| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2024/0017/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/58 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 26.1.2., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/58
2024 01 10 2024/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч К.Чимгээ,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн журамлан, тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хн овогт Бын Гт холбогдох эрүүгийн 2306 01561 3833 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
............................................................................................................
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” гэх нэртэй зочид буудлын 5 тоотод иргэн Н.Бтэй бэлгийн харьцаанд орсны дараа, Н.Бийг унтаж байхад нь түүний эзэмшлийн Айфоне 13 загварын гар утсыг хууль бусаар, нууцаар, улмаар үргэлжилсэн үйлдлээр Н.Бийн Хаан банкны ........... дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр 450.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны ........... дугаарын данс руу шилжүүлэн авсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Айфоне 13 загварын гар утсан дээр суулгасан байсан “Нөмөр” гэх нэртэй зээлийн апплейкшнаас нь 100.000 төгрөгийн зээлж, өөрийн Худалдаа хөгжлийн банкны ........... дугаарын данс руу шилжүүлэн авч, нийт 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Б.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээ хэрэгжүүлэхдээ 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Н.Бийн Хаан банкинд эзэмшдэг ........... дугаарын дансны интернет банкинд хууль бусаар халдаж, нэвтрэх нэр, гүйлгээний нууц үгийг өөрчилж, ашигласан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г өгсөн мэдүүлэгтээ: “...Би 01 дүгээр сарын 01-ны өдөр гэр бүл санхүүгийн асуудалтай байсан тул зар хайж байгаад 25 настай, цэвэрлэгээний ажил байна гэж надад Б санал тавьсан. Тэр хүн хүчээр надтай бэлгийн харьцаанд орсон учир уурандаа тийм үйлдэл хийсэн. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Маргах зүйл байхгүй.” гэв.
Нэг. Нотлох баримтын талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бийн өгсөн: “... ....... зочид буудлын 5 тоотод байж байтал фейсбүүкээр өөрийгөө Цэцгээ гэж танилцуулсан хүүхэн орж ирээд бид хоёр унтсан юмаа. Тэгээд нэг сэртэл миний Айфоне 13 загварын гар утсыг аваад гаднах гэрийг нь үлдээгээд яваад өгсөн байсан. Би тэр хүүхний дансанд 100.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр хүүхний бүтэн нэрийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...чатаар холбогдож уулзсан. Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, Намар зочид буудлын хажууд байрлах буюу ертөнцийн зүгээр баруун талд байрлах дан буудалд би 202 байхаа тоот өрөөнд уулзсан би тухайн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд нэг удаа ороод унтаад өгсөн байсан. Тэгээд би сэрсэн чинь миний гар утас ч байхгүй, нөгөө эмэгтэй байхгүй байсан. 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би Баянзүрх дүүргийн ....................................... байрлах Хаан банкны АТМ орж дансаа шалгатал дансанд байх 582,793 төгрөг байснаас 250,000 төгрөг 200,000 төгрөгөөр тус тус хоёр удаагийн гүйлгээгээр Худалдаа хөгжлийн банкны ........... тоот данс руу зарлага гарсан байхаар нь шууд өөрийн үлдэгдэл мөнгө болох 130,000 төгрөгөө АТМ-р гаргуулж авсан. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу маргааш нь миний нэр дээр Нөмөр гэх зээлийн апп-наас 100,000 төгрөгийн зээл аваад Худалдаа хөгжлийн банкны ........... тоот данс руу шилжүүлсэн байсан. Миний данснаас нийт 550,000 төгрөгийн зарлага гарсан байна. Би тухайн Нөмөр зээлийн аппын 100,000 төгрөг зээл төлөх хугацаа нь хэтрээд би өөрөөсөө хүүтэй нь хамт 136,642 төгрөгийг төлж зээлийг хаасан. 2022 оны 04 дүгээр сард Айфоне 13 загварын гар утсыг 3.400.000 төгрөгөөр авч байсан. Миний гар утас ямар нэгэн кодгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхнанзадын өгсөн: “...би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр фейсбүүк зараас кодоо мартсан Ай фоне 13 гар утас зарна гэсэн пост байхаар нь холбогдсон 20 гаруй насны эмэгтэй хүнээс Ай фоне 13 загварын цэнхэр, ногоон өнгийн гар утсыг би өөрийнхөө утасны дэлгэцийг хагалчихсан байсан учраас худалдаж авахаар болоод тухайн эмэгтэйгээс 230.000 төгрөгөөр худалдаж авсан. ...тухайн гар утасны дэлгэцийг нь өөрийнхөө гар утсанд тавиулаад үлдэгдэл эд ангийг нь дэлгэц солиулсан газартаа зөрүүнд нь 70.000 төгрөгөөр өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн БЗД2-23-328 дугаартай, "алдагдсан Айфоне 13 загварын гар утсыг 2.050.000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
Н.Бийн эзэмшлийн Хаан банкны ........... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/10403 дугаартай "Б.Г /РД:................../ нь ........... дансыг эзэмшдэг бөгөөд дансны хуулгыг хавсралтаар хүргүүлж байна" гэх албан бичиг /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” гэх нэртэй зочид буудлын 5 тоотод иргэн Н.Бтэй бэлгийн харьцаанд орсны дараа, Н.Бийг унтаж байхад нь түүний эзэмшлийн Айфоне 13 загварын гар утсыг хууль бусаар, нууцаар, улмаар үргэлжилсэн үйлдлээр Н.Бийн Хаан банкны ........... дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр 450.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны ........... дугаарын данс руу шилжүүлэн авсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Айфоне 13 загварын гар утсан дээр суулгасан байсан “Нөмөр” гэх нэртэй зээлийн апплейкшнаас нь 100.000 төгрөгийн зээлж, өөрийн Худалдаа хөгжлийн банкны ........... дугаарын данс руу шилжүүлэн авч, нийт 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Б.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээ хэрэгжүүлэхдээ 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Н.Бийн Хаан банкинд эзэмшдэг ........... дугаарын дансны интернет банкинд хууль бусаар халдаж, нэвтрэх нэр, гүйлгээний нууц үгийг өөрчилж, ашигласан болох нь
1. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бийн өгсөн: “... ....... зочид буудлын 5 тоотод байж байтал фейсбүүкээр өөрийгөө Цэцгээ гэж танилцуулсан хүүхэн орж ирээд бид хоёр унтсан юмаа. Тэгээд нэг сэртэл миний Айфоне 13 загварын гар утсыг аваад гаднах гэрийг нь үлдээгээд яваад өгсөн байсан. Би тэр хүүхний дансанд 100.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр хүүхний бүтэн нэрийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...чатаар холбогдож уулзсан. Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, Намар зочид буудлын хажууд байрлах буюу ертөнцийн зүгээр баруун талд байрлах дан буудалд би 202 байхаа тоот өрөөнд уулзсан би тухайн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд нэг удаа ороод унтаад өгсөн байсан. Тэгээд би сэрсэн чинь миний гар утас ч байхгүй, нөгөө эмэгтэй байхгүй байсан. 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би Баянзүрх дүүргийн .....................Сансарын танд байрлах Хаан банкны АТМ орж дансаа шалгатал дансанд байх 582,793 төгрөг байснаас 250,000 төгрөг 200,000 төгрөгөөр тус тус хоёр удаагийн гүйлгээгээр Худалдаа хөгжлийн банкны ........... тоот данс руу зарлага гарсан байхаар нь шууд өөрийн үлдэгдэл мөнгө болох 130,000 төгрөгөө АТМ-р гаргуулж авсан. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу маргааш нь миний нэр дээр Нөмөр гэх зээлийн апп-наас 100,000 төгрөгийн зээл аваад Худалдаа хөгжлийн банкны ........... тоот данс руу шилжүүлсэн байсан. Миний данснаас нийт 550,000 төгрөгийн зарлага гарсан байна. Би тухайн Нөмөр зээлийн аппын 100,000 төгрөг зээл төлөх хугацаа нь хэтрээд би өөрөөсөө хүүтэй нь хамт 136,642 төгрөгийг төлж зээлийг хаасан. 2022 оны 04 дүгээр сард Айфоне 13 загварын гар утсыг 3.400.000 төгрөгөөр авч байсан. Миний гар утас ямар нэгэн кодгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
4. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Гийн сэжигтнээр өгсөн: “...Тэгээд би уйлаад сууж байхад тэр ах гуч гаран минутын дараа унтаад өгөхөөр нь би айфоне 13 маркийн гар утас байхаар нь гар утасных нь гэрийг үлдээгээд гар утсыг нь авч яваад гар утсыг нь үзтэл кодгүй байхаар нь интернэт банк руу ороод кодыг нэвтрэх код болон гүйлгээ хийх кодыг нь солиод дансанд байсан мөнгөнөөс нь би өөрийн Худалдаа хөгжлийн банкны 4042433590 тоот данс руугаа эхлээд 200.000 төгрөгөөр дараа нь 250.000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан. Тэгээд би маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 10 цаг өнгөрч байхад тухайн гар утсанд байсан Нөмөр гэх зээлийн апп байхаар нь ортол нэвтрэх нэр, нууц үгээ хадгалсан байхаар нь орсон чинь 100.000 төгрөгийн зээлийн эрх үүссэн байхаар нь би тухайн 100.000 төгрөгийг тухайн хүний Хаан банкны дансанд аваад дараа нь данснаас нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны ........... тоот данс руугаа 100.000 төгрөгийг нь шилжүүлж авсан. Тэгээд би 14 цагийн үед фейсбүүкээр лооктойг гар утас авна гэх зарын дагуу фейсбүүк чаатаар холбогдоод 11-р хорооллын автобусны буудал дээр нэг залууд бэлэн 230.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би тухайн мөнгөөр түрээсэлж байсан байрны сарын түрээсээ төлж зарцуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
5. Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн БЗД2-23-328 дугаартай, "алдагдсан Айфоне 13 загварын гар утсыг 2.050.000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
6. Бийн эзэмшлийн Хаан банкны ........... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
7. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
8. Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/10403 дугаартай "Б.Г /РД:................../ нь ........... дансыг эзэмшдэг бөгөөд дансны хуулгыг хавсралтаар хүргүүлж байна" гэх албан бичиг /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
9. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас/,
10. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар өгсөн: “... Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр надад гаргаж өгөх нотлох баримт байхгүй байна. Тухайн үедээ гэр бүлийнхнээсээ санаа зовоод хэн нэгэнд хэлж чадаагүй. Бас урьд нь ийм асуудалд орж байгаагүй учраас яахаа мэдээгүй. Тэр үед миний амьдарч байсан байрны түрээс 800.000 төгрөгийг би төлөх шаардлагатай болчихсон байсан. Би гар утсыг нь 230.000 төгрөгийг бэлнээр, данснаас нь 450.000 төгрөг, аплейкшнээс 100.000 төгрөгийг нийт 780.000 төгрөг авсан. Үүнээс дансаар авсан 550.000 төгрөгийг байрны түрээсэнд өгсөн. Бэлнээр байсан 230.000 төгрөгийг байрны эзэнд бэлнээр өгсөн. Учирсан хохирлыг нөхөн барагдуулна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/,
11. Шүүгдэгч Б.Гээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн гэх Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт,
12. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31, 60 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Гийн байнга оршин суух хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм. Мөн шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
1.3 Талуудын санал, дүгнэлт
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “...Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ Бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “ Кибер орчинд халдах” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь 2.6000.000 төгрөгийн хохирлоос 1.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн буюу баримтаар төлөх 1.600.000 төгрөгийн хохиролтой байна.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч маргаж, мэтгэлцээгүй болно.
1.4 Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт
“Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” гэх нэртэй зочид буудлын 5 тоотод иргэн Н.Бтэй бэлгийн харьцаанд орсны дараа, Н.Бийг унтаж байхад нь түүний эзэмшлийн Айфоне 13 загварын гар утсыг хууль бусаар, нууцаар, улмаар үргэлжилсэн үйлдлээр Н.Бийн Хаан банкны ........... дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр 450.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны ........... дугаарын данс руу шилжүүлэн авсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Айфоне 13 загварын гар утсан дээр суулгасан байсан “Нөмөр” гэх нэртэй зээлийн апплейкшнаас нь 100.000 төгрөгийн зээлж, өөрийн Худалдаа хөгжлийн банкны ........... дугаарын данс руу шилжүүлэн авч, нийт 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Б.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээ хэрэгжүүлэхдээ 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Н.Бийн Хаан банкинд эзэмшдэг ........... дугаарын дансны интернет банкинд хууль бусаар халдаж, нэвтрэх нэр, гүйлгээний нууц үгийг өөрчилж, ашигласан” тус тус үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд тогтоолоо.
Үүнд:
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Гийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Г нь хохирогчийн Н.Бийг унтаж байх хооронд түүний эзэмшлийн айфоне 13 маркийн гар утсыг хулгайлан авч, улмаар үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн гар утсанд татагдсан байсан интернэт банк руу хууль бусаар буюу түүний зөвшөөрөлгүй халдаж, нэвтрэх код болон гүйлгээ хийх кодыг нь солиод дансанд байсан мөнгөнөөс авч, үүгээр зогсохгүй тухайн гар утсанд байсан Нөмөр гэх зээлийн апплейкшн руу хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгон 100.000 төгрөгийн зээл авч өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.5 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Г нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.6 Хууль, эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн журамлан, тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заажээ.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.
Шүүгдэгч Б.Гийн үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогч Н.Бийн “I phone 13” загварын гар утсыг өөртөө авах зорилгоор санаатайгаар хариу төлбөргүйгээр, нууц аргаар буюу өөрт нь мэдэгдэлгүй шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд хувь хүн, аж ахуй нэгж болон Улсын мэдээллийн сүлжээний аюулгүй байдал нь уг гэмт хэргийн объект байна.
Уг гэмт хэрэг нь бодит хохирол үл шаардах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд гэмт этгээд нь санаатайгаар цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын сүлжээнд халдсан аливаа идэвхитэй үйлдлээр уг гэмт хэрэг үйлдэгддэг онцлогтой.
Иймд Б.Гийн үйлдсэн хэргүүдийн нөхцөл байдал нь Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу бусдын эд хөрөнгийг “хулгайлах” гэмт хэргийн шинжийг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” буюу “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Гийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, “Кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” тус тус гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
1.7 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Г нь энэ гэмт хэргийг үйлдэж хохирогч Н.Бд 2.600.000 төгрөгийн хохирол /хавтаст хэргийн 25-26, 39/ учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан зүйлгүй боловч шүүхийн шатанд гаргаж өгсөн баримтаар 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн байх тул шүүгдэгч Б.Гээс 1.600.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Бд олгуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, хязгаарлах бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна..” гэжээ.
2.2 Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн санал гомдол зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Гийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шүүгдэгч Б.Гт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхгийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бын Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн,
мөн Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Гт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Гт мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гээс 1.600.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Бд олгуулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
8. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.АЛДАР