Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0568

 

2026 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0568

Улаанбаатар хот

 

 

 

Ч.Хын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа,

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Ч.Х

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0874 дүгээр шийдвэр,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Х,

Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, мөн зөвлөлийн ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/154 дүгээр тушаалын Ч.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилохыг даалгах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ч.Хд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/92 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/143 дугаар Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тус газрын даргын албан тушаалын ангилал, зэрэглэлээр тооцон гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, 2025 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлэх,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Х,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.П,

хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Ою, Б.М, Т.М,

хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёс зүйн дэд хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Хэргийн индекс: 128/2025/0338/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Хаас анх Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/154 дүгээр тушаалын Ч.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилохыг даалгах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, захиргааны хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

- 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ч.Хд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/92 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж,

- 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж,

- 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/143 дугаар Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах гэж,

- 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тус газрын даргын албан тушаалын ангилал, зэрэглэлээр тооцон гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, 2025 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлэх хэмээн тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, эцэслэн тодорхойлсон.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0874 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 33 дугаар зүйлийн 33.3, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.8-д заасныг тус тус баримтлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хороонд холбогдуулан гаргасан 1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/154 дүгээр тушаалын Ч.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2.Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилуулахыг даалгах, 3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ч.Хд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/92 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, 5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, 6.Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/143 дугаар Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, 7.Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын албан тушаалын ангилал, зэрэглэлээр тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, 2025 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлэх-ийг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Ч.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай 207 дугаар тогтоолоор 2024 оны 10 дугаар сард бүтэц, орон тоо батлагдан гарахад миний даргаар нь ажиллаж байсан Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс нь Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газар болсон. Гэвч урьд гүйцэтгэж байсан чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт хэвээр үлдсэн. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь дээрх 207 дугаартай тогтоолын дагуу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/154 дүгээр тушаалаар намайг томилохдоо Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референт (Эрхэлсэн түшмэл ангиллын, АА-5 зэрэглэл)-ийн албан тушаалд бууруулан томилж, төрийн жинхэнэ албан хаагч миний нэмэгдэл баталгаа эдлэх эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т ... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах гэж заасан дээрх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлээгүй нь хууль бус. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт нь зөвхөн албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд хэрэглэгдэх заалт байх бөгөөд миний ажиллаж байгаа Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистик хариуцсан нэгж нь газар, хэлтэс байхаас үл хамааран нэгжийн удирдлага буюу удирдах албан тушаалтантай байх нь тодорхой тул энэ тохиолдолд ямар нэгэн орон тоо хасагдаагүй. 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/154 дүгээр тушаалыг надад огт танилцуулж, мэдэгдээгүй, гарын үсэг зуруулаагүй байхад Төрийн албаны зөвлөлөөс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх хариу өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1- д заасны дагуу нэхэмжлэл гаргасан.

3.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/54 дүгээр тушаалд намайг ямар ёс зүйн зөрчил гаргасныг дурдаагүй бөгөөд харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэх 01 дугаартай дүгнэлтэд Ц.Сгаас хэлтсийн дарга Ч.Хд холбогдуулан гаргасан гомдолд дурдсан нийт 3 үндэслэлээс 2 асуудалд ёс зүйн зөрчил гаргасан үйл баримт тогтоогдоогүй, харин ажлын байрны дарамт үзүүлдэг, ялгаварлан гадуурхдаг, ёс зүйгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажилд оролцуулдаггүй" гэх асуудал нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, хэм хэмжээ зөрчсөн гэж үзсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтад нийцээгүй, процессын болон агуулгын үндэслэлгүй дүгнэлтийг үндэслэж хариуцлага ногдуулсан нь буруу.

3.3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг гаргахдаа ямар чиг үүрэг, дүрэм, журам зөрчигдсөн, яагаад сахилгын зөрчил ногдуулах үндэслэл болж байгаа талаар үндэслэл бүхий шалган тогтоож, дүгнэж чадаагүй. Аливаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ямар нэгэн эрх зүйн үр дагаваргүй, хор уршиггүй, байгууллагын дотоод үйл ажиллагааны явцад гарч, залруулсан алдааг үндэслэн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус. Хэдийгээр Төрийн албаны зөвлөлөөс маргаан бүхий Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгосон боловч сахилгын зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хууль, журамд заасны дагуу явуулах эрхтэй болохыг дурдсан буюу хариуцагчаас уг асуудлаар дахин шийдвэр гаргах боломжтой байхаар тогтоолдоо заасан тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж болзошгүй, сахилгын зөрчил гаргасан эсэхийг шүүх нэг мөр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна,

3.4. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-д зааснаар төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоон, дүгнэлт гаргаж, уг дүгнэлтэд үндэслэлээ тусгахаар заасан. Гэтэл нэхэмжлэгч Ч.Хыг холбогдох ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж дээрх 05 дугаартай дүгнэлтийг гаргахдаа үндэслэх хэсэгтээ ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь гомдол гаргагч нарын гомдлоор тогтоогдож байна, гомдол үндэслэлтэй байна гэх зэргээр дүгнэж, гомдол шалган шийдвэрлэх ажиллагаа явуулалгүйгээр гомдол болон ёс зүйн хэм хэмжээг харьцуулан дүгнэх байдлаар ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй. Хэзээ, хэрхэн үйлдэгдсэн үйлдлийг зөрчилд тооцож байгаа нь тодорхой бус байгаагаас шалтгаалан Төрийн албан хаагчийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох, шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон эсэхийг тодорхойлох боломжгүй байхад анхан шатны шүүх ...нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь давтан, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх хуулийн үндэслэлийг хангаж байгаа гэж нотлох баримтад үндэслээгүй, тодорхой үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил болохыг тогтоож чадалгүйгээр хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

3.5. Мөн нэхэмжлэгчээс Хүний эрхийн үндэсний комисст хандан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нь нэхэмжлэгч Ч.Хын эрх зүйн байдлыг дордуулсан, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хууль бус шийдвэрүүд удаа дараа гаргаж, ажлын байрны бэлгийн дарамтаас үүдэлтэйгээр ажлын байрны дарамт, шахалт үзүүлж байгаа талаар гомдол гаргасан.

Комиссын гишүүний 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 04/23 дугаартай гишүүний шаардлагад ...Албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуулах нь Ерөнхий зөвлөлийн ажлын албанд нийтлэг биш байх боловч Ч.Хд сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээг сүүлийн 10 сард 3 удаа эхлүүлсэн нь түүнийг ялгаварласан байж болзошгүйг илтгэж байна. ... Ч.Х түүний удирдлагад ажилладаг албан хаагчид гомдолтой байх боловч ажил олгогчоос Ч.Хд үүрэгт ажилдаа зохих ёсоор явуулах боломжийг бүрдүүлээгүй, зохих дэмжлэг үзүүлээгүй, тулгамдсан асуудал, үл ойлголцлыг шуурхай шийдвэрлээгүй, сэтгэл санааны тааламжгүй байдалд ажиллуулсан, эдгээр нөхцөлүүд даамжирсан нь харилцааны бусад асуудал, үл ойлголцол үүсгэсэн гэж дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3.6. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалын ангилал, зэрэглэлээр тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шийтгэл төлүүлэх, 2025 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар Журам батлах тухай тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.3-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин, 2025 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлэхээр мөн нэхэмжилж байгаа болно

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тус бүрд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч тал гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/154 дүгээр тушаалын Ч.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Хэрэгт авагдсан баримтаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/139 дүгээр тушаалаар Ч.Хыг Мэдээллийн технологийн газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын /албан тушаалын ангилал, зэрэглэл: төрийн захиргаа эрхэлсэн түшмэл, АА-4 албан тушаалд томилсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 207 дугаар тогтоолоор тус зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, нэхэмжлэгч Ч.Хын ажиллаж байсан Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийг Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газар болгож өөрчилж, газрын даргын албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн захиргааны тэргүүн түшмэл АА-3 болгон, тавигдах шаардлагыг нэмэгдүүлсэн.

Улмаар, мөн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/152 дугаар тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны төрийн захиргааны албан хаагчдыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/154 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референтийн албан тушаалд томилж, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/155 дугаар тушаалаар ...сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референтийн албан тушаалын Ажлын байрны тодорхойлолтод зааснаар тухайн албан тушаал нь төрийн захиргаа эрхэлсэн түшмэл, АА-5 буюу нэхэмжлэгчийн албан тушаалын зэрэглэл буурсан үйл баримт тус тус тогтоогдсон.

3.2 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-27.1.3 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу сонгон шалгаруулалтын журмаар тухайн орон тоог нөхөх, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т ... тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд ... авна, 62 дугаар зүйлийн 62.1.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах хэмээн тус тус заасан.

3.3. Маргаан бүхий тохиолдолд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн хэдий ч тухайн албан тушаалын ангилал, зэрэглэл нь дээшилж, тавигдах тусгай шаардлага нь өөрчлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул төрийн албаны ангилал, зэрэглэлийн хувьд эрхэлсэн түшмэл, АА-4-т хамаарах ажил, албан тушаалыг эрхэлж байсан нэхэмжлэгчийг АА-5 ангилал, зэрэглэлд хамаарах ажилд томилсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/154 дүгээр тушаалын холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Гэвч энэхүү нөхцөл байдал нь шүүх хуульд заасан нөхцөл шаардлагыг үл хэрэгсэн нэхэмжлэгчийг шууд АА-3 ангилалд хамаарах албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй.

Учир нь, Төрийн албан тухай хуулийн үндсэн зорилго, зохицуулалт нь төрийн албанд анх томилогдох, сул орон тоог нөхөх болон албан тушаал шатлан дэвших аль ч тохиолдолд сонгон шалгаруулалт (ерөнхий болон тусгай)-ын зарчимд тулгуурлан тухайн асуудлыг шийдвэрлэх журамтай.

3.4. Харин төрийн захиргааны байгууллага нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ тухайн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын баталгааг хангах, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан хориглолтыг зөрчихгүй байх үүрэгтэй. Тухайн тохиолдолд хариуцагчийн 2024 оны Б/154 дүгээр тушаалын холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийг албан тушаалын ангилал, зэрэглэл бууруулж, Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референтээр (ахлах түшмэл, АА-5) томилсон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул өмнө нь эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, бусад нэмэлт баталгааг бууруулахгүйгээр, ажил мэргэжлийнх нь дагуу адилтгахуйц албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн дүгнэв.

4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хороонд тус зөвлөлийн Мэдээллийн технологийн газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Хаас тус хэлтсийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Сд холбогдуулан ...ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлдэг гэх агуулгаар, Ц.Сгаас нэхэмжлэгч Ч.Хд холбогдуулан ...ажлын байрны ялгаварлан гадуурхал үзүүлдэг, ажлын бус цагаар ажиллахыг шаарддаг, удирдлага зохион байгуулалтаар хангадаггүй гэх агуулгаар тус тус гомдол гаргасан.

Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр Ц.Сгаас Ч.Хд холбогдуулан гаргасан гомдолд дурдсан 3 үндэслэлээс 2 асуудалд ёс зүйн зөрчил гаргасан үйл баримт тогтоогдоогүй, харин Ажлын байрны дарамт үзүүлдэг, ялгаварлан гадуурхдаг, ёс зүйгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажилд оруулдаггүй гэх асуудал нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалд эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ-ний 2.10.1, 2.10.3-д заасан хэм хэмжээг зөрчсөн болохыг тогтоож, Ч.Хд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасан хариуцлага тооцох санал гаргасан.

Улмаар, тус дүгнэлтийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах ёс зүйн хариуцлага ногдуулсан болох нь тогтоогдсон.

4.2 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Энэ хуулийн зорилт нь төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино., 16 дугаар зүйлийн 16.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-д заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна:, 16.1.2-д өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах; хэмээн тус тус заасан.

4.3 Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч Ч.Хын хувьд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалд эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ-ний 2.10.1, 2.10.3-д заасан хэм хэмжээг зөрчсөн нь Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ч.Хд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/92 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1 Хэрэгт авагдсан баримтаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ч.Хд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/92 дугаар тушаалаар ...Ч.Х нь Монгол Улсын шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний нэгтгэлд хяналт тавиагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлээгүй тул өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Нэхэмжлэгчээс тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 352 дугаар тогтоолоор ...Ч.Х нь албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, арга зүй, удирдлага зохион байгуулалтаар хангах үүргээ бүрэн хангалттай биелүүлээгүй, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх хэдий ч тухайн асуудлаар гаргасан сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр нь ... сахилгын зөрчил гаргасныг шалган тогтоож, дүгнэлт гаргах, танилцуулах, тэмдэглэл үйлдэх, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдолд бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах зэрэг ажиллагааг бүрэн хангаагүйг тогтоож ... хүчингүй болгон шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон.

5.2 Тухайн үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс ...хэдийгээр Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч ... нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж болзошгүй... хэмээн маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол байгаа болохоо тайлбарлан маргаж байх тул шүүх нэхэмжлэгчийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ч.Хд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/92 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

6.1 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай 16 дугаар зүйлийн 16.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна: 18 дугаар зүйлийн 18.1-д Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

6.2 Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар маргаан бүхий захиргааны акт хэмээн нэхэмжлэгчийн тодорхойлж буй Ёс зүйн дэд хорооны 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар дүгнэлт нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын нэр бүхий ажилтнуудаас нэхэмжлэгч Ч.Хд холбогдуулан гаргасан гомдлыг хянан хэлэлцэж, ... Ч.Х нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн тул түүнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар тогтоолын 16.1-д зааснаар ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэх агуулга бүхий дүгнэлт болох нь тогтоогдсон.

6.3 Үүнтэй холбоотойгоор шүүх бүрэлдэхүүн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дээрх зохицуулалт нь нэхэмжлэгчээс Ёс зүйн дэд хорооны дүгнэлттэй дангаар нь бус харин түүнийг үндэслэн гарсан шийдвэртэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх эрх хэмжээг шүүхэд олгосон байхад анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэсэн нь буруу байна гэж дүгнэн тухайн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

7. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/143 дугаар Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

7.1 Маргаан бүхий тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйлийн 27.4.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8, 12 дугаар зүйлийн 12.1.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.4, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2, 11.1.5, мөн зөвлөлийн ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг үндэслэн ...Ч.Хын гаргасан ёс зүйн зөрчлийн шинж байдал, давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах ёс зүйн хариуцлага ногдуулж шийдвэрлэсэн.

7.2 Ингэхдээ өмнө гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 352 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад нэр бүхий ажилчдаас гомдол гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Хын өмнө нь нэгэнт тогтоогдож, сануулах шийтгэл ногдуулж байсан зөрчилд хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7.3 Тодруулбал, Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч Ч.Хыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалд эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ-ний 2.10.1, 2.10.3-д заасан хэм хэмжээг зөрчсөн хэмээн дүгнэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэсэн буюу нэгэнт тогтоогдож, хариуцлага хүлээлгэсэн зөрчлөөс өөр ямар зөрчлийг шинээр гаргасан гэж үзэж байгаа болох нь тодорхойгүй.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 352 дугаар тогтоолоор хүчингүй болгосон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/92 дугаар тушаалаар тухайн үйлдсэн гэх зөрчилд сануулах шийтгэл ногдуулж байсан атлаа чухам ямар нөхцөл байдал шинээр үүссэн хэмээн үзэж маргаан бүхий 2025 оны Б/143 дугаар Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай тушаалаар нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах ёс зүйн хариуцлага ногдуулж шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Энэ талаарх үйл баримт тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх үндэслэл муутай дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0874 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсэгт дараах байдлаар өөрчлөлт оруулсугай.

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ч.Хын гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 62 дугаар зүйлийн 62.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ч.Хын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/154 дүгээр тушаалын Ч.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Хын урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл (АА-4), цалин хөлс, нэмэгдэл баталгааг дордуулахгүйгээр адилтгахуйц албан тушаалд томилохыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад даалгаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ч.Хд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/92 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тухайн албан тушаалын зэрэглэлээр тооцон олгож, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийн хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын дугаарыг 3 болон 4 хэмээн өөрчилж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийндавж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ  Г.МӨНХТУЛГА