгөөр нэмэгдүүлж нийтдээ 153,470,800 төгрөгийг хариуцагчаас шаардсан байх бөгөөд Б ХХК-ийг бетон хольцын үйлдвэрийн технологийн зааврыг баримтлаагүй гэж буруутгасан байна.

 

 Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ, 353.3-т хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ”  гэж тус тус заажээ.

 

Л ХХК, Б ХХК-ийн хооронд байгуулсан 2011.11.17-ны өдрийн гэрээний 5-д “бетон зуурмаг нийлүүлэх хугацааг гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 30 сар байна, чанарын шаардлага хангахгүй бүтээгдхүүн нийлүүлсэн талаар мэдэгдэх хугацаа нь тухайн бүтээгдхүүнийг илрүүлсэн өдөр буюу нийлүүлсэн өдрөөс эхэлнэ” гэж, 2011.12.13-ны өдрийн нэмэлт гэрээний 1-д “ажил олгогч  Л ХХК нь ажил гүйцэтгэгч Б ХХК-ийг бетон зуурмагийн хольцуудаар хангах ба гэрээлэгч нь эдгээр хольцуудыг ашиглан бетон зуурмаг үйлдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана”, 349.2.Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно” гэж заасан байна.

 

 Иймд 2012.08.01-ний өдрөөс 2013.12.31-ний өдрийн хооронд нийлүүлсэн цементээр үйлдвэрлэсэн бетон зуурмагийн чанар, орцын талаар тооцоо гаргаж, цемент илүү нийлүүлсэн талаар 2017.09.27-ны өдөр мэдэгдсэн нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн  гэж үзнэ, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

 

Нөгөөтэйгүүр  Б ХХК-иас 2012 оны 2 сард хийлгэсэн бетон хольцын туршилтын үр дүнг ирүүлсэн, харин 2013 онд бетон хольцын туршилт хийлгээгүй болохыг Барилга архитектур корпорацийн 2020.08.05-ны өдрийн 81 тоот албан бичгээр мэдэгдсэн, Барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн 2012.05.15-ны, 2012.09.04-ний, 82012.10.05-ны өдрийн шинжилгээний дүн нь захиалагчийн ирүүлсэн зөвхөн энэ дээжид хамаарахыг тусгасан байх тул бусад нийлүүлсэн бетон зуурмагт хамаарахгүй болно.

 

        Нэхэмжлэлд дурдсанаар М Товер төслийн талбайд хөрсний усны нэвчилт үүссэнээс 2014 оноос хойш төсөл үргэлжлэх боломжгүй болсон байх бөгөөд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч М ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд талуудын хооронд 2014.08.04-ний өдрийн 14/122 тоот Арилжааны гэрээ байгуулагдаж уг гэрээгээр Б ХХК нь М ХХК-д биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй 2,300 орчим кум метр зуурмагийг нийлүүлэх М ХХКөөрийн 4.25 маркийн цементийг Б ХХК-д нийлүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.2, 274.3-т зааснаар арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ, арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болдог бөгөөд арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

         Талуудын хоорондын 2015.09.23-ны өдрийн 201509-02 тоот тооцоо нийлсэн актад “...2015.07.01-ний өдрөөс 2015.09.23-ны өдрийг хүртэлх хоёр байгууллагад хөтлөгдөж буй нябо бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд М ХХК нь 13,637,220 төгрөгийн өглөгтэй гарсаныг харилцан батлав” гэжээ.

 

Б ХХК дээрх тооцоогоор гарсан төлбөр 13,637,220 төгрөгийг төлөхийг М компанид удаа дараа шаардаж байсан талаарх 2016.05.17-ны өдрийн 16/118 тоот, 2016.12.26-ны өдрийн 16/312 тоот, 2017.08.22-ны өдрийн 17/171 шаардлага хүргүүлэх тухай, 2017.10.24-ний өдрийн 17/210 тоот мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгүүд хэрэгт авагдсан байна.

 

Дээрх арилжааны гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг шаардсан сөрөг нэхэмжлэлийг Б ХХК 2020.01.20-ний өдөр шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч төлөхийг зөвшөөрч үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж байсан, удаа дараа төлөхийг шаардаж байсан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзээд өмнөх хугацааг тооцохгүй 2017.10.24-ний өдрийн шаардлага гаргаснаас хойш хугацааг шинээр эхлэн тооцсон болно.

 

Иймд хариуцагч Б ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2014.08.04-ний өдрийн арилжааны гэрээний дагуу 13,637,220 төгрөгийг Монголын алт ХХК-иас гаргуулж Б ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 115.2.3, 116, 118, 73  дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч Б ХХК-иас илүү нийлүүлсэн цементийн үнэ  153,470,800 төгрөг гаргуулах  тухай М ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1-д зааснаар М ХХК-иас бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 13,637,220 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар М ХХК-иас 226,140 төгрөг гаргуулж Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,161,280 /828,500+226,140+106,640/ төгрөгийг, хариуцагчийн төлсөн 226,140 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.ЭНХЦЭЦЭГ