Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 110/ШШ2019/0078

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй;

Гуравдагч этгээд: Н ХХК, М ХХК, К ХХК-ийн бие даасан шаардлагатай;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдох;

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Г ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй, гэрээ байгуулахгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийн дагуу Г ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагатай;

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажил БСШУСЯ/201902176 дугаартай тендерийн баримт бичиг болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4в гэсэн хэсгийн 2 дахь заалт хууль бус байсан болох, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд барилга угсралт 2.1.3 буюу БА-3.1 гэсэн заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шаардаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож, Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар дүгнэлт, Үнэлгээний хорооны мөн өдрийн Н ХХК, М ХХК, К ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерүүдээс татгалзсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, уг 3 компаниас хамгийн сайн үнэлэгдэх тендер ирүүлсэн оролцогчийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид даалгах, эсхүл Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажил БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтыг дахин явуулахыг аймгийн Засаг даргад даалгах бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Худайберген, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жанибек,гуравдагч этгээд Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бейсенбай, М ХХК-ийн захирал Р.Гажайв, К ХХК-ийн захирал Х.М, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Худайберген шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БСШУСЯ/201902176 дугаартай ажил гүйцэтгэх тендерийг хуулийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цахимаар зарласан. Манай компани нь тус тендерт оролцохоор холбогдох материал, үнийн саналаа заасан хугацаанд хүргүүлсэн. Үнэлгээний хороо нээлтийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хийж, дээрх ажлыг гүйцэтгэхээр М ХХК, Н ХХК, К ХХК, Г ХХК-ууд санал ирүүлснээс Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр манай Г ХХК-ийг шалгаруулж, 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/242 дугаартай албан бичгээр захиалагчид мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл захиалагч болох Баян-Өлгий аймгийн Засаг дарга аймгийн Орон нутгийн өмчийн газарт 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 2-01/985 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтыг үндэслэн Г ХХК нь 2018 онд болон өмнөх онуудад гүйцэтгэсэн Улаанхус сумын Хөх хөтөл багийн сургуулийн дотуур байр чанаргүй баригдсан, Дэлүүн сумын сургуулийн дотуур байрны барилга барих ажлыг гүйцэтгэхэд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Г ХХК-д гэрээ хийх боломжгүй гэсэн хариу ирүүлжээ. Хуулийн дээрх зүйл нь захиалагч Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, ямар нэгэн зөрчил илэрсэн бол түүнийг арилгуулахтай холбоотой эрхийг зохицуулсан заалт бөгөөд дээрх үндэслэлээр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл болохгүй.

 

Манай компани нь 2015 онд Улаанхус сумын Хөх хөтөл багийн сургуулийн дотуур байрны, 2018 онд Дэлүүн сумын сургуулийн дотуур байрны барилгуудыг тус тус барьж гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэж өгсөн. Эдгээр барилга байгууламжуудыг зохих шаардлагын хэмжээнд барьж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд захиалагч талаас ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Тухайн барилгуудыг чанаргүй хийсэн гэсэн мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гараагүй учраас бид нар хүлээн зөвшөөрөхгүй. Үнэлгээний хороо нь захиалагчаас өгсөн захиалгын дагуу сонгон шалгаруулалт явуулж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд манай компанийг шалгаруулсан ба Үнэлгээний хорооны дүгнэлт хүчин төгөлдөр байна. Захиалагч болох аймгийн Засаг даргын зүгээс хууль бус үндэслэл зааж гэрээ байгуулахаас татгалзаж, мэдэгдэл ирүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

 

Тендерийн өгөгдөлд БА-3.1 гэсэн тусгай зөвшөөрлийг шаардаагүй. Гэхдээ Г ХХК, Л ХХК, ЗХХК-ууд хамтарч орсон учраас ЗХХК нь БА-3.1 буюу дунд төвөгшлийн барилга барих тусгай зөвшөөрөлтэй. Нэгэнт Үнэлгээний хорооноос тендерийн өгөгдөлд дээрх тусгай зөвшөөрлийг шардаагүй учраас тусдаа гаргаж өгөөгүй.Бие даасан шаардлага гаргасан Н ХХК, М ХХК, К ХХК-уудын шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Г ХХК-д мэдэгдэл хүргүүлж, гэрээ байгуулахгүй байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож БСШУСЯ/201902176 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу Г ХХК-д мэдэгдэл хүргүүлж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Г ХХК нь Өлгий сумын 250 ортой 1 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын тендер шалгаруулалтад оролцсон. Үнэлгээний хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтыг үндэслээд хамгийн сайн үнэлгээ авсан Г ХХК шалгарсан болохыг мэдэгдэж, Засаг даргад гэрээ байгуулахыг мэдэгдлээр хүргүүлсэн байгаа. Аймгийн Засаг даргын өмнөөс Засаг даргын орлогч Ш.Л 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2-01/985 тоот албан бичгээр гэрээ байгуулахаас татгалзах тухай хариу өгсөн. Уг албан бичигт Г ХХК нь Улаанхус сумын Хөх хөтөл багийн сургуулийн дотуур байрны барилгыг чанаргүй барьсан, Дэлүүн сумын сургуулийн дотуур байрны барилгыг хугацаанд гүйцэтгээгүй гэсэн шалтгаанаар татгалзсан. Улаанхус сумын Хөх хөтөл багийн сургуулийн дотуур байрны барилгын ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай актаар хангалттай гэсэн үнэлгээгээр хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан байгаа. Дэлүүн сумын сургуулийн дотуур байрны барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулаад 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр комисст хүлээлгэн өгч байсан нь хавтас хэрэгт өгсөн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ийм учраас уг барилгуудыг чанаргүй гүйцэтгэсэн, хугацаандаа гүйцэтгээгүй гэдэг асуудал уг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Үнэлгээний хороо тендерт оролцогчдод тэгш хандаж, бүх тендерийн материалыг судлан үзэж, тендер шалгаруулалтыг өгөгдлийн хүснэгтээр шалгаруулсан.Үнэлгээний хороо К ХХК-ийг шалгаруулаагүй шалтгаан нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.2(б)-д заасан сүүлийн 4 жилийн санхүүгийн тайланг ирүүлээгүй учраас тендерээс татгалзсан. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар К ХХК сүүлийн 4 жилийн санхүүгийн тайлангаа бичгээр ирүүлээгүй нь тогтоогдож байна. Мөн тухайн компанийн ерөнхий инженерээр томилогдсон хүний диплом хуурамч гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон учраас К ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзах үндэслэл болж байгаа.

 

М ХХК-ийг дараах үндэслэлүүдээр татгалзсан. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3 (б)-д Сүүлийн 4 жилийн аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй нэг ажил хийсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл үнийн саналын 50 хувь нь 950.0 сая байх ёстой боловч хамгийн их хийсэн ажил нь 940.8 сая төгрөг гарч байгаа. Мөн М ХХК-ийн ерөнхий инженер Б.Тилекийн диплом нь хуурамч гэдэг нь тогтоогдсон байна. Тийм учраас М ХХК-ийг сонгон шалгаруулах үндэслэл байхгүй.

 

Н ХХК-ийн хувьд дараах шаардлагуудыг хангаагүй гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргасан. Үүнд: Ерөнхий инженер О.Бейсенбай, цахилгааны инженер Х.Ханат нар дуусаагүй байгаа Өлгий сумын 4 дүгээр багийн 50 хүүхдийн цэцэрлэгийн ажилд давхардсан нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.2 дахь заалт, мөн зааварчилгааны 6.3 (б)-д заасан сүүлийн 4 жилийн аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй нэг ажил хийсэн байх гэсэн шалгуурыг мөн адилхан хангаагүй. 2015 онд 1,2 тэрбум төгрөгөөр Х.Саясат гэдэг хүний зоорины давхартай, 2 давхар худалдаа үйлчилгээний барилгын ажлыг хийж, уг ажлыг улсын комисст хүлээлгэж өгсөн актад байгаа Н.Ты гарын үсэг хуурамч болох нь тогтоогдсон. Үүнийг цагдаагийн байгууллагад Н.Т өөрөө гомдол гаргаж шалгуулахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4 дэх хэсэгт зааснаар Үнэлгээний хорооны татгалзал нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

Гуравдагч этгээд Н ХХК, М ХХК, К ХХК-ууд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

 

Аймгийн Орон нутгийн өмчийн газраас Өлгий сумд баригдах 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендерийг 2019.05.10-ны өдөр зарлаж, 2019.06.10-ны өдөр тендерийн нээлт хийхээр төлөвлөсөн байсан. Гэтэл Үнэлгээний хороо хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бусаар ажиллаж, тухайн тендерийн шалгуур үзүүлэлтийг дураараа өөрчилж, зөвхөн Г ХХК-д тааруулсныг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19.2-д заасан шаардлагыг хангаагүй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан тендерт оролцогч компаниудын гомдлыг шалгаж, уг тендерийг хүчингүй болгуулж байсан. Гэтэл тус тендерийг 2019.06.10-ны өдөр дахин зарлахдаа ч гэсэн хэд хэдэн хууль, холбогдох стандарт, журмуудыг зөрчиж зарласнаас гадна албаар 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улсын баяр наадмын амралтын өдрүүдтэй давхцуулан нээсэн. Тухайлбал,

 

1. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд ТОӨЗ 4.4 в гэсэн шаардлагад тусгай зөвшөөрлийн ажилбарт заавал тавигдах ёстой шаардлага болох БА-3.1 гэсэн ажилбарын тусгай зөвшөөрлийг шаардаагүй нь хууль бус бөгөөд "Г" ХХК-д зориулж зассан байсан. Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар ...дунд төвөгшлийн... ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ гэж заасан.Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаартай тушаалын хавсралтаар баталсан "Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм"-ийн 3-т зааснаар сургуулийн өмнөх боловсролын барилга байгууламжийг "дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламжид" хамааруулсан байгаа юм. Энэхүү дунд төвөгшилтэй барилгын ажлыг БА-3.1 төрлийн /ажилбарын/ тусгай зөвшөөрөлтэй барилгын компаниар гүйцэтгүүлэх ёстой гэдгийг суурь нөхцөл, шаардлага болгодог юм. Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан барилгын төвөгшлийн ангиллыг мөн зүйлийн 10.2-т зааснаар барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн барилгын ажлын төрөлтэй уялдуулан тогтооно гэж заасан ба Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаартай тушаалын хавсралтаар баталсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих" журмын "Хоёр"-ын 3-т дунд төвөгшилтэй цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон ирж бүрэн цутгамал бүтээцэн барилга барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажилд БА-3.1 ангиллын тусгай зөвшөөрөлтэй, 2 барилгын инженертэй, түүний аль нэг нь барилга байгууламжийн угсралт, засварын мэргэшсэн зэрэгтэй байх, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан 1 байх ёстой гэсэн шаардлага тавигдсан байсан. Гэтэл энэхүү тендерт хамгийн гол тавигдах ёстой энэхүү шаардлагыг зөрчиж зарласан тул тухайн тендер нь хууль бус байна. Иймээс тухайн тендерийг хүчингүй болгох талаар шаардлага гаргаж байна.

 

2.Г ХХК нь дунд зэргийн төвөгшилтэй барилгын ангилалд багтдаг сургуулийн өмнөх боловсролын барилга байгууламжийг барих тусгай зөвшөөрөлгүй байхад түүнийг хууль бусаар гүйцэтгэгчээр сонгож дүгнэлт гаргасан. Дээрээс нь тендерт оролцогч "Н" ХХК, "М" ХХК, "К" ХХК-ууд биднийг ямар учраас тендерээс хасагдсан шалтгааныг одоо хүртэл мэдэгдээгүй. Холбогдох шаардлагыг хангахгүй байгаа Г ХХК-ийг ямар үзүүлэлтээр гүйцэтгэгчээр шалгаруулсан нь учир битүүлэг болсон. Манай "Н" ХХК, "М" ХХК, "К" ХХК-ууд энэхүү барилгыг барих шаардлагыг бүгдийг нь хангаж байхад шаардлага хангаагүй, тусгай зөвшөөрөлгүй компаниар хүүхдийн цэцэрлэгийг бариулах гэж байгаа нь хууль бус. Тусгай зөвшөөрөлгүй компаниар хүүхдийн цэцэрлэг бариулах нь олон хүүхдийн амь насыг эрсдэлд оруулж байгаа Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохоос гадна манай компанийг үндэслэлгүйгээр шалгаруулаагүйгээс болж компанийн эрх ашгийг хөндөж байна.

 

3.Тендерийг хуулийн хугацаанд дүгнээгүй, хугацааг 15 хоногоор сунгаж тендерийн хүчинтэй байх хугацаа 2019.08.24-ний өдөр дуусгавар болсон. Тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан боловч Үнэлгээний хороо нь тендерт шалгарсан компани болон шалгараагүй оролцогч компаниудад тендерийн мэдэгдлийг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй, тендерийн үнэлгээний үр дүнг тайлагнаагүй. Энэ нь хуулийг ноцтой зөрчсөн юм. Энэ талаар Орон нутгийн өмчийн газар болон Үнэлгээний хороонд удаа дараа гомдол гарган мэдэгдсэн боловч гаргасан гомдолд хариу өгөөгүй, Үнэлгээний хорооны шийдвэр, тендерийн мэдэгдэл гаргаж өгөөгүй. Захиалагч аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт бид энэ асуудлаар гомдол гаргасан учраас Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулахаас татгалзаж байсан тул бид тухайн үед шүүхэд хандаагүй байсан. Гэтэл Г ХХК нь захиалагчийг шүүхэд өгч, гэрээ байгуулахыг даалгах талаар шаардлага гаргасан байна. Хэрэв шүүхээс энэхүү шаардлагыг нь хангаж шийдвэрлэх юм бол тухайн тендерийг дахин зарлахгүй бөгөөд тухайн тендерт оролцогч байгууллагуудын эрх ашиг зөрчигдөхөөр байна.

 

Үнэлгээний хороо нь хууль бусаар тендер зарлаж, Г ХХК-ийг хууль бус шалгаруулсан тул тендерт оролцогч компаниуд болох "Н" ХХК, "М" ХХК, "К" ХХК-ууд бидний тухайн тендерт шударгаар өрсөлдөх, тухайн тендерийг гүйцэтгэгчээр сонгон шалгарах, компанийн дүрмийн зорилго биелүүлж ашиг олох зэрэг хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзээд тус хэрэгт энэхүү бие даасан шаардлага гаргаж байна.

 

1. БСШУСЯ/201902176 дугаартай тендерийн бичиг баримт болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4. "в"-гийн 2-т заасан "2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил" гэсэн тусгай зөвшөөрлийн ажилбар тавьж, 2.1.3 буюу БА-3.1 "Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил" гэсэн тусгай зөвшөөрлийн ажилбарыг шаардаагүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох;

 

2. БСШУСЯ/201902176 дугаартай тендерийн гүйцэтгэгчээр "Г" ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны "2019 оны 05 дугаар сарын 10"-ны өдөр гэсэн огноотой №08 дугаартай дүгнэлтийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгох тухай;

 

3. Тендет оролцогч "Н" ХХК, "М" ХХК, "К" ХХК-уудын тендерийг шаардлага хангаагүй гэж татгалзсан Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулан, бидний хамгийн сайн үнэлэгдэх тендерийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид даалгах тухай;

 

4. Эсхүл БСШУСЯ/201902176 дугаартай тендерийг дахин зарлахыг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай нар нэхэмжлэл болон бие даасан шаардлагын талаар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Тус аймгийн Өлгий сумын 250 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Г ХХК шалгарч гэрээ байгуулах саналтай Үнэлгээний хорооны дүгнэлтийг аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр албан бичгээр ирүүлсэн. Үнэлгээний хорооны дүгнэлтийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил , үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтын дагуу хянаж үзээд Г ХХК-тай дараах үндэслэлээр гэрээ байгуулах боломжгүй гэж Орон нутгийн өмчийн газарт хариу хүргүүлсэн. Г ХХК нь Улаанхус сумын Хөх хөтөл багийн сургуулийн дотуур байрыг чанаргүй гүйцэтгэсэн, Дэлүүн сумын сургуулийн дотуур байрны барилгыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй зэрэг тус тус дутагдал илэрсэн гэж үзсэн. Үнэлгээний хороо дахин хуралдаж өмнөх дүгнэлт буюу шийдвэрийг хэвээр нь ирүүлсэн үед Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болатаас Г ХХК-тай холбоотой мэдээллүүдийг албан тоотоор ирүүлсэн. Тухайн албан тоотыг хавтас хэрэгт нотлох баримтаар өгсөн. Үүний дагуу Засаг дарга судалж үзэх шатандаа тухайн тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр гэрээ байгуулаагүй. Мөн Г ХХК захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Гомдлын дагуу захиргааны хэргийн шүүхээс аль нэг компанитай гэрээ байгуулахгүй талаар шийдвэр гаргасан. Тийм учраас өнөөдрийн байдлаар Засаг дарга ямар ч компанитай гэрээ байгуулаагүй. Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээж байгаа. Энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил учраас шаардлага хангасан аль нэг компанитай шийдвэрийн дагуу гэрээ байгуулж, улсын төсвөөс олгож байгаа мөнгийг хууль журмын дагуу ашиглаж, хүүхдүүдийн эрх ашгийг хөндөхгүйгээр цэцэрлэгийг бариулах хүсэлттэй байгаа. Тийм учраас захиргааны хэргийн шүүхээс аль нэг шаардлага хангаж байгаа компанид шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Үнэлгээний хороо, түүний нарийн бичгийн дарга бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жанибек нар гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагын талаар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын  БСШУСЯ/201902176 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зураг төсөв нь экспертизээс гараагүй байхад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хурдан зарлах үүрэг өгсөн учраас 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарласан. Гэвч барилгын зургийг архитектурын экспертиз батлаагүй учраас тус тендерийг хүчингүй болгож, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дахин зарласан.Дахин зарлахад өмнө нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан П проект ХХК болон Монголын барилгачдын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс ирүүлсэн гомдлуудыг харгалзан үзэж тендерийн баримт бичгийг боловсруулсан. Үүнд өмнө зарласан тендерийн баримт бичигт сүүлийн 1 жилийн /2018 он/ борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна гэж шаардлага тавьсан. Үүнийг сүүлийн 4 жилийн /2015, 2016, 2017, 2018 он/ аль нэг жилд борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна. Харин ижил төстэй ажилд нь сүүлийн 4 жилийн /2015, 2016, 2017, 2018 он/  аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй нэг ажил хийсэн байх өөрчилж зарласан.  Харин тендерийг дахин зарласнаас хойш Н ХХК 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар албан тоотоор Барилга, хот байгуулалтын яамны 2.2.3 тусгай зөвшөөрлийн заалтыг хасаж өгөхийг, Г ХХК 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 36/19 албан тоотоор Харилцаа холбооны зохицуулах хорооны гадна холбооны кабел шугамын угсралт,суурилуулалт,засвар гэсэн тусгай зөвшөөрлийн заалтыг тус тус хасаж өгөхийг хүссэн гомдлыг Үнэлгээний хороо хэлэлцэж, дээрх шаардлагуудыг хасаж, тендерийн бичиг баримтад тодруулга оруулсан. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 9.1-д заасны дагуу тодруулга авах эцсийн хугацаа тендер нээхээс өмнө хуанлийн 5 хоногоос багагүй байна гэсэн байгаа. 5 хоногоос өмнө  компаниудаас ирсэн бүх гомдол хүсэлтийг хүлээн авч, тодруулга оруулж байсан.Иймд тендерийн баримт бичигт ямар нэгэн өрсөлдөөнийг хязгаарласан заалт оруулж байгаагүй тул тендер нээхэд 4 компани оролцож байсан нь баталж өгч байгаа юм.          

 

Аливаа барилгын ажлын тендерийг зарлахад Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 заалтын дагуу тусгай зөвшөөрөл шаарддаг.Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдэд барилгын ажил гүйцэтгүүлэх боломжгүй учраас тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.4(в)-д тусгай зөвшөөрөл заавал шаардсан байгаа. Үнэлгээний хорооны зүгээс Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 89 дүгээр тушаалаар батлагдсан 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2, 1.2.1, 1.2.4, 1.2.5 гэсэн тусгай зөвшөөрөл шаардсан. Харин тус тусгай зөвшөөрлийн суурь шаардлагыг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан ба дээрх хоёр тушаалыг дүйцүүлэн Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 33 дугаар тушаал гарсан байдаг.

 

Тухайн нэхэмжлэлд Үнэлгээний хороо хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бусаар ажиллаж, тухайн тендерийн шалгуур үзүүлэлтийг дураараа өөрчилсөн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж хүчингүй болгож байсан гэсэн байна.Үнэлгээний хороо байгуулагдсаны дараа тендерийн баримт бичиг боловсруулж, тендерийг зарлахаас өмнө Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн маягт бөглөж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2, 47.3.3 заалтын дагуу тус тус ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд Үнэлгээний хорооноос шууд татгалздаг. Үнэлгээний хорооны зүгээс тендерийн баримт бичгийг боловсруулж, 2019 оны 05дугаар сарын 11-ний нээлттэй тендер шалгаруулалтын журмаар тендер зарласан өдрөөс тендер нээх хүртэл тендерийн баримт бичигт ямар нэгэн тодруулга оруулж, дураараа өөрчилж байгаагүй. Гагцхүү компаниудаас ирсэн гомдлыг хүлээн авч тодруулга оруулж байсан.Мөн тус тендерийг хүчингүй болгосон шалтгаан нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Засаг даргын 2-01/621 албан тоотоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас санал болгосон нэг маягийн зураг нь эдэлбэр газарт багтахгүй байгаа тул  давхрыг нь нэмэх байдлаар 250 ортой хүчин чадалд тохируулан худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохицуулна уу гэснийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж, тус тендерийг хүчингүй болгож байсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2/904 албан тоотоор хүчингүй болгоогүй, түр түдгэлзүүлсэн байсан. Харин Орон нутгийн өмчийн газраас 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/123 тоот албан тоотоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тус нээлттэй тендерийг хүчингүй болгосон шалтгааныг тайлбарлаж,түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр дахин зарлах тухай албан тоот хүргүүлсэн.Мөн тендерийг дахин зарлахдаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 189 албан тоотоор тус тендерийн ажлын даалгаврыг хүргүүлсэн. Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг дахин боловсруулж, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10 заалтын дагуу түлхүүр гардуулах нөхцөлтэй дахин зарлаж, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нээсэн.

 

Үнэлгээний хорооноос тухайн барилга 2 давхар барилга тул Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар дүйцүүлэн баталсан аргачлалын дагуу 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл) гэсэн тусгай зөвшөөрөл шаардсан. Тусгай зөвшөөрлийн БА-3.1 заалт болохоор дээрх дүйцүүлсэн аргачлалын дагуу 2.1.3. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын ажил (1-9 давхар хүртэл) Ган бүтээцэн барилгын ажил (фермийн алгасал нь 18 м, баганын өндөр нь 6 м хүртэл) гэж баталсан байдаг. Иймд сургуулийн өмнөх боловсролын стандартын дагуу 2 давхар барилга байх ёстой. Үүнийг үндэслээд 2.1.2. заалт буюу 1-5 давхар хүртэл барилга барих тусгай зөвшөөрлийг шаардсан. Оролцогч компаниуд үүнийг хүлээн зөвшөөрөөд тендерийн материал ирүүлсэн. Хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1 заалтын дагуу захиалагчид болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах бүрэн боломжтой байсан. Тухайн компаниуд БА-3.1 тусгай зөвшөөрлийн заалтыг оруулж өгөх тухай албан ёсоор гомдол гаргаагүй ба гаргасан бол Үнэлгээний хороо хүлээн авч тодруулга оруулах боломжтой байсан юм. Үнэлгээний хороо шийдвэр гаргахдаа оролцогч компаниудын тусгай зөвшөөрлийг шалгаж, бүх компанийн тусгай зөвшөөрлийг хангаж байгаа гэж үзсэн.

 

Дээрх нэхэмжлэгч гурван компани өөрсдийгөө барилга барих бүх шаардлагыг хангасан, тусгай зөвшөөрөлгүй Г ХХК-аар хүүхдийн цэцэрлэг бариулж, олон хүүхдийн амь насыг эрсдэлд оруулж байгаа гэсэн байна. Энэ нь огт ор үндэслэлгүй  бөгөөд Г ХХК  Барилга, хот байгуулалтын яамны №БУ42-572/16 тусгай зөвшөөрөлтэй, цэцэрлэг болон сургуулийн барилга барьж ашиглалтад оруулж байсан туршлагатай компани тул Үнэлгээний хороо хуралдаж,Г ХХК-ийг шалгаруулсан, дээрх гурван компанийн ямар хуурамч материал ирүүлсэн, ямар алдаа гаргасныг Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл дээр тодорхой бичсэн байгаа.

 

 Үнэлгээний хороо хуралдаж шийдвэр гаргахдаа хамгийн бага үнийн саналтай компаниас их үнийн саналтай (Н ХХК, М, Г ХХК, К ХХК) компаниуд жагсааж нэг бүрчлэн тендерийн баримт бичгийг шалгасан.

 

Хамгийн бага үнийн саналтай Н ХХК нь Х.Саясат гэдэг хүнтэй 1,2 тэрбум төгрөгөөр, 2015 онд 2 давхар худалдаа үйлчилгээний барилгын ажлын гэрээг хийсэн байсан. Харин тус барилгын Улсын комиссын актыг хуурамчаар ирүүлсэн. Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолд зааснаар комиссын бүх гишүүд актад гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалтын дагуу Үнэлгээний хороо уг комиссын актыг хүчингүй гэж үзсэн. Дээрх комиссын нарийн бичгийн дарга Н.Ты гарын үсэг байхгүй гэж үзсэн. Яагаад гэвэл тус гарын үсгийг хуурамчаар зурсан, Н.Т өөрийн гарын үсэг биш гэдгийг баталж хэлсэн, мөн Улсын комисс сондгой тоогоор бүрэлдэхүүнээ байгуулдаг бөгөөд тус комиссын акт нь найман хүний бүрэлдэхүүнтэй, тэгш тоогоор байгаа.

 

Мөн М ХХК-ийн ерөнхий инженер Б.Тилекийн талаар албан бичиг явуулахад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3/6942 албан тоотоор төгсөгчдийн мэдээлэлд Б.Тилекийн мэдээлэл байхгүй гэсэн хариу ирүүлсэн.  ШУТИС төгсөгчдийн мэдээллийн веб сайтаас Б.Тилекийн регистр дугаараар хайж үзэхэд мөн адилхан мэдээлэл байхгүй байсан тул хуурамч гэж үзсэн.ТОӨЗ 6.3 (б) заалтад сүүлийн 4 жилийн /2015, 2016, 2017, 2018 он/ аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй нэг ажил хийсэн байх гэсэн шаардлага тавьсан. М ХХК хийсэн ажлуудаа жагсаалтын дагуу ирүүлсэн. Хамгийн сүүлд Цэнгэл сумын Соёлын төвийн барилгын ажил нь 940,8 сая төгрөг байсан. Үнийн саналын 50 хувь нь 950,0 сая байх ёстой боловч хамгийн өндөр дүнтэй хийсэн ажил нь 940,8 сая төгрөг болж, үнийн саналын 50 хувьд хүрээгүй. Мөн уг ажил нь Агайын ХХК-тай хамтран хийсэн ажил байсан ба гэрээнд ямар нэг үнийн дүн байхгүй байсан. Жагсаалтад байсан үнийн дүнгээр авсан болохоос гэрээнд үнийн дүн бичээгүй нь бас учир дутагдалтай байсан.

 

К ХХК нь 1 997 269 538 төгрөгөөр үнийн санал ирүүлсэн. К ХХК-ийн ерөнхий инженер Х.Сержантын диплом нь хуурамч байсан.Мөн Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.2 (б)-д сүүлийн дөрвөн жилийн /2015, 2016, 2017, 2018/  санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг шаардсаны дагуу К ХХК материал ирүүлээгүй тул шаардлага хангаагүй гэж үзсэн.

 

Үнэлгээний хороо дөрвөн компанийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг үндэслээд үнэлгээний маягт дээр харьцуулж үзэж, шаардлага хангасан Г ХХК-ийг Үнэлгээний хорооны олонхын саналаар хуулийн хүрээнд шалгаруулсан. Иймд Үнэлгээний хороо ямар нэгэн хууль зөрчиж дүгнэлт гаргаагүй болно. Үнэлгээний хороонд аймгийн орлогч дарга эхнээсээ М ХХК-ийг шалгаруулах тухай удаа дараа шахалт үзүүлж байсан. М ХХК хуурамч материал ирүүлсэн учраас Үнэлгээний хороо хууль бус шийдвэр гаргахаас татгалзаж, Үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагчид хүргүүлсэн. Гэвч захиалагчийн хэлснээр болоогүй учраас тус тендерийн хүчинтэй хугацааг албаар дуусгаж, дахин зарлах хариу арга хэмжээ авсан. Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр тодорхой бичигдсэн байгаа. Захиалагчийн шаардаж байсан М ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 07-нд эхэлж, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгана гэсэн Буянт сумын халуун усны барилгын ажил одоо хүртэл дуусаагүй байгаа ба гэрээг хавсаргав.

 

Иймд 2019 оны 06 дугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.5 заалтын дагуу хүчинтэй хугацаа 30 хоног болж багассаныг ашиглан, захиалагчийн санаанд нийцээгүй тендерийг хүчинтэй хугацааг дуусгах замаар дахин зарлах, тодорхой бус шалтгаанаар Үнэлгээний хороог өөрчилж, өөрсдийн хүмүүсээр дахин байгуулах гэсэн буруу жишиг тогтоох магадлалтай. Захиалагч тус тендер шалгаруулалтын явцад хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн. Тухайлбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 заалтын дагуу захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ, 46 дугаар зүйлийн 46.1.3 заалтын дагуу Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах гэсэн заалтуудын тус тус зөрчсөн. Иймд дээрх дөрвөн компани шалгарсан, шалгараагүй шалтгааныг албан тоотоор мэдэгдээгүй байгаа бөгөөд Үнэлгээний хорооны зүгээс tender.gov.mn веб сайтад үр дүнг оруулсан болно.

 

Дашрамд хэлэхэд Г ХХК БА-3.1 заалтыг хангах бүрэн боломжтой. ЗХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ хийж, тендерийн материал ирүүлсэн ба тус компанийн БУ42-1134/18 дугаартай тусгай зөвшөөрөлд БА-3.1 заалт байгаа болно. 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №08 дугаартай дүгнэлт бол 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэлд үндэслээд гаргасан шийдвэр юм. Тус хурлын тэмдэглэл дээр Н ХХК, М ХХК, К ХХК-ууд хуурамч материал ирүүлсэн тухай тодорхой бичигдсэн ба хүчингүй болгох ямар нэгэн үндэслэлгүй. Цаашид дээрх гурван компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.1 заалтын дагуу улсын байцаагчид хандаж, хар жагсаалтад оруулах талаар арга хэмжээ авах болно.

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, харин бие даасан шаардлага гаргасан компаниудын шаардлага үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

Гуравдагч этгээд Н ХХК-ийн шүүхэд ирүүлсэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бейсенбай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Г ХХК нь сургуулийн өмнөх боловсролын барилгыг барих тусгай зөвшөөрөлгүй мөртлөө Үнэлгээний хороотой хуйвалдаж, ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байдалд худал дүгнэлт гаргуулчхаад захиалагч гэрээ байгуулахаас татгалзсан нь буруу гэж шүүхэд хандаж байгаа нь учир битүүлэг болжээ. Г ХХК нь сургуулийн өмнөх боловсролын барилгыг барих тусгай зөвшөөрөлгүйгээс гадна ажил гүйцэтгэх чадваргүй байдлаас болж өмнө нь гүйцэтгэсэн барилга байгууламжууд нь чанаргүй, ажлаа хугацаандаа хийдэггүй зэрэг олон дутагдалтай байсан юм. Манай компанийн тендер нь бүх шаардлагыг хангасан бөгөөд хамгийн бага үнийг санал болгосон байхад Үнэлгээний хороо Г ХХК-тай үгсэн хуйвалдаж, энэхүү тендерийн баримт бичгийг зөвхөн Г ХХК-д зориулж, хууль бусаар боловсруулан зарласан.

 

Тухайн тендер сонгон шалгаруулалтад оролцсон манай компани ньМ болон К компаниудтай нийлж Үнэлгээний хорооны үйл ажиллагаатай холбогдуулан захиалагчид гомдол гаргасан учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасныг удирдлага болгон тухайн тендер сонгон шалгаруулах ажиллагаа хуульд нийцээгүй, тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзээд гэрээ байгуулахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 35.1-т "Захиалагч шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартай эсэхийг дахин магадлаж болно", 35.2-т "Тендерт оролцогчийн чадварыг тодорхойлохдоо ТОӨЗ-ны 5.1-д заасны дагуу тендерт оролцогчийн ирүүлсэн чадварыг нотлох баримт болон ТОӨЗ-ны 29 дүгээр зүйлийн дагуу хийсэн шаардлагатай нэмэлт тодруулгад үндэслэн ТОӨЗ-ны 5.3т заасан чадварын шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлно", 35.3-т Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадварыг дахин магадлаад шаардлага хангасан тохиолдолд гэрээ байгуулах эрх олгоно. Хэрэв шаардлага хангахгүй бол уг тендерээс татгалзан сайн гэж үнэлэгдсэн дараагийн тендерт оролцогчийн чадварыг мөн адил зарчмаар магадЛ" гэж заасан байна.ТОӨЗ 5.3 (г) тавигдах ёстой гол шалгуур болох 2 барилгын инженертэй, түүний аль нэг нь барилга байгууламжийн угсралт, засварын мэргэшсэн зэрэгтэй байх гэсэн шаардлагыг хангахгүй байсан Г ХХК-тай гэрээ байгуулах эрх олгоогүй нь үндэслэлтэй байна. Гэтэл Үнэлгээний хороо дунд төвөгшилтэй барилгад тавигдах шаардлагыг хууль бусаар Г ХХК-тай урьдчилан тааруулсан юм. Өөрөөр хэлбэл, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд ТОӨЗ 4.4 в гэсэн шаардлагад тусгай зөвшөөрлийн ажилбарт заавал тавигдах ёстой шаардлага болох БА-3.1 гэсэн ажилбарын тусгай зөвшөөрлийг шаардаагүй нь хууль бус бөгөөд "Г" ХХК-д зориулж хууль бусаар зассан байсан. Би өөрөө Үнэлгээний хорооны дарга Т.Назымын өрөөнд очижТа нарын энэ заалт буруу байна, та нар БА-3.1-ийг яагаад оруулаагүй вэ? гэж хэлсэн. Тэгэхэд бид нар Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар болон Суат ХХК-аас ирсэн албан тоотын дагуу хийсэн, бэлдсэн гээд хууль, дүрмийн талаар ярихад ойлгохгүй байсан. Зориудаар ийм шаардлага тавьсан. Х.Худайбергений тайлбараас харахад ЗХХК-ийг туслан гүйцэтгэгч компаниар авсан, уг компанид БА-3.1 ажилбар байгаа гэж байна.Барилгын тухай хуульд гүйцэтгэгч гэдэг нь захиалагчтай гэрээ байгуулсан хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Гүйцэтгэгч нь хуулийн 40.1.9-д барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх гэж заасан. Бусад ажлыг түншлэлийн компаниар гүйцэтгүүлж болно. Зөвхөн барилгын ажлын үндсэн хийц хэсгийг гүйцэтгэгч өөрөө бие дааж гүйцэтгэнэ гэсэн хуулийн заалттай. Энэ заалттай бас харшилж байна.

 

Г ХХК-ийг шалгаруулснаар дахиж маргаан гарах үндэслэлтэй. Шалгарсан компани нь барилгын ажил эхлэх зөвшөөрөл авах ёстой. Эрх бүхий этгээдээс гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл шаардлага хангаж байна уу? гэдгийг шалгах ёстой. Гэтэл шаардлага хангахгүй тул зөвшөөрөл өгөхгүй юм. Үнэлгээний хороо өрсөлдсөн бүх компанийн материалыг шалгасан гэж байна. Г ХХК-ийг өөрсдөө дэмжиж байгаа учраас тэрийг шалгахгүйгээр, бусад 3 компанийг нарийн шалгасан нь харагдаж байна. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд өмнөх гүйцэтгэсэн ажлын талаар захиалагч байгууллагын тодорхойлолтыг авчирна гэж заасан байгаа. Гэтэл Г ХХК-ийн материалтай танилцахад Улаанхус сумын Хөх хөтөл багийн сургуулийн дотуур байр, Дэлүүн сумын сургуулийн дотуур байрыг барьж гүйцэтгэсэн талаар захиалагчийн тодорхойлолт байхгүй. Г ХХК-ийн материалыг шалгаагүй гэдэг нь үүгээр нотлогдож байна. Компаниудын инженерүүдийн дипломыг шалгах нь Үнэлгээний хорооны ажил биш. Сангийн яамны 2012 оны 81 дүгээр тушаалаар үнэлгээний заавар гэж баталсан. Тухайн зааварт татвар, шүүх, нийгмийн даатгал болон банкнаас лавлагаа авна гэж заасан. Г ХХК 2018 оны санхүүгийн тайланд 196 сая төгрөгийн өглөгтэй. Тэрний 39 сая төгрөг нь татварын өглөг, 74 сая төгрөг нь банкны зээл байсан. Үнэлгээний хороо бүх компаниудыг шалгасан нь худлаа. Хэрэв шалгасан бол Г ХХК-ийн дутагдлыг харах ёстой.

 

Хариуцагч Н ХХК-ийн талаар тайлбарлахдаа Х.Саясат гэдэг иргэний барилгын талаар урьд өмнө тендерт оруулж ирж байгаагүй учраас хуурамч байх магадлалтай гэж байна. Хувийн байгууллагууд барилга бариулахдаа хөрөнгө мөнгөө өөрсдөө гаргаад бүгдийг өөрсдөө зохицуулдаг. Гүйцэтгэгч байгууллага барилга барихын тулд ажил эхлүүлэх зөвшөөрөл авч, тухайн компанитай гэрээ хийж, мэргэжлийн хувьд бүх ажлыг хийж өгөх ёстой. Хувийн компани учраас өөрийнхөө санхүүгийн тайланд тусгадаг, тэр бидэнд хамаагүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалт бол тусдаа асуудал бөгөөд манай борлуулалтын орлогод тусгагдах байдлаар явдаг. Гэхдээ энд борлуулалтын орлогын асуудал яриагүй, туршлагын асуудлыг ярьж байна. Үнэлгээний хороо шударга шийдвэр гаргаагүй учраас бие даасан шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хамгийн бага үнийн саналтай манай компанийг шалгаруулж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд М ХХК-ийг төлөөлж захирал Р.Гажайв шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Бие даасан шаардлагын талаар Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бейсенбай хангалттай ярьсан учраас давхцуулахгүйгээр өөрийн бодлоо хэлье. Энэ тендер хууль журмын дагуу биш хэт нэг талыг барьсан тендер болсон. Бид нарт та нар ялагдсан гэсэн ямар ч албан бичиг ирээгүй байхад Г ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж сонссон. Захиалагч аймгийн Засаг дарга Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байхад Г ХХК нь Засаг даргад гэрээ байгуулахыг даалгаж өг гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Би Агайын ХХК-тай хамт 2 дугаар 10 жилийн сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ нь нийтдээ 1300 000 000 төгрөгийн ажил байгаа. Б.Тилек гэж хүний диплом байгаа. Дипломын эх хувийг анх надад үзүүлсэн. Гэхдээ би тэр хүний диплом хуурамч гэдгийг мэдээгүй.Одоо ажлаас халсан. Гэхдээ манай компанид өөр инженерүүд хангалттай байгаа. Би Монголоос төгссөн, мөн тендерийн шаардлагад заасан жил нь хүрч байсан учраас Б.Тилекийг оруулсан. Казахстанд болон Монголд төгссөн инженерүүд олон байсан, гэхдээ жил нь хүрэхгүй болохоор тавиагүй байсан. Гэхдээ дипломыг шалгуулах нь Үнэлгээний хорооны ажил биш байсан.

 

Г ХХК нь сургуулийн өмнөх боловсролын барилгыг барих тусгай зөвшөөрөлгүй тул түүний нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиргүй. Г ХХК-ийн өмнө нь гүйцэтгэсэн барилга байгууламжууд нь чанаргүй, ажлаа хугацаандаа хийдэггүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна, тус компани нь тендер хууль, журам, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангахгүй байсан.

 

Иймээс Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд К ХХК-ийг төлөөлж захирал Х.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

К ХХК-ийн хувьд Үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Барилгын тухай хуулиар барилгын ажлыг зөвхөн салбарын сайдын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ гэж заасан байгаа. Тусгай зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг гүйцэтгэхийг хориглосон. Үнэлгээний хорооны шалгаруулсан Г ХХК нь 1 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй.

 

Үнэлгээний хороо тендерийг хуулийн 14, 16 дугаар зүйлд заасны дагуу магадлаагүй. Манай К ХХК-ийн тендерийг шалгаруулаагүй шалтгаан нь 4 жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй гэсэн. Бид нар 4 жилийн санхүүгийн тайлангаа хүргүүлсэн. Үнэлгээний хороо тендерийг үнэлэхдээ Татварын ерөнхий газрын веб сайтад байршуулсан компанийн 5 жилийн тайланг татаж шалгах ёстой. Цахим тендерийг зарлаж байгаа учир нь бүх тендерийг цахимаас хянах зорилгоор Сангийн яамнаас гаргасан журмын дагуу шалгасан учраас компанийн ирүүлсэн тендерийг биш Татварын ерөнхий газрын веб сайтад байршуулсан санхүүгийн тайланг татаж шалгах ёстой байсан. Бид нарын ирүүлсэн тендерийг Үнэлгээний хороо үнэлээгүй. Засаг даргын Г ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа үндэслэлийг дэмжиж байгаа. Манай тендер шалгараагүй нь компанийн инженер Х.Сержантын диплом нь хуурамч байсан гэж тайлбарласан. 2011 онд тендерийн маргаанаар аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өрсөлдөгч компани гомдол гаргасан. Тухайн үед Х.Зауре мэргэжлийн хяналтын улсын байцаагч байхдаа Боловсролын яамнаас бүх материалын авч хуурамч биш гэсэн дүгнэлтийг гаргасан.Х.Сержант компанийн ерөнхий менежерийн үүргийг гүйцэтгэнэ, тусдаа 2 инженер байгаа. Тийм учраас тухайн барилгыг хариуцан барих бусад инженерүүдийг шалгаагүй нь манай тендерийг үнэлээгүй гэдгийг нотолж байна. Тиймээс Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, К ХХК их үнийн саналтай гэсэн боловч Улсын Их Хурлын баталсан төсвийн хүрээнд үнийн саналаа өгсөн учраас К ХХК-ийг шалгаруулах шийдвэр гаргаж өгөх эсвэл Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож, дахин тендер явуулж өгөхийг хүсэж байна гэв.

 

Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч Засаг дарга Г ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзсан.Г ХХК-аас татгалзсан шалтгаан нь Дэлүүн сумын сургуулийн дотуур байрны барилгыг барихдаа хугацаандаа хийж гүйцэтгээгүй гэдэг үндэслэл байгаа. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон Г ХХК-ийн тендерийн материалаар нотлогдож байгаа. Мөн Улаанхус сумын Хөх хөтөл багт баригдсан сургуулийн дотуур байрны барилга чанаргүй баригдсан гэсэн шалтгаанууд байгаа. Захиалагчийн энэхүү шалтгаануудыг үндэслэх гол бичиг баримт болох захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй. Хэрэв чанартай барилгыг барьсан бол захиалагч тухайн барилгатай холбоотой тодорхойлолтыг өгөх ёстой байсан. Засаг даргын уг хоёр үндэслэл хуульд нийцсэн,гэрээ байгуулаагүй нь үндэслэлтэй.

 

Барилгын тухай хуулийн 10.1-д зааснаар барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг баталж өгсөн. Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаартай Дүрэм шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтын 3-д зааснаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгыг дунд төвөгшлийн барилга гэж зааж өгсөн. Баян-Өлгий аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тендер сонгон шалгаруулалт явуулдаг аймгийн Орон нутгийн өмчийн газарт шинээр батлагдсан дүрмийг дагаж мөрдөж, тендерийг сонгон шалгаруулж, явуулахыг мэдэгдэж Хамтран ажиллах тухай албан тоот явуулсан. Үнэлгээний хороо хууль ,дүрэм, журмыг зөрчиж тусгай зөвшөөрөлгүй компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг Засаг даргад уламжилсан. Дунд төвөгшилтэй барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг авахад тавигдах шаардлагын асуудлыг зохицуулсан 217 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж,түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих гэж журам байгаа. Журмын 2 дугаар хэсгийн 3-д заасны дагуу дунд төвөгшилтэй барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажилд БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын ажлын тусгай зөвшөөрөлтэй, мөн 2 барилгын инженертэй, түүний аль нэг нь барилга байгууламжийн угсралт засварын мэргэшсэн зэрэгтэй байна гэж шаардлага тавьсан. Энэ шаардлагуудыг тендерийг зарлахад заавал тусгасан байх ёстой. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд 2.1.2 гэсэн шаардлага тавьсан нь хууль бус юм. Гуравдагч этгээдүүдийн зүгээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын БСШУСЯ/201902176 дугаартай тендерийн бичиг баримт дээр буюу Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.4 /в/ хэсэгт БА-3.1 эсвэл 2.1.3 гэсэн шаардлага тавиагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргаж байгаа.

 

Г ХХК-ийн бичиг баримтыг судалж, бусадтай харьцуулахдаа байгаагүй бичиг баримтыг байсан мэтээр хуурамч дүгнэлт гаргасан. Жишээлбэл: захиалагчийн тодорхойлолтыг байсан гэж худлаа ярьж байна. Г ХХК-ийн ерөнхий инженер 10 жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй. Д.Жанкелди гэдэг хүн 2016 онд төгссөн, мэргэжлийн диплом нь хэрэгт авагдаж, холбогдох газраас тодорхойлолт ирсэн. Д.Жанкелди 2016 оноос эхэлж 3 жил Г ХХК-д ажилласан. Харин Х.Худайбергенийг ерөнхий инженер гэж байгаа боловч тэр хүний диплом хэрэгт авагдаагүй. Нэг дипломыг Х.Худайбергений диплом гэж тайлбарлаж байгаа боловч тэрнээс Х.Худайберген гэдэг хүн барилгын инженерээр төгссөн гэдгийг харах боломжгүй байна. Тиймээс ерөнхий инженер гэсэн шаардлагыг энэ компани хангаагүй. Үнэлгээний хороо Г ХХК-ийг сонгон шалгаруулахдаа бусад компанитай адил тухайн компанийн бичиг баримтад шалгалт хийгээгүй. Г ХХК-ийг яагаад шалгаруулснаа тодорхой бичээгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа 3 компани нэг субъект болж оролцож байгаа гэсэн. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т барилгын ажил гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг ойлгоно гэж тодорхой заасан. Г ХХК гэрээ байгуулах нөхцөлөөр оролцож байгаа, харин бусад нь туслан гүйцэтгэгчээр оролцохоор хоорондоо гэрээ байгуулсан байна. Барилгын тухай хуульд гүйцэтгэгчийн үүргийг зааж өгсөн. 40.1.9-д барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэхгэж заасан. Г ХХК өөрөө гүйцэтгэгч мөртлөө бие даан гүйцэтгэх үүргээ ЗХХК-аар гүйцэтгүүлнэ,яагаад гэвэл ЗХХК тусгай зөвшөөрөлтэй байна гэж тайлбарлах эрхгүй, энэ үүргээ ганцаараа хийх ёстой. Г ХХК нь тендерийг гүйцэтгэх ямар ч боломжгүй байна. Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Н ХХК, М ХХК, К ХХК-уудыг шаардлага хангаагүй гэж татгалзсаныг хууль бус гэж үзээд бие даасан шаардлага гаргасан. Н ХХК-аас Үнэлгээний хороо 3 үндэслэлээр татгалзсан. Үүнд: Ерөнхий инженер О.Бейсенбай, цахилгааны инженер Х.Ханат нар дуусаагүй байгаа Өлгий сумын 4-р багийн 50 хүүхдийн цэцэрлэгийн ажилд давхардсан байна гэсэн. Хуулийг зөрчсөн ийм шаардлага тавих эрхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө гэж заасан. Х.Ханат гэдэг хүн Өлгий сумын 4 дүгээр багт байрлаж байгаа 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилд ажиллаж байсан учраас Өлгий сумын 250 ортой хүүхдийн цэцэрлэгийг барихад чанаргүй баригдах талаар ямар нэгэн сөрөг нөлөө байгаа эсэхийг тогтоосны дараа энэ асуудлыг ярих ёстой байсан. Үнэлгээний хороо дүгнэлт хийж чадаагүй, хийсвэр байдлаар дүгнэсэн. Н ХХК тухайн үед 4 дүгээр цэцэрлэгийн барилгыг дуусчихсан, комисст хүлээлгэж өгөх бэлтгэл ажлыг хийж байсан. Хүлээж авсан тухай акт хүртэл гарсан, тухайн акт нь хэрэгт авагдсан.

 

Мөн дараагийн шалтгаан нь 2015 онд 1,2 тэрбум төгрөгөөр иргэн Х.Саясат гэдэг хүний зоорины давхартай, 2 давхар худалдаа үйлчилгээний барилгын ажлыг хийсэн талаарх улсын комиссын акт хуурамч гэж бичсэн.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 14.1.6д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон гэж заасан. Улсын байцаагчаас Н ХХК-ийн иргэн Х.Саясатын 2 давхар барилгыг барьсантай холбоотой, барилгыг хүлээлгэж өгсөн акт хуурамч гэдгийг тогтоосон шийдвэр байхгүй. Мөн үүнийг хуурамч биш гэдгийг холбогдох мэргэжилтэн Н.Т болон Х.Асхар нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө баталж өгсөн. Улсын комиссын актад ганцхан хүний гарын үсэг зурагдаагүйгээс болж актыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй. 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай тухайн үед 2016 онд хүчинтэй үйлчилж байсан журмыг баримтлах ёстой. 151 дүгээр тогтоолын 4.12.3-д комисс гишүүдийн 2/3-оос доошгүй нь ирснээр ажилЛ. Комиссын гишүүд мэргэжлийн  чиглэлээрээ дараах үүргийг гүйцэтгэж, санал дүгнэлтийг танилцуулж ажилЛ гэж заасан. Мөн М.Лида гэдэг хүний диплом нь орос хэл дээр байна гэсэн байна. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3. /в/ хэсэгт нотолсон баримт бичиг болох инженер техникийн ажилчдын сургууль төгссөн диплом, бусад мэргэжилтний үнэмлэх, гэрчилгээний хуулбар ирүүлэх гэж заасан. Түүнээс биш орчуулгыг баталгаажуулж хавсаргана гэсэн шаардлага тавиагүй. Компаниудад ялгамжтай хандсан Н ХХК-ийг нарийн шалгасан мөртлөө бусад компаниудыг яагаад нарийн шалгаагүй вэ? Л ХХК болон бусад компаниудын материалд турк болон орос хэл дээрх дипломууд байна. Н ХХК-ийн цахилгааны инженер Б.Бямбацогт 2018 онд төгссөн, 1 жил ажилласан гэсэн байна. Н ХХК-д цахилгааны инженер 3 байгаа. Иймээс Н ХХК-ийг тендерээс хассан нь хууль бус болох нь тогтоогдож байгаа.

 

М ХХК-ийг хассан шалтгаанаа дараах хоёр үндэслэлээр тайлбарлаж байгаа. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3 (б) хэсэгт сүүлийн 4 жилийн аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй нэг ажил хийсэн байх гэсэн шаардлагыг тавьсан байна. Гэтэл М ХХК-ийн үнийн саналын 50 хувь нь 950.0 сая байх ёстой боловч хамгийн их дүнтэй хийсэн ажил нь 940.8 сая төгрөг байна гэсэн. М ХХК Өлгий сумын 5 дугаар багт байрлах 640 хүүхдийн сургуулийн барилгыг барихдаа 1 тэрбум 300 сая гаруй төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаарх акт болон бичиг баримтууд хэрэгт авагдсан.Дараагийн шалтгаан нь ерөнхий инженер Б. Тилекийн диплом нь БСШУСЯ-ны архивд байхгүй, хуурамч гэдэг нь нотлогдсон гэсэн. Гэхдээ Б.Тилекийн диплом хуурамч гэсэн ямар ч нотлох баримт байхгүй. Бүртгэлд авагдаагүй гэсэн нь хуурамч гэдэг үг биш, хуурамч гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогддог.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн14.1.6-д зааснаар улсын ахлах байцаагч эсвэл Сангийн яам хоёр үнэхээр хуурамч бичиг баримт гэж үзвэл тогтоох ёстой. М ХХК-ийн инженер Б.Тилекийн диплом шаардлага хангаагүй ч бусад инженерүүдийн материалМ ХХК-ийн бичиг баримтаас тодорхой харагдаж байгаа. Иймээс М ХХК-аас татгалзсан шалтгаанууд нь хуульд нийцээгүй.

 

К ХХК-ийн захирлын тайлбар үндэслэлтэй гэж үзэж байгаа. К ХХК-аас санхүүгийн тайлангаа цахимаас авахыг зөвшөөрсөн баталгаа гаргаж өгсөн учраас хэдий тендерийн материалдаа санхүүгийн тайлангаа бичгээр гаргаж өгөөгүй ч Үнэлгээний хороо цахимаас татаж шалгах ёстой байсан.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлага хангасан аль нэг компанитай гэрээ байгуулж өгөхийг даалгаж өгнө үү, эсвэл энэхүү тендерийг бүхэлдээ хүчингүй болгож, тендерийг дахин явуулж өгөхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Засаг дарга гэрээ байгуулахаас татгалзсанаас болж нэхэмжлэгч Г ХХК-ийн ямар ч эрх ашиг зөрчигдөөгүй байна. Тиймээс нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороог аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/168 дугаар захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж[1], уг тендерийн урилгыг 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр худалдан авах ажиллагааны цахим системээр нийтэд зарлан мэдээлсэн[2] байна. Гэвч П проект ХХК-аас уг тендер шалгаруулалтын баримт бичигт холбогдох гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргаснаар тендер шалгаруулалтын үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх талаар албан бичиг ирүүлсэн[3], улмаар Үнэлгээний хорооноос ...250 ортой цэцэрлэгийн барилгын зургийг ерөнхий архитектурын экспертиз ... батлаагүй тул тус тендерийг хүчингүй болгож, түлхүүр гардуулах нөхцөлтэй дахин тендерийн баримт бичиг боловсруулж зарлахаар шийдвэрлэсэн талаар 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/123 дугаар албан бичгээр тус газарт мэдэгдсэн[4] байна.

 

Үүний дараа Үнэлгээний хорооноос Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр явуулахаар шийдвэрлэж[5], тендерийн урилгыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим системээр нийтэд зарлан мэдээлснээр[6] Г ХХК, Н ХХК, М ХХК, К ХХК-ууд тендер ирүүлжээ.

 

Үнэлгээний хороо тендер шалгаруулалтад оролцогчдын тендерийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нээн, энэ талаар тэмдэглэл үйлдэж[7], улмаар 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бүх тендерийг хянан үзээд Н ХХК, М ХХК, К ХХК-уудын тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерүүдээс татгалзаж[8], Г ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж дүгнээд 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар дүгнэлтээр гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгсөн[9] байна. Захиалагч аймгийн Засаг даргаас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2-01/985 дугаар албан бичгээр Г ХХК-ийн өмнөх онуудад гүйцэтгэсэн ажил чанаргүй, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэдэг үндэслэлээр тус компанитай гэрээ хийх боломжгүй, иймд дахин хянан үзэж, өөр компанийг сонгон шалгаруулах талаар мэдэгдсэн[10] байх ба Үнэлгээний хороо 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, техникийн болон бусад шаардлагыг хангасан гэсэн үндэслэлээр Г ХХК-ийг шалгаруулж, энэ талаар захиалагчид мэдэгдсэн[11] боловч захиалагч тус компанитай гэрээ байгуулаагүй болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадЛ, 12.2-т Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана, 15 дугаар зүйлийн 15.1-д Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно, 15.3-т Санхүүгийн чадавхийг дараах баримт бичгээр нотолж болно: 15.3.2.тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт, 15.4-т Энэ хуулийн 15.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт бичигт заана, 16 дугаар зүйлийн 16.1-д Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно: 16.1.1.тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар; 16.1.2.сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт,16.2-т Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана гэж тус тус зохицуулсан.

 

Мөн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын тендерийн жишиг баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны хэсгийн 8.4-т Тендерт оролцогч тендерийн баримт бичигт заасан бүх зааварчилгаа, маягтууд, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, мэдээллийг судалсан байна.Тендерийн баримт бичигт шаардсан мэдээлэл дутуу байх, эсвэл тавьсан шаардлагад бүрэн нийцээгүй тендер ирүүлэх нь тухайн тендерээс татгалзах үндэслэл болно,Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 (ж) гэсэн хэсгийн 13-т ТОӨЗ шаардсан материалуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно гэж тус тус заасан байна.

 

1.Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.4-т Тендерт оролцогч нь эрх бүхий эсэхийг дараах мэдээлэл, нотлох баримтад үндэслэн тогтооно. Үүнд: (в) ТШӨХ-д шаардсан бол тухайн төрлийн ажил, бараа, үйлчилгээг гүйцэтгэх, нийлүүлэх, үзүүлэх тусгай зөвшөөрөл гэж заасан ба Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 в гэсэн хэсгийн 5-д зааснаар 1.2.1. 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө,тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл /БЗБТ,АГТ,ҮЗБТ/ гэсэн заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх шаардлага тавигдсан.

 

Гуравдагч этгээд Нур Едил ХХК-ийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын зураг төслийг боловсруулах ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан туслан гүйцэтгэгч Шувууны хайрга ХХК нь ЗТ-3.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл /БЗБТ,АГТ,ҮЗБТ/ гэсэн заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь тендерийн баримт бичгээр тогтоогдож байгаа.

 

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр тушаалаар Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах,барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт,засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,тэдгээрт хяналт тавих журам-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагыг Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 89 дүгээр тушаалаар батлагдсан ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагатай дүйцүүлсэн аргачлалыг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар Аргачлал батлах тухай тушаалаар баталсан. Уг 33 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Нэг. Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд гэсэн хэсэгт зааснаар 1.2.1. 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө,тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл /БЗБТ,АГТ,ҮЗБТ/ гэсэн заалт нь ЗТ-2.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл /БЗБТ,АГТ,ҮЗБТ/, ЗТ-3.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл /БЗБТ,АГТ,ҮЗБТ/, ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө,тохижилт, өндөржилтийн зураг төсөл гэсэн заалттай дүйцэхээр байна. Өөрөөр хэлбэл уг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 в гэсэн хэсгийн 5-д заасан 1.2.1 заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх гэсэн шаардлагыг хангахын тулд ЗТ-3.1-ээс гадна ЗТ-8.1 буюу орчны ерөнхий төлөвлөгөө,тохижилт, өндөржилтийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай ба туслан гүйцэтгэгч Шувууны хайрга ХХК-д ЗТ-8.1 заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй байх тул Н ХХК-ийг дээрх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 гэсэн хэсгийн 10-д 2018-2019 онуудад барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл арга хэмжээнд ажиллуулах инженер, техникийн ажилтнуудыг танилцуулах бөгөөд тус ажилд инженер техникийн ажилтнууд давхацсан тохиолдолд уг компаниас татгалзах үндэслэл болно гэж заасан.

 

Гуравдагч этгээд Нур Едил ХХК-аас ...тус ажилд инженер техникийн ажилтнууд давхацсан тохиолдолд уг компаниас татгалзах үндэслэл болно гэж хууль бус шаардлага тавьсан. Үнэлгээний хороо ерөнхий инженер О.Бейсенбай, цахилгааны инженер Х. Ханат нар 4 дүгээр багт баригдаж байгаа 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгад давхацсан гэж манай тендерээс татгалзсан боловч манай компанийн инженерүүдэд давхацсан ажил байгаагүй. Манай инженерүүд адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өөр компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаагүй. 2019 онд барьж байгаа тус цэцэрлэг болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын конторын барилгыг энэхүү тендерт оролцохоос өмнө нь дуусгасан байсан...Нөгөөтээгүүр нэг байгууллагад нэг ерөнхий инженертэй байдаг ба тухайн ерөнхий инженерийн ажил давхацна гэсэн ойлголт байхгүй гэж маргасан байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Захиалагч шаардсан тохиолдолд тендерт оролцогч хэрэгжүүлж байгаа буюу хэрэгжүүлэх эрх олж авсан гэрээний талаарх мэдээллийг бичгээр ирүүлнэ, 14.8-д Захиалагч энэ зүйлийн 14.17-д заасан мэдээллийг тендерт оролцогчийн тухайн гэрээг гүйцэтгэх санхүүгийн болон техникийн чадавхийг үнэлэхэд харгалзан үзнэ гэж заасан байх тул Үнэлгээний хорооноос дээрх шаардлагыг тогтоож, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Гуравдагч этгээд Н ХХК нь Өлгий сумын 4 дүгээр багийн 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил, Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга угсралтын ажлыг энэхүү тендерт оролцохоос өмнө дуусгасан байсан гэх боловч 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зарлаж, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нээсэн уг тендер шалгаруулалтад тус компаниас ирүүлсэн тендерийн баримт бичгийн хэрэгжүүлж байгаа гэрээний талаарх мэдээлэлд Өлгий сумын 4 дүгээр багийн 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын дуусах хугацааг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга угсралтын ажлын дуусах хугацааг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэж тусгасан. Мөн гуравдагч этгээдийн дээрх тайлбараас үзэхэд тухайн ажлуудад ерөнхий инженер давхцаж байгааг үгүйсгээгүй байх тул гуравдагч этгээд Н ХХК-ийг дээрх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.2-т Хэрэв захиалагч урьдчилсан сонголт явуулаагүй бөгөөд ТШӨХ-д өөрөөр заагаагүй бол бүх тендерт оролцогч нар гэрээг хэрэгжүүлэх чадварыг тогтоохтой холбогдуулан захиалагчийн шаардсан дараах мэдээллийг нотлох баримт болгон тендерийн хамт ирүүлнэ. Үүнд: (б) санхүүгийн чадавхийг харуулах сүүлийн ТШӨХ-д заасан тоо бүхий жилийн санхүүгийн тайлан. Хэрэв ТШӨХ-д тусгайлан заасан бол санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байна, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2(б) гэсэн хэсэгт Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015,2016,2017, 2018. Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай гэж тус тус заасан ба гуравдагч этгээд К ХХК нь 2015,2016,2017,2018 оны жилийн санхүүгийн тайланг ирүүлээгүй болох нь тус компанийн тендерийн баримт бичгээр нотлогдож байна.

 

Гуравдагч этгээд К ХХК-аас Үнэлгээний хороо санхүүгийн тайланг Татварын ерөнхий газрын веб сайтаас татаж шалгах үүрэгтэй байсан гэх боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1,15.3.2, 15.4, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 8.4, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2(б), ТОӨЗ 13.1 (ж)-ийн 13-т тус тус зааснаар аудитаар баталгаажуулсан 2015,2016,2017,2018 оны жилийн санхүүгийн тайланг ирүүлэх шаардлага тавигдсан,шаардсан материалыг ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзахаар зохицуулсан байх тул гуравдагч этгээдийн дээрх тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

4.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (н) гэсэн хэсэгт Тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байна. 1.Туслан гүйцэтгүүлэх ажлын талаар доорх мэдээллийг ирүүлнэ. 2.Туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг эх хувиар ирүүлнэ. 3. Гэрээнд туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлын талаар болон төсөвт өртийг тодорхой тусгасан байна гэж заасан.

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн хувьд ЗХХК-тай тухайн барилгын гадна цахилгааны ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан байх боловч уг гэрээнд төсөвт өртгийг тусгаагүй байх тул дээрх тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох ажлын хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байна гэсэн шаардлагыг хангаж байгаа эсэх нь тодорхой бус гэж үзэхээр байна.

 

5.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3(а) гэсэн хэсэгт Сүүлийн 4 жилийн /2015,2016,2017,2018/ аль нэг жилд борлуулалтын орлого тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна гэсэн шаардлага тавигдсан.

 

Гуравдагч этгээд К ХХК нь сүүлийн 4 жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй тул дээрх шаардлагыг хангаагүй гэж үзсэн Үнэлгээний хорооны үнэлгээ үндэслэлтэй гэж үзлээ.

 

6.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3(б) гэсэн хэсэгт Сүүлийн 4 жилийн /2015,2016,2017,2018/ аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй нэг ажил хийсэн байх гэсэн шаардлага тавигдсан.

 

Гуравдагч этгээд М ХХК нь Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг 1 900 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн санал ирүүлсэн ба Үнэлгээний хорооноос гуравдагч этгээд М ХХК-ийг 2014 онд 940,8 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Цэнгэл сумын Соёлыг төвийн барилгын ажлыг Агайын ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулан хийж гүйцэтгэсэн ба гэрээнд дүнг тусгаагүй гэсэн үндэслэлээр дээрх шаардлагыг хангахгүй гэж үзсэн байна. Гуравдагч этгээд М ХХК-ийн захирлаас шүүх хуралдаанд Өлгий сумын 5 дугаар багт 640 сурагчтай сургуулийн барилгын 1 300 000 000 төгрөгийн ажлыг 2015,2016,2017 онуудад хийж гүйцэтгэсэн гэсэн тайлбар гаргасан.

 

Тус компанийн тендерийн баримт бичгээс үзэхэд Ерөнхий гүйцэтгэгчээр сүүлийн 4 жилд хийж гүйцэтгэсэн төрөл болон хэмжээгээрээ ижил төстэй барилга угсралтын ажил ын жагсаалтад Цэнгэл сумын соёлын төвийн барилгыг 940,8 сая төгрөгөөр гүйцэтгэсэн талаар тусгасан байгаа боловч Агайын ХХК болон М ХХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Цэнгэл сумын соёлын төвийн инженерийн дэд бүтцийн байгууламж шинээр байгуулах,соёл, аялал жуулчлалын үйлчилгээний болон мэдээллийн төвийн барилга барих ажлыг хамтран гүйцэтгэх түншлэлийн гэрээ-нд гэрээний үнэ буюу тухайн ажлын төсөвт өртөг, мөн түншлэлийн гишүүн болох М ХХК нь хэдэн хувийн, ямар үнийн дүн бүхий ажил хийх талаар тусгагдаагүй байна. Түүнчлэн тус аймгийн Засаг даргын Тамгын газар болон Агайын ХХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын бүрэн дунд 2 дугаар сургуулийн хичээлийн байрны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ-нд уг гэрээний дүнг 2 299 889 507 төгрөг гэж тусгасан байгаа боловч Агайын ХХК болон М ХХК-ийн 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын бүрэн дунд 2 дугаар сургуулийн хичээлийн байрны барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх түншлэлийн гэрээ-нд түншлэлийн гишүүн болох М ХХК нь хэдэн хувийн, ямар үнийн дүн бүхий ажил хийх талаар мөн тусгагдаагүй байх тул тус компанийг сүүлийн 4 жилийн аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй нэг ажил хийсэн байх гэсэн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Гуравдагч этгээд НурЕдил ХХК-ийн иргэн Х.Саясаттай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Өлгий сумын 8 дугаар багт 18х15 м зоорины давхартай хоёр давхар нийт 810 м2 худалдаа, үйлчилгээний барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ-ний дагуу барилгыг ашиглалтад оруулсан талаарх 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт-д комиссын нарийн бичгийн даргын гарын үсгийг хуурамчаар зурсан, нарийн бичгийн дарга Н.Т өөрийн гарын үсэг биш гэдгийг баталж хэлсэн тул уг улсын комиссын акт хуурамч, иймээс дээрх шаардлагыг хангахгүй байна гэж Үнэлгээний хорооноос маргасан.

 

Нур Едил ХХК-ийн иргэн Х.Саясаттай байгуулсан дээрх гэрээ болон гэрээний дагуу гүйцэтгэсэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг гуравдагч этгээдээс тендерийн баримт бичигтээ ирүүлсэн ба дээрх асуудлын талаар гэрч Н.Т ...миний бие амаржаад дөнгөж ажилдаа орсон байсан ба тухайн үед надад утасдаж комисс тухайн барилгыг үзэж шалгах гэж байна, хүрээд ир гэхэд миний хүүхэд өвчтэй байсан учраас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Асхарт та наад асуудлыг өөрөө зохицуулаарай гэж хэлсэн. Х.Асхар надад би чиний өмнөөс гарын үсэг зурах юм уу гэхэд нь би ямар нэгэн дутагдал байхгүй бол зураарай гэж зөвшөөрсөн болно. ... Газрын албанаас тухайн комисст 2 хүн орсон байсан. Миний бие нарийн бичгийн даргаар ажилласан ба нарийн бичгийн даргын үүрэг нь гишүүдийн ирцийг бүрдүүлж, комиссын хуралдааны тэмдэглэлийг хөтлөх байгаа. Комиссын дарга болон бусад гишүүд дүрэмд заасан үүргээ гүйцэтгэж байгаад актыг баталгаажуулсан гэж бодож байна. Учир нь энэ талаар хурлын тэмдэглэл, бусад бичиг баримтууд байгаа гэж мэдүүлсэн[12]. Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 353 дугаар албан бичгээр тухайн барилгыг ашиглалтад оруулахтай холбогдолтой 22 хуудас баримт бичиг тус байгууллагад байгаа гэдгийг дурдаж, уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын хуулбарыг баталгаажуулан ирүүлсэн[13] байна. Энэ тохиолдолд уг комиссын актыг хуурамч гэж шууд дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гуравдагч этгээд НурЕдил ХХК-ийг дээрх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн болно.

 

7. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3(в) гэсэн хэсэгт зааснаар ерөнхий инженер нь барилгын инженер байх, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх хугацаа 10-аас дээш жил ...байна.Түүнийг нотолсон баримт болох инженер, техникийн ажилчдын сургууль төгссөн диплом,бусад мэргэжилтэй ажилчдын мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, гэрчилгээний хуулбар ирүүлэх. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан -1, 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх, ус хангамж, ариутгах татуургын инженер-1, халаалт, агаар сэлгэлтийн инженер-1, цахилгааны инженер-2, холбооны инженер -1 байх, эдгээр инженерүүд нь 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх гэсэн шаардлага тус тус тавигдсан.

 

Түүнчлэн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны В.Тендер бэлтгэх гэсэн хэсгийн 12.1-д Тендер, түүнчлэн тендертэй холбоотойгоор захиалагч, тендерт оролцогчийн хоорондоо харилцаж буй албан бичиг, захидлууд болон бусад баримт материалыг ТОӨЗ-ны дагуу бэлтгэх ба холбогдох бүх баримт бичиг нь монгол хэл дээр ... байна, 12.2-т Аливаа тендерийг дагалдах баримт бичиг, хэвлэмэл материал нь өөр хэл дээр байж болох бөгөөд энэ тохиолдолд тэдгээрийн тендерт холбогдох хэсгийг ТОӨЗ-ны 12.1-д заасан хэл уруу орчуулсан хөрвүүлгийг тендерт оролцогч давхар бэлтгэж ирүүлэх бөгөөд уг орчуулгыг тендерийг хянан үзэх, үнэлэхэд харгалзана гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь Л ХХК-тай тухайн барилгын ажлыг хамтран гүйцэтгэх түншлэлийн гэрээ байгуулан тендер шалгаруулалтад оролцсон байх ба Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.4-т зааснаар ерөнхий инженерт тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн нөөц бололцоог хамтад нь харгалзан үзэхээр зохицуулсан. Тухайн түншлэлийн гэрээнд зааснаар захиалагчийн өмнө үүрэг хүлээх, зааварчилгаа хүлээн авахад түншлэлийн гишүүнийг төлөөлөх эрх бүхий этгээд болох Г ХХК-ийн тендерийн баримт бичиг дэх Төслийг хэрэгжүүлэх ажилтан, ажилчдын чадвар, туршлагын тодорхойлолт-оос үзэхэд ерөнхий инженерээр Л ХХК-ийн ерөнхий инженерийн албан тушаалд ажиллаж байгаа барилгын инженер мэргэжилтэй Х.Худайбергенийг ажиллуулахаар тусгасан байна.

 

Гэхдээ Л ХХК-ийн тендерийн баримт бичигт байгаа Х.Худайбергений дипломын хуулбар гэх бичиг баримт нь бүдэг,уншигдахгүй буюу хэнд, ямар мэргэжил олгосон диплом болох нь тодорхой бус байгаагаас гадна шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Х.Худайберген нь ЗХУ-аас барилгын инженер мэргэжлээр төгссөн гэсэн тайлбар гаргасан боловч уг дипломын орчуулгыг давхар бэлтгэж тендерийн баримт бичигтээ ирүүлээгүй байна.

 

Түүнчлэн Г ХХК-ийн хувьд дээрх Төслийг хэрэгжүүлэх ажилтан, ажилчдын чадвар, туршлагын тодорхойлолт гэсэн бичиг баримтад сантехникийн инженерээр С.Досжаныг, холбооны инженерээр К.Еркегүлийг, 2 цахилгааны инженерийн нэгээр нь Л ХХК-д цахилгааны инженерээр ажиллаж байгаа Т.Габитыг тус тус ажиллуулахаар тусгасан, мөн түншлэгч гишүүн болох Л ХХК-ийн тендерийн баримт бичиг дэх Л ХХК ИТА-ын бүртгэл гэсэн жагсаалтаас үзэхэд сантехникийн инженерийн албан тушаалд сантехникийн инженер мэргэжилтэй С.Жанузах ажиллаж байгаа талаар тусгажээ. Гэтэл Г ХХК-ийн тендерийн баримт бичгээс үзэхэд С.Досжан нь халаалт, агаар сэлгэлт /D580500/ мэргэжилтэй, К.Еркегүл нь мэдээллийн сүлжээ /D524100/ мэргэжилтэй бөгөөд Л ХХК нь Т.Габит, С.Жанузах нарын дипломын орчуулгыг давхар бэлтгэж тендерийн баримт бичигтээ ирүүлээгүй болох нь тогтоогдсон болно.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 235 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагад бэлтгэх ерөнхий мэргэжлийн чиглэл, индекс-д зааснаар D524100 индекстэй мэдээллийн сүлжээ мэргэжлээр төгссөн хүнийг D521900, D522000,D522100 индекстэй холбооны инженер мэргэжилтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн D580500 индекстэй халаалт, агаар сэлгэлт мэргэжлээр төгссөн хүнийг D580400, D580600 индекстэй сантехник, инженерийн байгууламж, усан хангамж, ус цэвэрлэгээний инженерийн мэргэжилтэй гэж үзэх үндэслэлгүй тул Г ХХК нь ерөнхий инженер нь барилгын инженер байх, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх хугацаа 10-аас дээш жил байх, ус хангамж, ариутгах татуургын инженер -1, холбооны инженер-1, цахилгааны инженер-2 байх гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ.

 

Гуравдагч этгээд Н ХХК-ийн тендерийн баримт бичиг дэх Тус компаний уг төслийг хэрэгжүүлэх ИТАжилтан, ажилчдын мэргэжлийн чадвар, туршлагын тодорхойлолт гэсэн бичиг баримтад ус хангамж, ариутгах татуургын инженерээр ус хангамж, ариутгах татуургын инженер мэргэжилтэй М.Лидаг ажиллуулахаар тусгасан байгаа боловч түүний дипломын орчуулгыг ирүүлээгүй байна. Мөн халаалт, агаар сэлгэлтийн инженерээр Б.Цэрэнхүүг, 2 цахилгааны инженерийн нэгээр нь Б.Бямбацогтыг ажиллуулахаар дээрх тодорхойлолтод тусгасан байгаа боловч тэд нар нь ШУТИС-ийг 2018 онд төгссөн болох нь тогтоогдож байх тул тус компанийг ус хангамж, ариутгах татуургын инженер-1 байх, халаалт, агаар сэлгэлтийн инженер, цахилгааны инженер нь 2-оос дээш жил ажилласан байх гэсэн туршлагын шаардлагыг тус тус хангахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гуравдагч этгээд М ХХК-ийн тендерийн баримт бичиг дэх Төслийг хэрэгжүүлэх ИТА-ын чадвар, туршлагын тодорхойлолт гэсэн бичиг баримтад ерөнхий инженерээр барилгын инженер мэргэжилтэй Б.Тилекийг ажиллуулахаар тусгасан байгаа боловч Б.Тилек нь 2008 онд ШУТИС-ийг иргэний ба үйлдвэрийн барилга мэргэжлээр барилгын инженер бакалаврын зэрэгтэйгээр төгсөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[14] тогтоогдсон болно. Мөн дээр дурдсанаар Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд ус хангамж, ариутгах татуургын инженер-1 байхаар заасан боловч уг шаардлагатай холбогдолтой ямар нэгэн баримт бичиг тус компанийн тендерийн баримт бичигт байхгүй байх тул эдгээр шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

 

Гуравдагч этгээд К ХХК-ийн тендерийн баримт бичиг дэх Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажилд ажиллах инженерүүд гэсэн бичиг баримтад ерөнхий инженерээр барилгын инженер мэргэжилтэй Х.Сержантыг ажиллуулахаар тусгасан байгаа боловч Х.Сержант нь 2000 онд Техникийн их сургуулийг иргэний ба үйлдвэрийн барилга мэргэжлээр, барилгын инженер бакалаврын зэрэгтэйгээр төгсөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[15] тогтоогдсон тул ерөнхий инженер нь барилгын инженер байх гэсэн шаардлагыг хангаагүй байна. Мөн дээрх жагсаалтад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнээр М.Асемнурыг, ус хангамж, ариутгах татуурга, халаалт, агаар сэлгэлтийн инженерээр Ш.Саулетханыг ажиллуулахаар тусгасан байна. Гэтэл уг жагсаалтад М.Асемнурын ажлын туршлагыг 3 жил гэж тусгаснаас гадна тэрээр Москвагийн барилгын их сургуулийг 2015 онд төгссөн талаар тодорхойлолтод тусгагдсан байх тул хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн нь 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх гэсэн шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.Ус хангамж, ариутгах татуурга, халаалт, агаар сэлгэлтийн инженерээр ажиллахаар тусгасан Ш.Саулетханы хувьд дулаан хангамж, агаар сэлгэлтийн инженер мэргэжилтэй болох нь тус компанийн тендерийн баримт бичиг дэх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа, өөрөөр хэлбэл тус компани нь халаалт,агаар сэлгэлтийн инженер -1 байх гэсэн шаардлагыг хангаж байгаа боловч ус хангамж, ариутгах татуургын инженер-1 байх гэсэн шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар уг тендер шалгаруулалтад оролцсон нэхэмжлэгч Г ХХК, гуравдагч этгээд Н ХХК, М ХХК, К ХХК-уудын тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15, 16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага болон тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ, 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага, 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана, 28 дугаар зүйлийн 28.1-д Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ гэж тус тус зохицуулсан.

 

Иймээс гуравдагч этгээд Н ХХК, М ХХК, К ХХК-уудын тендер нь захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага болон тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй байх тул Үнэлгээний хорооны Н ХХК, М ХХК, К ХХК-уудын тендерүүдийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн үнэлгээний дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1.1,27.1.3,27.3,27.4 дэх заалтад тус тус нийцсэн байна.

 

Харин нэхэмжлэгч Г ХХК-ийн тендер нь захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага болон тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг дээрх байдлаар мөн хангаагүй байхад шаардлагад нийцсэн гэж үзээд үнэлгээ хийж, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж дүгнээд гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгсөн Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар дүгнэлт нь хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1.1,27.1.3, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтыг тус тус зөрчсөнөөс гадна 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасантай нийцээгүй байна гэж дүгнэлээ.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Захиалагч хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадлаж болно, 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 35.1-д Хэрэв урьдчилсан сонгон шалгаруулалт хийгдээгүй бол захиалагч гэрээ байгуулах эрх олгохоос өмнө тендерийн шаардлагыг хангасан бөгөөд хамгийн бага үнэ санал ирүүлсэн тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадварыг дахин магадлаж болно, 35.2-т Даатгалд ирүүлсэн чадварын талаарх нотлох баримт болон захиалагчийн шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэлд тулгуурлан тендерт оролцогчийн санхүү, техникийн болон үйлдвэрлэлийн чадавхи, ялангуяа тендерт оролцогчийн тухайн үед гүйцэтгэж буй гэрээт ажил, цаашдын ажил хариуцах чадвар, шүүхэд дуудагдаж байгаа эсэхийг харгалзан үзнэ, 35.3-т ТОӨЗ-ны 35.2-ын дагуу магадлан үзэхэд шаардлага хангасан бол тухайн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгох урьдчилсан нөхцөл болно. Харин шаардлага хангаагүй тохиолдолд тухайн тендерт оролцогчийн тендерээс татгалзах бөгөөд захиалагч дараагийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн гэрээ хэрэгжүүлэх чадварыг хангах эсэхийг магадЛ гэж тус тус заасан.

 

Эдгээр заалтуудаас үзэхэд захиалагч нь шаардлага хангасан бөгөөд хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахаар, шаардлага хангаагүй нь тогтоогдсон тохиолдолд тендерт оролцогчийн тендерээс татгалзах эрхтэй байхаар тус тус зохицуулсан, мөн дээрх байдлаар нэхэмжлэгч Г ХХК-ийн ирүүлсэн тендер нь захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага болон тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байх тул захиалагч аймгийн Засаг даргаас Г ХХК-д Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүйг буруутгах боломжгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Г ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй, гэрээ байгуулахгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийн дагуу Г ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж,гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох шаардлагыг хангаж, тус дүгнэлтийг хүчингүй болгон, харин Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Н ХХК,МХХК, КХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерүүдээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, уг 3 компаниас хамгийн сайн үнэлэгдэх тендер ирүүлсэн оролцогчийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид даалгах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас гадна Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн19 дүгээр зүйлийн 19.1-д Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ, 19.2-т Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана гэж тус тус заасан, өөрөөр хэлбэл захиалагч нь тендерт оролцогчдод тавих шаардлагыг тодорхойлж тендерийн баримт бичигт тусгахдаа холбогдох дүрэм, журмыг баримтлахаар зохицуулсан байна.

 

Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна: 10.1.1.барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж;10.1.2.бага төвөгшилтэй барилга байгууламж;10.1.3.дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж; 10.1.4.өндөр төвөгшилтэй барилга байгууламж; 10.1.5.онцгой төвөгшилтэй барилга байгууламж, 10.2-т Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно, 18 дугаар зүйлийн 18.1-д Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ, 18.2-т Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ, 19 дүгээр зүйлийн 19.1-д Дараахь барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ:19.1.2.энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх, 33 дугаар зүйлийн 33.1-д Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргаанытөвбайгууллагабарилгынүйлажиллагааныталаардараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:33.1.15.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам батлах гэж тус тус зохицуулсан.

 

Дээрх зүйл, заалтуудыг үндэслэн Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар тушаалаар баталсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэмийн 2.1.-д Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал нь барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх,барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах,... барилгын ажилд захиалагчийн хяналт тавих зэрэг үйл ажиллагааг зохицуулах үндэслэл болно, 3.3-т Төвөгшлийн ангилалд хамааруулах барилга байгууламжийн төрлийг энэ дүрмийн хавсралтаар тогтооно гэж заасан. Уг дүрмийн Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал тус бүрд хамаарах барилга байгууламжууд гэсэн хавсралтад зааснаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга нь дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламжид хамаарч байна.

 

Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар тушаалаар баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл,өргөх байгууламж,түүний эд ангийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам-ын 1.3-т Энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан тавих шаардлагыг хангасан хуулийн этгээдэд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгоно, 5.1-д Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эрхлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд Барилгын тухай хуулийн 10.1-д заасан ангиллын дагуу барилга байгууламжийн төвөгшлөөр, ...энэ журмын хавсралтад зааснаар тогтооно гэж заасан. Энэ журмын 1 дүгээр хавсралт болох Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага-ын Хоёр.Барилгын байгууламжийн угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажлын хүрээнд гэсэн хэсгийн 3.Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажил гэсэн хэсэгт зааснаар ажлын төрлийн хувьд БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажлын тусгай зөвшөөрөлтэй, байвал зохих инженер техникийн ажилтны хувьд барилгын инженер -2, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан-1, инженер техникийн ажилтны туршлагын хувьд барилгын инженерийн аль нэг нь барилга байгууламжийн угсралтын мэргэшсэн зэрэгтэй байх гэсэн шаардлага тавигддаг байна.

 

Энэхүү тендерийн баримт бичиг болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 в хэсгийн 2-т 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл) гэсэн тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарджээ. Гэтэл дээрх дүрэм, журамд зааснаар бага төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт,өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийхэд 2.1.2 буюу БА-2.1 заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байхаар зохицуулсан.

 

Харин дунд төвөгшилтэй барилга байгууламжид хамаарах сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга буюу Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн баримт бичиг болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд 2.1.3 эсхүл БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажлын тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг тусгах ёстой байтал тусгаагүй нь дээрх хууль, журам, дүрэмд нийцээгүй байна. Мөн тендер шалгаруулалтад зайлшгүй тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг тендерийн баримт бичигт тусгаагүй нь нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэлээ.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана, 30.4.1-т тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах, 30.4.2-т энэ хуулийн 30.1.3, 30.1.4-т заасан нөхцөл үүссэн бөгөөд тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нь зөвхөн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээтэй холбоотой бол тэдгээртэй холбогдолтой өөрчлөлтийг тендерийн баримт бичигт оруулж, хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах, 30.4.3-т энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах гэж тус тус заасан.

 

Дээрх байдлаар Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон 4 компанийн 3 компанийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерүүдээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй,харин Г ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж дүгнээд гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгсөн Үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцээгүй болох нь тус тус тогтоогдсон. Мөн уг тендер шалгаруулалтад зайлшгүй тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг тендерийн баримт бичигт тусгаагүй нь хууль болон нийтийн эрх ашгийг зөрчсөн байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.2-т зааснаар хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах нөхцөл байдал тухайн тохиолдолд байхгүй тул 30.4.1-т зааснаар нээлттэй тендер шалгаруулалт дахин явуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд гуравдагч этгээдүүдийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажил БСШУСЯ/201902176 дугаартай тендерийн баримт бичиг болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4в гэсэн хэсгийн 2 дахь заалт хууль бус байсан болох, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд барилга угсралт 2.1.3 буюу БА-3.1 гэсэн заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шаардаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож, Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажил БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтыг дахин явуулахыг аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.3, 106.3.4, 106.3.13, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3,19 дүгээр зүйлийн 19.1,19.2, 27 дугаар зүйлийн 27.1.1,27.1.3, 27.3,27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.4.1д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Г ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй, гэрээ байгуулахгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийн дагуу Г ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж,гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Гуравдагч этгээд Н ХХК, М ХХК, К ХХК-ийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажил БСШУСЯ/201902176 дугаартай тендерийн баримт бичиг болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 в гэсэн хэсгийн 2 дахь заалт хууль бус байсан болох, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд барилга угсралт 2.1.3 буюу БА-3.1 гэсэн заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шаардаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож, Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажил БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтыг дахин явуулахыг аймгийн Засаг даргад даалгаж, үлдсэн хэсэг болох Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Н ХХК, МХХК, К ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерүүдээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, уг 3 компаниас хамгийн сайн үнэлэгдэх тендер ирүүлсэн оролцогчийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан гуравдагч этгээдүүдэд олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1]Хэргийн 41-р хуудас

 

[2]Хэргийн 42,44-46-р хуудас

 

[3]Хэргийн108-р хуудас

 

[4]Хэргийн 109-р хуудас

 

[5]Хэргийн 48-49-р хуудас

 

[6]Хэргийн 43-р хуудас

 

[7]Хэргийн 51-53-р хуудас

 

[8]Хэргийн 33-34,54-56-р хуудас

 

[9]Хэргийн 32-р хуудас

 

[10]Хэргийн 11-р хуудас

 

[11]Хэргийн 57-58-р хуудас

 

[12]Хэргийн 211-р хуудас

 

[13]Хэргийн 203-205-р хуудас

 

[14]Хэргийн 86,219-р хуудас

 

[15]Хэргийн 86,219-р хуудас