| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0134/З |
| Дугаар | 221/МА2026/0615 |
| Огноо | 2026-08-27 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2026/0615
Г.Бы нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Б
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/2250 дугаартай "албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал бууруулсантай холбогдон гарсан цалингийн зөрүү, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөж олгуулах," тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0560 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, Ч.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.Г, Ц.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2026/0134/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Г.Б нь Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан "Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/2250 дугаартай "албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал бууруулсантай холбогдон гарсан цалингийн зөрүү, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөж олгуулах"-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0560 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 37.1.9, 37.1.13-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/2250 дугаартай “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал бууруулсантай холбогдон гарсан цалингийн зөрүү, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөж олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1 Шийдвэрийн 4.2-д "...нэхэмжлэгч Г.Б албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь: Хариуцагч Цагдаагийн Ерөнхий газар нь Г.Бд энэхүү баримт бичгийг танилцуулж байгаагүй буюу түүнд агуулгыг нэхэмжлэгч шүүхэд маргаан үүссэний дараа хэргийн материалтай танилцахдаа анх мэдсэн тул түүнийг хэрэгжүүлэх боломжгүй байсан болно. Төрийн албаны тухай хуулийн 41.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж, “Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.-т “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй: ...43.2.2. ...ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх;” гэж тус тус заасан байна.
Түүнээс гадна хариуцагч нь 2025 онд хэрэгжүүлэх эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг Г.Бд бус түүний өмнө ажиллаж байсан Т.Ад цахимаар хүргүүлсэн боловч нэхэмжлэгчид түүнийг хүлээлгэн өгөөгүй үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон болно. Гэвч Г.Б 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд сургалтад хамрагдсанаар эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг холбогдох дээд шатны албан тушаалтанд мэдэгдсэний үндсэн дээр зохих шаардлагад нийцүүлэн гаргаж хэрэгжүүлэн гүйцэтгэлийг тухай бүр удирдлагад танилцуулж ажилласан байдаг. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн даргын 2025 оны 06 сарын 11-ний өдөр баталсан гэх Эрсдэлийн менежментийн салбар төлөвлөгөөний биелэлтээр нэхэмжлэгч өөрөө танилцуулж батлуулсан нь 94.2 хувь буюу бүрэн хэрэгжсэн гэж дүгнэсэн тул түүний биелэлтийг хангаж ажиллаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч Г.Б нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээс эхлэн ахлах мэргэжилтнээр ажиллах 7-9 сар орчмын хугацаанд төрийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, удирдлагаас өгсөн даалгасан үүрэг даалгавар, хариуцсан ажил үүргээ чАын өндөр түвшинд хийж гүйцэтгэж ирсэн болох нь түүний ажилласан хугацаандаа төлөвлөн, зохион байгуулж, хэрэгжүүлэн хийж гүйцэтгэсэн 200 шахам ажлуудаар тодорхойлогдож байгаа ба түүний энэхүү үйл ажиллагааг байгууллага удирдлагын зүгээс үнэлж ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн томилж байснаар бодит байдлаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч дээрх байдлуудыг огт үгүйсгэж байгаагүй атал анхан шатны шүүх нэхэмжлэгч өөрөө гаргасан зөрчлөө үгүйсгээгүй гэсэнд гомдолтой байна. Маргаан бүхий акт болох Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2025 оны 12 сарын 02-ны өдрийн Б/2250 тушаалд Г.Б нь цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллаагүй нь албан тушаалын тодорхойлолтын зорилтод заасныг зөрчсөн гэх боловч хариуцагч түүнийг нэхэмжлэгчид огт танилцуулаагүй, 2025 оны 03 сарын 12-ны өдрийн А/122 тоот тушаалтай “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө” болон 2025 оны 02 сарын 19- ний өдрийн В/2242 дугаартай Эрсдэлийн менежментийн төлөвлөгөө” зэргийг хүлээлгэн өгөөгүй атлаа түүний агуулгад бүрэн нийцүүлээгүй үндэслэлээр буюу 58 оноогоор үнэлэгдсэн гэх шалтгаанаар албан тушаал бууруулах тухай Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2025 оны 12 сарын 02-ны өдрийн Б/2250 дугаар тушаалыг хууль ёсны захиргааны акт гэж үзсэнтэй өмгөөлөгчийн хувьд санал нийлэхгүй байна. Түүнээс гадна нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан алба хаагчдын гомдлыг холбогдох байгууллагын зүгээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтал энэхүү маргаан бүхий актад дурдагдаагүй, хуулийн дагуу өмнө шийдвэрлэгдсэн асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь мөн гомдол гаргах үндэслэл болж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0560 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0560 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 37.1.9, 37.1.13-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/2250 дугаартай “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал бууруулсантай холбогдон гарсан цалингийн зөрүү, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөж олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
3. Нэхэмжлэгчийн зүгээс “надад албан тушаалын тодорхойлолтыг танилцуулж байгаагүй буюу түүний агуулгыг шүүхэд маргаан үүссэний дараа хэргийн материалтай танилцахдаа анх мэдсэн тул хэрэгжүүлж ажиллах боломжгүй байсан. Мөн эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг өмнө ажиллаж байсан Т.А надад хүлээлгэж өгөөгүй, гэсэн хэдий эрсдэлийн менежментийн салбар төлөвлөгөөний биелэлтээр нэхэмжлэгч өөрөө танилцуулж батлуулсан нь 94.2 хувь буюу бүрэн хэрэгжсэн, эдгээрийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй” гэж гомдож буйг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
3.1 Нэхэмжлэгч Г.Быг Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/365 дугаар тушаалаар 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон байх ба Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/819 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилжээ.
3.2 Үүний дараа Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн удирдамжийн дагуу 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалт явуулсан байх бөгөөд уг хяналт шалгалтаар тус хэлтсийн үйл ажиллагааг 61.0 хувь буюу “дутагдалтай” гэж дүгнэж, нэр бүхий албан хаагчдад сахилгын арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ.
3.3 Улмаар Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн "Эрсдэлийн удирдлага, дотоод аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг шалгасан дүнгийн тухай" танилцуулгаар нэхэмжлэгч Г.Быг “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтад “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг зөрчсөн байх тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулан үндэслэлтэй” гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийн дагуу нэхэмжлэгч Г.Бд “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулах гэж буй талаар сонсгож, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сонсох ажиллагааны тэмдэглэлийг үйлдэхэд “.. миний бие 2025 оны 03 дугаар сарын 14-нд уг албан тушаалд томилогдон ажиллах хугацаанд ээлжийн амралт 2 сар, сургалтад 1 сар, нийт 3 сар уг ажилд оролцоогүй шалтгаантай байсан. Мөн миний хувьд тухайн ажлыг хариуцаж байсан Т.А нь дадлагажуулах чиглэлээр ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй. Мөн өмнө гаргасан тушаал шийдвэрийг хүлээлгэн өгч танилцуулаагүй асуудлаас ийм асуудал болсон тул гомдолтой байна.” гэжээ.
3.4 Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 19-ний “Төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулсан дүнгийн тухай” 938 дугаар танилцуулгаар[1] "...Г.Б нь цагдаагийн байгууллаас дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулах, биелэлт, үр дүнг тооцох, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, алба хаагчдын сахилга, ёс зүйн байдал, албаны сургалтын хэрэгцээ, шаардлагад судалгаа, дүн шинжилгээ хийх, түүнд тохирсон ажил арга, хэмжээг зохион байгуулан судалгаа, дүн шинжилгээ хийх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үр дүнг тооцох зэрэг чиг үүргээ дутагдалтай хэрэгжүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7,. 37.1.8, 37.1.19, Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.1, 1.2, 1.3, 2 дугаар зорилтын 2.1, 2.2, 2.3, 3 дугаар зорилтын 3.1, 3.3, 4 дүгээр зорилтын 4.1, 4.3, 5 дугаар зорилтын 5.1, 7 дугаар зорилтын 7.1, 7.3 дахь хэсэг, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1, 2.2.1, 2.3.2, 2.3.3, 2.4.2, 2.4.3, 2.4.13, 2.5.1, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3.1.1, 3.1.2, 3.1.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн байх тул сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй” гэж тус тус дүгнээд, энэхүү дүгнэлтийн дагуу Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь хэсэгт заасны дагуу албан тушаал бууруулах тухай саналыг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргад гаргасан байна.
3.5 Цагдаагийн Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 978 дугаар танилцуулгад[2] “... Төлөвлөлт зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Бы "Г.Б" нэртэй фейсбүүк хаягт нийтэлсэн мэдээллийг хуулбарлан авч, түүний нийтлэлийн доор бусад алба хаагчдыг хууль бус үйлдэлд уриалсан шинжийг агуулсан нь алба хаагчийн өгсөн тайлбар, цахим орчинд нийтэлсэн мэдээлэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. … Гэвч цагдаагийн ахлах дэслэгч Г.Б нь төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтын дүнгээр түүний хариуцсан ажил дутагдалтай дүгнэгдсэн асуудалд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан "Албан тушаал бууруулах" сахилгын шийтгэл оногдуулах саналыг ажлын хэсгээс хүргүүлсэн ба дээрх үйлдлийг уг шийтгэлд багтаан оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.” гэжээ.
3.6 Улмаар Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/2250 дугаар тушаалаар “ ... Гын Б нь цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулах, биелэлт, үр дүнг тооцох, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, алба хаагчдын сахилга, ёс зүйн байдал, албаны сургалтын хэрэгцээ шаардлагад судалгаа, дүн шинжилгээ хийх, түүнд тохирсон ажил арга, хэмжээг зохион байгуулан судалгаа, дүн шинжилгээ хийх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үр дүнг тооцох зэрэг чиг үүргээ дутагдалтай хэрэгжүүлсэн” гэх үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
3.7 Дээрх үйл баримт болон нэхэмжлэгч Г.Бы сонсох ажиллагааны явцад өгсөн тайлбар, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбар, гомдол зэргээс үзвэл тэрээр анх томилогдсон 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хяналт, шалгалт явагдсан 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх 7 сарын хугацаанд ажиллахдаа ажлын гүйцэтгэл, биелэлт, үр дүнгийн талаар гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд уг гүйцэтгэлийн үр дүнд холбогдуулан маргаан бүхий акт гарсан байна.
3.8 Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс ажлын байрны тодорхойлолттой танилцаж байгаагүй, өмнөх ажилтнаас эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг хүлээн аваагүй, дадлагажуулаагүй гэж маргах хэдий ч эдгээр үндэслэлээр түүний ажлын гүйцэтгэл үр дүн хангалтгүй байсан үйл баримтыг зөвтгөх боломжгүй.
3.9 Учир нь энэ хугацаанд нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэж байсан ба тэдгээр гүйцэтгэсэн ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэнтэй холбогдуулан маргаан бүхий акт гарчээ. Өөрөөр хэлбэл түүнийг ямар ажил үүрэг гүйцэтгэхээ мэдэхгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.10 Энэ талаар анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн хувьд өөрийн урьд хамт ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дарга Цагдаагийн дэд хурандаа Д.Жийн хүсэлтийг хүлээн авч, өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр тухайн албан тушаалыг хийх бүрэн чадамжтай болохоо илэрхийлэн томилогдсон үйл баримт болон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн даргаар 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эрсдэлийн салбар төлөвлөгөөний биелэлтийг батлуулсан гэх үйл баримт зэргээр түүний дээрх шалтгаант үндэслэл няцаагдаж байна.” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэхүү маргаан бүхий акт нь харьцангуй, тохиромжтой байх зарчмыг буруу хэрэглэсэн буюу түүний гаргасан зөрчилд оногдуулсан шийтгэл тохиромжгүй байна гэж маргаж буйг хүлээн авах боломжгүй.
4.1 Тодруулбал, Захиргааны байгууллага төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалтын үр дүнд илэрсэн зөрчилд ажлын албаны ирүүлсэн саналд үндэслэн Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3-д зааснаар “албан тушаал бууруулах;” ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжид хамаарахаар байна.
4.2 Мөн шүүхийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж заасан хүрээнд хянан үзэхэд захиргааны байгууллага сонгох боломжийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Иймээс Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/2250 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гээд 4.2.5 дахь хэсэгт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж заасан зарчмыг хангасан гэж үзэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Т.Аг цахимаар гэрчээр асуусан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байна гэж гомдож буй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
6.1 Т.Аг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны явцад цахимаар гэрчээр асуусан байх ба гэрчээр асуухаас өмнө талуудаас санал асууж, гэрчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан болох нь тус өдрийн 128/ТМ2026/1441 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлээр[3] тогтоогдож байна.
6.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн дуудсанаар ирж чадахгүй гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болно.” гэж заасан.
6.3 Дээрх үйл баримтаас талууд тухайн үедээ гэрчийг цахимаар мэдүүлэг өгөхийг эсэргүүцээгүй байх бөгөөд хуульд үүнийг хязгаарласан зохицуулалт байхгүй. Мөн үүний улмаас шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэх үр дагавар тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР