Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/53

 

                                                                 

  2024        01         09                                       2024/ШЦТ/53

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч З.Хүслэн,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 00000 3907 эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ......................... 3 курсын оюутан, ам бүл 3, эх, эгчийн хамт Баян-Өлгий аймгийн ............................... газар оршин суух хаягтай боловч Нийслэлийн Баянгол дүүргийн ..........................тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 У овогт Ж.Е /РД:.......................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны шөнийн 22 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн урд явган хүний гарцын орчимд хохирогч Ч.Атэй "Явган хүний гарц дээр машинаа тавилаа" гэх шаардлагын улмаас маргалдан улмаар хохирогчийн нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь буйл, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, 1 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.    

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Агийн өгсөн:  "...Би 2023 оны 11 дүгээр сарын 13-ны 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр сургуулийн явган хүний гарцаар гарч байхад хар өнгөтэй Приус-30 маркийн ....... УНҮ улсын дугаартай автомашин явган хүний зам дээр зогсож байсан. Тэгээд би тухайн автомашин дээр очоод “явган хүний замаас холдооч ээ” гэхэд жолоо талдаа сууж байсан хүн надад "танд ямар хамаатай юм бэ зайл" гэсэн. Тэгээд намайг “юу яриад байгаа юм бэ” гэхэд бууж цохисон. Урд талын үүдэн шүд унасан, нэг шүд хөдөлсөн. Энэ шүднүүдийг эмчлүүлж имплант суулгахад зардал 3,250,000 төгрөг болно гэсэн тодорхойлолтыг шүдний эмнэлгээс хийж өгсөн. Энэ зардлыг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 8, 11 дэх тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14457 дугаартай "...Ч.Агийн биед буйл, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна..." гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны шөнийн 22 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн урд явган хүний гарцын орчимд хохирогч Ч.Атэй "Явган хүний гарц дээр машинаа тавилаа" гэх шаардлагын улмаас маргалдан улмаар хохирогчийн нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь буйл, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, 1 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны шөнийн 22 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн урд явган хүний гарцын орчимд хохирогч Ч.Атэй "Явган хүний гарц дээр машинаа тавилаа" гэх шаардлагын улмаас маргалдан улмаар хохирогчийн нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь буйл, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, 1 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны шөнийн 22 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн урд явган хүний гарцын орчимд хохирогч Ч.Атэй "Явган хүний гарц дээр машинаа тавилаа" гэх шаардлагын улмаас маргалдан улмаар хохирогчийн нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь буйл, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, 1 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Агийн өгсөн: “...юу яриад байгаа юм бэ гэхэд цохисон. Урд талын үүдэн шүд унасан, хиймэл шүдний бутраад унасан, нэг шүд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14457 дугаар дүгнэлт /хх-ийн 16-17 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ад учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах” гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогч Ч.Ад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.

            Хохирогч Ч.А нь баримтаар 3,250,000 төгрөг нэхэмжилснийг төлсөн болох нь шүүгдэгч *******оос гаргаж өгсөн Хаан банкны шилжүүлэг хийсэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй” гэх дүгнэлтийг гаргасан. 

Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА