Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2020/03394

 

 

 

 

 

 

         2020 оны өдөр

  11 сар     09  р                                                184/ШШ2020/03394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Г” ХХК /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо,  хороолол,  дугаар байр 

Хариуцагч: А овогт Ц.М /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, З хотхон, байр, тоот   

Ус дулааны төлбөр 676,776 /зургаан зуун далан зургаан мянга долоон зуун далан зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.                                                                                           

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн дугаар Залуус-1 хотхон  байр тоотод оршин суух Ц.М нь 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарыг дуустал ус дулааны төлбөрөө огт төлөлгүй манай байгууллагад нийт 676,776 төгрөгийн өр үүссэн тул хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж өгнө үү. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Голд компас” ХХК нь 2019 оны 5-6 сард  байрны халуун, хүйтэн усны босоо шугам солихдоо миний эзэмшлийн  тоотын 00-ийн өрөөний хананы плитанаас 2 ширхэг плитааг эвдэн авч босоо шугамаа сольсон. Тухайн үед шугам сольсон ажилтан манай заслын хүмүүс араас засаад явж байгаа гэж хэлсэн боловч заслын хүмүүс нь ирээгүй. Тэгээд сap өнгөрч төлбөрөө төлнө үү гэсэн бичиг ирэхээр нь тухайн компани руу орж плитагаа наалгая муухай үнэр орж ирээд байна гэж хэлэхэд за хүн явуулчихъя гэж хэлсэн боловч орж ирээгүй дахиад 1 cap өнгөрсөн боловч засаж өгөөгүй. Манай энэ хавьд цэвэрлэх байгууламжийн үнэр их гардаг 00-ийн өрөөний онгорхой нүхээр эвгүй үнэр их үнэртдэг засаж өгөөгүй хэр нь мөнгөө дахин дахин нэхсэн. Засаад өгчихвөл ус дулааны төлбөрөө төлнө гэж хэлсний дараа 00-ийн өрөөний үндсэн плитанаас өөр өнгийн плита нааж өгсөн. Яагаад ийм плита нааж байгаа юм гэж хэлэхэд манайд байгаа плита нь энэ наалгавал наалга гэсэн. Эвгүй үнэр үнэртэхгүйн тулд наалгасан. Анх ямар байсан тийм л болгохгүй бол би мөнгө төлж чадахгүй гэдгээ хэлсэн ч манай халуун хүйтэн усны тоолуурыг салгаад аваад явсан. Халуун хүйтэн усгүй болж манай гэр бүл дэлгүүрээс ус авч зөөж хэрэглэдэг болсон. Арга тасраад орон сууц ашиглалтын газарлуу орж мөнгийг чинь төлнө манай тоолуурыг тавиад өг гэхэд тэгье гэж хэлсэн бөгөөд танай тоолуурыг олохгүй байна гэж хэлээд хэдэн cap таг болсон. Усгүй амьдрах боломжгүй болсон тул би өөрөө холбох хэрэгсэл авч холбож устай болсон. Тухайн компани руу ороод үндсэн 465,570 төгрөг үүнийг төлнө тоолуур тавиад өгчих гэхээр заавал алданги авна гээд байсан. Ус дулааны мөнгө хуримтлагдах болсон шалтгаан нь "Г" ХХК нь алданги авна гэхэд нь бид зөвшөөрөхгүй байснаас ийм байдалд хүрсэн. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 465,570 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, алданги 211,206 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Ц.М-д холбогдуулан ус дулааны төлбөрт 676,776 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлээс үндсэн төлбөр болох 465,570 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги 211,206 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна.

Нэхэмжлэгч алданги тооцсон үндэслэлээ бидний хооронд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээгээр /4.17/ алдангийн талаар тохиролцсон гэж, хариуцагч нь би нэхэмжлэгч байгууллагатай ямар нэг гэрээ байгуулаагүй, тоолуур хурааж аваад буцааж тавьж өгөөгүй тул алданги төлөхгүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцохоор заажээ.

Хэрэгт авагдсан “Цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний талаар хангагч хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээ”-нд хариуцагч Ц.М гарын үсэг зураагүй байна.

Нэхэмжлэгч тал гэрээнд түүний эхнэр  Ц.Д төлөөлөн гарын үсгээ зурсан гэж тайлбарлах боловч түүнийгээ нотлоогүй, хариуцагч түүний гарын үсэг биш гэж маргасан. 

Мөн нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны  төлбөрийн нэхэмжлэх,  Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, З хотхон,  байр,  тоотын хэрэглэгч нь Т гэж бичигдсэн байна. /хх-ийн 14-29/

Нэхэмжлэгч байгууллага хариуцагчтай 2018 онд ус дулаанаар хангах гэрээ байгуулсан бол түүнээс хойш хугацааны төлбөрийн нэхэмжлэх нь хариуцагчийн нэрээр бичигдэх, бүртгэгдэх боломжтой юм.

Хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан, алдангийн талаар тохиролцсон гэж дүгнэх үндэслэлгүй байх бөгөөд харин хариуцагч хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг төлөхөөс татгалзаагүй болно.

Нэхэмжлэгч нь зохих эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэглэгчийг ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг, хэрэглэгчээс төлбөрийг хүлээн авдаг зэргээс үзэхэд талуудын хооронд Ирргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Энэхүү гэрээг заавал бичгээр хийх шаардлагагүй, харин алдангийн тухайд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт  хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхээр  зохицуулсан байдаг.

Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 465,570 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс алданги 211,206 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.3, 243 дугаар  дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.М-ээс 465,570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 211,206 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,792  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  14,617 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.БАТСҮХ