Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 10

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Б.Батдорж нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Усныхан овогт Батаагийн Батдоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн 201721010009 дугаартай Эрүүгийн хэргийг 2017 оны 02 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, 1975 оны 11 сарын 01-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 42 настай, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, Шонхорын хүлэг транс ХХК-ний жолооч ажилтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, РД:ПБ75110197 Усныхан овогт Батаагийн Батдорж

     Холбогдсон хэргийн талаар: 2017 оны 01 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт 58-43 ХОҮ улсын дугаартай Норд бенз маркийн машинаар нүүрс тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж Мон-Эн Ко ХХК-ний эзэмшлийн машинд 13.255.000 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг  тал бүрээс нь бүрэн бодиттой шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Батдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 сарын 04-ний өдөр Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэж яваад Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт машинтайгаа осолд орсон. Энэ хэргээ өөрийн хариуцлагагүй байдлаас болсон гэж бодож байна. Осол болсноос хойш машин тэргээ өөрийн зардлаар бүрэн засаж компаний хохиролыг бүрэн барагдуулсан. Одоо компаний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч Л.Ганбатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ”Тухайн осолдсон гэх авто машин манай компаний эзэмшлийн машин, манай компани нь тусгай гэрээний дагуу Шонхорын хүлэг компанид түрээсээр ажиллуулж байнаа.....Жолооч Б.Батдоржид ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн хохирлын асуудлаар гэрээт даатгалын байгууллагад хохирлын хэмжээгээ гаргаж өгсөн. Тухайн асуудлыг Шонхорын хүлэг компанитай байгуулсан гэрээнийхээ дагуу шийдвэрлэнэ. Цагдаагийн байгууллагаар дамжуулан хохирол гаргуулах шаардлагагүй” гэх мэдүүлэг,

                  Гэрч Б.Цогбадрахын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 01 сарын 04-ний би өдөр 58-43 ХОҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, намайг шалгах үед жолооны механизм хэвийн ажиллаж байсан, ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Ямар шалтгааны улмаас осолдсон талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

 Зам тээврийн ослын талаар шинжээч Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн а/д Н.Төмөрхуягийн 2017 оны 01 сарын 26-ны өдөр гаргасан зам тээврийн ослын дүгнэлтэд:

1. Жолооч Б.Батдорж 58-43 ХОҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

2. 58-43 ХОҮ улсын дугаартай Норд бенз маркийн автомашин жолоодож явсан Б.Батдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн.

3. Зам тээврийн осол гарсан шалтгаан нь жолооч Б.Батдорж зам орчны байдлыг бүрэн судалж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоогүйн улмаас самбаачлах хугацааг ашиглаж чадаагүй нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нь болсон байна” гэх дүгнэлт,

           - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл

            - Гэрэл зургийн үзүүлэлтүүд

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

- Ашид билгүүн ХХК-ны автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан зэрэг  болно.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн , энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Батдорж нь 2017 оны 01 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт 58-43 ХОҮ улсын дугаартай Норд бенз маркийн машинаар нүүрс тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж Мон-Эн Ко ХХК-ний эзэмшлийн машинд 13.255.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн хохирогч Л.Ганбат, гэрч Б.Цогбадрах нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоогдсон акт, Ашид билгүүн ХХК-ны автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.Батдоржийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Батдоржийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний нэхэмжлэгч  Мо Эн Ко ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат нь манай компанид учирсан хохирлын асуудлаар ямар нэгэн гомдол санал байхгүй тул Б.Батдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн байна.

  Шүүгдэгч Б.Батдоржийн холбогдсон Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “ Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хохирогч-иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй болсон байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Б.Батдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Батдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Усныхан овогт Батаагийн Батдорж нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Б.Батдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Б.Батдорж нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, ПБ75110197 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч Б.Батдоржид буцаан олгосугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Б.Батдоржид оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.