| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/02 |
| Огноо | 2023-12-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/02
2023 12 21 2024/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
Шүүгдэгч Ц.Б-, Э.Б-, Б.Б-,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Цэрэнханд, М.Мэндбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000452 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Увс аймаг Тариалан суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух хаягтай, Урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ш овогт Ц-ийн Б- /рд:хх000000000/,
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Увс аймаг Тариалан суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эх, дүү нарын хамт Булган аймгийн 0 багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Э-ын Б- /рд: хх0000000/,
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Увс аймаг Тариалан суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ы Б- /рд: хх00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б-, Э.Б-, Б.Б- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Барилга засварын цехийн харьяа “Элс”-ний ордоос 3 км зайд байрлах Оюут геологи хайгуулын цех рүү цахилгаан дамжуулах агаарын шугам татах зориулалтаар үйлдвэрийн нутаг дэвсгэрт байршуулсан АС-70 маркийн 800 метр хөнгөн цагаан утсыг иргэн П.Э-ийн эзэмшлийн хуйндай портер загварын 00-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газарт 3,040,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Ц.Б-ийн мэдүүлсэн: “...Утас авсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Э.Б-ийн мэдүүлсэн: “... утас авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Б.Б-ын мэдүүлсэн: “... Нийлж хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “... “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Оюут ордын газар нутагт 2023 оны 08 дугаар сарын 13-14-ний хооронд өдрүүдийн 800 метр орчим цахилгаан дамжуулах АС-70 маркийн хөнгөн цагаан төмөр утаснууд болон 2 метрийн урттай шонгийн модны бэхэлгээ мод 6 ширхгийг хулгайд алдсан талаар мэдсэн. Алдагдсан хөнгөн цагаан утаснууд нь цахилгаан дамжуулах зориулалтай АС-70 маркийн шонгийн мод хооронд татдаг утас байгаа онцлог содон шинж тэмдэг гэвэл эрчилж мушгисан дм 3 см. урт 800 урттай хөнгөн цагаан утаснууд байсан. Шонгийн мод нь, бэхэлгээ мод нь 2 метрийн урттай 6 ширхэг хөндлөн мод байгаа...“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Оюут ордын ажлыг хариуцаж ажилладаг мастер М- гэдэг залуу байгаа. Энэ хүн бүх гадуур байгаа тоног төхөөрөмж эд хөрөнгийг хариуцах үүрэгтэй. Тухайн объект дээр нийт 45 ажилтнууд байрлаж ажилладаг юм. Тусгайлсан харуул хамгаалалт байхгүй. ...тухайн газар нутаг нь Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрладаг ба Булган аймгийн Орхон сумтай дундуураа голоор зааглагдаж голынхоо урд хэсэгт нь Булган аймгийн Орхон сумдаа ордог, голынхоо ар хэсэг нь Орхон аймгийн Жаргалант сумын Оюут нэртэй газарт байрладаг тул уг газарт Геологи хайгуулын цехээс 3 км-ын замд цахилгаан дамжуулах утас тавих ажил эхэлсэн байгаа. ...2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын Геологи хайгуулын дарга М.Дамдинсүрэн өөрийн биеэр Оюут ордын ажлыг шалгахад АС-70 маркийн хөнгөн цагаан утаснууд болон шонгийн моднууд бүрэн бүтэн байсан. Ингээд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өглөө ажил эхлэхэд дээрх зүйлүүд алга болсон байсан. Тухайн алдагдсан хөнгөн цагаан утаснууд нь цахилгаан дамжуулах зориулалтай АС-70 маркийн шонгийн мод хооронд татдаг хөнгөн цагаан утас байгаа уг хөнгөн цагаан утаснуудыг урд өмнө Сэлэнгэ амралтын бааз дээр ашиглаж байсан ба 2023 оны 06 дугаар сарын эхээр таталт хийж нийт 9000 метр хөнгөн цагаан утаснуудыг ачиж авчирсан. Үүнээс Барилга засварын цехийн харьяа “Элс” ний ордоос “Оюут” геологи хайгуулын цех рүү 3 км урттай 6кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татах ажилд хэрэглэсэн 8200 метр байгаагаас хулгайд алдсан нь 800 метр дутаж байна...”, “...Би Сайжаа овогтой М- гэх хүний зургийг үзлээ. Энэ хүн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Геологи хайгуулын экспедицийн цехэд ажилладаг өрмийн мастер ажилтай М- гэх залуу биш байна. “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Геологи хайгуулын экспедицийн цехэд ажилладаг өрмийн мастер ажилтай М- нь одоо 38 настай залуу байгаа. ...”, “...Манай байгууллага үйл ажиллагаанд ашиглахаар 3000 метр хөнгөн цагаан утас авч очиж тарааж тавьсан байдаг. Тухайн утсыг шон дээр нь татаж цахилгаан холбох гээд хариуцсан ажилтнууд нь очиход цахилгааны утас байсан бөгөөд тарааж тавьсан 3000 метр цахилгааны утсыг хэмжиж үзэхэд 800 метр цахилгааны утас дутсан байсан гэж байна лээ. Хөнгөн цагаан утсыг ажилчдын сууринаас татаж байсан бөгөөд яг харуул хамгаалалт байхгүй хэдий ч манай байгууллагын ажилчдын сууринтай ойролцоо байсан утас алга болсон. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд манай байгууллагад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Одоо гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг /1хх-ийн 10-11, 14, 16х/,
- Гэрч Ц.Д- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын харъяа Оюут ордын газар нутаг дэвсгэрээс 800 метр урттай АС-70 маркийн цахилгаан дамжуулах хөнгөн цагаан утаснууд алга болсон байсан. Мөн 2 метрийн урттай шонгийн модны бээлгээ 6 ширхэг алдсан гэж мэдэгдсэн боловч уг моднуудыг хулгайд алдаагүй юм байна. Манай цехийн хүмүүс уг шонгийн модны бэхэлгээ моднуудыг өөр ажилд хэрэглэсэн байсныг мэдээгүй бас хулгайд алдсан байна гэж буруу ойлгосон байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 18-19х/,
- Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “ОРА металл” ХХК-д ээлжийн мастер ажилтай. Б.Ш- гэх хүнийг танина. Энэ хүн манай байгууллагад хэвчнээр ажилладаг бөгөөд 2 жил орчим ажиллаж байна. Манай байгууллагын үйл ажиллагаа индүүкцэн зуухаар металл хайлдаг болохоор цахилгааны зардал маш өндөр гардаг. Тийм болохоор шөнийн цагаар ихэвчлэн ажилладаг. Шөнийн цахилгааны тариф бага байдаг болохоор ган хайлах ажлыг шөнийн цагаар хийдэг. 2023 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Б.Ш нь ажилтай байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-31х/,
- Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд манай түүхий эд авах төв дээр цагаан өнгийн задгай портер ирж хөнгөн цагаан утаснуудыг тушаасан. Тухайн хөнгөн цагаан утаснуудыг бүгдийг нь жин дээр тавьж үзэхэд 255,9 кг болсон ба 1 кг хөнгөн цагаан утсыг 4000 төгрөгөөр бодоод 1,023,000 төгрөг болсон. Тухайн үед нийт 4 залуу явсан. Царай зүсийг нь сайн анзаараагүй. Нэг залуу нь хөнгөн цагаан тушаасан “мөнгөө бэлнээр авъя” гэхээр нь “надад бэлэн мөнгө байхгүй” гэж хэлтэл “тэгвэл миний данс руу хийчих” гэж хэлээд тэр залуу дансаа надад өгсөн. Би мөнгөө шилжүүлэхдээ утга нь дээр нь юу гэж хийх вэ гэж асуутал тэр залуу “цалин” гээд биччих гэж хэлэхээр нь утга хэсэг дээр цалин гэж бичээд мөнгөө явуулсан. Ямар ч байсан цагаан өнгийн энгийн портер машин байсан. Улсын дугаарыг нь хараагүй. Тухайн үед би гэртээ амарч байсан ба манай худалдагч Солонго тэр залуучуудтай хөнгөн цагаан утас авах үнэ хөлсөө тохирчихсон байсан ба намайг дуудаад мөнгө төгрөгийг нь шилжүүлээд өгчих гэж дуудахаар нь гарч мөнгийг нь шилжүүлсэн. Миний хажууд ямар нэгэн зүйл яриагүй. Би мөнгөө шилжүүлэхдээ утга хэсэг дээр юу гэж бичих вэ гэж асуухад “цалин” гээд бичих гэж хэлсэн болохоор нь тэрүүгээр нь бичээд явуулсан. Би тухайн үед эдгээр хөнгөн цагаан утаснуудыг хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Тэд нар хоорондоо ярилцаж байхдаа “дахиж хөнгөн цагаан утас авчирч өгнө” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33-34х/,
- Гэрч О.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд манай түүхийн эд авах төв дээр цагаан өнгийн портер автомашин ирж хөнгөн цагаан утаснуудыг тушаасан. Тухайн хөнгөн цагаан утаснуудыг бүгдийг нь жин дээр тавьж үзэхэд 255,9 кг болсон ба 1 кг хөнгөн цагаан утсыг 4000 төгрөгөөр бодоход 1,023,000 төгрөг болохоор нь хамт ажилладаг ах Э-ыг дуудаж мөнгийг нь мобайл банкаар шилжүүлсэн. Тухайн үед 4 залуу явж байсан царай зүсийг нь сайн хараагүй. Нэг залуу нь “хөнгөн цагаан тушаасан мөнгөө бэлнээр авъя” гэж хэлэхээр нь ах Э- нь “бэлэн мөнгө байхгүй данс руу чинь хийчихье” гэж хэлтэл нэг залуу нь өөрийнхөө дансыг хэлэх гэснээ болиод цаанаас нь нэг залуу “за за миний данс руу мөнгөө хийчих, харин утга хэсэг дээр нь цалин гээд хийчхээрэй” гэж хэлсэн. Тэгээд Э- мөнгөө данс руу нь шилжүүлээд орсон. Тухайн үед би түүхий эд авах төв дээр байхад гаднаас 1 залуу орж ирээд “хөнгөн цагаан авах уу” гэж асуухаар нь “би авна” гээд гараад очтол түүхий эд авах төвийн үүдэн дээр цагаан өнгийн портер машинтай 4 залуу ирчихсэн “хөнгөн цагааныг 1 кг хэдээр авах вэ” гэж асуухаар нь “4000 төгрөгөөр” гэж хэлтэл дансаараа мөнгө авсан залуу нь “грамийг нь хасуулахгүй шүү” гэж хэлэхээр нь би “хөөх грам хасуулахгүй гэж хэлсэн хүнийг анх удаа харлаа, та нарын хөнгөн цагаан тийм их юм уу” гэж асуугаад хартал портер машины тэвшин дээр их хэмжээтэй харагдаж байхаар нь “за тэгвэл авъя” гээд хашаа руу ороод ир гэж хэлээд хашаа руу оруулсан. “Данс руу нь мөнгө шилжүүлээд утга хэсэг дээр цалин гэж хийчих дараа нь хуулга авахдаа амар байдаг юм” гэж хэлэхээр нь утга хэсэг дээр нь цалин гэж бичээд явуулсан. Манай түүхийн эд авах төв гадна дотроо ямар нэгэн хяналтын камер байдаггүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-37х/,
- Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “.... Би Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 16-08 тоотод хувиараа түүхий эд авах цэгийг нөхрийнхөө хамт ажиллуулдаг. 2023 оны 08 дугаар сарын 14-ны өглөө 10 цагийн үед манай түүхийн эд авах төв дээр цэнхэр өнгийн портер автомашинтай 3 залуу ирж хөнгөн цагаан утаснуудыг тушаасан. Тухайн хөнгөн цагаан утаснуудыг бүгдийг нь жин дээр тавьж үзэхэд 329 кг болсон ба 1 кг хөнгөн цагаан утсыг 4000 төгрөгөөр бодоход 1,316,000 төгрөг болсон ба тухайн мөнгийг би өөрийнхөө хаан банкны мобайл банкаар шилжүүлээд “утга хэсэг дээр нь юу гэж бичих вэ” гэж асуухад нэг залуу нь “цалин гээд биччих” гэж хэлэхээр нь цалин гэж бичээд мөнгөө шилжүүлсэн. Тухайн үед нэг залуу нь “шонгийн модноос буулгасан хэрэгцээгүй хөнгөн цагаан утаснууд байгаа юм” гэж ярьж байсан ба “1 кг хөнгөн цагаан утсыг 4000 төгрөгөө өгнө” гэхээр нь би үнийг нь буулгаж “3,500 төгрөгөөр авна" гэж хэлтэл нэг залуу нь “өөр газар 4000 төгрөгөөр авч байгаа бид нар уг хөнгөн цагаан утаснуудаа 4000 төгрөгөөр өгнө” гэж хэлэхээр нь “за за тэгвэл 1 кг 4000 төгрөгөөр авъя” гэж хэлээд авсан. Би тухайн үед мөнгөө шилжүүлэхдээ утга хэсэг дээр нь “хөнгөн цагаан гэж бичих үү” гэж асуухад нэг залуу нь “үгүй та утга хэсэг дээр цалин гэж биччих” гэж хэлэхээр нь дотроо ямар сонин юм бэ гэж бодоод цалин гэж бичээд мөнгөө шилжүүлсэн. Хэсэг хэсэг бөөгнүүлсэн хөнгөн цагаан утаснууд байсан ба жижиг, жижиг таслаад хэд хэдэн удаа нугалж эвхчихсэн эрчлээстэй хөнгөн утаснууд байсан. Тухайн хөнгөн цагаан утаснуудыг тэр залуучууд авчирч өгсөн дараахан манайх түүхий эдээ Улаанбаатар хот руу ачуулчихсан. Одоо эдгээр хөнгөн цагаан утаснууд байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39-40х/,
-Гэрч Б.Ш- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай ээж Э-ийн нэр дээр цагаан өнгийн супер улсын дугаар нь 00-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Би өөрийн Эрдэнэ багт байрлах хувийн байшиндаа засвар хийж байгаа учраас ээжийнхээ цагаан өнгийн портер автомашиныг нь гуйгаад хэрэглэж байсан. 2023 оны 08 дугаар сарын 13-ны орой над руу Б- утсаар яриад хөдөөнөөс юм зөөж оруулах гэсэн чинь машин хэрэгтэй байна чи машинаа аваад хөдөө хүрээд ир гэж ярихаар нь би ажилтай байна очих боломжгүй гэж ярьтал тэгвэл машиныг чинь гэрээс чинь очоод авчих уу гэж ярихаар нь би тэг тэг гэж хэлсэн. Маргааш өглөө нь ажлаасаа буугаад гэртээ иртэл машин байхгүй болохоор нь Б- руу утсаар яриад “машинаа авъя гэтэл чи манай гэрт хүрээд ир” гэж ярихаар нь би Б-ын гэрт очтол хашаанд нь хөнгөн цагаан төмөр утаснууд буулгачихсан талыг нь машин дээр аччихсан байхаар нь би “эдгээр хөнгөн цагаан утаснуудыг хаанаас авсан юм бэ” гэж асуухад Б-, Б-, Б- 3 “урдаас оруулж ирсэн юм” гэж хэлсэн тодорхой зүйл яриагүй. “Одоо энийг хүнд аваачиж өгөх гэж байгаа юм” гэж хэлээд бид хамт тэндээс гараад Уртын гол багт байрлах түүхий эд авах цэг дээр очиж тушаасан. Би тэр гурвыг Б-ын гэрт хүргэж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42-43х/,
- Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би гэр бүлийн хамтаар хөдөө мал маллаж амьдардаг. Одоо өдрийг нь тодорхой санахгүй байна. 2023 оны 08 дугаар сарын дундуур нэг өдрийн өглөө 00-00 СБА улсын дугаартай портер-2 загварын машинаар сүү ачиж Эрдэнэт хот руу орж ирээд Дэнж багт байдаг айлд сүү хүргэж өгөөд явж байсан чинь 07-08 цагийн хооронд урд нь манайхтай ойролцоо нутаглаж байсан Б- гэж залуу ганцаараа явж байгаад таарсан. Б- уулзсан чинь жоохон юм зөөгөөд өгөөч, Б-ын хашаанд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Б-өд тус болох гээд түүнийг дагаад Б-ын хашаанд очсон. Намайг Б-ын хашаанд очиход Баянбадрах, Б- хоёр гэрээс гарч ирээд Б- эргээд гэртээ орсон. Б-, Б- хоёрын Б-ын гэрийн хойд талд буулгасан байсан хөнгөн цагаан утсыг ачаад Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуурга” дэлгүүрийн хойд талд байдаг түүхий эд авах цэг дээр хүргээд өг гэсэн. Би түүхий эдийн цэг дээр очоод машинаасаа буугаагүй. Б-, Б- хоёр буулгасан. Би өөрөө хөдөө гэр лүүгээ явах ажилтай байсан болохоор тэндээсээ шууд явсан. Нөгөө хоёр үлдсэн. ...Б- надад виза карт байхгүй болохоор бэлэн мөнгө авч болохгүй байна. Чамд бэлэн мөнгө байна уу. Бэлэн мөнгө байвал 370,000 төгрөг өгөөч. Би чам руу 370,000 төгрөг шилжүүлье гээд надаас 370,000 төгрөг бэлнээр аваад миний данс руу 370,000 төгрөг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 45-46х/,
- Гэрч Ц.Ж-ы: "... Энэ зун манайх малтайгаа “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын хиймэл уулын урд тал руу 18-ын карьерын ойролцоо зуссан. Зусландаа 2023 оны 06 дугаар сарын 27 байна уу 28-ны өдөр нүүж ирээд 08 дугаар сарын 29-ний өдөр нүүж одоо нутаглаж байгаа газартаа буусан. ...Би 2023 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө гэртээ байсан. Б.Б-, Э.Б- хоёр 12-ны өдрийн орой ирээд энэ гурав найзынхаа гэрт очно гээд мотоциклио үлдээгээд явсан. Мотоциклио яах гэж байгаа юм бэ гэсэн чинь гол үертэй байна мотоцикль хэрэггүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 48-49х/,
- Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би сонсгож байгаа ялыг зөвшөөрч байна. Манайх хөдөө малтай бөгөөд 2023 оны зун бидний хэлдгээр Орхон аймгийн урд тал руу байдаг 18 дугаар карьерын ойролцоо зуссан. Малд явж байхад “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хиймэл уулын урд талд, карьерын зүүн талд уулан дээгүүр газарт хөнгөн цагаан утас хэвтээд байсан. Тэгэхээр нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн орчим би найз Б- руу утсаар яриад манай гэрийн ойролцоо хөнгөн цагаан утас байгаад байна. Чи завтай бол хүрээд ирээч, малын хөлд гишгүүлээд удаж байна. Тушааж мөнгө болгоё гэж хэлсэн. Үүний дараа би найз Б- руу утсаар яриад жимсэнд хамт явъя, манайд Б-тай хамт хүрээд ирээрэй гэж хэлсэн. Шөнө 22 цаг өнгөрч байхад Б-, Б- хоёр манай гэрт ирсэн. Тэр хоёрт манай гэрийн ойрхон хөнгөн цагаан утаснууд байгаад байна. Үүнийг аваачиж тушаая гэсэн чинь нөгөө хоёр за тэгье гэж зөвшөөрсөн. Манай гэрийн гадна Б-, Б- хоёр унаж ирсэн мотоциклоо үлдээгээд хөнгөн цагаан утас байгаа газар луу алхаж яваад очсон. Хөнгөн цагаан утас байсан газарт очоод газарт хэвтэж байсан хөнгөн цагаан утсыг үүрэх боломжтой хэмжээгээр дундуур нь нугалж бөөгнүүлээд гурван хэсэг хөнгөн цагаан утас үүрээд уулнаас буусан. Уулнаас бууж ирээд бид гурав яаж авч явах вэ гэж хоорондоо ярилцаж байгаад найз Ш-ын машиныг авах гээд Б- түүн рүү утсаар ярьсан чинь Ш- шөнө ажилтай, ажил дээрээ байна гэсэн. Тэгэхээр нь Б- машины хэрэг гараад байна. Машиныг чинь авчих уу гэсэн чинь Ш- тэг тэг гэж хэлсэн байсан. Тэгээд Б-, Б- хоёр манай гэр лүү явж мотоциклоо аваад Ш-ын гэр лүү явж машин авахаар яваад би хөнгөн цагаан утсаа харж үлдсэн. Хэсэг хугацааны дараа нөгөө хоёр Ш-ын машиныг аваад ирсэн. Бид гурав тэр шөнө наашаа цаашаа явах, хөнгөн цагаан төмрөө үүрч уулнаас буух, машин дээр ачих гэсээр байгаад үүрээр 4-5 цагийн хооронд Эрдэнэт рүү орж ирээд Б-ын хашаанд очиж тал хөнгөн цагаан утсыг буулгачхаад Б-ын гэрт орж унтсан. Б-ын гэрт эхнэр нь ганцаараа унтаж байсан. Бид нарыг унтаж байхад Ш-, Б- руу утсаар яриад бид нар сэрсэн. Тэгэхэд Б-ын эхнэр нь ажилдаа явсан байсан. Ш- бид нартай утсаар ярьж байгаад ирсэн. Түүнийг ирэхээр нь өөрт нь машиныг нь өгч унуулаад Уртынгол багт байдаг түүхий эд авдаг цэг дээр очиж ачаатай байсан хөнгөн цагаан утсыг нэг килограммыг нь 4000 төгрөгөөр бодож өгөөд 1,023,000 төгрөгөөр тушаасан. Мөнгийг нь би өөрийнхөө Хаан банкны 5120038952 дугаарын дансаар шилжүүлж авсан. Бид гурав Ш-аар Б-ын гэрт хүргүүлээд үлдсэн. Ш- машинаа аваад гэртээ харина гээд явсан. Тэр өдрөө бид гурав Б-ын гэрт очиж хэсэг унтаж байгаад Б- бид хоёр гэр лүүгээ үдээс хойш явсан. Маргааш өглөө нь би Б- руу утсаар яриад одоо Б-ын гэрт очоод үлдсэн хөнгөн цагаан утсаа тушаах уу гэж хэлээд бид хоёр, хоёр талаасаа Б-ын гэрт уулзахаар болсон. Намайг Б-ыг гэр лүү явж байсан чинь хөдөө байдаг М- гэж залуу ачааны машинтайгаа явж байхаар нь түүнтэй уулзаад энд жоохон хөнгөн цагаан утас байна. Эрдэнэ багт байдаг түүхий эд авах цэг дээр хүргээд өгөөч гэж гуйсан чинь М- зөвшөөрсөн. М-ыг дагуулаад Б-ын гэрт очиход Б- ирчихсэн байсан бөгөөд Б- гэртээ ганцаараа унтаж байсан. Б-ыг унтаж байсан болохоор Б- бид хоёр М-ын машин дээр хөнгөн цагаан утсаа ачиж Эрдэнэ багт байдаг түүхий эд авдаг цэг дээр очоод 1 килограммыг нь 4000 төгрөгөөр бодож 1,316,000 төгрөгийн утас тушааж мөнгийг нь би өөрийнхөө Хаан банкны 5120038952 дугаарын дансаар шилжүүлж авсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэх санааг анх би гаргасан. Хоёр найздаа хэлсэн чинь зөвшөөрсөн. Би энэ хулгайн гэмт хэргийг найзууд болох Б-, Б- нартай хамт үйлдсэн. Үгүй. Б-, Б- хоёр мотоциклтой явж Ш-ын машиныг авч ирсэн. Би урд нь мэдүүлэг өгөхдөө буруу зөрүү ярьсан байна лээ. Миний хулгай хийсэн хөнгөн цагаан утас 6 ширхэг нарийн төмөр утсыг ороосон хөнгөн цагаан утас байсан. Бид нар тухайн утсыг дундуур нь ямар нэгэн байдлаар таслаагүй. Харин хоёр утсыг холбож боосон байсныг нь салгажтайлж авсан. Яг хэдэн метр утас хулгай хийж авснаа мэдэхгүй байна. Бид нарын хулгай хийж авсан хөнгөн цагаан утаснууд одоо тушаасан түүхийн эд авдаг цэг дээр байгаа байх. Би яг хэмжиж үзээгүй ойролцоогоор 7 метр орчмын урттай тасалж ачсан. Хулгай хийхдээ би гэртээ байсан цэнхэр өнгийн бариултай бахийг авч явсан. Тухайн бахийг ашиглаж төмөр утас тасалсан. Ш- гэж хүний машиныг гуйж хулгай хийсэн төмрөө зөөсөн. Хулгайн гэмт хэрэг үйлдэх санааг би гаргаж, Б-, Б- бид гурав хамт төмөр утсыг нугалж, зөөсөн. Мөн нөгөө хоёр хамт явж машин авч ирж, машин дээр бид гурав хамт ачиж, буулгасан. Эхний өдөр авсан 1,023,000 төгрөгөөс Б-ад 150,000 төгрөг, Б-ид 250,000 төгрөг өгсөн. Сүүлийн 1,316,000 төгрөгөөс Б-ад 200,000 төгрөг, Б-ид 370,000 төгрөг тус тус өгч үлдсэн мөнгийг нь би өөртөө хэрэглэсэн. Б-ын эхнэр нь бид нарыг очих үед унтаж байсан. Бид гурав төмөр утсаа гэрийнхэн хойд талд буулгаад машинаа гэрийнхэн хойд талд байрлуулсан байсан болохоор хулгайн эд зүйл авч очсоныг мэдээгүй байх. Ш-, М- нар хулгайн эд зүйл тээвэрлэж байгаагаа мэдээгүй. Тэд нар юу юм бэ гэж асуугаагүй. Бид нар ч гэсэн хулгайн эд зүйл гэж хэлээгүй. М-ын машин цэнхэр өнгөтэй, Ш-ын машин цагаан өнгийн портер маркийн машинууд байсан. Улсын дугааруудыг нь санахгүй байна. Би хөнгөн цагаан зарж олсон мөнгөө өөрийн Хаан банкны 0000000 дугаарын дансаар авч, Б-, Б нарт дансаар өгсөн. Одоо мөнгө шилжүүлсэн дансаа санахгүй байна. Түүхий эд авч байгаа хүмүүс хулгайн эд зүйл авч байна гэдгээ мэдээгүй. Бид нараас хулгайн эд зүйл үү гэж асуугаагүй. Бид нар хөнгөн цагаан тушаах гэсэн юм гээд л өгсөн. Эрдэнэ багийн түүхий эд авах цэг дээр Цагаан гэдэг эгч нөхрийнхөө хамт, Уртынгол багт байдаг түүхий эд авах цэг дээр танихгүй ах эгч хоёр байсан. Дуу, чимээ гаргаад яах вэ, айл амьтан сэрэх байх гэж бодоод үлдээсэн юм. Би төмөр утас хулгай хийсэн газраа зааж өгч чадна. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 193-196х/,
-Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би сонсгож байгаа ялыг зөвшөөрч байна. Би ээж, дүү нарын хамт маллаж Булган аймгийн Орхон сумын Халиун багт оршин суудаг бөгөөд энэ гэмт хэрэгт холбогдох үед манайх 18 дугаар карьерын урд талын Арбулаг гэх газарт нутаглаж байсан. Энэ хэрэг болсон өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн орой 19 цагийн орчим миний найз Б- над руу утсаар яриад маргааш өглөө жимсэнд явах уу. Манай гэрт хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би за гээд Эрдэнэт хот руу мотоциклдоо бензин хийгээд найз Б-ын Орхон аймагт байдаг гэрт нь очсон. Б-тай уулзсан чинь Б- чи бид хоёрыг хүрээд ир гэсэн гээд бид хоёр миний мотоциклтой Б-ийн гэрт очсон. Тухайн үед Ц.Б-ийн гэр 18 дугаар карьерын урд талд нутаглаж байсан. Б-ийн гэрт очсон чинь ганцаараа байсан бөгөөд гэрийнхэн хүмүүс байхгүй байсан. Б-тэй уулзсан чинь маргааш өглөө Хялганат руу жимсэнд явна. Гэхдээ орой энд нэг ажил байна. Манай гэрийн зүүн талын уулан дээр хөнгөн цагаан утас байгаад байгаа юм. Түүнийг авч тушаая гэсэн. Тэгэхээр нь Б- бид хоёр зөвшөөрсөн. Тэгээд Б-ийн гэрийн гадна мотоциклоо үлдээгээд тэдний зүүн талын уул руу явган явсан. Уулан дээр гарсан чинь газарт зоосон шонгийн модны дагуу хөнгөн утас хаясан байсан. Түүнээс бид гурав 7 хэсэг хөнгөн цагаан утсыг нугалж үүрээд уулнаас буусан. Уулнаас буугаад явганаар авч явах боломжгүй байсан учир найз Б- манай хүргэн ах буюу найз Ш- луу утсаар яриад ачааны машинаа унаад хүрээд ир гэсэн чинь Ш- ажилтай байна. Гэрт машин байгаа машины хэрэг байгаа бол очоод ав гэхээр нь Б- бид хоёр эргэж Б-ийн гэр лүү явсан. Б- нөгөө хөнгөн цагаан утаснуудаа хараад үлдсэн. Б- бид хоёр Б-ийн гэрийн гаднаас мотоциклоо авч Ш-ын гэр лүү очоод би өөрийн төрсөн эгч Ариунтуяад ахын машиныг өгч байгаач гэж хэлж гуйж аваад явсан. Эргэж Б- дээр очиж хөнгөн цагаан төмөр утсаа ачаад үүрээр 4-5 цагийн хооронд Эрдэнэт рүү орж ирээд Б-ын хашаанд очиж хулгай хийсэн хөнгөн цагаан утасны талыг нь буулгачихаад Б-ын гэрт орж унтсан. Б-ын эхнэр гэртээ ганцаараа унтаж байсан. Бид нарыг унтаж байхад Ш-, Б-ын гэрт ирээд бид нар сэрсэн. Бид нарыг сэрэхэд Б-ын эхнэр ажилдаа явсан байсан. Ш-ыг машинаа аваад явах гэхээр нь ачаан дээр нь байсан хөнгөн цагаан утсыг Уртынгол багт байдаг түүхий эд авдаг цэг дээр хүргээд өгөөч гэж гуйгаад хүргүүлсэн. Тухайн түүхий эд авдаг цэг дээр очоод хулгай хийж авсан хөнгөн цагаан утсыг нэг килограммыг нь 4000 төгрөгөөр бодож өгөөд 1,023,000 төгрөгөөр тушаагаад мөнгийг нь Ц.Б- өөрийнхөө данс руу шилжүүлж аваад надад 250.000 төгрөгийг миний Хаан банкны 0000000 дугаар данс руу, Б-ад 150,000 төгрөг мөн дансаар шилжүүлж өгсөн. Үүний дараа бид гурав Ш-аар Б-ын гэрт хүргүүлээд үлдсэн. Ш- машинаа аваад гэртээ харихаар явсан. Тэр өдрөө бид гурав Б-ын гэрт унтаж байгаад үдээс хойш нь Б- бид хоёр гэр, гэр лүүгээ явсан. Маргааш өглөө нь намайг гэртээ байж байхад Б- над руу утсаар үлдсэн хөнгөн цагаан утсаа тушаах уу гэхээр нь би тэгье гээд Б-ын гэр лүү явсан. Намайг Б-ын гэрт очиход Б- ганцаараа унтаж байсан. Араас Ц.Б- хөдөө байдаг М- гэж залууг машинтай нь дагуулаад ирсэн. Б-ыг унтаж байсан болохоор Ц.Б- бид хоёр М-ын машин дээр хөнгөн цагаан утсаа ачиж Эрдэнэ багт байдаг түүхий эд авдаг цэг дээр очоод 1 килограммыг нь 4000 төгрөгөөр бодож 1.316.000 төгрөгийн утас тушааж мөнгийг нь Ц.Б- өөрийнхөө данс руу шилжүүлж аваад сүүлийн мөнгөнөөс Ц.Б- 370,000 төгрөгийг миний Хаан банкны 0000000 дугаар данс руу, Б-ад 200,000 төгрөг мөн дансаар шилжүүлж өгөөд үлдсэн мөнгийг нь өөрөө авсан. Үгүй. Бид нарын хулгай хийсэн утас газарт байсан. Зоосон шонгоосоо бага зэрэг зайтай хэвтэж байсан. Миний бодож байгаагаар нэг шонгоос, нэг шонгийн хоорондох утсыг тасалж бэлдсэн байх шиг байсан. Урд нь хэн тэр цахилгааны утсыг тасалсныг мэдэхгүй байна. Хөнгөн цагаан утаснаас өөр ямар нэгэн эд зүйл хулгай хийж аваагүй. Миний найз Б- хулгайн гэмт хэрэг үйлдэх санааг гаргаж, Б- бид хоёр зөвшөөрөөд л хамт хэрэг хийсэн. Энэ хулгайн гэмт хэргийг Ц.Б-, Б- бид гурав хийсэн. Тэр шөнө Ш- ажилтай байсан учир Б- бид хоёр мотоциклтой явж гэрт нь очоод би эгчдээ машин хэрэг болоод байна гэж хэлээд машиныг нь авсан юм. Бид нарын хулгай хийсэн авсан хөнгөн цагаан утас 6 ширхэг нарийн төмөр утсыг ороосон утас байсан. Бид нар 4 шонгийн хооронд татсан байсан 7 хэсэг утас авсан. Эхний хоёр шонгийн хооронд 1 хэсэг, 2 дахь шонгоос 3 дахь шон хүртэл зэрэгцээ 3 хэсэг, 3 дахь шонгоос 4 дэх шон хүртэл мөн 3 хэсэг хөнгөн цагаан утас байсныг хулгай хийж авсан. Яг хэдэн метр утас гэдгийг хэлж мэдэхгүй байна. Бид нар хооронд нь холбож уясан байсан 2 хэсэг цахилгааны утсыг Ц.Б-ийн гэрээсээ авсан цэнхэр өнгийн бариултай бахиар салгасан. Түүнээс өөр утас таслааүй. Нэг хэсэг утсыг дундуур нь нугалж эвхээд үүрээд явсан. Ц.Б-ийн гэрээс нэг бахь авсан байсан. Түүнийг залгаатай утас салгахад ашигласан. Хулгай хийсэн төмөр утсаа зөөхдөө машин ашигласан. Эхний өдөр авсан хөнгөн цагаан төмөр тушааж авсан 1,023,000 төгрөгөөс Б-ад 150,000 төгрөг, надад 250,000 төгрөг өгсөн. Сүүлийн 1,316,000 төгрөгөөс Б-ад 200,000 төгрөг, надад 370,000 төгрөг тус тус өгч үлдсэн мөнгийг нь Ц.Б- авсан. Би гэмт хэргийн замаар олсон мөнгөөрөө зардал хийгээд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон руу жимсэнд явахдаа хэрэглэсэн. Бид нарыг үүрээр Б-ын гэрт очиход эхнэр нь унтаж байсан. Бид гурав төмөр утсаа гэрийнхэн хойд талд буулгаж, машинаа тавьсан болохоор хулгайн эд зүйл авч очсоныг мэдээгүй байх. Ш-, М- хулгайн эд зүйл тээвэрлэж байгаагаа мэдээгүй. Харин сүүлд бид нарыг цагдаагийн газарт баригдсаны дараа мэдсэн. М- цэнхэр өнгийн, Ш- цагаан өнгийн портер маркийн машинуудтай. Улсын дугааруудыг нь санахүй байна. Бид нараас хөнгөн цагаан утас худалдан авсан хүмүүс хулгайн эд зүйл авч байна гэдгээ мэдээүй. Бид нараас хулгайн эд зүйл үү гэж асуугаагүй. Бид нар хөнгөн цагаан тушаах гэсэн юм гээд л өгсөн. Айлын нохой дайрах байх гээд дуу чимээ гаргахгүй гэж л мотоциклоо үлдээсэн юм. Эрдэнэ багийн түүхий эд авах цэг дээр танихгүй, эхнэр нөхөр хоёр байсан. Уртынгол багт байдаг түүхий эд авах цэг дээр танихгүй эмэгтэй байсан бөгөөд тооцоо хийхэд эрэгтэй хүн гарч ирээд тооцоо хийсэн. Би төмөр утас хулгай хийсэн газраа болон хулгайн хийсэн хөнгөн цагаан утас тушаасан Эрдэнэ, Уртынгол багийн түүхий эд авах төвүүдийг зааж өгч чадна. ...”, “...Б-, Б- би нар цахилгааны утсыг байсан газраас нь аваад үүрч 2 километр орчим газар авч яваад 18-ын карьерын урд талд байсан 2 хэсэг овоолсон шорооны урд талын жалга руу хийж нуусан. Үүний дараа бид нар машин авч очиж цахилгааны утас зөөсөн гэдгээ нэмж хэлмээр байна. Би хулгай хийсэн хөнгөн цагаан утсаа уулнаас үүрч буулгаад жалганд нуусан. Төмөр утас нуусан жалгаа зааж өгч чадна. Бараг 2 цаг орчмын дараа очиж авсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 206-209, 211х/,
- Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:"... Би сонсгож байгаа ялыгзөвшөөрч байна. Намайг 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчим гэртээ байж байхад найз Б- утсаар яриад завтай байвал манай гэрт хүрээд ирээч гэсэн. Яах гэж байгаа юм сэ гэж асуусан чинь энд нэг ажил байна гэсэн. Яг ямар ажил гэдгээ хэлээгүй. Гэтэл орой 19 цагийн орчим Б- ганцаараа мотоциклтой манай гэрт ирсэн. Б- Б- жимсэнд явъя гэж байна гэж ярихаар нь би түүнд намайг хүрээд ир ажил байна гээд байсан. Очих уу гээд хамт Б-ийн гэрт орой 21-22 цагийн орчим очсон. Б-ийн гэрт очсон чинь ганцаараа байсан. Б-тэй уулзсан чинь маргааш өглөө Хялганат руу жимсэнд явна. Манай гэрийн зүүн талын уулан дээр тасарчихсан хөнгөн цагаан утас байна. Малын хөлд орооцолдоод байна. Түүнийг авч тушаах уу гэсэн. Тэгэхээр нь зүгээр юм уу. Эзэн нь гараад ирэх юм биш биз дээ гэсэн чинь зүгээр энэ зунжин л байгаа юм гэж хэлсэн. Б-ийг зүгээр гэхээр нь тэр утсыг нь авахаар болж Б- бид хоёр зөвшөөрсөн. Мотоциклтой явбал дуу чимээ гарах байх гээд Б-ийн гэрийн гадна мотоциклоо үлдээгээд тэдний зүүн талын уул руу бид гурав явган явсан. Уулан дээр гарсан чинь газарт зоосон шонгийн модны дагуу шонгоос бага зэрэг зайтай хөнгөн цагаан цахилгааны утас хаясан байсан. Уулан дээр байсан хөнгөн цагаан утаснаас бид гурав 7 хэсгийг нугалж үүрээд уулнаас буусан. Уулнаас буугаад цааш явах гэсэн чинь машин хэрэгтэй болохоор нь би өөрийн найз Ш- луу утсаар яриад хаана байгаа юм. Ачааны машин чинь байвал хэрэг болоод байна гэж хэлсэн чинь Ш- би ажил дээрээ байна. Машин гэрт нь байгаа. Машин хэрэгтэй бол гэрт очоод ав эхнэр байгаа гэж хэлсэн. Ш-ын эхнэр нь манай найз Б-ийн төрсөн эгч болохоор Б- бид хоёр Ш-ын гэр лүү мотоциклоор очиж Б- эгчдээ ачааны машинаар юм зөөх гэсэн юм гэж хэлээд авч гарсан. Энэ үед Б- хулгай хийсэн хөнгөн цагаан утсаа харж байсан. Б- бид хоёр эргэж очоод бид гурав хулгай хийсэн хөнгөн цагаан утсаа ачаад үүрээр 4-5 цагийн хооронд Дэнж баг Баруун Дэнж 9а-4 тоотод байх манай гэрт ирээд гэрийн хойд талд авч ирсэн хөнгөн цагаан утасны талыг нь буулгачхаад манай гэрт орж унтсан. Тухайн үед миний эхнэр Энхтуяа гэртээ ганцаараа унтаж байсан. Намайг хаанаас ирж байгаа юм бэ гэхээр нь Б-ийн гэрээс ирлээ л гэж хэлсэн. Өөр юм асуугаагүй. Бид нарыг орж унтаад удаагүй байхад миний эхнэр ажилдаа явлаа гээд явсан. Эхнэрийг явснаас хойш Ш- утсаар яриад машинаа авах гэсэн юм гэхээр нь манай гэрт байна. Ирээд авчих гэсэн чинь Ш- ирээд машинаа авах гэхээр нь түүхий эдийн төв дээр хүргээд өг гээд Уртынгол багт байдаг түүхий эд авах төв дээр очиж ачаан дээр байсан хөнгөн цагаан утсыг нэг килограммыг нь 4000 төгрөгөөр бодож өгөөд 1,023,000 төгрөгөөр тушаагаад мөнгийг нь Ц.Б- өөрийнхөө данс руу шилжүүлж аваад надад Б-ид 250,000 төгрөгийг дансаар шилжүүлээд миний Хаан банкны 00000 дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд бид гурав Ш-аар манай гэрт хүргүүлээд үлдсэн. Ш- гэртээ харина гээд машинаа аваад явсан. Тэр өдрөө бид гурав манай гэрт унтаж байгаад үдээс хойш нь Б-, Б- хоёр гэртээ харихаар явсан. Маргааш өглөө нь намайг гэртээ унтаж байхад Б-, Б- хоёр ирээд үлдсэн хөнгөн цагаан утсаа авч яваад Эрдэнэ багт багт түүхий эд авдаг цэг дээр тушаагаад эргэж ирсэн. Надад 200,000 төгрөг миний Хаан банкны 00000 дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Бид гурав газарт хэвтэж байсан хөнгөн цагаан цахилгааны утас хулгай хийж авсан. Хөнгөн цагаан утаснаас өөр ямар нэгэн эд зүйл хулгай хийж аваагүй. Найзынхаа үгэнд л итгэж явснаас ийм зүйл боллоо. Б- анх уулан дээр хөнгөн цагаан утас байна. Түүнийг авч тушаах уу гэсэн. Зүгээр юм уу гэхэд зүгээр л гэж хэлсэн. Б- бид хоёр зөвшөөрөөд л хамт ийм хэрэг хийсэн. Энэ хулгайн гэмт хэргийг найзууд болох Ц.Б-, Б- нарын хамт хийсэн. Б- бид хоёр Ш-ын машиныг авч төмөр утас зөөсөн. Ш- “Ора Металл” ХХК-д ажилладаг бөгөөд тэр шөнө ажилтай байсан. 6 ширхэг нарийн утас ороосон хөнгөн цагаан утас байсан. Бид гурав 4 шонгийн харалдаа байсан 7 хэсэг утас авсан. Эхний хоёр шонгийн хооронд 1 хэсэг, 2 дахь шонгоос 3 дахь шон хүртэл зэрэгцээ 3 хэсэг, 3 дахь шонгоос 4 дэх шон хүртэл мөн 3 хэсэг хөнгөн цагаан утас байсныг хулгай хийж авсан. Нийт урт нь хэдэн метр утас байсныг мэдэхгүй байна. Хооронд нь залгаж ороосон байсан утсыг салгасан. Өөр утас таслаагүй. Хулгай хийхээр явахдаа Б- гэрээсээ цэнхэр өнгийн бахь авч явсан. Өөр эд зүйл авч яваагүй. Би нийт 350,000 төгрөг авсан бөгөөд хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Миний эхнэр хулгайн төмөр утас гэрт авч очсоныг мэдээгүй. Ш-ыг машинаа аваад явах гэхэд нь машин дээр нь хөнгөн цагаан утас байгаа түүхийн эд авах цэг дээр хүргээд өгөөч гэсэн чинь хаанаас авсан юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь урдаас л гэж хэлсэн. Өөр тодорхой зүйл хэлээгүй. Ш- ч гэсэн ямар нэгэн зүйл яриагүй. Түүхийн эд авдаг хүмүүс хулгайн утас худалдан авч гэдгээ мэдээгүй. Бид нараас хулгайн эд зүйл үү гэж асуугаагүй. Бид нар хөнгөн цагаан тушаах гэсэн юм гээд л өгсөн. Түүхий эд авах цэг дээр нэг эмэгтэй хүн байсан. Тооцоог нь өөр нэг эрэгтэй хүн хийж байсан. Дуу чимээ гаргахгүй гэж л мотоциклоо үлдээсэн. Би хөнгөн цагаан утас хулгай хийсэн газраа болон хулгайн хийсэн хөнгөн цагаан утас тушаасан Уртынгол багт байдаг түүхий эд авах төвүүдийг зааж өгч чадна. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 221-224х/,
- “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-ОРХ/7562 дугаартай: “... Цахилгаан дамжуулах агаарын шугамын АС-70 маркийн хөнгөн цагаан төмөр утас 800 метр, зах зээлийн дундаж ханшаар нэг метр нь 3800 төгрөг, нийт 800 метр нь 3,040,000 төгрөг, 2м урттай Шонгийн бэхэлгээний мод нь зах зээлийн дундаж ханшаар нэг ширхэг нь 16,000 төгрөг, нийт 6 ширхэг нь 96,000 төгрөг. Нийт үнэлгээ нь 3,136,000 төгрөг. ...” гэсэн хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 111-113х/,
- Монгол Улсын мэргэшсэн үнэлгээчин Дашдэлгэрийн Мягмарсүрэнгийн: “...2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 00-00 ОРХ улсын дугаартай Хуандай портер маркийн авто машины үнэлгээг 4,852,500 төгрөг болж байна. ...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 123-127х/,
-Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23/863 дугаартай Иргэн Ц.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 5120038952 дугаартай харилцах дансны “...2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 23 минутанд 00000000000 дугаартай данснаас 1,023,000 төгрөгийн орлого орж 16 цаг 31 минутанд 00000000 дугаартай харилцах данс руу 300,000 төгрөг, 17 цаг 30 минутанд 0000000000 дугаартай харилцах данс руу 150,000 төгрөг, 17 цаг 31 минутанд 00000 дугаартай харилцах дансанд 150,000 төгрөг тус тус шилжүүлсэн, 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдөр 10 цаг 21 минутанд 00000 дугаартай данснаас 1,316,000 төгрөгийн орлого орж 10 цаг 39 минутанд 00000 дугаартай харилцах дансанд 370,000 төгрөг, 10 цаг 39 минутанд 00000 дугаартай харилцах дансанд 370,000 төгрөг, 11 цаг 12 минутанд 00000 дугаартай харилцах дансанд 200,000 төгрөг тус тус шилжүүлэн. ...” талаарх лавлагаа /2хх-ийн 50-51х/,
- Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөн шалгах туршилт хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 91-96х/
- Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 03, 14-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 77-106х/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б-, Э.Б-, Б.Б- нар нь бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Барилга засварын цехийн харьяа “Элс”-ний ордоос 3 км зайд байрлах Оюут геологи хайгуулын цех рүү цахилгаан дамжуулах агаарын шугам татах зориулалтаар үйлдвэрийн нутаг дэвсгэрт байршуулсан АС-70 маркийн 800 метр хөнгөн цагаан утсыг иргэн П.Э-ийн эзэмшлийн хуйндай портер загварын 00-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж хөнгөн цагаан, төмөр авдаг хүмүүст худалдсан үйл баримт болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “бүлэглэн машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Ц.Б-, Э.Б-, Б.Б- нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б-, Э.Б-, Б.Б- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул тэднийг “бүлэглэн машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол төлбөр төлөгдсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,852,500 төгрөгийг улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Б-, Э.Б-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бахийг устгаж, 255,9 килограмм хөнгөн цагаан утсыг иргэний нэхэмжлэгч Б.Э-т буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,852,500 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэж,
шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ц-ийн Б-, Х овогт Э-ын Б-, Б овогт Б-ы Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “бүлэглэн машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц-ийн Б-, Э-ын Б-, Б-ы Б- нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Э.Б-, Б.Б- нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Э.Б-, Б.Б- нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,852,500 төгрөгийг хувь тэнцүү хувааж, шүүгдэгч тус бүрээс 1,617,500 төгрөгийг гаргуулан улсын орологод оруулсугай.
5. Шүүгдэгч Ц.Б-, Э.Б-, Б.Б- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бахийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хураагдсан 255,9 килограмм хөнгөн цагаан утсыг иргэний нэхэмжлэгч Б.Э-т буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-, Э.Б-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ