| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/02038/И |
| Дугаар | 183/ШШ2020/02268 |
| Огноо | 2020-08-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2020/02268
2020 08 28 183/ШШ2020/02268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороололд байрлах Г ХХК/РД:2316161/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Туул гол, 00 байрны 00 тоотод оршин суух Д овогт Г.Г /РД:000000/-д холбогдох,
эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу 2,469,777.75 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хосбаяр, хариуцагч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Х, нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2016 оны 03 сарын 23-ны өдрөөс эхэлж Г ХХК-д ажилласан. Мөн 2018 оны 10 сараас эхлэн Шангри-Ла салбар дэлгүүрт ажиллаж эхэлсэн. Улмаар 2019 оны 2 сарын 23-ны өдөр зөрчлийн шинж чанартай үйлдэл гаргасан тул хөдөлмөрийн дотоод журам болон зөрчлийн тухай хуулийг үндэслэн ажлаас халагдсан. 2019 оны 9 сараас 5 сарын хооронд Гдэлгүүрийн бараа материалын тооллого хийсэн. Тухайн үед 7.715.407 төгрөгийн дутагдал гарсан. Тухайн салбар дэлгүүрт Г.Г-тэй хамтран ажиллаж байсан н.М, н.Ц, н.Д гэсэн худалдааны зөвлөх нар өөрт ногдох төлбөрийн хохирлыг барагдуулж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Г.Г нь тухайн дутагдлыг тооцоо нийлэхээс зайлсхийж ажлаас халагдсан. Г.Г.д холбогдох тухайн 7.715.407 төгрөгөөс өөрт холбогдох 2.469.778 төгрөгөөс хариуцагчийн 3 сарын цалин болон амралтын мөнгийг хасаж бодоод 620.110 төгрөгийг хасаад 1.846.668 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр Г ХХК нь сар бүр тооллого хийгээд хэрэв дутагдал гарвал камер шүүгээд хэн авсныг тодорхойлж ажилчдын буруу байхгүй бол даатгалаас төлөгддөг зарчмаар явагдаж ирсэн. Гэтэл Г.Г ийг ажлаас гарсны дараа 7.715.407 төгрөгийн төлбөр тавьж байгаа нь үндэслэлгүй юм. Сүүлд гаргаж өгсөн нотлох баримтад зөрчлийн тухай ямар нэгэн баримт байхгүй тоо үнийн дүн бүхий баримт байхгүй. Мөн яг хэзээ дутсан нь тодорхойгүй. Хэдэн сарын хооронд гэсэн хугацаа заасан нь эрх зүйн хувьд үндэслэлгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2019 оны 02 сард ажлаас ноцтой зөрчил үүсгэсэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Зөрчлийн хөөн хэлэлцэх нэг сарын хугацаа өнгөрсөн байсан. Мөн тушаалын тогтоох хэсэгт ажлаас ажил олгогчийн санаачилгаар чөлөөлөхөд 40 дүгээр зүйлийг баримтлаагүй байна. Тушаалын нэгдүгээр хэсэгт бараа материалын мөнгийг хувьдаа завшсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл байдаг. Энэ нь хэн нэгнийг шүүхээр гэм буруутайг тогтоогоогүй нөхцөлд гэм буруутайд тооцохгүй гэсэн зарчимтай зөрчилдөж байна. Тухайн цамцны асуудал нь дэлгүүрийг хаах үед үйлчлүүлэгч бараа авахад нэг цамц нь уншаагүй. Тэгэхэд хариуцагч нь дараагийн өдрийн ээлж дээр нөхөж уншуулсан асуудал. Хэрэв тэр мөнгийг завших санаа зорилго байсан бол өөр хэрэг харин Г.Г нь үйлчлүүлэгчийг та буцаж ирээд баримтаа аваарай гэж хэлсэн байдаг. Ажлаас халсан шийдвэр гарсны дараагаар манай тал 2019 оны 04 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тийм учир 2019 оны 02 сарын 29-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х шүүхэд сөрөг нэхэмжлэлийн талаар хариу тайлбарлахдаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д хөдөлмөрийн зөрчил гарснаас хойш 5 сарын хугацаанд гомдол гаргах эрхтэй гэж заасан байдаг. Г.Г ийг халах үндсэн шалтгаан болох зөрчлийн хэрэг болох эд хөрөнгө завшсан үндэслэлээр 2019 оны 12 сарын 15-ны өдөр шийдэгдсэн байдаг. Үүнээс хойш 8 сарын дараа сөрөг нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн хариуцагчийг халах болсон нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад шүүх хэргийг буцаасан захирамж гаргасан. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хэсгийн байцаагч алдаа гаргаж зөрчлийн хэрэг үүсгэсэн хэргийн хугацааг штрик хэрэглэж арилгасан болохоор Давж заалдах шатны шүүхээс буцаасан байдаг. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх явцад прокурор хариуцагчийг буруутай гэж үзсэн нь тухайн өдөр бүтээгдэхүүн худалдаж авсан үйлчлүүлэгч бэлэн мөнгөөр худалдан авалт хийсэн байдаг. Гэтэл ямар ч хувьдаа авах нөхцөл шаардлага үүсээгүй байхад хариуцагч нь тухайн мөнгийг өөртөө авч орлогын дэвтэрт бүртгэлгүйгээр өөртөө авсан байдаг. Маргааш нь худалдан авсан үйлчлүүлэгч нь надад баримт өгөөгүй байна гээд ирэхэд зохион байгуулагч нь хариуцагчаас асууж тодруулахад хариуцагч нь тухайн худалдсан барааны үнэ болох 154.900 төгрөгийг миний дансанд байна гэсэн тайлбар хэлсэн байдаг. Үүнээс үзэхэд хариуцагч нь зөрчлийн хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдож байна. Тухайн мөнгийг кассын машинд байрлуулах байтал өөртөө авсан байсан нь ажлаас халах шийдвэр гаргаж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болсон гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г ХХК нь “... хариуцагч Г.Г ийг Ш салбар дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа агуулахаас 7.715.407 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүний дутагдал үүссэн, хариуцагчид холбогдуулан 2.469.777.75 төгрөгөөс түүний 3 сарын цалин болон амралтын мөнгө 620.110 төгрөгийг хасаж үлдэх 1.846.668 төгрөг гаргуулахыг хүссэн” байна.
Хариуцагч Г.Г нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “...ажлаас гарсны дараа 7.715.407 төгрөгийн төлбөр ногдуулсан, энэ үйл баримттай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэх үндэслэлээр маргасан, түүнчлэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Г ХХК анх 2016.03.25-ны өдрийн туршилтын болон сургалтын хугацааны 00000 тоот хөдөлмөрийн гэрээг Г.Г тэй байгуулан худалдааны зөвлөхөөр ажиллуулж байсан, дараа нь 2019.01.02-ны өдрийн 00000 тоот хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байх бөгөөд Г.Г нь 00 зэрэгтэй худалдааны зөвлөх албан тушаалд ажиллаж байсан байна.
Түүний ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнээс үзэхэд худалдааны зөвлөх нь үндсэн үүргийн хүрээнд ажлын байранд бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдалд хяналт тавих, тухайн сард гарсан бараа бүтээгдэхүүний дутагдал, хулгайд алдагдах зэрэг хохирлыг журмын дагуу хариуцах, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг дэлгүүрийн эрхлэгч болон ахлах худалдааны зөвлөхөд мэдэгдэх, арга хэмжээ авах талаар санал оруулах, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу үүрэг хүлээхээр заасан байна.
Нэхэмжлэгч Г ХХК нь 2019.02.23-ны өдөр 1 цамцны мөнгө 154,900 төгрөгийг хувьдаа завшсан гэх гомдлыг Г.Г д холбогдуулан гаргасан байх бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019.07.08-ны өдрийн 000 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2019.10.22-ны шүүгчийн захирамжаар Шүүхийн тухай хуулийн 31.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус заасныг үндэслэн Г.Г д холбогдох зөрчлийн 00000 дугаартай зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт буцаасан, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019.12.15-ны өдрийн мөрдөгчийн 00000 дугаар тогтоолоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7-д зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г ХХК нь Ш дэлгүүрийн 2019 оны 2 дугаар сарын тооллогын нэгтгэл, 2019.04.30-ний өдрийн тооллогын дутагдал акт, Г.Г ийн 2019 оны 3 сарын цалин бодсон хүснэгт, Г.Г д холбогдох 2019.05.01-ээс 2019.06.30-ны, 2019.07.01-ээс 2020.06.30-ны үеийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан гэх баримтуудыг үндэслэн илэрсэн дутагдал гэх 7,715,407.40 төгрөгийг /дэлгүүрийн эрхлэгч, 4 худалдааны зөвлөх/ нэр бүхий 5 хүнд хувааж, Г.Г ээс 2,469,777,75 төгрөгийг анх нэхэмжилсэн, шүүх хуралдааны явцад 1.846.668 төгрөг гаргуулахыг хүссэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасан ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг ажил олгогч шүүхэд гаргах эрхтэй, мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээж болно.
Гэвч ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдоогүй, эд хөрөнгийн хариуцлагын хэмжээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, Ш дэлгүүрийн 2019 оны 2 дугаар сарын тооллогын нэгтгэл, 2019.04.30-ний өдрийн тооллогын дутагдал акт гэх баримтад зөвхөн нягтлан бодогч гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан нь учир дутагдалтай болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно, мөн хуулийн 136.3-т “хэд хэдэн ажилтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгчийн ирүүлсэн илүүдэл дутагдлын гэх 23 хуудас бүхий баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолж чадаагүй тул Г ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч Г.Г ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.03.20-ний өдрийн 560 дугаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3, Хөдөлмөрийн дотоод журмын 49 дүгээр зүйлийн 49.2.4, 49.2.13, 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалт болон 2019.03.29-ний өдрийн зөрчил бүртгэх хуудсыг үндэслэн Г.Гийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Дээрх тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-ээс 40.1.7-д заасан аль нэг үндэслэлийг заагаагүй байх бөгөөд ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангасан, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь тохирсон байхыг шаардана.
Гэвч ажлаас халсан тушаал 2019.03.20-нд гарсан, талуудын хооронд дээрх маргаан үүссэн, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019.12.15-ны өдрийн мөрдөгчийн 00000 дугаар тогтоолоор зөрчлийн хэрэг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс хойш Г.Г 2020.08.05-нд ажилд эгүүлэн тогтоолгох сөрөг шаардлага гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 136 дугаар зүйлийн 136.1, 136.3 дахь хэсэгт зааснаар Г.Г ээс эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу 1.846.668 төгрөг гаргуулахыг хүссэн Г ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай Г.Гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ