| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2024/0016/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/62 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/62
2024 01 10 2024/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
улсын яллагч Д.Энхбаяр,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.Бид холбогдох эрүүгийн 2206 05528 3559 дүгээр хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.........................................................................................................................
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн ........хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” караокены гадна иргэн Б.Гтай маргалдаж, улмаар түүнийг түлхэж биед нь “дагзны хуйх, баруун мөр, бугалга, ташаа, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Нэг. Нотлох баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ггийн өгсөн: “....2022 оны 11 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн орчим ажлын газрын Хтой хамт Баянзүрх дүүргийн ........хороо "....." нэртэй караокед орж үйлчлүүлсэн. Манай найз Х тамхи татах гээд гарсан ба орж ирэхгүй байхаар нь би араас нь гарч хартал караокены гадаа ул таних хүн түүнийг буланд шахаж маргаан зодоон болох гэж байсан. Би түүний дундуур орж салгаж Хг авч явах гэтэл Б гэх үл таних залуу миний хувцаснаас татаж аваад хана руу хүчтэй түлхэж би газарт унах үед гар луу цохисон. ...Хуулийн дагуу шийдүүлмээр байна. ...Миний биед халдаж гэмтэл учруулсан Б гэх хүн надад ямар нэгэн хохирол барагдуулаагүй бөгөөд эмчилгээний зардал болох 500,000 төгрөгийг өгчих гэхэд хохирол от барагдуулаагүй тул гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 80 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хоролгаравын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр...Г бүжиглэж байтал үл таних хоёр залуу түүний бөгсөнд хүрээд байхаар нь би түүнийг өмөөрч боль гэж хэлсэн. Гэтэл тэр хоёр залуу надтай маргалдаж эхэлсэн. Би энэ үед цааш маргалдахгүйгээр салж гадаа гарч тамхи татаад зогсож байтал нөгөө хоёр залуу гарч ирээд намайг хэл амаар доромжилж барьцалдаж авсан. Энэ үед Г гарч ирээд намайг салгах гэтэл махлаг дуу биетэй Б гэх залуу түүнийг хүчтэй түлхсэн." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “...Б.Ггийн биед дагзны хуйх, баруун мөр, бугалга, ташаа, гуянд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг баримтыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн ........хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” караокены гадна иргэн Б.Гтай маргалдаж, улмаар түүнийг түлхэж биед нь “дагзны хуйх, баруун мөр, бугалга, ташаа, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
2. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 13 дугаар хуудас,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ггийн өгсөн: “....2022 оны 11 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн орчим ажлын газрын Хтой хамт Баянзүрх дүүргийн ........хороо "....." нэртэй караокед орж үйлчлүүлсэн. Манай найз Х тамхи татах гээд гарсан ба орж ирэхгүй байхаар нь би араас нь гарч хартал караокены гадаа ул таних хүн түүнийг буланд шахаж маргаан зодоон болох гэж байсан. Би түүний дундуур орж салгаж Хг авч явах гэтэл Б гэх үл таних залуу миний хувцаснаас татаж аваад хана руу хүчтэй түлхэж би газарт унах үед гар луу цохисон. ...Хуулийн дагуу шийдүүлмээр байна. ...Миний биед халдаж гэмтэл учруулсан Б гэх хүн надад ямар нэгэн хохирол барагдуулаагүй бөгөөд эмчилгээний зардал болох 500,000 төгрөгийг өгчих гэхэд хохирол от барагдуулаагүй тул гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 80 дугаар хуудас/,
4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хоролгаравын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр...Г бүжиглэж байтал үл таних хоёр залуу түүний бөгсөнд хүрээд байхаар нь би түүнийг өмөөрч боль гэж хэлсэн. Гэтэл тэр хоёр залуу надтай маргалдаж эхэлсэн. Би энэ үед цааш маргалдахгүйгээр салж гадаа гарч тамхи татаад зогсож байтал нөгөө хоёр залуу гарч ирээд намайг хэл амаар доромжилж барьцалдаж авсан. Энэ үед Г гарч ирээд намайг салгах гэтэл махлаг дуу биетэй Б гэх залуу түүнийг хүчтэй түлхсэн." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “...Б.Ггийн биед дагзны хуйх, баруун мөр, бугалга, ташаа, гуянд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
6. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,
7. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,
8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Бийн Нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Бийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 54, 58 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм. Мөн шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
1.2 Талуудын санал, дүгнэлт
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “...Шүүгдэгч Б нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн ........хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” караокены гадна иргэн Б.Гтай маргалдаж, улмаар түүнийг түлхэж биед нь “дагзны хуйх, баруун мөр, бугалга, ташаа, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч “...Манай үйлчлүүлэгч нь гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Гэмт хэрэгт холбогдсондоо өөртөө дүгнэлт хийж байгаа. Цаашид нийгмийн харилцаанд орохдоо анхаарч асуудлыг шийднэ гэдгээ илэрхийлж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Үүнээс үзэхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хохирол хор уршгийн талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
1.3 Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт
“Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн ........хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” караокены гадна иргэн Б.Гтай маргалдаж, улмаар түүнийг түлхэж биед нь “дагзны хуйх, баруун мөр, бугалга, ташаа, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд тогтоолоо.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Ггийн биед нь түлхэж буюу эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Д.Бийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
1.4 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхээ эдэлж өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон болно.
1.5 Хууль, эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч Б.Ггийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “дагзны хуйх, баруун мөр, бугалга, ташаа, гуянд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирсан байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.6 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт ”Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийг үйлдэж хохирогч Б.Ггийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирол хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйл баримтаар гаргаж өгөөгүй байх тул Д.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Боос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч Д.Энхбаяр: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ: “...Хувийн байдлын тухайн яллах дүгнэлтэд тусгагдсан, хавтаст хэргийн материалд авагдсан биеийн байцаалтад бол Сонгинохайрхан дүүргийн дугаар бүхий газарт өөрийн төрсөн дүүгийн хамт амьдардаг тухайн дүүгээ тэжээн тэтгэж явдаг гэсэн хувийн байдал тогтоогдож байгаа. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу тохиолдлын шинжтэй буюу анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон байна. Ийм учраас шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж оногдуулах ялыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэжээ.
2.2 Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүгдэгч Д.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, хохирогчийн санал гомдол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бид мэдэгдэх нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Д.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Бид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бид мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Боос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Бид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.АЛДАР