Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2018/0497

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 16 өдөр                 Дугаар                                     Ула******* хот

                                                      128/ШШ2018/0497

                                                                        

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүгч Л.Б, шүүгч М.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Г.Г

Хариуцагч: Хил хамгаалах ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 6/854, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1660 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, иргэдийн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1660 тоот тушаалаар 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн б/854 тоот хууль бус тушаалыг хүчингүй болгосон ба дээрх тушаал нь эрх зүйн ач холбогдлоо алдсан, үр нөлөөгүй болсон байх тул Хил хамгаалах Ерөнхиий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1660 тоот хууль бус тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байна.

Миний төрийн албанд алба хаах, хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/854 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1660 дугаар ажлаас халах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж, уг хууль бус тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Г.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хууль бусаар гаргасан Б/854 дүгээр тушаалыг эс зөвшөөрч, шалгалтаар илрээгүй зөрчлийг илэрсэн мэтээр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Мөн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б/1660 тоот тушаалыг гаргаж, тус тушаалаар өмнө нь гаргасан 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/854 дүгээр тушаалыг хүчингүй болгосон байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байхад өмнө нь гаргасан хууль бус тушаалаа хүчингүй болгож дахин хууль бус тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тухайн үед зөрчлийг нуун дарагдуулсан үйлдэл байгаагүй. Камерын бичлэгт гарсан зөрчлийг тогтоох гэж ажиллагаа явагдаж байгаа нь бичигдсэн байхад зөрчлийг нуун дарагдуулсан гэж үзэж тушаал гаргасан нь үндэслэлгүй байна. Үүнийг Тагнуулын ерөнхий газраас шалгаад, ямар шалтгааны улмаас зөрчил гарсан талаарх мөрдөгчийн тэмдэглэлийг мэдэгдлээр Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсэн байгаа.  2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн тушаалд “нуун дарагдуулсан” гэсэн байгаа. Нуун дарагдуулна гэдэг нь эрүүгийн гэмт хэрэг. н.Баатарсүх хурандаагийн илт буруутай үйл ажиллагааны улмаас тухайн зөрчил гарсан. Гэтэл Г.Гыг ажлаас чөлөөлсөнд нь гомдолтой байгаа. Төрийн албаны тухай хуульд “ялгаварлалгүй хандана” гэж заасныг зөрчсөн байна. Мөн Г.Гыг ажлаас чөлөөлсөн тушаалд “...удаа дараа зөрчил гаргасан” гэсэн байгаа. Гэтэл тухайн зөрчлүүд нь 2011, 2012 онд гаргасан зөрчил байгаа. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д: “...Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан. Иймд уг тушаал нь илт хууль бус байна. Мөн Г.Г нь 2017 оны 7 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ажил хийх боломжгүй байсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10.362.027 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “... 1. Г.Г нь хилийн 0108 дугаар анги /Замын-Үүд/-ийн хариуцсан хэсгээр 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө гарсан хилийн зөрчлийг камерын хяналтаар илрүүлсэн боловч ангийн шуурхай жижүүрт мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс хилийн зөрчлийг алдсан.

Энэ талаар тагнуулын байгууллагаас шалгаад “... Г.Г нь дүрэмд заасан үүргээ гүйцэтгэж, гэмт хэргийг таслан зогсоогоогүй тул хариуцлага тооцох” чиглэлийг 2017 оны 11 дугаартай мөрдөгчийн мэдэгдлээр өгсөн.

2. Хил хамгаалах ерөнхий газрын даргын Г.Гыг цэргийн албанаас халах тухай 2017 оны Б/854 дүгээр тушаалын тэмдэглэх хэсэгт Цэргийн албаны тухай хуулийн 24.1.1 дэх хэсэг /цэргийн нийтлэг дүрэм, цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн бол цэргийн албанаас хална/-т заасан халах үндэслэл заасан боловч захирамжлах хэсэгт “... албан тушаалаас чөлөөлж, тагнуулын байгууллагад шилжүүлсүгэй” гэж бичсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 45.1 дэх хэсэгт “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй" гэж заасан.

Иймд Тагнуулын мөрдөгчийн 11 дүгээр тэмдэглэлээр өгсөн чиглэл, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны Б/1660 дугаар тушаал гарган Б/854 дүгээр тушаалын алдааг засварласан.

Нэхэмжлэгч Г.Г нь албан үүргээ хангалтгүй гүйцэтгэснээс хилийн зөрчил алдсан гэдгийг мөрдөгчийн 11 дүгээр тэмдэглэлд дурдаад, “...Г.Гт хариуцлага тооцоод, эргэж мэдэгд...” гэсэн чиглэлийг Тагнуулын ерөнхий газраас Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсэн байдаг.

Г.Гын удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь мөн ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон. Ажлын байрны тодорхойлолтод “...илэрсэн онцлог хөдөлгөөнийг нэн даруй шуурхай жижүүрт илтгэнэ” гэж заасан байгаа. Гэтэл Г.Г нь хоёр минутын хугацаанд шуурхай жижүүрт илтгээгүй. Замын-Үүд нь улсын хилээс 2 км зайтай. Хоёр минутын хугацаанд сумын төв ороод, буцаад ирэх боломжтой. Замын-Үүдийн удирдлагаас хил хамгаалалтад томоохон ач холбогдол өгч сургалт явуулж, шинэ тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлж, гарсан зөрчлийг тухай бүрт нь түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаа. Гэтэл гарсан зөрчлийг хоёр минутын хугацаанд шуурхай жижүүрт илтгээгүй байна гэдэг нь маш том зөрчил юм.

Мөн Г.Г нь тухайн үед гаргасан тодорхойлолтдоо: “Миний алдаатай байдлаас болж зөрчил гарсан. Би дахин ийм зөрчил гаргахгүй” гэж зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Зөрчил гаргаснаас хойш 1 жилийн хугацаанд зөрчил гаргаагүй бол зөрчилгүйд тооцно” гэж байна. Цэргийн сахилгын дүрмийн 65-д: “...Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш ахлагч, офицер ахлагч нь 6 сарын хугацаанд дахин сахилгын шийтгэл хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан байгаа, гэхдээ “зөрчилгүйд тооцно” гэсэн ойлголт байхгүй. Мөн Г.Г Төрийн албаны зөвлөлд 2 удаа хүсэлт хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс Г.Гыг удаа дараа зөрчил гаргасан талаар хариу албан бичиг ирүүлсэн. Г.Г Төрийн албаны зөвлөлийн хариуг эс зөвшөөрч дахин Төрийн албаны зөвлөлд хүсэлт хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс Г.Гын хүсэлтийг хуралдаанаар хэлэлцэхээр дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй. Г.Г нь гаргасан хүсэлтдээ ач холбогдол өгөхгүй, ирэхгүй байсан учраас хэрэг удааширч байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/854 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан ба улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр  “Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1660 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан байдаг.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар тодорхойлогдсон маргаан бүхий захиргааны актын хувьд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн буюу нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1660 дугаар тушаалыг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийг зүгээс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийн материалтай танилцахдаа мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид танилцуулаагүй талаар дурдаж холбогдох баримтыг гаргаж өгсөн байгаа нь дан ганц нэхэмжлэгчийг буруутгаж, хугацаандаа шүүхэд хандаагүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзсэнээс гадна захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй, маргааны үйл баримт нь хоорондоо холбоотой, нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлсэн байдлаар гаргасан шаардлагыг шүүхэд мэдүүлэх эрхийн хүрээнд хамтад нь эцэслэн шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс дээд удирдлага болон шууд харьяалагдах удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь үр бүтээлтэй хийж зохих журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхад ажлаас халсан нь төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, удаа дараа зөрчил гаргасан, зөрчлийг нуун дарагдуулсан гэж үзэж тушаал гаргасан нь хууль бус болсон гэж маргаж байгаа бол хариуцагчийн зүгээс Г.Гыг телекамерын хяналтаар илэрсэн хилийн зөрчлийг нуун дарагдуулж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэн албан тушаалаас нь чөлөөлж Тагнуулын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн, улмаар албан тушаалаас чөлөөлөх бадлаар захиргаа өөрийн гаргасан захиргааны актаа завсарлаж гаргасан нь хууль зөрчөөгүй гэж татгалзлаа тайлбарлаж байна.

Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/854 дүгээр тушаал[1]-аар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, түүний гаргасан зөрчлийг шалгуулахаар Тагнуулын байгууллагад шилжүүлсэн, улмаар мөн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1660 дугаар тушаал[2]-аар дээрх Б/854 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Гыг захиргааны санаачилгаар албан тушаалаас чөлөөлж, цэргийн албанаас халсан ба эдгээр хоёр тушаалыг нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон авч үзэж байна.

Захиргааны байгууллагаас маргаан бүхий 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1660 дугаар тушаалыг гаргаж, маргаан бүхий Б/854 дүгээр тушаалыг хүчингүй хүчингүй болгосноор эрх зүйн хувьд үйлчлэлгүй болж, үр дагаваргүй болсон байх тул уг захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шүүх хянаж, дүгнэлт өгсөнгүй.

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хилийн 0180 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн ... дугаар тэмдэгт орчмоор  гадаад улсын иргэд улсын хил хууль бусаар нэвтэрч байхыг телекамерын хянагч, оператор Г.Г нь үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа илрүүлсэн боловч ажлын байрны тодорхойлолт болон Телекамерын хянагч, операторын ажиллах журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоогоогүй болох нь Тагнуулын Ерөнхий газрын “маш нууц” зэрэглэлтэйгээр ирсэн баримтаар[3] тогтоогдож байна.

Тодруулбал, телекамерийн хянагч, операторын ажиллах журам[4]-д заасан хилийн зөрчил гарч болзошгүй чиглэлд болон эсрэг талын объектуудад хяналт тавьж бүртгэл хөтлөх, хариуцсан хэсэгт илэрч буй хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, хамгаалж буй хэсэгт үүрэг гүйцэтгэж байгаа бусад манаатай харилцан ажиллаж, хяналтаар илэрсэн зүйлд хилийн манааг чиглүүлэх, хилийн цагийн байдлын өөрчлөлтүүдийг хилийн албаны тасгийн дарга, шуурхай удирлага, мэдээлэл дүн шинжилгээний албаны дарга, отрядын шуурхай жижүүрт тухай бүр нь илтгэж, өгсөн шийдвэрийн дагуу ажиллах, хилийн болон хил орчмын дэглэмийн, бусад зөрчил илэрсэн үед телекамерийн хянагч, оператор нь отрядын шуурхай жижүүрт нэн даруй илтгэх зэрэг үүргүүдийг телекамерийн хянагч, оператор хэрэгжүүлэх ёстой байна. Гэтэл нэхэмжлэгч Г.Г нь 2017 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэж байхдаа Монгол Улсын хил хууль бусаар нэвтэрч байгаа гэмт үйлдлийг илрүүлсэн боловч шуурхай удирдлага, мэдээлэл дүн шинжилгээний албаны телекамерийн хянагч, операторын ажлын байрны тодорхойлолтод заагдсан хилийн хариуцсан хэсэгт илэрсэн хөдөлгөөн нэг бүрийг удирдлагад танилцуулан мэдээлэх, цэргийн хяналтыг тасралтгүй зохион байгуулж, илэрч байгаа хөдөлгөөн бүрт тэмдэглэл, дүгнэлт хийж, шинээр илэрсэн объект, онцлог хөдөлгөөнийг нэн даруй шуурхай жижүүрт танилцуулах үүргээ биелүүлээгүй байна.

Тэгэхээр захиргааны байгууллага 2017 оны Б/1660 дугаар тушаалдаа Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1: “цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн” гэх заалтыг үндэслэсэн байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар төрийн тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн жинхэнэ албан хаагч байсан нь түүний хөдөлмөрлөх эрхийн харилцааг уг хуулиар зохицуулах авч мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т: “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж зааснаар илүү нарийвчилсан Цэргийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.Г нь Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар цэргийн байгууллагад ахлагчийн албан тушаалд ажиллаж байсан нь түүнээс Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай 6 дугаар зүйлийн 6.1.3: “Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмийг чанд сахин биелүүлэх”, мөн зүйлийн 6.1.4: “албан тушаалын үүргээ биелүүлэх” зэргээр үүргээ биелүүлэхийг, мөн Телекамерийн хянагч, операторын ажиллах журамд заасан үүргийг албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа хэлбэрэлтгүй сахиж биелүүлэхийг шаардах байсан, энэ үүргээ Хилийн цэрэгт ахлах ахлагч цолтойгоор алба хааж байсан нэхэмжлэгч Г.Г нь зөрчсөн нь дээр дурдсан байдлаар нотлогдож, түүнийг цэргийн албанаас халсан үйл баримт нь хоблогдох хуулийг зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсаны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гаас Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасанХил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 6/854, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1660 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 5- р хуудас

[2] Хавтаст хэргийн 86-р хуудас

[3] Тагнуулын ерөнхий газраас “маш нууц”-ын зэрэглэлтэйгээр ирүүлж хавтаст хэргээс тусдаа авагдсан нотлох баримт.

[4] Хил хамгаалах ерөнхий газраас “нууц”-ын зэрэглэлтэй ирүүлж, хавтаст хэргээс тусдаа авагдсан нотлох баримт.