| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/01559/И |
| Дугаар | 183/ШШ2020/01659 |
| Огноо | 2020-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2020/01659
2020 06 17 183/ШШ2020/01659
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Д хүсэлтээр 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 4.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусахад Г.Д нь үндсэн зээл болох 4.000.000 төгрөгийг буцаан төлөөгүй бөгөөд түүнийг зээлээ төлөхийг удаа дараа шаардахад удахгүй төлнө гэсээх өнөөдрийг хүрсэн. Иймд Г.Дээс 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Б нэхэмжлэлтэй, Г.Дэд холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Н.Б, Г.Д нар 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Зээлийн гэрээ”-г аман хэлбэрээр байгуулан, зээлдүүлэгч Н.Б нь 4.000.000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдэгч Г.Дэд зээлдүүлэхээр тохиролцож, зээлдүүлэгч Н.Б нь 4.000.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч Г.Дэд шилжүүлсэн, зээлдэгч нь 4.000.000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Г.Дийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Өргөдөл гаргах нь” гэсэн баримт, Хаан банкны харилцагчийн дансны хуулга зэрэг баримтаар нотлогджээ.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.000.000 төгрөгийг хариуцагч Г.Дээс гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс хариуцагч Г.Дэд нэхэмжлэлийн хувийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
Түүнчлэн шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Дээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Баас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дээс улсын тэмдэгтийн хураамжид 78.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД