Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2020/0000/З |
Дугаар | 110/ШШ2020/0062 |
Огноо | 2020-10-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 110/ШШ2020/0062
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн оршин суугч М Бийн нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргад холбогдох;
“Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн А/64 дугаартай “Бөхийн цол олгох тухай” захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагч Баяннуур сумын Засаг дарга С.Берик, гуравдагч этгээд Х.Г, түүний өмгөөлөгч К.Ержан, орчуулагч Б.Арманбек, гэрч О.Б, А.Б, Е.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч М.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
М.Б миний бие Улаанбаатар хотод “Таван хан” дэвжээнд улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн удирдлагын доор үндэсний бөхийн бэлтгэл хийдэг. 2020 оны Үндэсний их баяр наадмаар тус аймгийн Баяннуур суманд барилдсан. Уг баяр наадмаар нийт 64 бөх барилдсан бөгөөд би сумын начин Х.Гтэй үзүүр түрүүнд үлдэж, 6 давсан юм.
Барилдааны явцад Х.Г нь миний зүүн хөлд орж цацах гэсэн боловч даалгүй өөрөө унасан юм. Тэр үед би тугт тулсан ба туг нь суурин бэхэлгээгүй байсан учир унасан юм. Барилдаан дууссаны дараа хүмүүс тугийг босгосон тул би малгайгаа өмсөөд туг тойрч ирсэн. Гэтэл тэр үед хүмүүс хашхирч, үймээн гаргаж, наадам тарсан юм. Түүний дараа шөнийн 00 цагийн үед Баяннуур сумын удирдлагууд бөхийн комиссын шийдвэргүйгээр Х.Гийг давсанд тооцож, сумын заан цолны энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулчихсан юм байна гэж сонссон. Харин сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Бөхийн комисс 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор хуралдаж, камер шүүж үзээд М.Б намайг давсан гэж тооцсон ба урьд гаргасан бөхийн комиссын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлээд, залуу бөх М.Б надад сумын заан цол олгохыг сумын Засаг дарга С.Берикт уламжилсан юм. Гэтэл сумын Засаг дарга нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгож залруулахаас татгалзсан тул дээд шатны Засаг дарга болох аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч аймгийн Засаг даргын орлогч А.К нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2-01/700 дугаартай бичгээр "...Гомдолд дурдсан асуудлаар шийдвэр гаргах боломжгүй тул хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна" гэсэн утгатай хариу өгсөн тул ийнхүү Баяннуур сумын Засаг даргын хууль зөрчиж гаргасан захиргааны актыг хүчингүй болгуулахаар хуулийн дагуу хандаж байна.
Иймд Баяннуур сумын Засаг даргын “Бөхийн цол олгох тухай” 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн А/64 дугаартай захирамж нь М.Б миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дүгээр зүйлд зааснаар хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Баяннуур сумын Засаг дарга С.Берик шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн үед болсон үйл явдлыг тайлбарлая гэж бодож байна. Хамгийн сүүлд Х.Г,М.Б хоёр барилдаад, тэгээд туг мөргөөд унасан гэсэн.Тэр үеийг бас би сайн анзаараагүй. Тэгээд М.Б, Х.Г хоёр маргаад, нэг нь дахин барилдана, нөгөө нь барилдахгүй гэж маргаан гарсан. Бөхийн комиссоос дахин барилдах ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан. Сүүлд нь хүлээгээд М.Б барилдахгүй гэж гараагүй. Тэгээд би бөхийн комиссын шийдвэрийн дагуу Х.Гийг давсанд тооцож, шийдвэрээ гаргасан.
М.Б нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн бөхийн комиссын гаргасан анхны шийдвэр нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бөхийн комиссын шийдвэрээр хүчингүй болсон тул тухайн сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн А/64 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан байна. Гэвч 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр комисс нь дахин хэлэлцэж шийдвэр гаргаж, өмнөх шийдвэрийг хүчингүй болгох үед Бөхийн дүрмийн тухай тодорхой заалтыг баримталж шийдвэр нь гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бөхийн комиссын гаргасан шийдвэр хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Х.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гуравдагч этгээд Х.Г би 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр болсон Улсын их баяр наадмаар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын наадамд барилдах үед үзүүр түрүүнд нэхэмжлэгч М.Бтай барилдсан билээ. Энэхүү барилдааны үед М.Б өвдөг шороодсон /унасан/ боловч түүнийг тугт шахагдан унасан гэх шалтгаанаар хөлийн цэц бидний барилдааныг дахин барилдуулахаар шийдвэрлэсний дагуу би давсан хэдий ч хөлийн цэц, комиссын шийдвэрт захирагдан дахин барилдах болсон. Харин М.Б комисс, хөлийн цэцийн шийдвэрийн дагуу дахин барилдахаар дэвжээнд гарч ирэлгүй барилдахаас татгалзсан. Бөх тайлбарлагч М.Быг дэвжээнд гарч дахин барилдахыг зарласан боловч барилдахаар гарч ирээгүй тул бөхийн комисс хөлийн цэцийн шийдвэрээр намайг давсанд тооцсон. Аливаа спорт тэмцээн дагаж мөрддөг журамтай байдгийн адилаар үндэсний бөхийн спорт дагаж мөрддөг батлагдсан дүрэм журамтай бөгөөд энэхүү дүрэмд зааснаар барилдааны явцад гарсан маргааныг хөлийн цэц тухай бүр эцэслэн шийдвэрлэдэг. Мөн бөх тайлбарлагч барилдахыг урин дэвжээнд дуудсанаар бөхчүүд барилдахаар дэвжээнд гарч ирэх бөгөөд хэрвээ зарласнаас хойш учраа бөхийн аль нэг нь дэвжээнд гарч ирээгүй тохиолдолд 30 минут хүлээж, энэ хугацаа өнгөрмөгц дэвжээнд гарсан бөхийг давсанд тооцох журамтай. Энэхүү журмын дагуу М.Б дүрэмд заасан хугацаанд барилдахаар ирээгүй тул хөлийн цэц намайг давсанд тооцсоноор би тус сумын наадамд түрүүлэн сумын Засаг дарга зохих хууль тогтоомжийн дагуу захирамж гарган надад сумын заан цол олгон, энгэрийн тэмдэг, цолны үнэмлэхийг наадамчдын өмнө шууд гардуулж өгсөн. Үүнд хууль, дүрэм, журам зөрчсөн ажиллагаа огт байхгүй бөгөөд бүх юм ном журмаараа явагдсан. Иймд М.Бын нэхэмжлэл үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Ержан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн үед М.Б болон Х.Г нарыг дахин барилдуулах талаар шийдвэр гарч, бөх тайлбарлагч зарласан нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Засгийн газрын 2018 оны 178 дугаартай тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм байгаа. Уг дүрмийн 5.4-т “Бөхийг дараахь тохиолдолд дахин барилдуулна:5.4.2. учраагаа ямар нэгэн саад болох зүйл рүү түрж барьцанд хүрч, улмаар мэх хийх буюу тээглүүлж унагавал” гэж заасан. Саяны бичлэгийг харж байхад энэ 5.4.2-д заасан саад болох зүйл рүү тээглүүлсэн үйлдэл харагдаж байгаа. 5.10-т “Тухайн дүйз барилдаан эхэлснээс хойш 10 минут өнгөрөхөд гарч ирээгүй бөхийг унасанд, нөгөө бөхийг давсанд тооцно” гэж заасан. Баяннуур сумын Бөхийн салбар хороо нь дараа нь буюу 07 дугаар сарын 16-ны өдөр дахиж шийдвэр гаргах үндэслэл байхгүй. Тухайлбал заавал үзүүр, түрүүний бөхийн барилдаан биш, нэг, хоёрын даваанд маргаан гарч болно. Жишээлбэл М.Б, Х.Г нарын хооронд 2-ын даваанд маргаан гарлаа гэхэд, бид нар шийдвэрээ 5 хоногийн дараа гаргая гэж барилдааныг хойшлуулж яваад өгөхгүй нь мэдээж. Тухайн барилдааны шийдвэрийг цаг тухайд нь гаргах учиртай, энэ талаар дүрэмд тодорхой тусгаж өгсөн.Тэгэхээр энэ бөхчүүдийн барилдааныг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дахин хэлэлцээд,салбар комисс дахин шийдвэр гаргаж байгаа нь бөхийн дүрэм, журам, хуульд нийцэхгүй. Засаг даргыг үүнд буруутгах үндэслэл байхгүй. Засаг дарга баяр наадмын тухай хуульд заасныг захирамжид тодорхой баримталсан байгаа. Бөхийн салбар хорооны шийдвэрийг үндэслээд шийдвэрээ гаргасан. Засаг даргад С.Берикт тухайн барилдааныг заавал үзэж, харж суух үүрэг байхгүй. Тухайн бөхийн комисс нь шийдвэрээ гаргаж ирсэн бол тэр шийдвэрийн дагуу захирамжаа гаргах үүрэгтэй. Иймд тухайн үед барилдаан болсон, бөхийн комисс А.Амирхан, Х.НурБ гэх хүмүүс гарын үсгээ зураад шийдвэрээ хүргүүлсэн, үүний дагуу Засаг дарга захирамжаа гаргаад энгэрийн тэмдэг, үнэмлэхийг олны өмнө гардуулж өгсөн. Үүнд хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл байхгүй. Харин тухайн бөхийн комисс 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дахин хуралдаж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа, дүрэмд нийцэхгүй асуудал.Тухайн баяр наадмын дүрэмд үзэгчдийг хүндэтгэх гэж гол шалгуур байгаа. Барилдааны маргааныг тухай бүрд нь шийдэх ёстой. Дараа нь шийднэ гэсэн зүйл байхгүй. Дараа нь гаргасан шийдвэрийг үндэслээд Засаг дарга дахин шийдвэр гаргах үндэслэл байхгүй. Анхны гаргасан шийдвэр бол шийдвэр юм. Комиссын шийдвэрт нэг, эсхүл 2 хүн гарын үсэг зурна гэсэн юм байхгүй.Тухайн үед А.Амирхан, Х.НурБ нар гарын үсэг зурж өгсөн. Х.НурБ дараа нь би гарын үсэг зураагүй гэх боловч түүний гарын үсэг биш гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Х.НурБ эд нар нь маргаан үүсэхээр тухайн асуудлаас зугтаагаад ийм тайлбар өгөөд байна. Гэтэл тухайн асуудалд хамааралгүй хөндлөнгийн хүмүүс болох гэрч нар дахин барилдуулах тухай шийдвэр гарч зарласан, М.Б гарч ирээгүй гэдгийг нотолж байгаа. Дахин барилдуулахаар шийдвэр гаргаж, удаа дараа зарлахад М.Б гарч ирээгүй учраас бөхийн дүрмийн “Тухайн дүйз барилдаан эхэлснээс хойш 10 минут өнгөрөхөд гарч ирээгүй бөхийг унасанд, нөгөө бөхийг давсанд тооцно” гэсэн заалтад тохирч байгаа. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөх саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн А/64 дугаартай “Бөхийн цол олгох тухай” захирамжаар[1] Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалтыг тус тус үндэслэн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Х.Гт сумын заан, үзүүрлэсэн М.Бэд сумын харцага цол олгосон байна.
Нэхэмжлэгчээс уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ “...2020 оны үндэсний их баяр наадмаар тус аймгийн Баяннуур суманд барилдсан. Уг баяр наадмаар нийт 64 бөх барилдсан бөгөөд би сумын начин Х.Гтэй үзүүр, түрүүнд үлдэж, 6 давсан юм. ...Баяннуур сумын удирдлагууд Бөхийн комиссын шийдвэргүйгээр Х.Гийг давсанд тооцож, сумын заан цолны энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулчихсан юм байна гэж сонссон. Харин сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Бөхийн комисс 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор хуралдаж, камер шүүж үзээд М.Б намайг давсанд тооцсон ба урьд гаргасан Бөхийн комиссын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлээд залуу бөх М.Б надад сумын заан цол олгохыг сумын Засаг дарга С.Берикт уламжилсан. Гэтэл сумын Засаг дарга гаргасан шийдвэрээ хүчингүй болгож залруулахаас татгалзсан” гэж тодорхойлжээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т “Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, нийслэл, сум (дүүрэг)-ын баяр наадмаас бүрдэнэ”,12 дугаар зүйлийн 12.1-т “Баяр наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо /цаашид “зохион байгуулах хороо” гэнэ/, аймаг, сумын хороо хариуцна”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Сумын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл аймгийн хороонд, аймгийн болон салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл зохион байгуулах хороонд гомдол гаргана” гэж тус тус хуульчилсан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”–ийн 1.2-т “Баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Хороо (цаашид “Хороо” гэх)-ноос байгуулсан үндэсний бөхийн Салбар хороо (цаашид “Салбар” хороо гэх) зохион байгуулна”, 10.1-т “Хөлийн цэцээр цэгц шударга, шаардлагатай, хурц хараа, шалмаг хөдөлгөөнтэй бөх, бөхийн зүтгэлтнээс сонгон Салбар хорооноос томилж гэрээ байгуулан ажиллуулна”,10.2-т “Хөлийн цэц дараахь үүрэгтэй: 10.2.3. будлиантай барилдааныг хөлийн цэцийн бүрэлдэхүүнээр хэлэлцэн шуурхай шийдвэрлэж, гарсан шийдвэрийг тухай бүрд нь тайлбарлагчид хэлж, олон түмэнд мэдээлэх”, 15.3-т “Бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг хөлийн цэцийн шийдвэрийг үндэслэн Салбар хороо шийдвэрлэнэ. Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд хандан эцэслэн шийдвэрлүүлнэ” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] Баяннуур сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/62 дугаар захирамжаар “Сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх комисс”-ыг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Мадениет нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй, мөн баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах комиссууд, үүний дотор “Бөхийн комисс”-ыг А.Амирхан, С.Жыргау, Х.НурБ нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй тус тус байгуулсан. Баяннуур сумын баяр наадмын 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан үндэсний бөхийн барилдаанд нийт 64 бөх оролцож, зургаагийн даваа буюу түрүү, үзүүрт барилдсан залуу бөх М.Б, сумын начин Х.Г нарын барилдааныг маргаантай болсон гэж үзэж дээрх захирамжаар байгуулагдсан “Бөхийн комисс”-оос “2 бөхийг дахин барилдуулахаар шийдвэрлэсэн боловч залуу бөх М.Б гарч ирээгүй тул Х.Гийг түрүүлсэнд тооцсон” шийдвэр гаргасан, уг шийдвэрийг сумын Засаг даргад хүргүүлсэн, үүнийг үндэслэн сумын Засаг даргаас тухайн өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр А/64 дугаартай “Бөхийн цол олгох тухай” захирамж гаргаж, Х.Гт сумын заан цолны үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулсан болох нь тус тус тогтоогдож байна.
Хэдийгээр “Бөхийн комисс”-ын гишүүн болох Х.НурБ нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрт гарын үсэг зураагүй гэж гэрчээр мэдүүлсэн[3] боловч Баяннуур сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах үүрэг бүхий “Бөхийн комисс”-ын “2 бөхийг дахин барилдуулахаар шийдвэрлэсэн боловч залуу бөх М.Б гарч ирээгүй тул Х.Гийг түрүүлсэнд тооцсон” шийдвэрийг тухайн үед буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр зургаагийн давааны барилдааны дараа бичгийн хэлбэрээр гарсан, комиссын гишүүн болох А.Амирхан үүнийг бичсэн, уг шийдвэрт 2 гишүүний гарын үсэг зурагдсан байсныг үндэслэн сумын Засаг даргаас тухайн өдөр бөхийн цол олгох тухай шийдвэрийг гаргасан үйл баримт тогтоогдож байгаагаас гадна 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн үндэсний бөхийн барилдааны зургаагийн даваанд барилдсан М.Б, Х.Г нарыг дахин барилдуулах талаар нийтэд зарласан боловч М.Б талбайд гарч ирээгүй нь шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон болно.
Түүнчлэн нэхэмжлэгчээс “Бөхийн комисс 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор хуралдаж, камер шүүж үзээд М.Б намайг давсан гэж тооцсон ба урьд гаргасан Бөхийн комиссын шийдвэрийг хүчингүй болгосон” гэж тайлбарлаж байгаа боловч Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”–ийн 15.3-т тус тус зааснаар бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг хөлийн цэцийн шийдвэрийг үндэслэн Салбар хороо шийдвэрлэхээр, Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд хандан эцэслэн шийдвэрлүүлэхээр зохицуулсан байх тул үндэсний бөхийн Салбар хороонд /Бөхийн комисст/ өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрх хэмжээ хууль, дүрмээр олгогдоогүйгээс гадна хөлийн цэц болон Салбар хорооноос тухайн маргаантай барилдааны бичлэгийг үзэх, эсхүл бусад байдлаар нотлох баримт бүрдүүлэх замаар үйл баримтыг дараа нь нөхөн тогтоохоор зохицуулаагүй байна.
Иймд Баяннуур сумын баяр наадмын 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан үндэсний бөхийн барилдааны үеэр “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д заасны дагуу хөлийн цэцийг ажиллуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдож байгаа тул тус сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах, бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг шийдвэрлэх үүрэг бүхий “Бөхийн комисс”-ын 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гаргасан “сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Х.Гийг түрүүлсэнд тооцсон” шийдвэрийг үндэслэн сумын Засаг даргаас гаргасан бөхийн цол олгох тухай шийдвэр нь нэхэмжлэгч М.Бийн үндэсний бөхийн барилдааныг зохицуулсан дүрэм, журмаар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дугаар зүйлийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, сумын цолыг аймаг, сумын Засаг дарга тус тус олгоно”, 7 дугаар зүйлийн 7.5-д “Сумын баяр наадамд 64 бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Баяр наадмыг зохион байгуулах талаар аймаг, сумын Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 13.1.2.баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр аймаг, сумын цол олгох, хүчингүй болгох” гэж заасантай тус тус нийцсэн, эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Бээс Баяннуур сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн бөхөд цол олгох тухай шийдвэрийн талаар маргасан ба Баяннуур сумын Засаг даргаас 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Х.Гт сумын заан цол, үзүүрлэсэн Х.Бэд сумын харцага цол олгох тухай шийдвэр гаргаж, гарын үсэг зурж, Баяннуур сумын Засаг даргын тамга дарж албажуулсан,үүний дагуу Х.Гт сумын заан цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг олгосон үйл баримт тогтоогдож байгаа тул маргаан бүхий захиргааны актыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамж гэсэн хэвлэмэл хуудсанд гаргасан байгаа нь Баяннуур сумын Засаг даргаас дээрх шийдвэрийг гаргасан үйл баримтыг үгүйсгэхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.5, 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Бийн “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн А/64 дугаартай “Бөхийн цол олгох тухай” захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ
[1] Хэргийн 7-р хуудас
[2] Хэргийн 1-2, 5-6,26,36-37,40-41,46,51-р хуудас
[3] Хэргийн 44-45-р хуудас
[4] Хэргийн 40-41,44-45,55,58-59-р хуудас