Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 299

 

 

 

 

 

 

   2020           3              10                                          2020/ДШМ/299          

 

 

                                    Н.Эд холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Сансар,

хохирогч М.Мэндгэрэл, түүний өмгөөлөгч П.Итгэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Мэндгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Эд холбогдох эрүүгийн 1906065662741 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.Э,

Н.Э нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натурын урд зам дээр иргэн Б.Гэрэлтхүслэнгийн өмчлөлтэй, түүний төрсөн эх М.Мэндгэрэл унаж ашиглаж байсан 10-91 УБХ улсын дугаартай “Волкесвагэн Поло” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил рүү хайрцагтай зүйл шидэх, хаалга, копут, крыло зэрэг рүү цохих, өшиглөх зэргээр хууль бусаар эвдэлж, гэмтээсний улмаас 1.048.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Аюуш овгийн Намжилмаагийн Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө эвдэлж гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Эын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялтан Н.Э нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Хохирогч М.Мэндгэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 4 дэх дүгнэлтдээ ... “Мөнххада” ХХК-ийн 2.890.026 төгрөгийн нэхэмжлэх болон “Богд моторс” ХХК-ийн 5.291.000 төгрөгийн нэхэмжлэх бүхий 3 хуудас баримт бичгийг шүүхэд өгсөн бөгөөд ... мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.” гэж тодорхойлсон хэдий ч шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсгийн хоёрт “...Мөнххада ХХК-ийн 2.890.026 төгрөгийн нэхэмжлэх болон Богд моторс ХХК-ийн 5.291.000 төгрөгийн нэхэмжлэх бүхий 3 хуудас баримт бичиг ирүүлжээ. Энэхүү үнийн санал бүхий нэхэмжлэхийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй” гэсэн нь хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй нь шүүгдэгчийн талд хэт нэг талыг барьж, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан болно.

Шийтгэх тогтоолд “гэмт хэргийн хор уршигт тооцон нэхэмжилж буй 6.032.426 төгрөгийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай...” гэж цаашид гарах хор уршиг, зардлыг нэхэмжлэх эрхийг зааж шийдвэрлээгүй болно.

Иймд шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 2020/ШЦТ/132 шийтгэх тогтоолын зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулж, Мөнххада ХХК-ийн 2.890.026 төгрөгийн нэхэмжлэх болон Богд моторс ХХК-ийн 5.291.000 төгрөгийн нэхэмжлэх бүхий 3 хуудас баримт бичгийг нотлох баримтаар үнэлж, Богд моторс ХХК, Мөнххада ХХК-ийн сэлбэг хэрэгсэл захиалгын төлбөрийн нэхэмжлэхэд салхины шилний үнэлгээ давхардсан тул 1.100.000 төгрөгийг хасаж тооцоод нийт 7.081.026 төгрөг болсноос Дамно ХХК-ийн үнэлгээгээр төлсөн 1.048.600 төгрөгийг хасаж тооцоод гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нийт 6.032.426 төгрөгийн бодит хохирлыг Н.Эаас нөхөн төлүүлж гаргуулахаар өөрчилж өгнө үү.

Шүүгдэгч Н.Э яллагдагчийн мэдүүлэг /хх-44/ эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг гэж хууль сахиулах байгууллагуудад мэдүүлж байсан бөгөөд шүүх хуралдаан дээр ах, дүүгийн 2 хүүхдийг нэмээд 5 хүүхдийн /шийтгэх тогтоолын шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт/ хамт амьдардаг гэж мэдүүлсэн бөгөөд шүүх ах, дүүгийн 2 хүүхдийн асран хамгаалалыг тодруулалгүй, нотлох баримтгүйгээр шүүгдэгчийн үгээр үнэлэн олон хүүхэдтэй тул хувийн байдлыг нь харгалзан үзэж хөнгөрүүллээ гэснийг үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. ...” гэв.

хохирогч М.Мэндгэрэлийн өмгөөлөгч П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 2020/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолын зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулж, Мөнххада ХХК-ийн 2.890.026 төгрөгийн нэхэмжлэх болон Богд моторс ХХК-ийн 5.291.000 төгрөгийн нэхэмжлэх бүхий 3 хуудас баримт бичгийг нотлох баримтаар үнэлж, Богд моторс ХХК, Мөнххада ХХК-ийн сэлбэг хэрэгсэл захиалгын төлбөрийн нэхэмжлэхэд салхины шилний үнэлгээ давхардсан тул 1.100.000 төгрөгийг хасаж тооцоод нийт 7.081.026 төгрөг болсноос Дамно ХХК-ийн үнэлгээгээр төлсөн 1.048.600 төгрөгийг хасаж тооцоод гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нийт 6.032.426 төгрөгийн бодит хохирлыг Н.Эаас нөхөн төлүүлж гаргуулахаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Я.Сансар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шууд хохирлоор тогтоодог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг 1.048.600 төгрөг гэж тогтоосон. Шүүх уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н.Э нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натурын урд зам дээр иргэн Б.Гэрэлтхүслэнгийн өмчлөлтэй, түүний төрсөн эх М.Мэндгэрэл унаж ашиглаж байсан 10-91 УБХ улсын дугаартай “Волкесвагэн Поло” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил рүү хайрцагтай зүйл шидэх, хаалга, копут, крыло зэрэг рүү цохих, өшиглөх зэргээр хууль бусаар эвдэлж, гэмтээсний улмаас 1.048.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Мэндгэрэлийн “...Н.Э над руу утсаар залгаад машинд чинь бэлгээ үлдээчихэж гэж хэлэхээр нь буцаж очоод бэлгийг нь өгчихөөд явах гэж байтал агсам тавиад хайрцагтай зүйлээ машины урд шил рүү шидтэл урд шил олон тооны жижиг хэлтэрхий болоод хагарчихсан. Тэгээд намайг янз бүрийн муухай хараалаар хараагаад машины урд хаалга, хойд крыло руу өшиглөөд байхаар нь би машинаас буугаад түлхтэл миний баруун хацар руу алгадаад дахиад цохих гээд дайраад байхаар нь айгаад аргагүй эрхэнд цагдаагийн байгууллагад хандсан. ...Надад нийт 756.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс машины өшиглөсөн хаалга, крыло хоёрыг засаж өгсөн. ...” /хх 9/,

шүүгдэгч Н.Эын “...өөрийн найзын машины жолооч талын хаалгыг нь өшиглөөд хонхойлгосон. ...” /хх 14/ гэх мэдүүлгүүд,

            2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний №БЗ1-19-799 дугаартай Хөрөнгө үнэлгээний тооцоо “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.048.600 төгрөгөөр үнэлэгдэв. ...” гэх үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэж хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө эвдэлж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Эын хохирогч М.Мэндгэрэлийн ашиглаж байсан 10-91 УБХ улсын дугаартай “Волкесвагэн Поло” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил рүү хайрцагтай зүйл шидэх, хаалга, копут, крыло зэрэг рүү цохих, өшиглөх зэргээр хууль бусаар эвдэлж, гэмтээсний улмаас 1.048.600 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч М.Мэндгэрэлийн “...6.032.426 төгрөгийн бодит хохирлыг Н.Эаас нөхөн төлүүлж гаргуулахаар өөрчилж өгнө үү. ... олон хүүхэдтэй тул хувийн байдлыг нь харгалзан үзэж хөнгөрүүллээ гэж шүүх хуралдаанаас дүгнэсэн нь үндэслэлгүй.  ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Иргэний хуулийн  228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүх гэмт хэргийн улмаас хохирол, түүнийг нөхөн төлүүлэхийг хууль зүйн агуулгаар тодорхойлох ба өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтоодог учиртай.

Мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор эрүүгийн 190606566 дугаартай хэрэгт эд зүйлийн үнэлгээ хийхийг “Дамно” ХХК-д даалгасан байна.

“Дамно” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.048.600 төгрөгөөр үнэлэгдэв. ...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох, түүнийг арилгахдаа зөвхөн эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан, хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцсэн, эрх бүхий байгууллагын хууль ёсны үйл ажиллагаагаар баталгаажсан байх гэх мэт нөхцлийг ойлгодог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг мөрдөгчийн тогтоолоор “Дамно” ХХК, түүний эрх бүхий албан хаагчид танилцуулж, худал дүгнэлт гаргавал хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсан байх бөгөөд үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлан гаргасан байна.

Дээрх байдлаас дүгнэвэл “Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан үндэслэл, журмын дагуу хохирлын хэмжээг тогтоосон, шүүхээс үнэлэх боломжтой гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохиролд өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг оруулаад нийт 2.589.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж дүгнэж, шүүгдэгч Н.Э бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцжээ.

Хохирогч М.Мэндгэрэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.9 дэх заалтуудад заасан эрхийнхээ хүрээнд хүсэлт /хх 69/, “Мөнххада” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Нэхэмжлэх/Үнийн санал №0825 /хх 70/, “Богд моторс” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Нэхэмжлэх /хх 71/-ийг шүүхийн шатанд гаргажээ.

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

 “Мөнххада” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Нэхэмжлэх/Үнийн санал №0825, “Богд моторс” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Нэхэмжлэхэд бичигдсэн сэлбэг, засвар, үйлчилгээний хөлс зэрэг нь хоорондоо зөрүүтэй, аль үнэн зөв болохыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс тэдгээрийг үнэлэх боломжгүй байна.

Хохирогч М.Мэндгэрэлийн гаргасан давж заалдах гомдол, “Мөнххада” болон “Богд моторс” ХХК-иудын баримтын аль нэгийг давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах юм.

Иймээс давж заалдах шатны шүүхээс бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мэндгэрэлд мөрдөгчийн шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний хэмжээ, шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.    

Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийн нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгосныг тусгахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заажээ.  

Шүүгдэгч Н.Э хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн тул хохирогчийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах шаардлагагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Эыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Иймд шүүгдэгч Н.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, ял шийтгэл хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцэж байна гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Мэндгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Мэндгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

           

            ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ