Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 02432

 

 

 

 

 

 

 

 

 

 2020            09           02                                                   102/ШШ2020/02432                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ц ББСБ” нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Гхолбогдох,

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 100,801 /нэг зуун мянга найман зуун нэг/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Э нь 2019.01.24-ны өдөр манай цахим зээлийн үйлчилгээнд 00005341 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 70,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6,500 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2-т “Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх” 4 дүгээр зүйлийн 2.3-т “Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх” гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5-д “Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй” гэж заасан. Гэтэл зээлдэгч нь зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, төлөх боломж олгосон ч үр дүн гараагүй. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 70,000 төгрөг, шимтгэл 6,500 төгрөг, хүүний үлдэгдэл 24,301, нийт 100,801 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц ББСБ” ХХК нь Г.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 100,801 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч Г.Эт шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардуулан, эх үүргийг тайлбарлан өгсөн байгаа боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзсан талаархи тайлбараа нотлох баримтын хамт ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байгаа боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 70,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай зээлж, зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шимтгэлийг төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүү төлөхөөр тохиролцжээ.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ. 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 70,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Гэрээний нөхцөл, агуулгаас дүгнэхэд нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг зөвшөөрлийн хүрээнд зээлийг олгосон атлаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 болон 24 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна.

 

Хэрэгт авагдсан гэрээгээр шимтгэл төлөхөөр тохиролцсон боловч хэдэн хувийн шимтгэлийг тооцох талаархи баримтыг ирүүлээгүй байх тул хангах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн 30 хоногт 4 хувийн хүү тохиролцсон, хариуцагч нь үндсэн зээл 70,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул 2,800 төгрөгийн хүүний төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олголоо.

 

Харин талууд гэрээний хугацааг сунгасан гэж үзэх байдал тогтоогдохгүй байх тул 21,501 төгрөгийг хүүний төлбөрт шаардах эрхгүй юм.

 

Зохигчид энэ өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар тэдгээрийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 4,550 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан Г.Э зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 72,800 /далан хоёр мянга найман зуу/ төгрөг гаргуулж, “Ц ББСБ” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 28,001 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 4,550 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

                 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ