Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 281

 

Л.Ө-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 92 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0312 дугаар магадлалтай, Л.Ө-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 92 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Ө-гийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 тоот захирамжуудын Ш.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0312 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 92 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1” гэснийг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Ш.Б 2008 онд дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлтээ өгсөн гэдэг байдал тогтоогдоогүй нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, мөн хуулийн 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 276 тоот захирамж нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн байхад шүүхээс энэхүү байдалд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Нэхэмжлэгч Л.Ө болон түүний төрсөн ах Л.Түмбаяр бид гэр бүлээрээ нийлж 2010 онд Баянзүрх дүүрэг, 10 хороо, 2б хэсэг, Төмөр замын 131 тоотод байршилтай, маргаан бүхий газарт дүүргийн Газрын албанаас зааж өгсөн, хур хог бүхий, хүн амьдрах боломжгүй байсан газрыг цэвэрлэж буусан. Дүүргийн Газрын албанаас зааж өгсөн учир бид тус газраа өөр хүнд өгсөн гэж бодоогүй. Тэгээд ч хур хогтой байсан газрыг ямар нэг хүнд өгөх боломжгүй байсан. Буусан даруйдаа нэгэнт бидний гэр бүлийн газар учир Л.Түмбаяр би гэр бүлээ төлөөлж, миний нэрээр газраа хуулийн дагуу авахаар  өргөдөл гаргасан нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл, Монгол Улсын иргэнд газар  өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд нийцсэн. Гэвч Баянзүрх дүүргийн Газрын алба, Засаг дарга бидний гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй, хугацаа их алдсан, мөн Ш.Б-т тухайн үед газрыг эзэмшлээр олгосон гэдгийг мэдэгдээгүй. Миний бие дүүргийн Газрын албанаас энэхүү асуудлыг байнга асууж байсан бөгөөд дүүргийн Газрын албаны мэдээллийн сангаас Ш.Б нь маргааны газрыг авсан гэдэг нь харагддаггүй байсан. Одоо бодоход Ш.Б гэж хүнд хууль бусаар газар олгосон үйлдлээ нуухын тулд олгосон шийдвэрээ газрын мэдээллийн санд оруулахгүй, нуун дарагдуулж байжээ гэж үзэж байна. Өнгөрсөн 6 жил гаруй хугацаанд бид тухайн газартаа нам жим амьдарч л байсан бөгөөд энэ хугацаанд Болорчимэг, өөр бусад хүн “энэ манай газар” гэж ирж байгаагүй. Ер нь хүн өөрийн газраа арчилж, хашаа хороо барих, эргэж тойрох, гадны хүн буусан байвал холбогдох газарт мэдэгдэх гээд асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад Ш.Б нь нэг ч улаа газартаа ирж байгаагүй. Гэтэл тус газраа амьдарч байсан, газартаа хашаа барьсан, хашааг бид ирж нурааж буусан гэх мэт худал хэлж, хуулийн байгууллагыг төөрөгдүүлж, шүүх ч энэхүү худал хэлж байгаа байдалд нь үнэлэлт, дүгнэлт хийхгүй нь бидний хувьд хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхэд хүрч байгаа юм. Маргаан бүхий газрын хаяг, байршлын хувьд маргаантай, тодорхойгүй. Ш.Б-т олгосон захирамжид “...10 хороо, Хангамжийн АОС-14” гэсэн хаяг нь төв замынхаа ертөнцийн зүгээр хойд хэсэгт, манай газар буюу “Төмөр замын хэсэг” нь төв замын урд хэсэгт буюу төмөр замын дагуух газарт байрлалтай. Ш.Б-ийн газрыг олгохдоо анхнаасаа байхгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, хоосон газрыг олгосон мэт хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа юм. Шүүхээс газрын хаягжилтын асуудалд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна. Иймд, дээрх нөхцөл байдлыг харгалзаж, шүүхийн шийдвэр,  магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 276 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хороо, Хангамж АОС-14 тоот 400 мкв газрыг Ш.Б-т эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Ийнхүү Ш.Б-т тухайн газрыг эзэмших эрх үүссэний дараа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу дээрх газрыг Нийслэлийн Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр А/478 дугаар захирамжаар өмчлөх эрхтэй болсон хууль ёсны өмчлөгч байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Л.Ө “2010 онд хур хог бүхий, хүн амьдрах боломжгүй газарт буусан, уг газраа хуулийн дагуу баталгаажуулж авахаар удаа дараа өргөдөл гаргасан боловч шийдвэрлээгүй” гэж маргаж байгаа болов ч гуравдагч этгээдэд газар эзэмших эрх нэхэмжлэгчээс түрүүлж үүссэн байх тул  маргаан бүхий захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдөөгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Баянзүрх дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан гэрч Ц.Отгонбямбын “2008 онд Ш.Б хүсэлт гаргасны дагуу тухайн газар дээр очиж үзэн ... холбогдох материалыг бүрдүүлсэн” гэх мэдүүлгээр “... газар эзэмших хүсэлтээ өгсөн гэдэг байдал тогтоогдоогүй” гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үгүйсгэгдэж байхаас гадна Ш.Б-т эзэмшүүлж, өмчлүүлсэн нэгж талбарын 18651309658337 дугаар бүхий газар нэхэмжлэгчээс маргаж буй газартай давхцалтайн улмаас маргаан үүссэн байхад тухайн газрын хаяг өөр, байршил тодорхойгүй гэж үзэх боломжгүй байх тул хяналтын гомдлын энэ хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0312 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН