| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2024/0003/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/03 |
| Огноо | 2023-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/03
2023 12 21 2023/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000661 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн, эрэгтэй, 0 настай, бүрэн дунд боловсролтой, чулуун сийлбэрчин, өрөг угсрагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 1 ганцаараа Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Нийслэлийн шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд нь оруулан, торгох ялын арван таван нэгжийг цагдан хоригдсон нэг хоногтой дүйцүүлэн 480,000 төгрөгийн ялыг тооцож, эдлэх ялын хэмжээг гурван зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 320,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Ч овогт Ж-ы Б- /рд: хх0000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянбулаг багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Г-той маргаан үүсгэж “..намайг бөгс Т-” гэлээ гэж уурлан түүний нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд “...биед уруулд шархтай, цус хуралт, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Ж.Б- мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Хохирогч Д.Г- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цагийн орчимд Д- гэдэг найзтайгаа уулзах гээд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянбулаг багийн автобусны буудал дээр очиход зүс мэддэг Б- гэдэг залуугийн хамт байж байсан бөгөөд бид гурав харилцан юм ярьж байгаад би "бөгс Т-" гээд хэлсэн чинь намайг бөгс гэлээ гээд намайг заамдаад авахаар нь би эргүүлээд заамдсан чинь Д- дундуур орж ирээд салгахаар нь Д- бид хоёр явъя явъя гээд эргээд харсан чинь Б- миний хойноос татаж эргүүлэн харуулмагцаа шууд уруул хэсэг рүү 1 удаа гараараа хүчтэй цохиход уруулны дотор тал сэтэрч цус гаран, толгой эргэж хэсэг манаран, өөр ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй. Тэгээд би Д- Б- хоёрыг орхиод Булаг багийн 11-3 тоот хаягтай гэртээ ирээд Улаанбаатар хотод байгаа охин Х-тай фейсбүүкийн чатаар царай царайгаа хараад ярихдаа Б-од цохиулсан талаараа хэлэхэд охин Х- эгч С-дээ намайг зодуулсан гэж дамжуулан хэлэхэд охин Б.С- надтай холбогдож гэрт ирээд намайг дагуулан Бүсийн оношлогоо эмчилгээний төвд очиж эмчид үзүүлж уруулны дотор талд 3 ширхэг оёдол тавиулсан. Уг хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй. Үнэнийг хэлэхэд би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан. Энэ үйл явдал маш хурдан хугацаанд болж өнгөрсөн ба одоо бодоод байхад Б- миний уруул хэсэг рүү мөргөсөн. Үүний дараа би Б-той хэд хэдэн удаа таарсан ба Б- надаас уучлалт гуйсан. Надад Б-той холбоотой гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй одоо ингээд Улаанбаатар хот руу явах гэж байна. Миний биеийн байдал хэвийн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10, 12х/,
-Гэрч Ё.Д- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б-, Н- гэж дууддаг /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ залуу бид гурав 2023 оны 11 дүгээр 09-ний өдрийн 12 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянбулаг багийн эцсийн автобусны буудал дээр 0.75 литрийн хэмжээтэй архи хуваан уугаад сууж байсан чинь Д.Г- над руу утсаар залгаж Булаг багийн 11-3 тоот хаягтай гэрт хүрээд ир гэж дуудахаар нь хөгшин нь мөнгөгүй байна хоосон очоод яахав дараа уулзъя гэсэн чинь тэр яахав би чамд аваад өгч болно шүү дээ, зүгээр хүрээд ир гэхээр нь би за за дараа болъё гээд утсаа салгачихсан. Тэгсэн чинь Б- миний утсаар хүнтэй ярьж байсан чинь Д.Г- залгаж таарах шиг болоход Б- Д.Г-ын дуудлагыг авч хоорондоо харилцан ярилцаж байснаа юунаас болсонг нь мэдэлгүй гэнэт Б- Д.Г-ыг харааж чи хэзээ ийм байсан юм гэх зэргээр хэлж хоорондоо утсаар маргалдаад байсан, утсаар ярьж байсан болохоор Д.Г-ыг юу гэж хэлсэнг сонсоогүй. Тэгээд хэрэлдэж байгаад утсаа салгасан чинь Н-ын утас руу Д.Г- залгаж хаана байгааг нь асуухад Н- Баянбулаг багийн зээлийн эцсийн автобусны буудал дээр байна гэж хэлсэн. Тэгээд Б- Н бид гурав архиа уугаад сууж байсан чинь Д.Г- нь такситай хүрч ирээд таксинаас Ц-, Б- гэдэг залуугийн хамт бууж ирмэгцээ Д.Г- нь шууд Б-ыг чи намайг ийм байхыг хэзээ харсан юм гээд заамдаж авахад Б- Д.Г-ыг зөрүүлэн заамдаж тэр хоёр заамдалцсан байхдаа хэрэлдэж байхдаа Б- Д.Г-ыг нэг удаа мөргөж газар унагаахад амнаас цус гарсан. Тэгээд бид нар салгаж өөр ямар нэгэн зодоон гаргаагүй. Д.Г- Б-ыг зөвхөн заамдсан цохиж зодсон үйлдэл гаргаагүй. Тэгээд Д.Г- босож ирээд Ц- Б- нарын хамт яваад өгсөн. Би Ц-, Б-, Н нарыг зүс мэддэг хаана байдаг талаар болон холбоо барих утасны дугаарыг нь мэдэхгүй. Зөвхөн мөргөсөн гараараа цохисон үйлдэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/,
- Гэрч О.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тэр хоёр заамдалцаад больсны дараа Т- автобусны буудлын сандал дээр суусан харин Г- ах Т-ын хажууд зогсож байсан. Намайг Д- ахтай гар бариад эргээд харах хооронд маш хурдан Т- Г- ахын уруул руу доороос дээшээ толгойгоороо ольж мөргөсөн. Г- ах Т-од мөргүүлээд амнаас нь цус гараад байсан. Үүний дараа Г- ах, Эрдэнээ бид гурав тэр гурваас салаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х/,
- Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...миний санаж байгаагаар Г- ах Т- хоёр маргалдаж хоорондоо заамдалцаад байсан. Нээх удалгүй Г- ах руу хартал Т-, Г- ахын уруул руу толгойгоороо мөргөж байсан. Г- ах уруул руугаа мөргүүлээд гараараа амаа дараад суучихсан. Г- ах Т-од уруул руугаа мөргүүлчихээд Т-ыг зодох гэж дайраагүй, үүнээс хойш тэр хоёрын дунд зодоон болоогүй. Хэсэг хугацааны дараа тэндээс Г- ах, Ц бид гурав явж Ц- бид хоёр Г- ахыг гэрт нь хүргэж өгчихөөд явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1022 дугаартай:
1. Д.Г-ын биед уруулд шархтай, цус хуралт, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх уруулд шарх, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хедөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29х/,
-Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шалгаж өгнө үү. Тухайн үед би нэлээн халамцуу согтуу байсан энэ үед Г- намайг бөгс Т- гэж хэл амаар доромжилсон учраас миний уур хүрсэн. Ингээд би Г-той уулзаж байхдаа нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Би мөргөх үедээ уруулыг нь оносон. Г- надад мөргүүлээд уруулнаас нь цус гараад байсан. Энэ явдлын дараа Г- бид хоёр гар бариад эвлэрээд салсан. Мөн хэд хэдэн удаа таарч хамт архи хувааж уусан. Одоо бид хоёрын харилцаа хэвийн мэнд устай байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40х/,
-Шүүгдэгч Ж.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ж.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянбулаг багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Г-той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар мөргөж уруулд шархтай, цус хуралт, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Ж.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Ж-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ы Б-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б- нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ