| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2024/0050/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/73 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/73
2024 01 15 2024/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Ч.Батбаатар
Хохирогч Х.Г*********
Шүүгдэгч Д.Э********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********* овогт *********-ийн *********-т холбогдох 2306 00694 0564 дүгээр 1 хавтас хэргийг шүүх 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 6 дугаар сарын 5-ны өдөр Төв аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “*******” ХХК-д өрмийн мастер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ********* дүүргийн 38 дугаар хороо, ********* гудамж, ********* хорооллын *** дугаар байр *** тоотод оршин суудаг, урьд
Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн хэрэг хариуцах чадвартай
********* овогт *********-ийн ********* /РД:*********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ********* нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Цагдаагийн академийн өргөн чөлөө Петровис колонкийн зүүн талын гарцын замд 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 16 цагийн орчимд Тоёото приус 20 маркийн **-** УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай зорчигч *********-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ********* мэдүүлэхдээ: “... Гэмт хэргийн улмаас надад 15 гаруй сая төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч намайг “эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийн баримтаа өг, бусад баримтаа шүүхийн шатанд гаргаж өгөөрэй. Эсхүл иргэний журмаар нэхэмжилж болдог шүү” гэж хэлж байсан. Эрүүл мэндийн үйлчилгээнд 4.700.000 төгрөг зарцуулсан баримт байсан. Үүнийгээ мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн. Шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж зүүн хөлийн хавдар буухгүй, мөн гүйцэд тэнийхгүй байгаа. Цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүйдлийн зардлаа шүүгдэгчээс нэхэмжилж байна. Баримтаар учирсан хохирол төлбөрөөс тодорхой хувийг өгснийг нь миний бие хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэж хэлж чадахгүй ээ...” гэжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 дүгээр тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/, хохирогч *********-гийн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч *********-гийн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12862 дугаар дүгнэлт /хх-ийн 23-25 дугаар тал/, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Н.Мөнх-Очирийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1139830439 дүгээр дүгнэлт /хх-ийн 33-37 дугаар тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 51-53 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Сэргэлэн, Т.Номинцэцэг, Б.Цолмон нарын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар дүгнэлт /хх-ийн 56-59 дүгээр тал/, шүүгдэгч *********-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ********* нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Цагдаагийн академийн өргөн чөлөө Петровис колонкийн зүүн талын гарцын замд 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 16 цагийн орчимд Тоёото приус 20 маркийн **-** УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай зорчигч *********-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 дүгээр тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *********-гийн өгсөн: “... Би тэр өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 16 цаг 30 минутын үед ажлаа тараад өөрийнхөө унадаг дугуйг унаад гэр рүү явж байгаад Петровис ШТС-н талын явган хүний замаар зүүнээс баруун зүгт явж байхад Петровис ШТС-н зүүн талын туслах замаас цагаан өнгийн хүргэлтийн метро шиг битүү амбаартай машин зүүн зүгт эргэх гээд дохиогоо өгөөд урагшлаад зогсож байсан би тэр машины араар нь тойроод гартал замын урдаас эсрэг урсгалаас нэг машин орж ирээд түс гээд мөргөсөн осол маш хурдан болсон би нэг мэдсэн газарт хэвтэж байсан намайг мөргөсөн машины ах намайг босгох гээд хойноос дээш нь өргөөд босгосон би босож сууж чадахгүй байсан тэгэхэд цаанаас манай ажлынхан хажуугаар явж таараад “гэмтсэн хүнийг хөдөлгөж болохгүй наад хүнээ битгий хөдөлгө” гээд цагдаа түргэн дуудсан удалгүй 103-ийн түргэн ирээд намайг насилк дээр хэвтүүлээд түргэний машинд оруулаад үзлэг хийсэн тэгээд манай ажлын 2 эмэгтэй надтай хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэгээд би гэмтэл дээр очоод ахыгаа дуудаад гэмтлийн эмнэлгийн үзлэг шинжилгээнд ороод “Med trauma” эмнэлэгт шинжилгээ өгөөд шөнө 00 цагийн орчим гэр рүүгээ харьсан. Би явган хүний замаар зүүнээс баруун зүгт явж байсан. Машин замын урд талаас гарч ирээд миний зүүн тал руу зүүн хөлийн шилбэ хэсэг рүү мөргөсөн. Намайг мөргөсөн машиныг би хараагүй, ачааны машины цаанаас урсгал сөрөөд гараад ирсэн тэр машины урд хамар хэсгээрээ мөргөсөн. Миний эмчилгээний зардал 2.800.000 төгрөг гарсан. Жолоочоос эмчилгээний төлбөрт IMR-д харуулсан 1.249.000 төгрөгийг гаргуулсан. Энэ дугуйг 2023 оны 8 дугаар сард 2.700.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авсан. Цаашид гарах эмчилгээний зардал, тухайн үед өмдний халаасанд байсан чихэвч алга болсон нүдний шил хугарсан байгаа ажилгүй байх үеийн цалин хөлсийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч **********-гийн өгсөн: “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *********-гийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 288.000 төгрөгийн зардал гарсныг жолооч *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12862 дугаар:
1. *********-гийн биед зүүн тахилзуур ясны хугарал, баруун шаант ясны эдийн няцрал, өвдөгний үений урд чагтан холбоос, тойгийн шөрмөсний суналт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зулайн зүүн хэсэг, чамархайн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, сарвуу, баруун шилбэ, шагай бүсэлхийн баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-25 дугаар тал/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1139290439 дугаар:
1. Toyota Prius маркийн 75-09 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна.
2. Урд салхины шил нэлэнхийдээ хагарч цөмөрсөн, урд капуд дунд хэсгээрээ 40х10 см орчим хонхойсон, урд буфер баруун талдаа 20 см орчим хагарч цуурсан, зүүн хойд талын оврын /подфар/-н гэрэл асахгүй, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6100cd, баруун талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 2300cd, хол дээрээ 6700 cd /стандарт 10,000-с дээш/ байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна.
3. Уг автотээврийн дээрх эвдрэл гэмтэл нь шинэ хуучны аль нь болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй байна.
4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.2кН, баруун талдаа 2.3кН, зөрүү 4% /стандарт<20%/, хойд дугуйн тоормосны систем хүч зүүн талдаа 1.5кН, баруун талдаа 1.4кН,зөрүү нь 7% /стандарт<30%/ байгаа нь тоормосны систем хэвийн ажиллаж байгааг илтгэнэ. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай.
5. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд зам орчны нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ...” гэх дүгнэлт /хх-ийн 31-36 дугаар тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ-023/8397 дугаар: “Дээр дурдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 778.000₮ /долоон зуун далан найман мянга/-н төгрөгийн үнэтэй байх боломжийг тодорхойлов..” гэх дүгнэлт /хх-ийн 51-53 дугаар тал/,
2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1314 дүгээр: “... Жолооч ********* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 55 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Сэргэлэн, Т.Номинцэцэг, Б.Цолмон нарын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар:
1. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12862 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.
2. *********-гийн биед зүүн тахилзуур ясны хугарал, баруун шаант ясны эдийн няцрал, өвдөгний үений урд чагтан холбоос, тойгны шөрмөсний суналт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зулайн зүүн хэсэг, чамархайн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, сарвуу, баруун шилбэ, шагай бүсэлхийн баруун хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой.
5. Х.Гомбосүрэнгийн биед нэмэлтээр зүүн шагай, тахилзуурын холбоосны суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-59 дүгээр тал/,
Шүүгдэгч *********-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар тал/ бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Улсын яллагч “Шүүгдэгч ********* нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Цагдаагийн академийн өргөн чөлөө Петровис колонкийн зүүн талын гарцын замд 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 16 цагийн орчимд Тоёото приус 20 маркийн **-** УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай зорчигч *********-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *********-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ********* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч иргэний нэхэмжлэгч ********* нь хохирол төлбөрт 288.000 төгрөг, хохирогч ********* нь эрүүл мэнд, эмчилгээний зардалтай холбогдуулан 5.448.000 төгрөг, унадаг дугуйны эвдрэл гэмтэлд 2.600.000 төгрөг, нүдний шилний төлбөрт 259.999 төгрөг, чихэвчний төлбөрт 570.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч ********* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч *********-ийн хохирол төлбөр болох 288.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 дугаар тоот данс руу 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн, мөн хохирогч *********-д унадаг дугуйн төлбөр 2.600.000 төгрөг, эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн. Хохирогч *********-гийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********-аас 4.277.999 төгрөгийг гаргуулж хохирогч *********-д олгохоор шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч *********-ын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан бол хохирогч, шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан *********-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97 дугаар тал/, 75-09 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 96 дугаар тал/, Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 98 дугаар тал/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 99 дүгээр тал/, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 102 дугаар тал/, “Орчлон дрилл” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 103 дугаар тал/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 104 дүгээр тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч *********-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн /4.888.000 төгрөг, ... нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч *********-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт *********-ийн *********-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********-ыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********-аас 4.277.999 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Гомбосүрэнд олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ********* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч ********* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,********* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба *********-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба *********-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС