Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/01590

 


 

 

 

2020            06            10                                                 183/ШШ2020/01590

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.У холбогдох,

 

“М к”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Э нь “М к” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг дангаараа эзэмшдэг болно. Хариуцагч Д.У нь “М к”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэр гэх баримтыг хууль зөрчиж үйлдэн, тухайн компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Э эзгүй байх үед гарын үсгийг нь дуурайлгаж зурсан байна. Хариуцагч Д.У нь дээр дурдсан хуурамч бичиг баримтыг ашиглан өөртөө эрх олгож, “М к” ХХК-ийн өмчлөлд байсан 4 ширхэг орон сууцыг зах зээлийн үнээс хямдаар Хас банкинд шилжүүлэн өгч, манай компанийг их хэмжээний алдагдалд оруулсан бөгөөд энэ үйлдэл нь хувьцаа эзэмшигч миний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Уг хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хүчингүй болгосноор Хас банкинд шилжүүлэн өгсөн орон сууцуудыг “М к” ХХК-ийн өмчлөлд буцааж авах боломжтой болох учир “М к”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч Д.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын 12/02 дугаар шийдвэрээр Хас банкны барьцаанд байгаа “М к” ХХК-ийн өмчлөлийн 4 орон сууцыг Хас банкинд худалдаж, зээлийн төлбөрт суутгахаар шийдвэрлэсэн хуралд компанийн хувьцаа эзэмшигч Ц., Э.Ч, Д.У нар байлцаж уг шийдвэрийг гаргасан бөгөөд бусад хувьцаа эзэмшигчид болон Ц.Э нарыг оролцуулалгүй, Д.У би Ц.Э гарын үсгийг дуурайлган зурсан юм. Иймд “М к”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэр нь хүчин төгөлдөр бус гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банк нь М к ХХК-тай хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж хуульд заасан үндэслэлээр 4 ширхэг орон сууцны өмчлөх эрхийг олж авсан болно. Худалдах, худалдан авах гэрээнд заасан орон сууцнуудын төлбөрийг “М к” ХХК-ийн төлөх үүрэг бүхий зээлийн төлбөрт шилжүүлсэн. Хас банкны хувьд хариуцагч Д.У М к ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гаргасан шийдвэрийг хуурамчаар үйлдсэн, гарын үсгийг нь дуурайлган зурсан эсэхийг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан тул Хас банк нь дээр дурдсан орон сууцуудын өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Ц.Эы нэхэмжлэлтэй, Д.У холбогдох “М к” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            “М к” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэрээр Хас банкны зээлийн барьцаанд байгаа дараах 4 орон сууцыг Хас банкинд худалдаж, зээлийн төлбөрт суутгах, зээлийн үлдэгдлийг хэвийн ангилалд шилжүүлэхийг зөвшөөрч байна. 1. СБД, 9-р хороо, 14181, их тойруу 78 байр, 29 тоот, 38.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 2. СБД, 9-р хороо, 14181, их тойруу 78 байр, 36 тоот, 38.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 3. СБД, 9-р хороо, 14181, их тойруу 78 байр, 61 тоот, 38.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 4. СБД, 9-р хороо, 14181, их тойруу 78 байр, 67 тоот, 38.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууц. Хувьцаа эзэмшигч Э.Ч, Б.Ц, Ц.М, Д.У, Ц.Э Д.У нарыг Д.У бүрэн төлөөлөх эрхтэй байх ба банктай зээлийн гэрээ байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгож, зээлийг хэвийн ангилалд шилжүүлэх итгэмжлэлийг Д.У олгосугай” гэж Хувьцаа эзэмшигч Э.Ч, Б.Ц, Ц.М, Д.У, Ц.Э Д.У нарын гарын үсэг зурагдсан байх бөгөд хавтаст хэрэгт авагдсан “М к” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрийн хавсралтаар батлагдсан дүрэмд “...нийт компанийн хувьцааны 51 хувийг Ц.Э, 34 хувийг Д.У, 6 хувийг Д.У, 4 хувийг Э.Ч, 4 хувийг Ц.М, 1 хувийг Б.Ц нар эзэмшдэг” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Эы “...М к ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэр гэх баримтыг хууль зөрчиж үйлдэн, тухайн компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Эы эзгүй байх үед гарын үсгийг нь дуурайлгаж зурсан байх тул уг шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.У хүлээн зөвшөөрч “...М к ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэр гарах хуралд Ц.Э оролцоогүй бөгөөд түүний гарын үсгийг би дуурайлган зурсан нь үнэн” гэсэн тайлбар гаргажээ.

 

Дээрх үйл баримт болох “М к” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Эд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах талаар мэдэгдэлгүй, түүний эзгүйд “М к” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэрийг гаргаж, уг шийдвэр дэх Ц.Эы гарын үсгийг Д.У нь хуурамчаар дуурайлган зурсан болох нь зохигчийн тайлбараар нотлогджээ.

 

Иймд “М к” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Эд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах талаар мэдэгдэлгүй, түүний эзгүйд “М к” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэрийг гаргаж, уг шийдвэр дэх Ц.Эы гарын үсгийг Д.У нь хуурамчаар дуурайлган зурсан нь “М к” ХХК-ийн дүрмийн 33-40-т заасныг, мөн Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1, 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйл, 65 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчсөн байх тул “М к” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар “М к” ХХК, Д.У нарыг татсан бөгөөд шүүхээс хариуцагч “М к” ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг тайлбарласан ба нэхэмжлэгч тал “М к” ХХК-ийг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг баримтлан “М к” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Уээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД