Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 01787

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Ш.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Т-д холбогдох,

160.000 евро, 83 сая төгрөгийг хууран мэхэлж шилжүүлж авсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 562.452.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О, хариуцагч Б.Т, түүний өмгөөлөгч М.Аг, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн даргаар Б.Дэлгэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБ.Т нь 2009 оны 01 дүгээр сарын 29, 2012 оны 03 дугаар сарын 20, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд надад Найман шаргын хажууд барилга барих бизнесийг хамтарч хийе, хөрөнгө оруулаач гэхэд нь би түүнд итгэж, хэлцэл хийсэн. Дээрх хэлцлийн дагуу би Б.Тийн дансанд 160000 евро буюу 83000000 төгрөгийг 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн данснаас 160000 евро, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20000000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 63000'000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэвч Б.Т нь надаас эхлээд авсан мөнгөө надад хэлсэн зорилгынхоо дагуу ашиглаагүй буюу барилга бариагүй тул би түүнээс мөнгөө авахыг шаардахад тэрээр "би танай охин С.Х-тэй сууж байгаа, бид удахгуй нэг гэр бүл болно, барилгын бизнес хугацаа шаарддаг, амар биш ажил, харин та нэмж хөрөнгө оруулаач, нэг л эхэлчихвэл асуудалгүй, түрээсийн орлогоороо л хөрөнгө оруулалтаа нөхөөд өөрийн гэсэн үл хөдлөхтэй болох унац ихтэй бизнес гэх мэтээр намайг ятгахад нь би мөн л итгэн, төөрөгдөж, түүнд дээр дурдсан байдлаар 83000000 төгрөгийг нэмж өгсөн. Б.Т дээрх замаар надаас мөнгө авсан боловч барилгын зураг хийлгэж байна, батлуулах гэж байна, мэргэжлийн хяналтаас зөвшөөрөл хүлээж байна" гэх мэтээр надаар хөрөнгө оруулуулсан гэх барилгын ажлаа эхлүүлэхгүй байсаар байсан ба энэ хугацаанд миний охин С.Хтай гэр бүл болох зорилгогүйгээр, Унгар улсад удаан хугацаагаар оршин суух эрхтэй болохын тулд хүчин төгөлдөр бусаар гэрлэлт бүртгүүлж улмаар 2015 оны 5 дугаар сард мөн шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулсан ба энэ нь түүний хууран мэхлэх, намайг төөрөгдүүлэх үйлдлийнх нь нэг хэсэг байсан. Би Б.Т дээр дурдсанчлан, дээрх бүх хугацаанд барилга барих ажлаа өнөө маргаашгүй эхлэх гэж байгаа мэт итгэлийг төрүүлж байсан ба 2016 оноос барилгын ажилтай холбоотой зөвшөөрлийг авч чадахгүй болсон тул барилга барихааргүй болсон гэх болсон ба төрийн холбогдох байгууллагаас лавлахад Балдрашийн Т гэх хүн барилга барихтай холбоотой асуудлаар төрийн зохих байгууллага, Барилгын хөгжлийн төв, Барилгын яам Газрын алба гэх мэт байгууллагад хандаж байгаагүй гэсэн. Би Б.Тоос мөнгөө шаардахад тэрээр өгнө гэдэг байснаа 2016 оны намраас хойш надаас зугтаж, миний мөнгийг өгөхгүй алга болсон тул Цагдаагийн байгууллагад хандахад хэргийг шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хаасан болно. Б.Т нь дээр дурдсанчлан надаас мөнгө авах хэлцэл хийх зорилгоор намайг хууран мэхэлж, би ноцтой төөрөгдөн мэхлэгдэж, дээр дурдсан хугацаанд түүнд нийт 160.000 евро, 83.000.000 төгрөг өгсөн юм. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар миний Б.Тид мэхлэгдэн түүнд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн данснаас 160000 евро, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 63.000.000 төгрөг өгсөн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргаснаасаа татгалзаж байна. Харин Б.Т нь хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр надаас дээр дурдсан хугацаанд 160.000 евро /479.452.800 төгрөг/, 83.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул Б.Тоос 562.452.800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Т миний бие нэхэмжлэгч Ш.Дгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн данснаас 160.000 евро, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 63.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн, энэ мөнгө нь миний өөрийн бизнесийн орлого бөгөөд Унгар улсад хамтарч бизнес хийж байсан С.Х нь ээжийнхээ дансаар дамжуулж шилжүүлсэн гүйлгээ юм. Би 1996 онд Унгар улсад очиж зах дээр наймаа хийдэг байсан бөгөөд 1997 онд нэхэмжлэгч Ш.Дгийн охин С.Хтай танилцсан. Бид 2 өөрсдийн мөнгөө нийлүүлж зах дээр наймаа хийж ихээхэн ашигтай ажилладаг байсан. Би Монголд байгаа ээжийнхээ болон эгч нарын нэр дээр мөн өөрийн нэр дээр данс нээлгэж мөнгөө нааш нь явуулж хадгалуулдаг байсан. Унгар улсаас би түрүүлж ирэхдээ Хд над руу шилжүүлээрэй гэж орхисон мөнгийг тэрээр ээжийнхээ дансаар дамжуулж шилжүүлсэн байх. Би тухайн үед хэний дансаар дамжиж шилжиж, хэн нь над руу шилжүүлж байсныг анзаараагүй. Х бид хоёр 1997 оноос гэр бүл болж хамт амьдарч гэрлэлтээ бүртгүүлсэн байсан ба, 2015 онд гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл олон жилийн дараа уг гүйлгээний баримтуудаа ашиглаад надаас мөнгө нэхэж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ш.Дтэй миний бие тэр үед барилгын ажил хийх талаар ямар нэгэн хэлцэл, гэрээ хийж байгаагүй, тухайн үед энэ хүн тэтгэврийн өндөр настай хүн байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Дгийн гаргасан хариуцагч Б.Тид холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Б.Тид хуурч мэхлэгдэн түүнд 160.000 евро, 83.000.000 төгрөг шилжүүлсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 562.452.800 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас хариуцагч Б.Тид хуурч мэхлэгдэн түүнд 160.000 евро, 83.000.000 төгрөг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаасаа татгалзсан болно.

Хариуцагч Б.Т нь өөрийн дансанд орсон дээрх 160.000 евро, 83.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Дгийн охин С.Хтай Унгар улсад хамт ажиллаж амьдарч байх үедээ олсон бизнесийн орлогын мөнгө гэж тайлбарлаж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ш.Д нь:

- 2009 оны 01 дүгээр сарын 29-нд 160.000 еврог Голомт банкны 102954270 дугаартай еврогийн данснаас хариуцагч Б.Тийн Голомт банкны 1103019884 дугаартай дансанд,

-2012 оны 03 дугаар сарын 20-нд 20.000.000 төгрөгийг Голомт банкны 1102951348 дугаартай төгрөгийн данснаас хариуцагч Б.Тийн Голомт банкны 1105028126 дугаартай дансанд,

-2012 оны 05 дугаар сарын 03-нд 63.000.000 төгрөгийг Голомт банкны 1102951348 дугаартай төгрөгийн данснаас хариуцагч Б.Тийн Голомт банкны 1105028126 дугаартай дансанд тус тус шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, мөнгөн гүйлгээний төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан евро болон төгрөгүүдийг хариуцагч Б.Т нэхэмжлэгч Ш.Дгээс шилжүүлэн авсан тухайд маргахгүй байх ба, харин уг мөнгөнүүдийг Унгар улсад нэхэмжлэгчийн охин С.Х гэгчтэй 1996 оноос эхлэн хамтран амьдарч, ажиллаж байх үедээ олсон бизнесийн орлогын мөнгийг нэхэмжлэгчийн дансаар дамжуулан миний дансанд шилжүүлсэн байна, тухайн үед би хэний данснаас мөнгө орж байгааг мэдээгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б.Т нь С.Х гэгчтэй Унгар улсад байхдаа зах дээр арилжаа наймаа эрхэлж ихээхэн ашигтай ажиллаж байгаад, Монгол улсад 2012 онд С.Хгаас түрүүлж ирээд Найман шарга дээр валютын ченжийн ажил эрхэлдэг байсан гэх ба, Унгар улсаас ирэхдээ С.Хд өөрийн мөнгийг үлдээж ирснийг С.Х над руу/миний дансанд/ шилжүүлэхдээ ээжийнхээ дансаар дамжуулдаг байсан байна. Үүнийг цагдаа шүүхээр явснаас хойш л мэдлээ гэх боловч Унгар улсаас ирэхдээ С.Х гэдэг хүнд хичнээн хэмжээний евро болон төгрөгийг үлдээсэн болох, мөн уг мөнгийг нэхэмжлэгч Ш.Дгээр дамжуулан шилжүүлэн авсан талаар хариуцагч тал татгалзлалаа нотлох баримтгүй байна.

Талуудын хооронд бичгээр хийсэн гэрээ хэлцэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагч Б.Тийг найман шарга захын хажууд барилга барих ажлыг хамтарч хийе, хөрөнгө оруулаач гэхэд нь итгэж дээрх мөнгийг 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр шилжүүлсэн боловч ямар ч барилга байшин бариагүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгслээр тайлбарласан бөгөөд уг тайлбараа дээр дурдсан мөнгө шилжүүлсэн банкны гүйлгээний 3 ширхэг баримтаар нотолсон болно.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Б.Т зөвшөөрөхгүй гэх боловч татгалзллаа үндэслэх үгүйсгэх, няцаах нотлох баримтгүй байх бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр оролцсон гэрч Б.Баянжаргалын мэдүүлгээр нотлогдоогүй тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзэж нэхэмжлэгч Ш.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Б.Тид шилжүүлсэн дээрх мөнгөө 2015 оноос эхлэн шаардаж байсан боловч өгөхгүй байсан тул 2019 оноос цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан гэж тайлбарласан нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019.06.18-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 000 тоот прокурорын тогтоол, 2019.07.10-ны өдрийн Прокурорын гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай 08 тоот тогтоолуудаар тогтоогдлоо.

Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5-ын 2, 6, 9-д зааснаар иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд нэхэмжлэгч Ш.Д нь 2012.05.03-нд хамгийн сүүлийн мөнгөө шилжүүлсэн үеэс хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох 10 жилийн дотор нэхэмжлэлээ гаргасан байна гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч тал 160.000 еврогийн ханшийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон байх ба, нэхэмжлэл гаргах үед еврогийн ханш өссөн байх бөгөөд төлбөр гүйцэтгэх хугацааг талууд тохиролцоогүй тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг үндэслэн мөнгийг шилжүүлсэн үеийн еврогийн ханшаар тооцох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ш.Дгээс 160.000 еврог шилжүүлсэн 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1824.77 цент байсан болох нь нийтэд илэрхий үйл баримт болох mongolbank.mn сайтад байгаа Монгол банкны ханшаар тогтоогдож байх тул 291.963.200 төгрөг дээр 2012 онд шилжүүлсэн 83.000.000 төгрөгийг нэмж, нийт 374.963.200 төгрөгийг хариуцагч Б.Тоос гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 187.489.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Тоос 374.963.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 187.489.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Тид холбогдох хууран мэхэлж 160.000 евро, 83 сая төгрөгийг шилжүүлж авсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ш.Д татгалзсаныг баталсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Д улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Б.Тоос 2.032.766 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.АЛТАНЦЭЦЭГ