Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

2024        01         03                                   2024/ШЦТ/20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, 

улсын яллагч О.Багшбаяр,

  шүүгдэгч С.Э / өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

  шинжээч Б.Ариунзул /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт СЭд холбогдох эрүүгийн 2311000000631 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайж овогт СЭ, регистрийн дугаар ..........................................

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар ................................................ урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 05-34 тоотод түрээсийн төлбөр нэхэж очсон хохирогч Т.Стэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь дух, зүүн тохойд цус хуралт, дух хамарт зулгаралт, зүүн тохойн үений зөөлөн эд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үл таних Батхишиг, Сарангэрэл нараас байшин түрээслээгүй. Бямбасүрэн гэх хүнтэй яриад, түрээсээ өгөөд тухайн байшинг түрээслэсэн. Миний нөхөр болон Бямбасүрэн гэх хүмүүсээс огт мэдүүлэг аваагүй байна. Бага насны хүүхдүүд минь хашаан дотроо тоглож байхад “эгч нь байна” гэж хэлээд ороод ирсэн байсан. Хууран мэхлэж манай хашаа руу орж ирсэн. Хуулийн өмнө хүн бүр эрх, тэгш эрхтэй байдаг. Гэтэл хашаанд орж ирээд миний зургийг зөвшөөрөлгүй дарсан. Би мөн хохирогч миний хүүхдүүдийн нүдэн дээр ёс бус ааш гаргаж миний оёдол руу өшиглөсөн. Манай хүүхдүүд уйлсан учраас би хашаанаас гаргасан. Манай нөхөр бага хүүхдээ унтуулах гээд гэрийнхээ цонхоор хараад зогсож байсан. Тухайн хүмүүс үгсэн хуйвалдаж намайг гэмт хэрэгтэн болгож харагдуулж байгаад би туйлын их гомдолтой байна. Манай нөхрөөс мэдүүлэг аваад өгөөч гэж Буян-Ундрах мөрдөгчид хэлсэн боловч аваагүй. Би хуулийн мэдлэг муу учраас сайн мэдэхгүй байна. Хүмүүс үнэн, зөв мэдүүлэг өгөх ёстой. Гэтэл хоорондоо үгсэн хуйвалдаад намайг гэмт хэрэгтэн болгож харагдуулж байна. Батхишиг намайг хашаанаас гаргахгүй гээд байсан. Гэтэл цагдаа дээр очоод явлаа гэсэн чинь “та байж бай” гээд гуйгаад байсан. Ар гэрээс нь хүмүүс ирсэн байхад цагдаа нарын хажууд намайг доромжлоод байсан. Сарангэрэл, Батхишиг гэх хүмүүстэй би ямар нэг харилцаа үүсгээд тухайн байшинд ороогүй. Би Хандсүрэн гэх хүнийг танихгүй. Тухайн байшин хэний өмч байсныг би мэдэхгүй байна. Зар тавьсан байсан учраас очоод уулзсан чинь тухайн хаяг дээр Бямбасүрэн гэх хүн амьдарч байгаа гээд ярьсан. Тэгээд түрээсийн тухай яриад тухайн байшинд засвар хийгээд орсон. Гэтэл дундаас нь танихгүй хүн орж ирээд миний зургийг дарсан. Намайг өшиглөх эрх тухайн хүнд байхгүй. Миний эрх зүйн байдал дордож байна. Тухайн өдөр гэр бүлээр минь хүчирхийлээд гарсан.  Та яагаад миний зургийг дараад байгаа юм бэ гээд асуусан чинь “би толгой муутай хүн” гээд өөрийн үсээ зулгаагаад байсан. Би тухайн үед өөрийн утас дээр бичлэг хийгээд авсан байсан ч бага насны хүүхдүүдтэй учраас устгасан байсан. Гэхдээ цагдаагийн байгууллага дээр очоод анх хэрэг бүртгэж авч байсан хүн миний бичлэгүүдийг харсан. Бичлэгийг сэргээх гэсэн боловч болохгүй байсан ” гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:

Олон бага насны хүүхэдтэй хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Т.Сийн “...2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай эгч Германаас над руу залгаад манай хашаа байшинг түрээслэж байгаа хүн сүүлийн 4 сарын түрээсээ өгөхгүй байна намайг очиж уулзаад түрээс аваадах гэж хэлсэн. Тэгээд би маргааш  нь буюу 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1300 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байх эгчийнхээ хашаанд очсон. Би уг хашаанд очихдоо таксигаар очсон бөгөөд тэр хашаа руу орохдоо таксины жолоочоос хамт орооч гэж гуйгаад орсон. Тухайн хашааны хаалгыг тогшиход 10 орчим насны 2 эрэгтэй хүүхэд хаалга онгойлгож өгөхөд жолоочийн хамт хашаанд орсон чинь өөдөөс 35 орчим насны эмэгтэй гараад ирэхээр нь би мэндлээд би Хандаа эгчийн дүү байна гэж хэлэхэд чамайг хараагүй, үзээгүй мэдэхгүй юм байна гэж хэлэхээр би түрээсээ хэзээ өгөх гэж байна гэж асуусан чинь эгчтэй би өчигдөр ярьсан гэж хэлэхээр нь би тэгвэл одоо видео калл хийе гээд цүнхнээсээ утсаа гаргаад ирсэн чинь нөгөө эмэгтэй намайг утсаараа зураг дарлаа гээд шууд намайг зодож эхэлсэн. Тухайн үед хамт явсан таксины жолооч дундуур орж салгахад намайг үсдээд миний толгой нүүр лүү өшиглөөд намайг ер нь хамаагүй цохиж нүдсэн ... Хандсүрэн эгч Герман улсад ажиллаж амьдардаг. Герман улсын иргэнтэй гэр бүл болоод явж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Ариунзул мэдүүлэхдээ:

Надад Сарангэрэл ирж зодуулсан гэж үзүүлсэн. Эдгээр учирсан гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүний өөрийн гар хүрэх боломжтой боловч өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэдгийг тогтоох боломжгүй. Мөн арьсан дээрх гэмтлийн чиглэлийн дагуу хүний гараар өөрийн гараар гэдгийг тогтоох боломжгүй. Сэтгэцийн хувьд яг хэлж мэдэхгүй, илт анзаарагдах сэтгэцийн юм бол ажиглагдаагүй гэв.

Гэрч Л.Батхишигийн “...2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр буудлаас 15 цагийн би таксинд өөрийн Приус 20 маркийн УБА 6045 дугаартай тээврийн хэрэгслээр явж байх үед үл таних 40 орчим насны эмэгтэй гар өргөж суусан. Тэгээд Чингэлтэй дүүргийн Оргил худалдааны төв орчимд айлд хүргэж өгөхөд тэр эмэгтэй “надтай хамт энэ айлд ороод өгөөч” гээд гуйгаад байхаар нь би хамт орсон юм. Хоёр хүүхэд хаалга тайлахаар нь хашаанд нь ортол нэг эмэгтэй өөдөөс гараад ирсэн. Тэгээд тэр хоёр ярьж байгаад гэнэт нөгөө залуухан эмэгтэй нь зураг дарлаа гэж хэлээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд маргалдаж байгаад нөгөө айлаас гарч ирсэн эмэгтэй надтай ирсэн эмэгтэйг толгой руу нь гараараа цохиод нүүрийг нь маажаад түлхэх үед нь би очиж салгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 104-105 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 3596 тоот дүгнэлтэд: “Т.Сд дух, зүүн тохойд цус хуралт, дух хамарт зулгаралт, зүүн тохойн үений зөөлөн эд гэмтэл тогтоогдов. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...иргэн Т.С нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних хүнд зодуулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Т.С нь Эрүүл мэндийн сангаас 161.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч С.Эаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

Шүүгдэгч С.Эын “...Сарангэрэл гэх эмэгтэй манай хашаанд дураараа орж ирээд шууд над руу зандарч миний зургийг утсаараа дарахаар нь би уурлаад наад зургаа устга гэж хэлээд утсыг нь авахаар оролдоход утсаа хамт явсан хүндээ өгөөд муухай орилоод өөрийгөө маажаад үснээсээ зулгаагаад байсан. Би тухайн эмэгтэйг зодож гар хүрээгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/,

Иргэн Цэвээн Хандсүрэн Пауленцийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 110-116 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч С.Э нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 05-34 тоотод түрээсийн төлбөр нэхэж очсон хохирогч Т.Стэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь дух, зүүн тохойд цус хуралт, дух хамарт зулгаралт, зүүн тохойн үений зөөлөн эд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Т.Сийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 100-102 дугаар тал/, гэрч Л.Батхишигийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 104-105 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 3596 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хохирогч, гэрч Л.Батхишиг нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, анхан шатны шүүх хуралдаанд тэдгээр оролцогч нарыг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан боловч хохирогч нь Монгол улсын хилээр гарсан тухай лавлагаа, мөн гэрчийн хаяг тодорхойгүй, утас нь холбогдохгүй байсан тул шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэрч, хохирогч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч хэргийн зүйлчлэл маргаагүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү гэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Э нь түрээсийн төлбөр нэхэж очсон хохирогчтой маргалдсаны улмаас түүний биед дух, зүүн тохойд цус хуралт, дух хамарт зулгаралт, зүүн тохойн үений зөөлөн эд гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох бөгөөд гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял онодуулж, уг зорчих эрхийг хязгаарлах бүсчлэлийг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороогоор тогтоох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрөөгүй/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Т.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт хавсаргуулаагүй, мөн тэрээр 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан болох нь Хил хамгаалах Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2.36/7841 албан бичгээр нотлогдож байх тул шүүх хэрэг хянан шийвдэрлэх ажиллагааг хохирогч Т.Сийг байлцуулахгүйгээр явуулсан болно. 

 

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагаас “...иргэн Т.С нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних хүнд зодуулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Т.С нь Эрүүл мэндийн сангаас 161.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч С.Эаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/ болон гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04/1657 тоот албан бичиг /хавтаст хэргийн 57-58 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан байх тул,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч С.Эаас 161.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт СЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Эаас 161.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ