Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар   2024/ШЦТ/61

 

 

 

 

2024         01        18                                     2024/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Ц.Ганцэцэг, шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хохирогч Т.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

      Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д  зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн Г.З холбогдох эрүүгийн “2303 00707 0581” дугаартай, 186/2024/0059/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Монгол Улсын иргэн, ххх  тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Г.З,

           Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Г.З нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 22 цаг 27 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 30 дугаар гудамж, “Тансагхан-Од” нэртэй дэлгүүрийн зүүн талын шороон зам дээр “Kia Bongo Frontier” маркийн 46-38 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “...Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...”, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон үед хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно...”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.5-д заасан “...Зогсоолын тоормос доор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон...”, 14.6-д заасан “...Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө...” гэх заалтуудыг тус тус зөрчин хойд тэнхлэгийн ажлын тоормос болон зогсоолын тоормос ажиллахгүй бүрэн бус тээврийн хэрэгслийг уруу газарт асаалттай орхиж явсаны улмаас уг тээврийн хэрэгсэл нь уруу газарт гулгаж, явган зорчигч болох Т.Дийг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч  нараас мэдүүлсэн мэдүүлэг:

 

    1.1.Шүүгдэгч Г.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..хамгийн эхлээд хохирогчоос уучлалт гуйя. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

          1.2. Хохирогч Т.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..тэр өдөр найзындаа юм хүргэж өгөх гээд очсон чинь эзгүй байсан. Тэгээд баруун талынх нь замаар дэлгүүрийн хажуугаар уруудаад явж байсан. Энэ машиныг дэлгүүрийн гадаа байж байхыг харсан. Тэгээд хажуугаар нь яваад 10 метр газар явсан нь уу, үгүй юу л араас ирээд мөргөчихсөн. Машин дээгүүр гарахыг нь мэдсэн. Тэгээд л эмнэлэгт сэрсэн. Өөр мэдэх юм байхгүй байна. Хохирол төлбөр төлөгдсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлнэ гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

           2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Дын:..би тухайн өдрийн 22 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байх найзындаа юм хүргэж өгөхөөр явж байсан бөгөөд найз гэртээ байхгүй болохоор нь гудмаар нь уруудаад хойноос урагш чиглэлтэй алхаж явсан. Тэр үед замын баруун талд дэлгүүрийн гадна том бензиний автомашин зогсож байсан. Би тэр машины хажуугаар гараад алхаад явж байхад гэнэт миний араас юм мөргөх шиг болоод би газар унахад миний дээгүүр зогсож байсан автомашин гараад урд хашаа мөргөөд зогссон. Ослын дараа би юу болсныг санахгүй байна, хэвтрийн дэглэмтэй босож чадахгүй эмнэлэгт хэвтэж байна. Жолоочид гомдолтой, өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,

          2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч С.А:...би тухайн өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-8-157 тоот гэртээ байсан. Орой 22 цагийн орчим гадаа хүчтэй чанга чимээ гарахаар нь би гэрээсээ гараад харахад манай хашааны хойд хэсгийг түлшний автомашин мөргөөд нойл хэсгийг давхар мөргөөд зогссон байсан, хашааны гадна тэр автомашины хойно нь нэг эмэгтэй ёолоод хэвтэж байсан, машин нь жолоочгүй байсан, жолооч нь гээд 40 орчим насны намхан эрэгтэй хүн байсан. Хашааны хойд банзнууд хугарсан, манай нойл нурж унасан байгаа. Би хашаа болон нойлын эвдрэлд үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй, жолооч талаас хашааг барьж, нойл янзалж өгсөн гэх мэдүүлэг. /хх-ний 26 дугаар тал/,

           2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч /ЭМДЕГ/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /ЭМДЕГ/ Д.Гн:..дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.Д нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд ЭМД-ын сангаас нийт 168.000 төгрөгийн зардал гарсан тул яллагдагчаас гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,

           2.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13027 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

           1. Т.Дын биед умдаг, ясны доод салаа их бие, ацетабул дайрсан хугарал ууцны S1, S2, S4, S5-р нугаламын их бие, зүүн латериал масс дайрсан хугарал /олон яс уулзах үе/, S3-р нугалам S3/S4-р нугалам хоорондын үеэр ургаш гулссан, бүсэлхий L4, L5-р нугаламын арын сэртэн, зүүн хөндлөн сэртэн, аарцаг ясны хугарал, хэвлийн урд доод цавь руу үргэлжилсэн ил шарх, хэвлийн зүүн талаар зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр дарах, шахах механизмаар үүснэ.

           3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

           5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт. /хх-ийн 48-49 дүгээр тал/,

           2.5. Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн: “...2-р тэнхлэг дэх дугуйн тоормосны хүч зүүн талдаа 4,1 кН, баруун талдаа З.бкН, зөрүү нь 12 % /стандарт-30%/ автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй...хойд тэнхлэгийн ажлын тоормос болон зогсоолын тоормос ажиллахгүй байна гэх 999991 дугаартай дүгнэлт. /хх-ийн 55-61 дүгээр тал/,

           2.6. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэлийн 2023.11.29-ний өдрийн 1327 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 64 дүгээр тал/,               

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

         3.1. Улсын яллагч хавтаст хэргээс:..102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-12 дугаар тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, Т.Дын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 19 дүгээр тал/, хохирогчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч С.А мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Д.Г мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13027 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 47-49 дүгээр тал/, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 999991 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-61 дүгээр тал/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэлийн 2023. Оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1327 дугаартай “мөрдөгчийн лавлагаа” /хавтаст хэргийн 64 дүгээр тал/, яллагдагч Г.Зн мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дугаар тал/, яллагдагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр тал/, яллагдагчийн эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дүгээр тал/, яллагдагчийн оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар тал/, яллагдагчийн жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

3.2  Шүүгдэгч өмгөөлөгч хавтаст хэргээс:...хавтаст хэргээс 26 дугаар тал, 32 дугаар тал, 36-41 дүгээр тал, 44 дүгээр тал, 76 дугаар тал, 85-106 дугаар тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

3.3. Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

          Гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

      Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч Г.З нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 22 цаг 27 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 30 дугаар гудамж, “Тансагхан-Од” нэртэй дэлгүүрийн зүүн талын шороон зам дээр “Kia Bongo Frontier” маркийн 46-38 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “...Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...”, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон үед хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно...”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.5-д заасан “...Зогсоолын тоормос доор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон...”, 14.6-д заасан “...Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө...” гэх заалтуудыг тус тус зөрчин хойд тэнхлэгийн ажлын тоормос болон зогсоолын тоормос ажиллахгүй бүрэн бус тээврийн хэрэгслийг уруу газарт асаалттай орхиж явсаны улмаас уг тээврийн хэрэгсэл нь уруу газарт гулгаж, явган зорчигч болох Т.Дийг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            - хохирогч Т.Дын:..би тухайн өдрийн 22 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байх найзындаа юм хүргэж өгөхөөр явж байсан бөгөөд найз гэртээ байхгүй болохоор нь гудмаар нь уруудаад хойноос урагш чиглэлтэй алхаж явсан. Тэр үед замын баруун талд дэлгүүрийн гадна том бензиний автомашин зогсож байсан. Би тэр машины хажуугаар гараад алхаад явж байхад гэнэт миний араас юм мөргөх шиг болоод би газар унахад миний дээгүүр зогсож байсан автомашин гараад урд хашаа мөргөөд зогссон. Ослын дараа би юу болсныг санахгүй байна, хэвтрийн дэглэмтэй босож чадахгүй эмнэлэгт хэвтэж байна. Жолоочид гомдолтой, өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,

          -  иргэний нэхэмжлэгч С.Ан:...би тухайн өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын А-8-157 тоот гэртээ байсан. Орой 22 цагийн орчим гадаа хүчтэй чанга чимээ гарахаар нь би гэрээсээ гараад харахад манай хашааны хойд хэсгийг түлшний автомашин мөргөөд нойл хэсгийг давхар мөргөөд зогссон байсан, хашааны гадна тэр автомашины хойно нь нэг эмэгтэй ёолоод хэвтэж байсан, машин нь жолоочгүй байсан, жолооч нь гээд 40 орчим насны намхан эрэгтэй хүн байсан. Хашааны хойд банзнууд хугарсан, манай нойл нурж унасан байгаа. Би хашаа болон нойлын эвдрэлд үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй, жолооч талаас хашааг барьж, нойл янзалж өгсөн гэх мэдүүлэг. /хх-ний 26 дугаар тал/,

         - иргэний нэхэмжлэгч /ЭМДЕГ/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /ЭМДЕГ/ Д.Г:..дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.Д нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд ЭМД-ын сангаас нийт 168.000 төгрөгийн зардал гарсан тул яллагдагчаас гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,

        - Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13027 дугаартай шинжээчийн дүгнэлт,

        - Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн: “...2-р тэнхлэг дэх дугуйн тоормосны хүч зүүн талдаа 4,1 кН, баруун талдаа З.бкН, зөрүү нь 12 % /стандарт-30%/ автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй...хойд тэнхлэгийн ажлын тоормос болон зогсоолын тоормос ажиллахгүй байна гэх 999991 дугаартай дүгнэлт. /хх-ийн 55-61 дүгээр тал/,

        - Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэлийн 2023.11.29-ний өдрийн 1327 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 64 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Г.Зн гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

       Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.З нь замын хөдөлгөөнд оролцохдоо   Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ажлын тоормосны систем ажиллахгүй болсон үед хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно, зогсоолын тоормос доор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон, жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэснийг  зөрчиж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж  чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хүний биед хүнд хохирол учруулсан  гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байна. 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Зг  “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Д 16.300.000 төгрөгний хохирол учирч түүнийг нотлох баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч хүлээн  зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлж байх тул шүүгдэгчээс 16.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Д олгох, хохирогч  нь  цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гн  нэхэмжилсэн 168.000 төгрөгийг шүүгдэгч шүүхийн шатанд төлж барагдуулсан болохыг тус тус дурдаж  шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Г.Зд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын  хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож  түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарлав.

Шүүхээс хохирогч Т.Дыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон  эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ .

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Г.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заасан “Автотээврийн  хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч Г.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/ нэг/ жил  6  /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Г.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож  түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй  бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

           6. Шүүгдэгч Г.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  нэхэмжилсэн 168.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан болохыг  тус тус дурдсугай.

           7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505  дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Згаас 16.300.000 /арван зургаан мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Дд олгосугай.

            8. Хохирогч Т.Д нь цаашид гарах эмчилгээний  зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж  жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

           10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг тү.дгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч                  Т.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ