| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0023/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/27 |
| Огноо | 2024-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/27
2024 01 04 2024/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Н.Түвшинбаяр, шүүгдэгч Н.О /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Од холбогдох эрүүгийн “2311 00000 1500” дугаартай, 186/2024/0023/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Н.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэм Нэм” нэртэй ресторанд хохирогч Д.Быг “та нарт үйлчлэхгүй, та нар их согтсон байна” гэж хэлсний улмаас түүний толгойн тус газарт нь модон салфетканы саваар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Н.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Бын:...би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо “Нэм нэм” нэртэй Солонгос хоолны газарт тогооч болон бармен хийгээд 7 жил болж байгаа. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай ресторанаар 3 эмэгтэй орж үйлчлүүлээд пиво уусан, нэг эмэгтэй нь яваад, 2 эмэгтэй үйлчлүүлсэн. Тэгээд зааланд манай хоёр зөөгчийг загнаад байхаар нь би юу болсон бэ, зааланд олон хүн байна гэсэн чинь 2 эмэгтэйн том биетэй нь хурдан пиво авчирч өгөөч гээд уурлаад байхаар нь зааланд олон хүн байна хонхоо дарчих гэсэн чинь би пиво уумаар байна, хурдал гээд орилоод байсан. Найз нь тооцоогоо хийх гэтэл тэр эмэгтэй уурлаад пиво аваад ир гээд орилоод байхаар нь би түүнд хандаж, би чамд зарахгүй, чи хэтэрхий их согтсон байна гэж хэлсэн чинь ширээн дээр байсан модон салфютканы савыг аваад миний толгой руу цохьсон. Миний толгойноос цус гараад цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-ийн 6 дугаар тал/,
2.2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12919 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Д.Бын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт. /хх-ийн 10-11 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Н.О нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэм Нэм” нэртэй ресторанд хохирогч Д.Быг “та нарт үйлчлэхгүй, та нар их согтсон байна” гэж хэлсний улмаас түүний толгойн тус газарт нь модон салфетканы саваар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Д.Бын:...би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо “Нэм нэм” нэртэй Солонгос хоолны газарт тогооч болон бармен хийгээд 7 жил болж байгаа. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай ресторанаар 3 эмэгтэй орж үйлчлүүлээд пиво уусан, нэг эмэгтэй нь яваад, 2 эмэгтэй үйлчлүүлсэн. Тэгээд зааланд манай хоёр зөөгчийг загнаад байхаар нь би юу болсон бэ, зааланд олон хүн байна гэсэн чинь 2 эмэгтэйн том биетэй нь хурдан пиво авчирч өгөөч гээд уурлаад байхаар нь зааланд олон хүн байна хонхоо дарчих гэсэн чинь би пиво уумаар байна, хурдал гээд орилоод байсан. Найз нь тооцоогоо хийх гэтэл тэр эмэгтэй уурлаад пиво аваад ир гээд орилоод байхаар нь би түүнд хандаж, би чамд зарахгүй, чи хэтэрхий их согтсон байна гэж хэлсэн чинь ширээн дээр байсан модон салфютканы савыг аваад миний толгой руу цохьсон. Миний толгойноос цус гараад цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-ийн 6 дугаар тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12919 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:..
1. Д.Бын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт. /хх-ийн 10-11 дүгээр тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж байгаа талаар шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг “та нар их согтсон байна, та нарт пиво зарахгүй” гэж хэлснээр шалтаглаж хохирогчийг толгойн тус газарт эд зүйлээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж байгаа дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12919 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Н.Оын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Оыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Н.Од нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Н.Оыг эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
хохирогч Д.Б нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, шүүхээс хохирогч Д.Бтай утсаар ярьсан тэмдэглэл, шүүх хуралд оролцохгүй, хохиролтой холбоотой баримт гаргаж өгөхгүй, нэхэмжлэх зүйл санал гомдолгүй гэсэн тул шүүгдэгч Н.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
5. Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Б хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ