Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1433

 

 

 

 

   2023         11         21                                   2023/ШЦТ/1433

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Я.Болортуяа,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

хохирогч, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

хохирогч, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч А.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б, Р.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 0936 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 Налайх дүүргийн 07 дугаар хороо, Бадралын 18-01а тоотод оршин суух хаягтай, ою63010512 регистрийн дугаартай, Бурдууд овогт Цогзолын Б.

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сум, 13-31 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 10-65 тоотод түр оршин суух хаягтай, хз80101434 регистрийн дугаартай, Цогт хайрхан овогт Рэгзэнгийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Б, Ц.Б нар нь 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжин клуб тоотод байхдаа хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсаны улмаас Р.Б нь хохирогч Ц.Бгийн уруул руу гараараа цохиж, эрүүл мэндэд нь доод уруулын шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, Ц.Б нь согтуурсан үедээ хохирогч Р.Бын толгой, нүүрэн тус газар руу модон сандал болон гараараа цохиж, цээж рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн 9 дүгээр хавирганы хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулай, баруун чихний дэлбэн, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

Р.Б, Ц.Б нар нь 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжин клуб тоотод хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсаны улмаас харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/,

БЗДЦХ-3, Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 03/,

 

Хохирогч, шүүгдэгч Р.Бын мөрдөн шалгах ажилгаанд өгсөн:

Би 20223 оны 02 дугаар сарын 22-ний өдөр 11 цагийн орчимд Баянхошуунаас ахынхаас гараад Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо эгч Цэцэгмаагийн гэрт очиход хаалга нь цоожтой онгойлгохгүй байхаар нь хаалгыг хүчтэй татахад хаалга онгойсон. Гэрт ороход нэг үл таних 55-60 гаран насны эрэгтэй хүн орон дээр нь сууж байсан. Манай эгч Цэцэгмаа орон дээрээ согтуу сэрүүн хэвтэж байсан. Нөгөө ах согтуу байсан. Тэгээд би ороод эгчдээ уурлаад “та архи уугаад танихгүй хүн гэртээ орууллаа гэр орноо цэвэрлээч” гэж жаахан уурлаж загнаад “та балай юм уу” гэж хэлсэн чинь орон дээр сууж байсан үл таних эрэгтэй хажууд байсан модон сандал аваад чи эгчийгээ “балай гэж хэллээ” гээд миний баруун чихний дээд хэсэгт нэг удаа зохиход би газар унахад миний дээрээс толгой, дух, чих хэсэгт сандлаар цохиод дараа нь гараараа 2 нүд рүү хэд хэдэн удаа цохисон. Мөн хөлөөрөө цээжний зүүн хажуу тал руу дэвсээд байсан. Тэгээд би нөгөө ахтай зууралдаад өөрөөсөө холдуулах гэж түлхээд хажууд байсан халбага, сэрээ хийдэг хуванцар саваар яг хаана цохисоноо санахгүй байна. Нэг удаа цохисон.Тэгээд би эгч рүү хашхираад энэ хүнээ аваач гэж хэлэхэд нөгөө үл таних хүн гараад явах үедээ манай эгчийн гар утсыг аваад явсан байсан. Тэгээд би өөрийн гар утсаар ах Батсайханыг дуудаад цагдаад хандсан. Тэгээд эгчийн гар утас руу залгахад намайг зодсон хүний хүүхэд нь утсыг авaaд болсон асуудлыг хэлсэн. Тэгээд цагдаа дээр манай ах ирсэн. Би түргэний эмчтэй гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,

 

Хохирогч, шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 01 дугаар хороо Шөнийн дэлгүүрийн ойролцоо явж байгаад үл таних эмэгтэйтэй таараад тэр эмэгтэй надад “ахаа гуя байна уу, нэг шил архи хувааж ууя, манайх энд ойрхон байдаг, гэрт очоод уучихъя” гэхээр нь би зөвшөөрөөд үл таних эмэгтэйгийн гэрт очоод 0.75 литрийн Хараа архи хувааж ууж байх үед нөгөө эмэгтэй тасраад унтаад өгсөн. Тэр үед гэр нь хүйтэн байсан учир гал асаагаад дулаацуулаад байж байгаад хэсэг зүйрмэглэсэн байсан. Тэгээд сэрэхэд нэг үл таних 40 гаран насны бор залуу орж ирээд нөгөө эмэгтэйд хандаж “чи хөгшин төгцөгтэй банзалдаж байна уу” гээд хэл амаар доромжилж над руу бас дайрч байгаад модон сандлаар миний толгойн ар хэсэгт нэг удаа, миний уруул хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь сандлыг нь булааж аваад нөгөө залуугийн нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд би гэрээс нь гарч яваад ойрхон байдаг хүүгийндээ очоод гар утсаа гаргаад ирэхэд нөгөө үл таних эмэгтэйгийн гар утсыг андуураад аваад ирсэн байсан. Би хүүхдэдээ “нутгийн хүний гар утсыг аваад ирсэн байна” гэж хэлэхэд манай хүү “заза утасны эзэн нь залгахаар нь би аваачаад өгье” гэж хэлээд гар утсыг авсан. Тэгээд би Налайх дүүрэг рүү гэртээ очоод нойрны эм уугаад унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Гэрч Р.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэртээ найз Бтай орж ирээд зурагт үзээд сууж байх үед манай дүү Б орж ирж байсан. Тэгээд би галаа түлээд гэрээс орж гараад байж байх үед Б, Б хоёр гэнэт маргалдаад хэрэлдээд байсан. Энэ үед би гадаа мод хагалж байсан чинь манай дүүг Б зодсон байсан. Би тухайн үед дүүгийнхээ нүүрийг хараагүй хаана нь ямар гэмтэл учирсан нь мэдэхгүй байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлээнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2903 дугаартай:

Р.Бын зүүн 9-р хавирганы хугарал, зүүн нүдний ухархайн ханан, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулай, баруун чихний дэлбэн, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/,

 

Өндөр өртөгт оношилгоо шинжилгээний дүгнэлт, цээжний хөндийн рентген зураг /хх-ийн 23-28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлээнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3095 дугаар:

Ц.Бгийн биед доод уруулд шарх, зулайд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 3.4. Дээрх гэмтлүүдээс доод уруулын шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Р.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 08/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 09/,

шүүгдэгч Ц.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 14/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 15/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 16/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 17/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Шинжээчийн дүгнэлтийг уг хэрэгт ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүй этгээд хуульд заасан журмын дагуу тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан учир үнэн зөвд тооцох нь зүйтэй.  

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Б, Р.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б, Р.Б нар нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ц.Б, Р.Б нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, бие биенийхээ эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан дээрх хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ. Шүүгдэгч нар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж бие биенийхээ эрүүл мэндэд гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулжээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Бгийн хохирогч Р.Бын зүүн 9-р хавирганы хугарал, зүүн нүдний ухархайн ханан, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулай, баруун чихний дэлбэн, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Р.Бын хохирогч Ц.Бгийн биед доод уруулд шарх, зулайд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Р.Б, Ц.Б нарын хэн аль нь нотлох баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн шүүхийн шатанд хохирлын нотлох баримт гаргаж өгөөгүй, хэрэгт нэхэмжилсэн баримт авагдаагүй байх учир шүүгдэгч нарыг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нар тухайн гэмт хэргийн улмаас гарсан зардлаа холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судалхад шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Ц.Б, Р.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал, өмгөөлөгч нарын хүсэлтийн хүрээнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Б, Р.Б нар гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

                                                                                                               ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Цын Б, Ц овогт Ргийн Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Р.Б, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ