Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/02543

 

 

      2020       09                23                                            183/ШШ2020/02543                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00-р хороо, 00-р байр, 2 тоотод оршин суух хаягтай Ш овогт Я.Б /РД:00000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00-р хороо, Морин 00-р гудамж, 00 тоотод оршин суух хаягтай С овогт Н.Т /РД:00000/-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Б, нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.                                                   

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие хариуцагч Н.Т-тэй 2014 онд анх танилцаж найзуудын харилцаатай байсан. 2019 оны 09 сараас эхлэн хамт амьдарсан. Намайг жирэмсэн болоод жирэмсний 3 сартайгаас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Хариуцагч Н.Т хүүхдээ төрснөөс хойш нэг ч удаа ирж байгаагүй, нэг ч удаа туслалцаа өгч байгаагүй. Мөн би хариуцагч Н.Т хамт амьдрахад нэг хүүхэдтэй байсан. Хариуцагчийн ар гэрийнхэн нь намайг янз бүрээр доромжилдог байсан. Хариуцагч Н.Т хүүхдийг гэдсэнд байхад нь хаяад явсан. Тийм учраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэв.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Я.Б гийн гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Я.Б, Н.Т нар нь 2013 онд танилцсан, 2019 оны 08 сараас хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2020 оны 06 сарын 25-ны өдөр Б.Т төрж эхийн нэрийг авсан нь 0000 дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

 Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар 2020.06.25-ны өдөр төрсөн хүү Б.Т, эцэг Н.Т, эх Я.Б нарын хооронд эрх, үүрэг үүснэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна. Хэргийн баримтаас үзэхэд Я.Б, Н.Т нар 2020 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд хүү Б.Т нь эхийн асрамжид байсан, хариуцагч Н.Т 2020.08.18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлгийн талаар хариуцагч маргаагүй гэж үзлээ.

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2020.06.25-ны өдөр төрсөн хүү Б.Тэнүүнийг эх Я.Б гийн асрамжид үлдээсүгэй.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2020.06.25-ны өдөр төрсөн хүү Б.Т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр Н.Т гээс гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Т гээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

        4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т гээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ