Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/88

 

 

 

 

 

   2024         01          17                                 2024/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,                           

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн 2306 04903 3558 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 2000 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян- өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кузов засварчин мэргэжилтэй, Баталгаат засвар кузовын газар ажилладаг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Тамирчин 5-22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кузов засварын газарт хохирогч Г.Ганбатын эзэмшлийн засуулахаар үлдээсэн 20-90 УЕК улсын дугаартай Тоёото приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг бусдын эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэдгийг мэдсээр байж завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр засварын газраас авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж оролцлоо.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би хохирогчийн машиныг будаж байсан юм. Тухайн өдрийн оройн 22 цагт машиныг нь будаж дуусгаад хүлээлгэж өгөх байсан юм. Тэгээд хүлээлгэж өгөөгүй унаж явсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Ганбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Старт төвийн хажууд байрлах кузов засварын газарт Э гэх хүнд өөрийн Приус 30 маркийн машинаа засуулах гээд үлдээсэн бөгөөд би 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр очиход миний машины байсан бөгөөд тухайн засварчин Э гэх хүн байсан бөгөөд миний машины засварт орж дуусаагүй байхаар нь өнөөдөр очиход миний засварт 80184742 дугаар холбогдох боломжгүй байсан бөгөөд фейсбүүк хаяг /Erdentogs/ гэх хаяг руу чат бичихэд харчихаад хариу өгөхгүй байсан. Би тухайн хүнд засварын мөнгө гэж Хаан банкны 5618145098 Э гэх тоот данс руу 09 дүгээр сарын 11-ний өдөр 600.000 төгрөг шилжүүлээд дараагаар нь 09 дүгээр сарын 15-ний өдөр 240.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр машинаа авах гээд очиход миний машин байхгүй засварчин Э өөрөө байхгүй байхаар нь засварын газрын ажилчдаас асуухад Эийг хаашаа явсан талаар мэдэхгүй байна гэсэн бөгөөд машинаа асуухад бас мэдэхгүй гэсэн...” гэх мэдүүлэг/хх-иийн 9-11/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн З/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-24, 27-31/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Гэм буруугийн дүгнэлт:

Улсын яллагч: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч нь Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв. Шүүгдэгч нь хохирол, төлбөрийн тухайд хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 341.300 төгрөгийг нөхөн төлсөн байгаа. Харин машин засуулахаар өгсөн мөнгөн дүнг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлт,

Шүүгдэгч: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол...” тус зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Хэргийн үйл баримтаас харвал хохирогч Г.Ганбат нь авто засварын газарт тээврийн хэрэгслээ засуулах зорилгоор тээврийн хэрэгслээ хүргэж өгсөн байна.

Улмаар шүүгдэгч ******* нь хохирогч Г.Ганбатын машиныг авч үлдэн засварлаж байх хугацаандаа авто машиныг авч явсан байна.

Дээрх үйл баримтаас харвал шүүгдэгч ******* нь хохирогч Г.Ганбатын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авсан мөн нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байхын зэрэгцээ тэрээр хохирогчийн авто машиныг завших аливаа нэгэн зорилгогүй байсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.  

Нөгөөтэйгүүр шүүгдэгч ******* нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүйн зэрэгцээ түүний гэм буруутай үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч Г.Ганбатад 341.000 төгрөг төлсөн. Цаашид  хохирогч өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч: Шүүхээс шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг түүний оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй” гэх дүгнэлт,

Шүүгдэгч: “Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.

Шүүхээс шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарласан хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суух газраа өөрчлөх, өөр орон нутагт зорчихдоо эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

          Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, түүнчлэн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтын биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******ийг “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ийг  2 /хоёр/ сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргээ биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   А.БАТМАНДАХ