| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/110 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/110
2024 01 22 2024/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анх ан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,
улсын яллагч: Г.Мөнхтүвшин,
хохирогч ***********,
шүүгдэгч: *********** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгчийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********** дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*********** овогт ****************, Монгол Улсын иргэн, ****** аймгийн ****** суманд ***** оны * дүгээр сарын **-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, дүү нарын хамт ******* дүүргийн *** дугаар хороо, ******** тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ***************.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дугаар байрны **** тоотод эхнэр ***********ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэг рүү гараараа цохиж биед “баруун шанаа, дээд зовхи, зүүн бугалга цус хуралт" бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч *********** нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ******************* тоотод хамтран амьдрагч ***********ийг “...гэртээ харь гэж хэлсэн...” гэх шалтгаанаар маргалдан цээртэй үгээр доромжилж биеийнх нь толгойн баруун чамархай, нүд хэсэгт гараараа цохих, шилбэ хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь баруун шанаа, дээд зовхи, зүүн бугалга цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
- Хохирогч ***********ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 14-ний орой 23-ны орой *********** манайд орж ирсэн. Би хүүхдээ тэврээд хөхүүлээд орон дээр цаашаа хараад хэвтэж байсан. Тэгэхэд надаас хэрүүл гуйгаад байхаар нь “Хүүхэд өвдөөд зогсоо зайгүй уйлаад байхад ядаргаатай юм. эсвэл чи гэртээ харь гэж хэлэхэд “Харанхуй шөнө дуудчихаад яахаараа би явдаг юм, чадахгүй, тоглоомтой п.... вэ?” гэж хэлээд толгойн баруун талын чамархай хэсэг рүү гараараа цохисон...”, “...жижиг өрөөний тагт руу гараад “Чамтай байхаар үсрээд үхсэн нь дээр” гэж хэлэхэд “юу гээд байгаа п... вэ?” гээд дахин гараараа баруун шанаа болон нүд рүү цохисон. Мөн том буйдан дээр “Наанаа суу гараараа дарж байгаад шилбэ рүү өшиглөж, нүцгэн хөлөөрөө миний хөл рүү дэвссэн”, “...гуяны хөхрөлтийг *********** учруулаагүй. Би өөрөө шилэн фсадны ирмэгт нидэрч хөхрүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******** дугаартай:
“...1. ***********ийн биөд баруун шанаа, дээд зовхи, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй
5. Учирсан гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч ***********гийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр болсон асуудал биш харин 2023 оны 09 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн үед болсон асуудал. Намайг ********* аймагт явж байхад миний болон хүүгийн бие өвдөөд байна, ээжтэй чинь ярмаар байна гэх зэргээр доромжилсон чат бичсэн байхаар нь маргалдаж зүүн нүдний чамархайн тус газар баруун гараараа нэг удаа цохисон. Мөн зүүн хөлөөрөө баруун хөл дээр нь дэвссэн...” гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...9 дүгээр сарын 14-ны орой эхнэртэйгээ маргалдсан. Эхний өдөр эгч нь дуудлага өгчхөөд болсон зүйлийг хэлээд явсан ба түүнээс хойш 3 хоног дарамталсан гэсэн байсан. Аюулын зэргийн үнэлгээнд би оролцох байсан ч оролцож чадаагүй бөгөөд өндөр үнэлгээтэй гаргасан байсан...” гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө нь зөрчлийн арга хэмжээ авагдсан. Намайг зодож байхдаа чи “36 удаа цагдаад дуудлага өгсөн” гэж хэлсэн би энэ талаар мэдэхгүй байна. Эхний өдрөө зодож, маргааш нь босож чадахгүй байсан ба хагас сайн өдөр нь дахиад хэрэлдсэн...” гэв.
Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61 дэх тал/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн албан тоот /хавтаст хэргийн 62 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/, прокурорын тогтоол /хавтаст хэргийн 98-99 дэх тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /хавтаст хэргийн 105 дахь тал/, зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *********** нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11984 дугаартай дүгнэлтээр хохирогч ***********ийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч *********** нь хохирогч ***********ийн эрүүл мэндэд халдаж гараараа нүүр толгой, чих хэсэгт олон удаа цохиж зодож байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Түүнчлэн шүүгдэгч *********** нь, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч ***********ийн эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан /3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1. …хамтран амьдрагч.../ этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасанд хамаарч байна.
Иймд ***********гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд уг хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч *********** нь мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч ***********г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч *********** нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хамтран амьдрагч ***********ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг тус тус дурдаж байна” гэв.
Хохирогч: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч ***********г гэм буруутай тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэлтэй.
Шүүгдэгч ***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзсэн тул торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Мөн түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл /үл ялих зүйлээр шалтаглан/, үйлдлийн арга /олон удаа цохисон/, учруулсан хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь дүгнэн улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангасан гэж дүгнэв.
Шүүгдэгч *********** нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************,***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар ***********д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА