Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/01660

 


 

2020            06             17                                                183/ШШ2020/01660

                              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Ө н х у” ХЗХ-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.И холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.103.483 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч Д.И, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. “Ө н х у” ХЗХ нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр Д.И 3.850.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.2 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба зээлдэгч Д.И нь зээл, түүний хүү 4.447.651 төгрөгийг төлөх үүрэгтэй юм. Гэвч Д.И нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, олон сараар хугацаа хэтрүүлж, 1.634.691 төгрөгийг буцаан төлж, үндсэн зээл, хүүгийн үлдэгдэл 2.812.960 төгрөг, алданги 290.523 төгрөг, нийт 3.103.483 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байх тул гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа. Миний бие “Ө н х у” ХЗХ-оос 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 3.850.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.2 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу зээл, хүүгийн үлдэгдэл 2.812.960 төгрөг, алданги 290.523 төгрөгийг төлөөгүй талаар маргах зүйлгүй. Миний хувьд төлбөрийн чадваргүй байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Ө н х у” ХЗХ-ийн нэхэмжлэлтэй, Д.Ит холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.103.483 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

“Ө н х у” ХЗХ, Д.И нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2015/25 дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “Ө н х у” ХЗХ нь 3.850.000 төгрөгийг нэг сарын 1.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдэгч Д.Ит зээлдүүлэхээр тохиролцож, зээлдүүлэгч нь 3.850.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээл, түүний хүүд 2.812.960 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээл эргэн төлөлт гэсэн баримтаар нотлогджээ.  

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.812.960 төгрөгийг хариуцагч Д.Иоос гаргуулан нэхэмжлэгч “Ө н х у” ХЗХ-д олгох нь зүйтэй байна.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.5-д “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 2.812.960 төгрөгийн 0.3 хувиар алданги тооцон 290.523 төгрөгийг хариуцагч Д.Иоос гаргуулан нэхэмжлэгч “Ө н х у” ХЗХ-д олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Иоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.103.483 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ө н х у” ХЗХ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө н х у” ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 64.606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Иоос улсын тэмдэгтийн хураамжид 64.606 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Ж.СЭМЖИД