Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2026/0600

 

 

                                              “Я” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч: “Я” ХХК  

          Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба  

          Гуравдагч этгээд: “А” ХХК, “Х” ХХК

          Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/634 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн "Газар эзэмших эрх олгох тухай” А/922 дугаартай захирамжийн “А" ХХК-д 7000 м.кв газар олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/110 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсэгт байх "Х групп" ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, хариуцагч Нийслэлийн Засаг даргын хууль болон дээд шатны төрийн байгууллагын чиглэлийг зөрчин нэхэмжлэгч “Я” ХХК-ийн 2011 оноос хойш ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Т байрлах 33815 м.кв газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх эрх олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид тухайн газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах" тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0480 дугаар шийдвэр.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э,  

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, Б.Б

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул  

          Хэргийн индекс: 128/2024/0340/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. “Я” ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/634 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн "Газар эзэмших эрх олгох тухай” А/922 дугаартай захирамжийн “А" ХХК-д 7000 м.кв газар олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/110 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсэгт байх "Х групп" ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, хариуцагч Нийслэлийн Засаг даргын хууль болон дээд шатны төрийн байгууллагын чиглэлийг зөрчин нэхэмжлэгч “Я” ХХК-ийн 2011 оноос хойш ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Т байрлах 33815 м.кв газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх эрх олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид тухайн газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах"-аар маргасан.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 128/ШШ2026/0480 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.11-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалын “Я” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А110 дугаар захирамжийн “Х групп" ХХК-д холбогдох хэсгийн “Я” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл /Үндэслэх хэсгийн 15, 25-д заасан ажиллагааг хэрэгжүүлэх замаар/ тус тус 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,  

          2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалын “Я” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А110 дугаар захирамжийн “Х групп" ХХК-д холбогдох хэсгийн "Я” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг түдгэлзүүлсэн шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагч нар нь дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болохыг дурдаж,

          3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/922 дугаартай захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

          4 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын хууль болон дээд шатны төрийн байгууллагын чиглэлийг зөрчин нэхэмжлэгч “Я” ХХК-ийн 2011 оноос хойш ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Т байрлах 33815 м.кв газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх эрх олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон нэхэмжлэгчид тухайн газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

              3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Агийн давж заалдах гомдлын агуулга:

3.1 Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 128/ШШ2026/0480 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-аас 10-д хэрэгт авагдсан баримт материалд үндэслэлтэй дүгнэж нэхэмжлэгч “Янгарконстракшн” ХХК-ийн эрхийг газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй мөн 21-д Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бүрэн эрхийг дурджээ. Нэгэнт захиргааны хэргийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 228/ШШ2026/0480 дугаартай шийдвэрийн үндэслэлүүдэд УИХ-ын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газрын хил заагт ороогүй боловч тухайн газар нутгийн байршил нь Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар байх тул тухайн газарт түрүүлж хүсэлт өгч газар ашиглах эрх авсан иргэн, хуулийн этгээдүүдийн эрхийг хангаж газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 128/ШШ2026/0480 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан шийдвэрлэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалын "Янгарконстракшн” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.11 дэх хэсэгт заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Маргаан бүхий захиргааны актууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан тухай:

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 болон 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн хуульд заасан журмын дагуу гарсан. Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд, хотын суурьшлын бүс, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу "А" ХХК-д газар эзэмших эрхийг олгосон бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй. Үүний нэгэн адил Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/110 дугаар тушаал нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийг үндэслэн, хүчин төгөлдөр захирамж болон хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу гарсан хууль ёсны акт юм. Анхдагч захиргааны акт хууль ёсны байхад түүнийг залгамжлан гарсан эрх шилжүүлэлтийн актыг буруутгах үндэслэлгүй.

4.2 Захиргааны байгууллагын хууль бус "эс үйлдэхүй" тогтоогдоогүй тухай:

Нэхэмжлэгч тал Нийслэлийн Засаг даргыг өөрт нь газар эзэмших эрх олгоогүйг "эс үйлдэхүй" хэмээн тайлбарлаж, шүүх үүнийг дэмжсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар "эс үйлдэхүй" гэдэг нь иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуулийн хугацаанд биелүүлээгүй байхыг ойлгодог. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч "Я" ХХК нь тухайн газрыг эзэмших тухай хүсэлт, өргөдлөө Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу Нийслэлийн Засаг даргад хууль ёсоор гаргаж илэрхийлээгүй үйл баримт тогтоогдсон. Өргөдөл гаргаагүй байхад шийдвэрлээгүй гэж буруутгах боломжгүй тул захиргааны байгууллагын зөрчил бүхий эс үйлдэхүй байхгүй байна.

4.3 Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсон, үүргээ биелүүлээгүй тухай:

Нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийн үндэслэл болсон 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2011124 дүгээр гэрчилгээний хугацаа нэгэнт дуусгавар болсон. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших, ашиглах эрх нь зөвхөн эрх бүхий этгээдэд хуулийн дагуу гаргасан хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн захиргааны актын үндсэн дээр үүсдэг харилцаа бөгөөд хугацаа дууссанаар эрх зүйн үр дагавар арилдаг. Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн газрыг 13-14 жилийн хугацаанд зориулалтын дагуу бодитоор ашиглаагүй, эдийн засгийн эргэлтэд оруулаагүй байж үүргээ бүрэн биелүүлсэн мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийн суурь зарчимд нийцэхгүй.

4.4 Нийтийн ашиг сонирхол болон гуравдагч этгээдийн эрхийг хөндсөн тухай:

 "А" ХХК болон "Х групп" ХХК-иуд нь Нийслэлийн Засаг даргын хууль ёсны шийдвэрт итгэж, тухайн газарт хөрөнгө оруулалт хийж, барилгажилтын болон орон сууцны төслийн ажлуудыг эхлүүлсэн. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан хариу тайлбар, татгалзлын үндэслэлүүдийг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй бөгөөд төрөөс олгосон эрхийн дагуу үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдүүдийн хууль ёсны ашиг сонирхол, эдийн засгийн бодит хохирлыг анхаарч үзсэнгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч "Я" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

          2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Агын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

          3. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай А/634 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

          3.1. Нэхэмжлэгч “Я” ХХК-ийн газар ашиглах эрх нь түүний хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас бус, харин захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хүчингүй болсон нь тогтоогдож байна.

          3.2. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг нарийвчлан зураглаж эргэлтийн цэг шонгуудын солбицлыг хэмжиж тогтоогоогүйгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын мэдээллийн санд хилийн заагийг хоёр өөрөөр зураглаж үйл ажиллагаа явуулж байсан. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар хилийн заагийг нарийвчлан тогтоох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж зохих дүгнэлтийг гаргажээ.

          3.3. Нэхэмжлэгчийн тухайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А-297 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн аманд 4.0 га /40000 мкв/ газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар авсан, өөрөөр хэлбэл маргаан бүхий газар нь тухайн үед тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байсан.

          3.4. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, тоон мэдээллээр улсын газрын мэдээллийн санд оруулах, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгосон.

          Энэ дагуу дээр дурдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн талууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Богдхан уулын хилийн зааг алдаатай болохыг харилцан хүлээн зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Ж болон Т хилийн цэсийг бодит газар дээр эргэлтийн цэгийг бэхэлж, тэмдэгжүүлж, мэдээллийн санд оруулсан байна.

          3.5. Үүний үр дүнд нэхэмжлэгчийн ашиглаж байсан газар болон өөр бусад 59 иргэн, хуулийн этгээдийн газар нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон тусгай хамгаалалттай газрын хилийн заагт хамааралгүй, харин нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд хамаарч байгаа нь тодорхой болжээ.

          3.6. Иймээс хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч болон хавсралтад дурдсан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

          Дээрх актын хууль зүйн үндэслэл нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон үндэслэлээр газар ашиглах эрх дуусгавар болох тухай хуулийн зохицуулалт байх боловч газар ашиглагчийн зүгээс эрх нь хүчингүй болохуйц хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй, харин хариуцагч уг тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа тухайн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болсон тул хүчингүй болгосон гэдэг. Үүнээс үзвэл, хариуцагч анхнаасаа өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй газар нутагт нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгосон нь хууль бус тул уг алдаагаа засах зорилгоор маргаан бүхий тушаалыг гаргажээ.

          3.7. Нэхэмжлэгч нь газар ашиглах эрхтэй болсноос хойш хүчингүй болох хүртэл хугацаанд газрын төлбөр төлсөн, мөн газраа зориулалтын дагуу ашиглахад зориулж тодорхой хэмжээний зардал гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

          3.8. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэглэгдэнэ. Уг хуулийн тайлбар хэсэгт “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно ...” гэжээ.

          3.9. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчид өмнө нь ашиглаж байсан газрын хэмжээнд дүйцүүлэн газар ашиглах эрх олгох боломжийг судлан шийдвэрлэх, нөхөн олговор олгох, эсхүл хуульд заасан журмаар хохирлын асуудлыг шийдвэрлэх замаар дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 6 сар хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн. Гэвч тухайн тохиолдолд нэхэмжлэгчид өөр газар олгох, эсхүл мөнгөн хэлбэрээр нөхөн олговор олгох гэхээсээ илүүтэй Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасны дагуу асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

          Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын дээрх тогтоолын 4-д “Тусгай хамгаалалттай газар нутагт нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу үүрэг хүлээсэн сайд болон нийслэлийн Засаг дарга нар тухайн асуудлаар хамтран ажиллаж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг нь хуульд заасан журмын дагуу (нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөх, дуудлага худалдааны анхны үнийг төлөх зэргээр) эзэмших эрх болгон өөрчилж, газрын гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга тухайн асуудлаар ажиллаж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг нь хуульд заасан журмын дагуу (нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөх, дуудлага худалдааны анхны үнийг төлөх зэргээр) эзэмших эрх болгон өөрчилж, газрын гэрээ, гэрчилгээг нь олгох ажлыг зохион байгуулах боломжтой.

          Нэгэнт өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар тушаал гаргасан нь тогтоогдсон тул сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан тушаалаа хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзэв.

          3.10. Тухайн захиргааны актыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлснээр маргаж буй газрын хувьд Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд ямарваа нэгэн тушаал, захиргааны акт гаргах бодит боломжгүй байгааг харгалзан үзэв.

          3.11. Маргаж буй энэ тохиолдолд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэх нөхцөл байдал байхгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх нөхцөл тогтоогдохгүй байна.

          Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

          4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/922 дугаартай захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсэг нь  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх” гэж заасныг, мөн хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

          4.1 Нийслэлийн Засаг дарга  тухайн байршилд “А” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар “Я” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-297 дугаар тушаал хүчин төгөлдөр байжээ. Өөрөөр хэлбэл тухайн тушаал хуулийн хүчин төгөлдөр, нэхэмжлэгч тухайн газраа ашиглах эрхтэй, түүнийг цуцалсан, хүчингүй болгосон, эрхийг дуусгавар болгосон ямар нэгэн эрхийн акт гараагүй байна.

          Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Янгкарконсалтинг” ХХК-ийн хооронд 2023 оны 05 сарын 18-ны өдөр байгуулсан “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ” №0119 хүчин төгөлдөр байжээ.

          4.2. Нөгөө талаар Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д зааснаар ...  нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, -нд ...нийцүүлэн газар эзэмшүүлэхээр шийдвэрлэх учиртай. Тухайн газрын хилийн цэс өөрчлөгдсөн энэ тохиолдолд тухайн байршилд аливаа этгээдэд газар эзэмшүүлэхдээ  ... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дараа  эзэмшүүлэх ёстой гэж үзэв.

          Учир нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-д Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг баталсан ба уг тогтоол хүчин төгөлдөр, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэс, заагт өөрчлөлт ороогүй, Богдхан уулын дархан цаазат газрын Ж болон Т Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгож байсан үед буюу 2022 онд  Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө /Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т ...  заасан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө/ батлахдаа нэхэмжлэгчийн байршилд Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байх боломжгүй.

          4.3. Тодотголын дагуу газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор дуудлага худалдааны зарчмаар “А” ХХК-д шинээр газар эзэмшүүлсэн гэх баримт байхгүй.

          4.4. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4-д “Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах” ... гэж заасан байна.

          Дээрх тогтоолын 4-д ...гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах гэж зааснаас үзэхэд, одоо ашиглаж байгаа этгээдэд маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлж, ашиглуулах агуулгаар чиглэл болгосон байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №1/2054 тоот албан бичигт “...Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироолгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэж хамтран ажиллахыг хүсье” гэжээ.

          Дээрх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоол болон Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №1/2054 тоот албан бичиг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай А/634 дүгээр тушаалын үндэслэл болсон.

          4.5. Нэмж дурдахад “А” ХХК-ийн тухайд хэрэгт газрын хувийн хэрэг, холбогдох баримт авагджээ. Дээрх баримтаас үзэхэд газар эзэмших хүсэлт гэх баримт нь он, сар, өдөргүй, хэзээ гаргасан нь тодорхойгүй байна. Түүнчлэн “А” ХХК  2023 оны 05 сарын 30-ны өдөр байгуулагдмагцаа 7000 мкв газрыг 78 хоногийн дотор эзэмших эрхтэй болжээ. Өөрөөр хэлбэл тухайн байршилд газар суларна гэдгийг хэрхэн мэдсэн нь, хэзээ өргөдлөө гаргасан нь тодорхойгүй байна.

          4.6.  Хэрэгт авагдсан газрын хувийн хэрэг дэх компанийн 000273287 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд хуулийн этгээдийн нэр, хариуцлагын хэлбэрийг “А”  Хязгаарлагдмал хариуцлагатай компани,  регистр 8368848  гэжээ. Гэтэл компанийн дүрмийн  1.1 дэх хэсэгт Компанийн оноосон нэр (монголоор) а/Бүрэн нэр: “Б” ХХК гэжээ. Ийнхүү зөрүүтэй байгааг хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба тодруулаагүй байгааг дурдах нь зүйтэй.

          5. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны А/110 тушаалын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

          5.1 Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/922 дугаар захирамжийн А ХХК-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт 7000 м.кв газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул уг нэхэмжлэлийн шаардлагатай шууд уялдаа холбоотой Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/110 дугаар тушаалын холбогдох хэсгийг мөн шүүх хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Учир нь Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг захиргааны байгууллагууд хоорондоо эрх хэмжээгээ шилжүүлэхдээ алдаатай үйлдэл гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, захиргааны байгууллагуудын алдаатай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

          5.2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна“ гэж заасан ба уг зохицуулалт нь цаг хугацааны хувьд эхэнд түрүүлж газар эзэмших, ашиглах эрх үүссэн, цаг хугацааны хувьд түрүүлж газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй гэсэн агуулгыг илэрхийлнэ.

          6. Нэхэмжлэгчийн газар эзэмшүүлэх эрхийг нь олгоогүй, үргэлжлүүлэн эзэмшүүлээгүй  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үргэлжлүүлэн эзэмшүүлэх-ийг даалгаж шийдвэрлэлээ.

          6.1. “Я” ХХК тухайн газрыг 2011 оноос хойш  хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашиглаж байсан тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх байдлыг тооцож үзээгүй нь буруу байна. Нэхэмжлэгчийг  анх удаа, шинээр газар эзэмшихийг хүссэн этгээдтэй адилтгах боломжгүй.

          Энэхүү газар нь Газрын тухай хуульд заасан шинээр иргэн, хуулийн этгээдүүдэд эзэмшүүлж байгаа газар биш юм.

          6.2. Нэхэмжлэгч нь нэгэнт 2011 оноос хойш газар ашиглаж байсан тул Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоолын 4 дүгээрт “... Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах  ажлыг зохион байгуулах ...” гэж заасны дагуу  өмнө нь газар ашиглаж байсан этгээдийн тухайд газрыг нь үргэлжлүүлэн эзэмшүүлэх нь хуульд нийцнэ.

          6.3. Нөгөө талаар Газрын тухай хуулийн  Төрөөс газрын талаар баримтлах зарчим гэсэн 4 дүгээр зүйлийн  4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:” гээд 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэж заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч газраа үргэлжлүүлэн хуульд нийцүүлэн эзэмших нь шударга ёс тэгш байдлыг хангах зарчимтай нийцнэ.

          6.4 Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” хадгалагдах ёстой. Нэхэмжлэгчид эрх бүхий этгээд нь тухайн цаг үедээ хуульд нийцүүлэн тушаалаа гаргаад, газар ашиглуулаад, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоод, нөгөө талаас нэхэмжлэгч газрын төлбөрөө төлж байжээ.

            6.5. Богдхан уулын хилийн цэс тодруулахтай холбоотойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд газар ашиглах эрхийг хүчингүй болгосонд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

          7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Агын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          8. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.11 гэсэн хуульд байхгүй заалт баримталсан байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0480 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг баримтлан “Нэхэмжлэгч “Я” ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн "Газар эзэмших эрх олгох тухай” А/922 дугаартай захирамжийн “А" ХХК-д 7000 м.кв газар олгосон хэсэг болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/110 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын “Х групп” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын “Я” ХХК-ийн 2011 оноос хойш ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Т байрлах 33815 м.кв газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх эрх олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид тухайн газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэж,

2. 2,3,4 дэх заалтуудыг нэгтгэн дугаарыг 2 гэж дугаарлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/634 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Агын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                            Г.БИЛГҮҮН

 

                               ШҮҮГЧ                                            Ц.ОДМАА

 

                               ШҮҮГЧ                                             Э.ЗОРИГТБААТАР