Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар   2024/ШЦТ/90

 

 

 2024          01        18                                       2024/ШЦТ/90

             

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч Я.Болортуяа,

хохирогч Д.Д,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт *******-д яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2306 04613 3197 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1952 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, бага боловсролтой, ус хангалтын инженер мэргэжилтэй, өндөр настны тэтгэвэрт, Цагаан морь шагналаар шагнуулж байсан, Ам бүл 1, Баянзүрх дүүрэг,.................................. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Б овогт Ж. Р /РД:...................../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улиастайн амаар дээш өгсөөд ............................ задгай тоот хохирогч Д.Дын эзэмшлийн хашаан дотор байсан 1 тооны гахайг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.  

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Д мэдүүлэхдээ: “Би орой ирсэн чинь манай гахай байхгүй байсан.Тэгээд би цагдаад мэдэгдсэн байсан. Би хөршийгөө авсан гэж мэдээгүй. Манай гэрт хүн байхгүй байсан. Цагдаа ирээд таны гахайг хашаанд нь алсан байна гээд надаас мэдүүлэг аваад явсан. Манай гахай 10 хоногийн дараа төрөх гэж байсан. Би 2 гахайтай байж байгаад би нэг гахайг нь нядлаад мөнгө болгосон. Харин нөгөө гахайн хээлтэй байсан болохоор үлдээсэн юм. Тухайн гахай 3 сая төгрөгийн үнэтэй байсан. ******* гуай надтай ирж уулзсан надад хоёр охин тоорой аваад өгнө гэсэн тэгээд одоо болтол өгөөгүй байгаа. Би  тэр гахайгаар амьжиргаагаа залгуулдаг байсан” гэв.    

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дын өгсөн: "19 цагийн орчимд гэртээ гахайгаа хооллох гээд ирэхэд байхгүй болчихсон, гахайны хашааг задлаад, эвдээд гахайг минь аваад явсан байсан. ...харуулаас асууж сураглахад өдөр 14 цагийн орчимд цэнхэр портертой бас саарал өнгийн Приус 20 маркийн машинтай хүмүүс манай гахайны байрны орчимд Р гэх нэртэй манай хөрш ирээд ойр зуурын төмөр ачиж байсан гэж хэлсэн. Манай гахай төллөх байсан болохоор 3,000,000 төгрөгөөр үнэлж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дахь тал/,

            Гэрч Ц.Х-ийн өгсөн "Манай хадам аав ******* өөрийн 887057.. дугаараас миний 890921.. дугаарын гар утас руу залгаад "Аав нь үлдсэн нэг гахайгаа нядлаад хот руу оруулмаар байна, намайг ирээд авчих" гэж ярихаар нь би ажилтай байна, ажлаа тараад яваад очъё гэсэн. Тэгээд орой 17 цагийн үед хадам аав миний гар утас руу залгаад ирж байна уу гэж асуухаар нь би одоо ажлаа тараад очиж байна гэсэн тэгээд би хадам аавын Баянзүрх дүүргийн ............  хороонд байх хашааны гадаа...... УНӨ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй очиход хадам аав хашаандаа гахайн толгой, хаа, гуя дэлгэсэн байсан. Нэг хаа, гуяыг таньдаг хүндээ өрөндөө өгсөн гэж ярьж байсан. Тэгээд хадам аав гахайн махаа миний машины багажид ачаад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцсийн автобусны буудал дээр авч буугаад автобусанд суугаад гэр рүүгээ явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дахь тал/,

            Яллагдагч *******-гийн өгсөн: "Би 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ очиж нохойгоо хооллохдоо гэрээ эргэж 1-2 хонохоор очсон. Тэгтэл манайхтай саахалт айл болох Дын тэжээдэг шаргал өнгийн 1 тооны гахай манай жорлонгийн дэргэд байхаар нь уяагаар бугуйлдаж бариад шонгоос уясан. Тэгээд би тэр гахайг лантуугаар цохиж газар унагаад өвчүүний дээд хэсэгт цусалж төхөөрсөн. Тэгээд би гэдэс дотрыг нь жалганд хаяад махыг сэврээж байгаад хүргэн Х-ийг дуудсан. Би нядалсан гахайныхаа 1 гуя, 1 хааг өмнө нь өртэй байсан залууд өгөөд үлдсэн махыг нь өөрөө хэрэглэсэн. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дэх тал/,

            "Дамно" хөрөнгө үнэлгээний ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 589 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 23-24 дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.  

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улиастайн амаар дээш өгсөөд.................................. их сургуулийн сургалтын төвийн зүүн талд байрлах задгай тоот хохирогч Д.Д-ын эзэмшлийн хашаан дотор байсан 1 тооны гахайг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улиастайн амаар дээш өгсөөд Батлан хамгаалах их сургуулийн сургалтын төвийн зүүн талд байрлах задгай тоот хохирогч Д.Дын эзэмшлийн хашаан дотор байсан 1 тооны гахайг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-8 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дын өгсөн: “гахайны хашааг задлаад, эвдээд гахайг минь аваад явсан байсан. ...харуулаас асууж сураглахад өдөр 14 цагийн орчимд цэнхэр портертой бас саарал өнгийн Приус 20 маркийн машинтай хүмүүс манай гахайны байрны орчимд Р гэх нэртэй манай хөрш ирээд ойр зуурын төмөр ачиж байсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дахь тал/, Гэрч Ц.Х-ийн өгсөн "... хадам аавын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байх хашааны гадаа.......... . УНӨ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй очиход хадам аав хашаандаа гахайн толгой, хаа, гуя дэлгэсэн байсан. Нэг хаа, гуяыг таньдаг хүндээ өрөндөө өгсөн гэж ярьж байсан. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дахь тал/, "Дамно" хөрөнгө үнэлгээний ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн БЗД3-23-589 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 23-24 дэх тал/, яллагдагч *******гийн өгсөн: "...Тэгээд би тэр гахайг лантуугаар цохиж газар унагаад өвчүүний дээд хэсэгт цусалж төхөөрсөн. Тэгээд би гэдэс дотрыг нь жалганд хаяад махыг сэврээж байгаад хүргэн Х-ийг дуудсан. Би нядалсан гахайныхаа 1 гуя, 1 хааг өмнө нь өртэй байсан залууд өгөөд үлдсэн махыг нь өөрөө хэрэглэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дод учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1.Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас.............., эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “......................, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *******д хохирогч Д.Дод гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.

            Шүүгдэгч *******гаас 3,000,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Дод олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч:Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улиастайн амаар дээш өгсөөд...................  их сургуулийн сургалтын төвийн зүүн талд байрлах задгай тоот хохирогч Д.Д-ын эзэмшлийн хашаан дотор байсан 1 тооны гахайг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй” дүгнэлтийг гаргасан.

            Шүүх шүүгдэгч *******-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх ял шийтгэж шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт *******-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 6 сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргээ биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Ялтан *******д хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулж хохирогч Д.Дод олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА