Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 311

 

 

 

 

 

 

    2020            3             17                                      2020/ДШМ/311                                     

 

 

                                   Д.Ад холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

хохирогч Б.Цэлмэг, түүний өмгөөлөгч А.Бүдханд,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.Ад холбогдох эрүүгийн 1905030661073 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.А,

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 57-1 дүгээр байрны 36 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.Цэлмэгийн нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Аани овгийн Дашямпилын Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Аыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Аыг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Аыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.А баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Ааас 1.617.196 төгрөг гаргуулан хохирогч Б.Цэлмэгт олгож, хохирогч Б.Цэлмэг гэмт хэргийн улмаас өөрт учирсан цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Д.А гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг шалгасан Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч цагдаагийн ахмад И.Цэрэндулам нь ... хэргийг шалгах явцдаа гэрчээр өгсөн миний мэдүүлгийг хохирогчид задруулсан, хохирогчтой ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс хувийн харилцаанд орсон, хохирогчийг мэдүүлэг өгөхгүй байхад нь ятгаж худал мэдүүлэг өгүүлсэн, зарим хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авахуулах, Б.Цэлмэгийн согтолтын хэмжээг тогтоолгох, хүчиндсэн гэх этгээдийг олуулах тухай гаргасан миний хүсэлтийг хангахаас татгалзаж Б.Цэлмэгээс дахин мэдүүлэг авсан тухай, хэргийг хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан тухай гомдлыг Цагдаагийн ерөнхий газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан. Цагдаагийн ерөнхий газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/6427 дугаартай албан бичгээр Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч цагдаагийн ахмад И.Цэрэндуламд “Албан тушаалын үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах”-аар /хх-184 дүгээр хуудас/ шийдвэрлэсэн болохыг хариу мэдэгдэж байна.” гэсэн хариу ирүүлснийг хэрэгт хавсаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн шүүх хуралдаанд энэ асуудлыг шүүгчид тавьсан боловч огт хэрэгсээгүй. Мөрдөгчийн хууль бусаар цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтыг шийдвэр гаргахдаа үнэлсэн нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй болоход шууд нөлөөлсөн.

Энэ хэрэгт 5 хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Үүний 4 гэрч нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд манай гэрт дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчид байсан. ... Миний бие Б.Цэлмэгийн биед хохирол учруулсан бол алгадаж учруулсан уу, цохиж учруулсан уу гэдгийг ч шалгаж тогтоогоогүй. Ийм асуудал болчихлоо гэж яг юуг хэлээд байгаа нь ч бүрхэг байдаг. Мөн би тэр цаг хугацаанд цагдаа болгонтой харилцаж байгаагүй бөгөөд дэд ахлагч Б.Азжаргалын хяналтад байрныхаа гадаа хүүхдээ тэврээд зогсож байсан болно. Бусад цагдаа нар нь машиндаа суучихсан байсан. Би Б.Азжаргалд энийг нь мэдсэн бол цохичих байсан юм гэж хэлж байсан бөгөөд цохичихсон юм гэж огт хэлээгүй.

Мөрдөгч, прокурор, шүүгч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн DVD дэх бичлэгийг үнэлээгүй. Мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед ч энэ бичлэгний талаар, бичлэг хийгдэж байх цаг хугацаанд Б.Цэлмэгийг хаана юу хийж байсныг ч асууж тодруулаагүй нь шүүхийн шийдвэр бодит байдалтай нийцээгүй байхад нөлөөлсөн. Шүүх хуралдаанд миний бие Б.Цэлмэгийн бусадтай хурьцал үйлдэн бэлгийн ажил хийж байгаа дуу авиатай бичлэгийг шинжлэн судлуулсан. Шүүх шийдвэртээ “Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн нэг ширхэг компакт дискэнд байгаа дуу бичлэгийг шинжлэн судлахад уг дуу бичлэгт эмэгтэй хүний дуу авиа сонсогдох бөгөөд үүнийг шүүгдэгч Д.Аптайсайхан тайлбарлахдаа “манай эхнэр өөр хүнтэй бэлгийн ажил хийж байгаа дуу чимээг утсандаа бичиж авсан” гэжээ.

Уг дуу бичлэг нь Д.Аыг эхнэрээ бусадтай хардаж, улмаар бие махбодид нь гэмтэл учруулах, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэсэн болно.” гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн. Б.Цэлмэгийн тэр өдөр хэнтэй юу хийж байсныг тогтоогоогүй байхад харамсалтайгаар ийнхүү дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн.

Б.Цэлмэг нь хэрэг учрал болсноос бараг 1 сарын дараа цагдаагийн байгууллагад хандаж надад зодуулсан гэж гомдол гаргасан. Яагаад хугацаа алдаж гомдол гаргаснаа нөхөр, хүүхдээ бодож гэж мэдүүлсэн байдаг. Бодит байдал дээр Б.Цэлмэг нь гэр бүлээ гутаан доромжилсон үйлдлээ энэ 1 сарын хугацаанд нууж, хэргийн ул мөрийг баллах бүх арга хэмжээг авсан байдаг. Тэр өдөр хамт явсан багш нартаа тэр өдөр болсон явдлыг худлаа ярихыг, ямар үг хэлэхийг зааж өгснийг хамт ажилладаг багш Тэрбиш, Мядагсүрэн, захирал Дарамбазар нар нь надад хэлсэн. Хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгч болох эдгээр хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг удаа дараа хангаагүй.

Б.Цэлмэг нь бусадтай бэлгийн ажил хийсэн үйлдлээ надад муу хүн бичлэг хийгээд чам руу илгээж, тоглож байсан, хүчиндүүлсэн гэж ярьдаг. Мөрдөгч, прокурор, шүүгч намайг энэ талаар худал мэдүүлэг өгч байна гэж үзээд миний мэдүүлгийг үнэлээгүй. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгч байсан нь гэрч Б.Азжаргалын “...Эхнэр тийм юм байхгүй, ажлын хүмүүс тэгж тоглодог юм аа гэсэн.” мэдүүлгээр нотлогдоно. Мөрдөгч, прокурор миний гаргасан хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэж байх хугацаанд хамт ажилладаг багш Ж.Бат-Өлзийтэй нийлж гэр бүлээ гутаан доромжилсныг хамт ажилладаг захирал, багш нараас нь мэдсэн.

Б.Цэлмэгийг худал мэдүүлэг өгч байгаатай холбоотой хүсэлтийг хяналтын прокурорт гаргахад миний гаргасан гомдолтой танилцаад “Хэрэг болсон цаг хугацаанд хохирогч Б.Цэлмэг нь бусдад хүчиндүүлээгүй, тийм асуудал болоогүй талаар мэдүүлсэн ба хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасны дагуу хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүргээ зөрчиж худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн хариу өгч байсан.

Б.Цэлмэгийн хохирогчоор өгсөн мэдүүлгийг бусад нотлох баримтаар давхар нотлоогүйгээс прокурор, шүүхийн шийдвэр үндэслэлгүй байхад нөлөөлсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж заасан байхад хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан мөрдөгч И.Цэрэндулам нь намайг шууд гэм буруутай гэж үзсэн. Энэ нь яллагдагчаар мэдүүлэг авахдаа Б.Цэлмэгийн эмчилгээ, хохирлын мөнгө өгснийг асууснаар нотлогдоно.

Энэ хэрэгт Б.Цэлмэгийн гаргаж өгсөн хохирол, хор уршигтай холбогдон нэхэмжилсэн төлбөрт ямар нэгэн тайлбар өгөөгүй байсан. Шүүхэд хэргийг шилжүүлэхэд Б.Цэлмэг нь 1.052.413 төгрөгний хохирол нэхэмжилсэн байсан. Шүүх хуралдаанд Б.Цэлмэг түүний өмгөөлөгч нэмж хохирол нэхэмжилж байна гэж баримтууд гаргасан өгснийг шүүх танхимд сууж байсан прокурор, өмгөөлөгчид танилцуулж шийдвэрээ гаргахдаа нэмж шийдсэн. Иргэний нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүгч шүүгдэгч надад танилцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь миний мэдээлэл авах эрхийн ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хуулийн 34.14 дүгээр зүйлийг зөрчсөн үйлдэл гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Иймд миний холбогдсон хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг гардаг орой буюу 2019 оны 6 дугаар сарын 24-ний орой 21 цагаас хойш Д.А өөрийн 94006990 дугаарын утаснаас эхнэр Б.Цэлмэгийн 94016990 утас руу олон удаа залгасан байдаг ч утсаа аваагүй. 23 цаг 56 минутад утсаа авсан боловч яриагүй харин утасны цаана бэлгийн харьцаа хийж буй дуу чимээ 9 минут 47 секунд үргэлжилсэн. Үүнийг Д.А сонсож байгаад тэвчээр нь хүрэхгүй утсаа салгасан. Түүнээс хойш дахин хэд хэдэн удаа залгахад мөн л утсаа аваагүй. Хамгийн сүүлд 00 цаг 41 минутад залгасан тэр үед Цэлмэг ирээгүй байсан. Тухайн үед Д.А маш их цочирдож, өөрт нь доромжлогдож байгаа мэт бодогдон гомдож бухимдсан. Удалгүй Цэлмэг гаднаас согтуу орж ирэхээр нь ...хаагуур юу хийж явж байгаад ирж байгаа юм бэ гэхэд нь чамд ямар хамаатай юм гэсэн байдаг. Үүнээс болж Д.Аы хувьд түрүүчийн сонссон дуу авиа болон эхнэрийнх нь өөртэй нь харьцаж байгаа байдлаас болж тухайн цаг мөчид сэтгэл санаа хүчтэй цочирдсон байдал бий болсон гэж үзэж байна. Д.А шүүхийн хэлэлцүүлгийн үед ч яг юу болж өнгөрснийг тодорхой санахгүй байгаа тухайгаа мэдүүлсэн.

Эрүүгийн эрх зүйд “нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санаа гэнэтийн цочиролд хоромхон зуурт автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдахыг сэтгэл санаа хүчтэй цочирдон давчдах гэнэ” гэдгийг тайлбарласан байдаг. Гэр бүлийн амьдрал гэдэг хайр, итгэлцэл, хүндлэл дээр тогтдог. Гэтэл эхнэр нь итгэл эвдээд өөр бусадтай бэлгийн харьцаанд орж байна гэж ойлгосон айлын нөхөр эхнэрээ яаж хүлээж авах ёстой юм, энд хохирогчийн зүй бус үйлдэл яаж нөлөөлсөн гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байсан.

Дуудлагаар очсон цагдаа нар хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтооход онцгой ач холбогдол бүхий хэргийн газрын үзлэг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Мөрдөгч гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хэрэг гарсан газарт үзлэг хийнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Д.Ааас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 9 минут 47 секундын бичлэгийг мөрдөгч нотлох баримтад тооцож хэрэгт авчихаад энэ баримттай холбогдуулан ямар ч ажиллагаа хийгээгүй. Хохирогчоос энэ бичлэгний талаар огт асуугаагүй байдаг. Хохирогч энэ талаар ямар нэг тайлбар хэлээгүй бөгөөд тухайн үед өөрийн гар утсаа хаяж гээгээгүй, хэн нэгэнд өгөөгүй, өөрт нь байсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

Шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлдэлд хамаарах хэдий ч дээрх хэрэг гарсан нөхцөл байдлаас харахад энэ хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн гишүүдэд тэгш биш байдал үүсгэж, гэр бүлийн гишүүд хүчирхийлэгчийн дарамт, эрхшээлд автсан байдаг онцлогтой. Энэ нь гэмт этгээдийн хохирогчтой харьцах тогтсон зан үйл болон хувирсан байдаг. Тэгвэл Д.Аы гэр бүл ийм хэмжээнд хүрсэн байсан уу гэвэл үгүй. Нэг удаагийн тохиолдлын шинжтэй байсан гэж үзэхээр байгаа юм.

Хэрэгт авагдсан гэрч нарын болон хохирогч Б.Цэлмэгийн өгсөн мэдүүлгүүд утгын хувьд эрс зөрүүтэй мэдүүлгүүд байдаг. Дан нотлох баримтаар ялангуяа тухайн хэрэгт сонирхол бүхий хохирогч, гэрчийн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж нь эргэлзээтэй байдаг. Үүнийг бусад нотлох баримаар давхар нотлох ёстой. Хохирогч Цэлмэгийн 2019 оны 7 дугаар сарын 23-нд өгсөн мэдүүлэгт ...Д.А миний толгойн бүх хэсэгт гараараа цохьсон, баруун гар хэсэгт цохьсон, толгойн хэсгийг ханатай хавсарч цохисон, зодсон ... Д.А архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ гар хүрч байсан... гэдэг ба хх-77-д ... хаалга онгойсон тэгээд намайг чирээд хаалгаар оруулаад нүүр лүү гараараа нэг цохисон, үсдэж байгаад хана мөргүүлсэн. Би зодуулаад шоконд ороод ухаанаа алдсан нэг сэрэхэд цагдаа миний хацрыг алгадаад та зүгээр үү гэж сэрээсэн ... Урьд нь цохиж зодож байгаагүй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй. Сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэл учирч байна. Хардалтаас болсон байх... гэх зэргээр мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ мэдүүлгүүд нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй. Шүүх эмнэлгийн 9067 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Б.Цэлмэгийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн байдаг. Мөн гэрчээр асуугдсан хэргийн газар очсон цагдаа нарын мэдүүлэгт хохирогч Цэлмэгийг буруу хараад уйлаад сууж байсан, согтуу байсан гэж мэдүүлсэн байдгаас ухаан алдсан байсныг нь алгадаж сэрээсэн гэх мэдүүлэг огт байхгүй. Түүнчлэн энэ хэргийг шалгаж байсан мөрдөгч Цэрэндуламыг хэргийн оролцогчтой хувийн харьцаа үүсгэж хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж Д.Аы зүгээс Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт.үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга хурандаа Даваасүрэнд гомдол гаргасан. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/6427 тоот Цагдаагийн Ерөнхий газрын албан хариугаар цагдаагийн ахмад И.Цэрэндуламд албан тушаалын үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн. Эндээс үзвэл хохирогчийн өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотолгооны чанараа алдаж, нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлд болж байна.

Д.Ааас 2019 оны 7 дугаар сарын 24-ний болон 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэсэнд үл нийцсэн буюу гэмт хэрэгт холбогдуулан шууд заасан хүнд урьдчилан Эрүүгийн хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсныг “мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн”-д тооцох бөгөөд хүний эрхийг ноцтой зөрчсөнд тооцож болно.

Дээрх байдлуудаас үзэхэд хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт байхгүй, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэхээр байна. ... Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Цэлмэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад учирсан гэмтэл зөвхөн Д.Аы цохисон үйлдлээс болж учирсан. Урьд нь ийм зүйл болж л байсан. Би нэг ч удаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Энэ удаа хөрш цагдаад мэдэгдэж уг үйлдэл ил болсон болохоос биш, урьд нь би ийм байдалд орж л байсан. Одоо эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна. Өнөөдрийг хүртэл эмчилгээний зардалд нэг ч төгрөг өгөөгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа Д.Ааас нэхэмжилж байна. Цаашид эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Би эмчийн хяналтанд байнга байгаа. Эмчилгээ үргэлжлээд явж байгаа. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчид учирсан гэмтэл нь Д.Аы 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр цохисон цохилтоос болж үүссэн гэмтэл болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Таван гэрч мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч Шинэхүүгийн мэдүүлэгт “эмэгтэй хүн орилоод, түг түг гээд хана нэг бус удаа дуугарсан болохоор цагдаад дуудлага өгсөн” гэдэг. Дуудлага өгсөний дараа 4 цагдаагийн ажилтан ирсэн. Эдгээр цагдаагийн ажилтан нар тухайн үеийн нөхцөлд байдал ямар байсан болохыг тодорхой мэдүүлсэн. Шүүгдэгч Д.А тухайн үед очсон цагдаа нарт “манай эхнэр гаднаас бусдад зодуулсан байдалтай орж ирсэн” гэх зүйл яриагүй байдаг. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9067 дугаартай дүгнэлтэд “зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал” гэсэн байдаг. Шинжээч эмч уг гэмтлийг нэг удаагийн цохилтоос учрах боломжтой гэж үзсэн болохоос биеийн бусад хэсэгт учирсан гэмтлүүдийг хэдэн удаагийн цохилтоос болж учирсан болохыг нарийвчилж дүгнээгүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Хохирогч Б.Цэлмэгийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн болон 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн мэдүүлгүүдэд “намайг чирээд хаалгаар оруулаад нүүр рүү гараараа нэг удаа цохисон. “Яаж байгаа юм бэ” гэхэд дахиад цохисон. Үсдэж байгаад хана мөргүүлсэн. Тэгээд би орилсон. Миний хамарнаас их хэмжээний цус гарсан. Хардалтаас болж намайг зодсон байх. Би тухайн орой хэн нэгэнд хүчиндүүлээгүй. Би хүнтэй маргаагүй, намайг гудамжинд хэн нэгэн зодоогүй. Би гэртээ өөрөө орсон” гэсэн байдаг. Гэрч Шинэхүү “эмэгтэй хүнийг зодоод байна” гэх дуудлагыг цагдаад өгсөн. Цагдаагийн албан хаагчдаас гэрчийн мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар хохирогч, гэрч нар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, үүргийнхээ дагуу үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлэг бусад гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогддог. Иймд шүүгдэгч Д.А нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Цэлмэгийг хардалтын улмаас зодож, хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.А нь 2019 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 57-1 дүгээр байрны 36 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.Цэлмэгийн нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Цэлмэгийн “...Би 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн орой ажлын хүмүүстэй гадуур уулзахаар гарсан. Бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд орой 23 цагийн үед байх Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 57 дугаар байрны гадаа ирэхэд нөхөр Д.А тагтан дээрээ намайг хараад зогсож байсан. Би тасартлаа архи уугаагүй. Үйлдлээ мэдэж байсан. Тэгээд 57 дугаар байрны 36 тоотод гэртээ орох гэхэд урдаас хаалга онгойсон. Тэгээд намайг чирээд хаалгаар оруулаад нүүр лүү гараараа нэг цохисон. Яаж байгаа юм гэхэд дахин цохисон. Үсдэж байгаад хана мөргүүлээд, би орилсон. Миний хамарнаас их хэмжээний цус нөж гарсан. Би зодуулаад шоконд ороод ухаанаа алдсан. Айдас хүрсэн. Нэг сэрэхэд цагдаа миний хацрыг алгадаад “та зүгээр үү” гэж сэргээсэн. Тэр үед ухаан ороод харахад гэрт 3 цагдаа байсан. Нөхрийн дүү Алтанзул гэрт орж ирээд хаанаас гарсан юун цус вэ гэж орилоод намайг Гэмтлийн эмнэлэг авч явсан. Би эмнэлгээр яваад гэртээ ирэхэд 5 цаг 30 минут болж байсан. Алтанзул гэрт оруулж өгсөн. Д.А гэртээ сууж байсан. Д.А 2019 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 8 цаг гэж байхад Багануур явлаа гээд охиныг аваад гарсан. Над руу 2019 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 09-10 цагийн үед байх цагдаагаас над руу яриад та гомдолтой юу гэж асуухад нь би тухайн үедээ нөхрөө, хүүхдээ бодоод гомдолгүй гэж хэлээд гомдлоо хаалгасан. Тэгээд Д.Атай учраа олж ярилцах гэж оролдсон. Мөн миний бие өвдөөд эмнэлэгт хэвтээд биеэ эмчлүүлсэн. ...Ингээд би эмчилгээ хийлгэж яваад 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр цагдаад дахин гомдол гаргасан. ...Би ажлын хүмүүстэй гадуур явж байгаад нөхөр Д.А залгаад байхаар нь сүүлдээ гар утсаа аваагүй. ... Намайг гэр лүү орж явахад хаалга онгойлгоод Д.А чирч оруулаад нүүр лүү цохиод, хамар руу толгойны араас үснээс бариад нүүр хэсгээр цохиод би зодуурын шокноос болж ухаан балартсан. Гэрийн хаалга, шал, хана цус нөж болоод аймаар байсан. Би тухайн орой хэн нэгэнд хүчиндүүлээгүй. Тийм асуудал байхгүй. Д.А намайг хардаад хамт байсан хүнээ хэл, хэлэхгүй бол цагдаад хүчиндсэн гэж өргөдөл гаргаж байж олж авна гээд дарамтлаад байсан. Би хүнтэй унтаж хэвтээгүй гэхэд чи тэгвэл одоо өөрөө өргөдөл бич гэж дарамталсан. ... Би хүнтэй маргалдаагүй. Намайг гудамжинд хэн ч зодоогүй. Би гэр лүүгээ өөрөө орсон. Ороход нөхөр намайг хардаж зодсон. Хэрэв би гадаа гудамжинд зодуулсан бол өөр хүмүүсээс тусламж гуйна. Нөхөртөө ч хэлнэ. Тусламж гуйна биз дээ. Гэртээ зодуулсан. ...” /1 хх 77-81/,

гэрч Т.Шинэхүүгийн “...Нилээд орой болсон байхад эмэгтэй хүн орилоод хана таг таг гэж дуу гараад байсан. Би нилээд удаан чагнаж, хаана дуу гарч байгааг сонсох гээд гэрээсээ гараад доош давхар луу очиход дуу байхгүй, манай дээр 3 давхарт тэр чимээ сонсогдсон. Манай хажуу айлын эгч гарч ирчихсэн, би цагдаа дуудсан гэж надад хэлсэн. Би чимээг сонсоод цагдаад эмэгтэй хүн зодоод байна, яаралтай ирээрэй гэж дуудлага өгсөн. Хажуу айлын эгч бас цагдаа дуудсан байсан. Тэгээд би 3 давхар луу гарсан. Эмэгтэй хүн аймаар орилоод байхаар нь 3 давхарт 36 тоотын хаалгыг тогших үед цагдаа над руу залгаад ирчихлээ, аль айл юм гэхээр нь би 3 давхраас буугаад цагдааг тосож аваад 36 тоотод буцаж очсон. 36 тоотын хаалгыг цагдаа нүдэх үед эрэгтэй хүн хаалга онгойлгосон. Цагдаа нар гэр лүү нь орсон. Би үүдэнд нь хараад зогсож байсан. Эрэгтэй нь цагдаад юу болсон талаар тайлбарласан. Эмэгтэй хүн коридорт шалан дээрээ суугаад буруу харсан байсан. Цагдаа гэрт нь ороод би үүдэнд зогсож байсан. Гэрийн хаалгаар ороход хана харагдаж байсан. Тэр хана цус болсон, шал нь бас цус болсон байсан. ...” /1 хх 82-83/,

гэрч Г.Мөнхбаярын “... Тухайн үед 2019 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байсан байх, нилээн орой байсан. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 57 дугаар байрны 3 дугаар орцонд эмэгтэй хүнийг зодоод аллаа, хурдан ир гээд аймаар сүртэй дуудлага таблет дээр ар араасаа ирсэн. ...Дуудлага сүртэй, аллаа гэсэн байсан учир ахлах дэслэгч Жононтой хамт мөн “Бугат 66” ахлах ахлагч Батнасан, дэд ахлагч Азжаргал нарын хамт очсон. Байрны орцны үүднээс дуудлага өгсөн гэх эрэгтэй хүн бид нарыг дагуулаад тухайн зодоон болсон айлыг зааж өгсөн. … Хаалгыг тогшоод дотогш ороход үүдний хэсэг тэр чигтээ цус болсон, эмэгтэй хүн дөрвөн хөллөөд уйлаад байж байсан. Цагдаа нар гэр бүлийн дуудлагаар очихдоо холбогдогчийг тусгаарлах ёстой байдаг тул би нөхөр гэх хүнийг аваад гэрээс нь гараад байрны гадаа авч автомашины дэргэд зогсож байсан. Холбогдогч нь гэх залуутай ярилцах үед эхнэр нь ажлын хүмүүстэй шоудаад гар утсаа аваагүй, дахин дахин залгаад сүүлд нь гар утас нь дарагдаж таарсан, сонсоход эхнэр нь өөр хүнтэй явалдсан, тэрийг сонсоод уур хүрээд ийм асуудал болчихлоо гэсэн. Нөхөр нь архи уугаагүй, хүүхдээ хараад гэртээ байсан гэсэн. Дуудлагаар очихдоо 57 дугаар байрны орцоор ороод шатаар гарч явахад гэмт хэргийн ул мөр байхгүй, шатан дээр цус болоогүй байсан. Харин 57 дугаар байрны 36 тоотод ороход үүдний шал, хана, цус болсон аймаар харагдаж байсан. Эмэгтэй хүн доош хараад уйлаад байсан. Тухайн үед уйлж байсан эмэгтэйн шанаа нь хавдартай, хамарнаас нь цус гарсан байсан. ...” /1 хх 84-85/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9067 дугаартай “...Б.Цэлмэгийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” /1 хх 92/ гэх дүгнэлт,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 хх 146/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчтний 09880 дугаартай түүхийн хуулбар /1 хх 96-102/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Аыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч Д.Ааас “...Б.Цэлмэгийн хохирогчоор өгсөн мэдүүлгийг бусад нотлох баримтаар давхар нотлоогүйгээс прокурор, шүүхийн шийдвэр үндэслэлгүй байхад нөлөөлсөн. ...Шүүх хуралдаанд гарган өгсөн хохирлын нотлох баримтуудыг танилцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь мэдээлэл авах эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. ... цагаатгаж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэгээс “...хохирогчийн зүй бус үйлдэл яаж нөлөөлсөн гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байсан. ... хэргийн газрын үзлэг хийгээгүй, бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон атлаа ажиллагаа хийгээгүй. ...хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт байхгүй, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэхээр байна. ... хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан хохирогч Б.Цэлмэгийн “... нөхөр Д.А нь нүд нүүргүй олон удаа цохьсон. ...толгой хэсгийн ханатай хавсарч цохиж байсныг санаж байна. Нэг сэрэхэд цагдаа нар намайг сэрээрэй сэрээрэй гээд хацар хэсэгт зөөлөн хүрч байсан. Нөхрийн дүү Алтанзултай хамт Гэмтлийн эмнэлгээр явж үзүүлсэн. ...Би хүнтэй маргалдаагүй, гудамжинд хэн ч зодоогүй. ...” /1 хх 6, 80-81/,

гэрч Т.Шинэхүүгийн “... эмэгтэй хүн орилоод хана таг таг гэж дугараад байсан. Би нилээн удаан чагнаж, хаана дуу гарч байгааг сонсох гээд гэрээсээ гараад доод давхар луу очиход дуу байхгүй, манай дээр 3 давхарт тэр чимээ сонсогдсон. ...Энэ чимээг сонсоод цагдаад эмэгтэй хүнийг зодоод байна, яаралтай ирээрэй гэж дуудлага өгсөн. ... Цагдаа гэрт нь ороод би үүдэнд нь зогсож байсан, гэрийн хаалгаар ороход хана харагдаж байсан. Тэр хана цус болсон байсан. ...” /1 хх 82-83/ гэх мэдүүлгүүд, уг мэдүүлгүүдийг нотлон мэдүүлсэн гэрч Г.Мөнхбаяр, Б.Азжаргал, Э.Батнасан, Г.Жонон нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хэргийн үйл баримт нь уг хэрэгт хувийн сонирхолгүй хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Д.Аы давж заалдах гомдол няцаагдаж байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс нэг удаагийн төдийгүй байнгын /давтагдах/ шинжтэй хүч хэрэглэн дарамтлах, хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүссэн, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсэж, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэм буруугийн санаатай хэлбэр нь шууд болон шууд бус аль ч хэлбэрээр илэрч болно.

Түүнчлэн, хохирогчийн байнгын шинжтэй хууль бус, ёс суртахуунгүй үйлдлүүд нь гэмт этгээдийн хувьд удаан хугацааны сэтгэлзүйн эмгэгт байдлыг үүсгэж, тийм нөхцөл байдалд орсон шүүгдэгчийн сэтгэл зүйн ачаалал аажмаар нэмэгдсээр, эцэстээ сэтгэл зүйн тэсрэлт явагдан, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг онцлогтой байдаг.

Анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд хохирогч Б.Цэлмэг нь шүүгдэгч Д.Ад бие махбодийн хувьд түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулахаар хэмжээнд хүргэх хууль бус үйлдэл гаргаагүй, харин “хохирогчийг бусадтай бэлгийн харьцаанд орсон байна” гэх шалтгаанаар  Д.А нь уурлаж, хохирогчид хөнгөн хохирол учруулах гэмт санаа төрөх үйл явцыг өдөөснөөс бус санаа сэтгэлийн хүчтэй цочрол давчдалд орж гэмт санаа төрөх шалтгаан болоогүй гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Аы “...эхнэр Цэлмэг нь хүнтэй бэлгийн харьцаанд орж, хурьцал үйлдэж байгаа дуу чимээ гарч байсан, ... би ийм бичлэг сонсоод бухимдаж эхэлсэн. ...Би эхнэрийн 80882618 дугаар луу хурдан ирээрэй, би маргааш хөдөө явна гээд мессэж илгээсэн. ...Цэлмэг ирэхэд миний уур хүрээд хэрүүл хийгээд хаагуур яваад ирж байгаа гичий вэ гэхэд Цэлмэг ажлын хүмүүстэй явж байгаад ирлээ гэхээр нь би нөгөө бичлэгийг сонсгосон. ...”/1 хх 89, 2 хх 34/ мэдүүлгүүдээс дүгнэвэл хохирогчийг гэртээ ирэх үед гэнэт түүний сэтгэл зүйд үүссэн цочрол гэж үзэх үндэслэлгүй юм.

Энэ нь шүүгдэгч, хохирогч нарын хооронд гэр бүлийн харилцааны шинжтэй хэрүүл маргаан үүсэж, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн сэтгэл санаа цочрон давчдсан гэх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж тодруулан хуульчилжээ.

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг.

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодиттой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодиттой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Аы “...Цэлмэг гутлаа тайлаад хана дагаж унахдаа дугуй руу унасан...” гэх нөхцөл байдлыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэхэд эргээлзээтэй, түүнийг нотлосон баримт хэрэгт алга.

Шүүгдэгч Д.Аы дээр дурдсан нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах юм.

Иймээс давж заалдах шатны шүүхээс бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Давж заалдах гомдолд хэргийн газрын үзлэг хийгээгүй тул хэргийг прокурорт буцаах талаар дурдсан ба шүүгдэгч Д.Аы үйлдсэн гэмт хэрэг хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт гэх мэт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байх тул уг ажиллагааг хийгээгүй гэдгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй юм.

Шүүгдэгч Д.Ад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн тогтоосон гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим, түүний эх сурвалжийг тодруулан хуульчилжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг гэж,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд, хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан бөгөөд хуулийн үйлчлэлд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарна гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилсан байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Шүүгдэгч, хохирогч нарын “бид хамт амьдраад 12 жил болж байна, гэр бүлийн баталгаатай” гэсэн мэдүүлгүүд, тэдний гэрлэлтийн гэрчилгээ, охин А.Энххолбоогийн төрсний  гэрчилгээ /1хх 115, 116/ болон дурдсан хууль, хуулийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл хохирогч Б.Цэлмэг, шүүгдэгч Д.А нар нь эхнэр, нөхөр бөгөөд шүүгдэгч Д.А нь эхнэр Б.Цэдмэгийг гэр бүлийн таарамжгүй харилцаа, хардалтын улмаас зодож хөнгөн хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинж, шалгуурыг бүрэн хангасан гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” гэж хохирогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг хуульчилсан байна.

Хохирогч Б.Цэлмэгээс шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалтай холбоотой зарим нотлох баримтуудыг гаргаж өгсөн байх бөгөөд тэрээр учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхийг шүүх хуралдааны явцад хязгаарлахгүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

           

            ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ