Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар   2024/ШЦТ/39

 

2024        01         08                                   2024/ШЦТ/39

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, 

улсын яллагч Б.Очгэрэл,

  шүүгдэгч Ц.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авгачууд овогт ЦГд холбогдох эрүүгийн 2311 01538 1593 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Авгачууд овогт ЦГ, регистрийн дугаар ..................................,

Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар ......................................................,

Урьд: Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил гэх нэртэй цайны газрын гадна хохирогч Ч.Оыг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн өвдөгний дотор хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч өөрөө байнга манайд согтуу орж ирээд архи, согтууруулах ундааны зүйл нэхдэг байсан. Эхлээд орж ирэхэд нь би эхнэртэйгээ, туслах ажилтантайгаа хамт цайгаа уугаад сууж байсан чинь согтуу ороод ирхээр нь манайх хаасан байна гэж хэлээд гараарай гэсэн чинь гараад явсан. Тэгээд эхнэр, туслах хоёроо явуулаад би төмс арилгаад сууж байсан чинь тухайн хоёр хүн орж ирээд хөргөгчнөөс пиво аваад “Яагаад танайд суугаад пиво ууж болдоггүй юм бэ?” гээд байхаар нь тэвэрч аваад гаргах гэсэн чинь хойноос үсдээд байсан. Харин хамт явж байсан Хасаа гэх хүн нь надад их тусалсан. Би дагзаараа үсдүүлэд газар унасан учраас миний хамарнаас маш их цус гарсан байсныг арилгаад байж байсан чинь манай цонхыг эвдсэн. Тэгээд би төмс арилгаж байсан хутгаараа айлгавал айх байх гэж бодоод уур хүрээд байж байсан чинь гараад зугтсан. Тухайн өдөр маш их бороо орсон байсан. Гэтэл араас ирээд шавар дотор намайг өшиглөөд, балбаад байсан. Миний бие салгалаад байсан учраас 50гр архи уусан байсан. Цагдаагийн байгууллага дээр очиход намайг согтууруулах ундааны зүйл 0,19% хэрэглэсэн гэж гараад намайг эрүүлжүүлэх байранд оруулаагүй. Тухайн 2 хүн өдөр бүр согтуу орж ирдэг, агсам тавьдаг. Хутга барьсан нь миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирогчид удаа дараа үсдүүлээд, чирүүлээд амь насаа алдах шахаж байсан. Хасаа гэх хүн нь харин намайг их хамгаалж байсан ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн үгэндээ:

Намайг уучлаарай, 5 хүүхэдтэй 3 нь дээд сургуульд суралцдаг.Маш их өртэй байгаа, ЭМД учирсан хохиролыг төлж барагдуулна.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч  Ч.Оын “...Би тэр өдөр буюу 07 дугаар сарын 23-ны өдөр 100 айлд 3 өрөө байрны ажил хийхээр ганцаараа явж байсан. Тухайн ажлаа байрны эзэдтэй ярилцаж дуусаад 13-14 цагийн үед Хасаа гэх найзтайгаа 6 буудлын автобусны буудлын тэнд уулзаж тэндхийн хүнсний дэлгүүр орж 0,5 литрийн хэмжээтэй Экс гэх нэртэй цагаан архийг авч гэрийнхээ тэнд байдаг гудамжны үзүүрт гадаа хувааж уусан. Тэрний дараа бид хоёр дахин уухаар болж Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах Оргил кафе гэх нэртэй газарт орж дахин уух гэж орсон шиг санагдаж байна. Бид хоёр Оргил кафе гэх газрын цайны газарт ороход тухайн газрын эзэн болох эрэгтэй эмэгтэй хүмүүс сууж байсан. Бид хоёр ороод юм авъя гэж хэлэхэд тэр газрын эзэн гэх эрэгтэй манайх 10 минутын дараа хаах гэж байна хэлээд бас манай найз Хасааг 90,000 төгрөгийн өрөө өг гэж хэлж Хасаа өгнөө гэж хэлээд бид хоёр тэр цайны газраас гараад Өсөх нэртэй хүнсний дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй Экс гэх нэртэй цагаан архийг авч зам гарч гэрийнхээ тэнд байдаг гудамжны үзүүртээ дахин очиж архи хувааж уусан. Ууж дуусаад бид хоёр дээшээ зам гарч буцан Оргил кафе руу ямар зорилготой орсноо санахгүй байна. Бид хоёр тэр газар ороход тус цайны газар нь онгорхой байсан бөгөөд ороход ямар нэгэн шалтгааны улмаас хэрэлдэж байсан. Миний санаж байгаагаар тэр газрын эзэн гэх эрэгтэй цайны газрынхаа гал тогоо руу орж хутга гартаа авч намайг алнаа гэж хэлэн хөөсөн. Би гартаа хутга барьсныг нь харан тэр цайны газраас зугтаж гараад тэр газрыг тойрч зугтаж байхад тухайн эзэн гэх эрэгтэй миний ардаас хөөж гарч ирж байсан. Би тухайн газрыг тойрч зугтаад буцан тухайн газрын үүдэнд очиход тэр газрын эзэн эрэгтэйтэй барилцаж авахад манай найз Хасаа болон тэр газрын эзэн гэх эрэгтэй эхнэр бид хоёрыг салгаж байх шиг санагдаж байна. Тэгээд би тухайн үед нэлээн согтуу байсан учраас болсон үйл явдлаа нэг бүрчлэн сайн санахгүй байна. Тухайн цайны газрын эрэгтэйг согтуу байсан учраас цохиж байснаа санахгүй байна. Миний санаж байгаагаар тэр цайны газрын эзэн нэг мэдсэн миний баруун хөлийн өвдөгний ар хэсэг рүү зүссэн байсан. Би тухайн үед хөлөндөө хутга зоолгочихоод байж байхад манай Хасаа найз цагдаа дуудсан шиг санагдаж байна. Тэгээд би хөлөндөө хутга зоолгочихоод газар сууж байтал цагдаагийн алба хаагчид ирэн ардаас нь түргэн тусламжийн машин ирж Хасаа бид хоёрыг үзэж гар хөлөнд боолт хийгээд бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

Гэрч П.Хасарын: “...Би 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр найз Отгонсугартай 14 цагийн үед 6 буудлын автобусны буудлын ойролцоо байдаг Оргил худалдааны төвийн тэнд уулзаж бид хоёр уулзаж юм ярих гээд хүнсний дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй Экс гэх нэртэй цагаан архийг худалдан авч бид хоёр 35 дугаар сургуулийн ойролцоо очиж гадаа гудамжинд хүнсний дэлгүүрээс авсан архийг хувааж ууцгаасан. Бид хоёр ууж дуусаад төв зам руу дахин уух гээд гарсан ба зам руу гартал Оргил кафе гэх бичигтэй газар онгорхой байхаар нь бид хоёр орсон юм. Бид хоёр ортол тэр газрын эзэн бололтой эмэгтэй эрэгтэй хүмүүс манайх хааж байна гэж хэлэхэд бид хоёр буцаад гарч Оргилуун супермаркет гэсэн газарт орж 0,5 литрийн хэмжээтэй Экс цагаан архийг дахин авч анх уусан газартаа очиж ууцгаасан. Бид хоёр дахиад авсан архиа ууж дуусаад 19-20 цаг орчмын үед дээшээ төв зам руу гарч Оргил кафе гэх газрын хаалга нь онгорхой хэвээрээ байхаар нь дахин ортол Гансэлэм ах манайх хаалттай байгаа гэж хэлж байсныг санаж байна. Миний санаж байгаагаар найз Отгонсугар Гансэлэм ахтай хэл амаараа үг хаялцаж, хоорондоо маргалдаж байсан бөгөөд би согтуу тэр газраас хаалгаар нь гартал Отгонсугар миний ардаас хүүе хаая гээд орилоод гараад ирхээр нь би гайхаад хартал Гансэлэм ах баруун гартаа хутга барьчихсан гарч ирж харагдсан. Би тэр үед Гансэлэм ахыг болиулах гээд хутгыг нь салгаж авах гэж би баруун гарын чигчий хуруугаа зүсчихсэн. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир тэр үйл явдлыг хагас дутуу санаж байгаа ба миний сая хэлсэн зүйлсийг л би санаж байна. Тэр үед миний санаж байгаагаар Отгонсугар зүүн хөл хэсгээ зүсүүлчихсэн газар сууж байсан. Отгонсугар тэр газрын гадаах үүдэнд суугаад түргэн тусламж болон цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгсөн ба тэрний дараа бид хоёр түргэн тусламжид үзүүлээд гэмтлийн эмнэлэг рүү түргэний машинтай явцгаасан. Гэмтлийн эмнэлэгт очоод Отгонсугар зүүн хөлөндөө оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,

 Гэрч Н.Нансалмаагийн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийн түрээсэлдэг хүнсний дэлгүүр болох “Олз Бадрах” хүнсний дэлгүүртээ цонхоор харан сууж байтал 16 цаг орчмын үед замын цаад талаас хоёр эрэгтэй согтуу хүн зам гарч яваа харагдсан. Би тухайн хоёр согтуу хоёр хүнийг өөрийн хүнсний дэлгүүрт орж ирэх нь гэж бодсон чинь тухайн хоёр согтуу манай хүнсний дэлгүүрийн залгаа зүүн талд “Оргил Кафе” гэх нэртэй цайны газарт орсон юм байна лээ. Тэрний дараа манай хүнсний дэлгүүрийн цонх болон хаалга онгорхой байсан ба дэлгүүрийн гадаа хүмүүс шуугилдаад орилоод чарлалдсан хүмүүсийн яриа сонсогдож байсан. Би тухайн хүмүүс орилолдоод байхаар нь хүнсний дэлгүүрээсээ гарч үүдний хаалгаараа хартал зам гарч байсан хоёр согтуу эрэгтэй 6-н буудлын автобусны буудлын тийшээ явж байгаа харагдсан. Оргил кафены эзэн эрэгтэй нь өөрийн цайны газартаа буцан орж байгаа харагдсан. Тухайн хоёр залуугийн нэг нь гар утсаараа бичлэг хийгээд орилоод байсан. Тухайн үйл явдлыг би гадаа харж байгаад би хүнсний дэлгүүрт хүн юм авах гээд орохоор нь би бас дагаж буцаж орсон. Тэрний дараа манай дэлгүүрийн дээр байж амьдардаг Намсрай гэж хүн байдаг бөгөөд тэр хүн манай нөхөр болох Анх-Эрдэнийг оргил кафе руу ороод хараадхаач гэж хэлж байсан. Тэрний дараа манай нөхөр оргил кафе руу ороход нэг залуугийн хөлөөс нь цус гарчихсан байдалтай байсан гэж надад манай нөхөр хэлсэн. Тэрний дараа манай нөхөр дэлгүүртээ буцаж орж ирээд удалгүй цагдаа нар хүрч ирж байгаа харагдсан. Би тэр болсон үйл явдлыг өөрийн нүдээр хараагүй, манай нөхөр орж ирээд тийм байдалтай байсан тухай хэлэхэд мэдсэн. Би тухайн согтуу байсан хоёр эрэгтэйг өмнө нь харж байгаагүй тухайн өдөр л анх удаа харсан. Би тухайн хүнтэй зүс таних төдий харилцаатай. Би энэ хүнсний дэлгүүрээ ажиллуулаад 1 сар гаран болж байгаа учир нээх дотно биш. Харин хүнсний дэлгүүрийн яг хажууд тухайн Оргил кафе байдаг учир зүс танина ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч УМ92091816 регистрийн дугаартай Чулуунбаатар овогтой Отгонсугар нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Түргэн тусламж Ойрын дуудлага 48.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 23-ны Гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тусламж үйлчилгээ 15.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тусламж үйлчилгээ 15.000 төгрөг зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар 9880 тоот дүгнэлтэд: “Ч.Оын биед зүүн өвдөгний үений дотор хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

Шүүгдэгч Ц.Гийн  “...тухайн өдөр буюу ням гариг байсан бөгөөд манайх хүмүүст үйлчлээгүй буюу ажиллаагүй. Бид хоёр цэвэрлэгээ үйлчилгээгээ 15 цаг орчмын үед дуусгаад цайгаа уугаад сууж байтал гаднаас согтуу хоёр залуу орж ирсэн бөгөөд манайд орж ирээд шар айраг авья гэхэд нь манайх өнөөдөр ажиллахгүй байгаа гэхэд тухайн хоёр манайхаас гараад явсан юм. Тэр хоёрыг гарсны дараа 1 цаг орчмын дараа манай эхнэр Ононтуул нь гэртээ харьсан бөгөөд   би үлдэж маргааш өглөө хэрэглэх хүнсний бэлтгэлээ хийж үлдсэн. Намайг юмаа хийгээд байж байтал 18 цаг орчмын үед согтуу хоёр залуу дахин орж ирсэн. Дахин орж үедээ тухайн хоёр залуу өмнө нь орж ирснээсээ нилээн согтсон байдалтай байсан. Тэр хоёр орж ирээд танай газарт би яагаад пиво ууж болдоггүй юм гээд Отгоо нэртэй залуу нь надад уурлаад манай пиво байдаг хөргөгч рүү дайраад би хойноос нь барьж аваад би тухайн Отгоо гэдэг нэртэй залуугийн хоёр гарнаас нь бариад цайны газраасаа хөөж гаргасан. Тухайн хоёрыг хөөж гаргаад цайны газрын үүдний хэсэгт байх үедээ Отгоо гэдэг нэртэй залуу нь согтуу байх үедээ намайг ална тална гэх мэтээр орилж байсан. Тухайн Хасаа гэдэг нэртэй залуу нь болохоор нөгөөдхөө бодоход согтолт нь гайгүй харагдаж байсан. Отгоо гэдэг нэртэй залуу нь намайг цайны газрын үүдний коридор хэсэгт хөөж гаргаж байх үед миний толгойны үснээс зулгаагаад газарт унаган хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед хажууд нь байсан Хасаа гэдэг нэртэй залуу нь нөгөөдхөө болиулж байгаа харагдаж байсан. Хасаа нэртэй залуу нөгөөдхөө салгаад цааш аваад явж байх үед нь би газраас босон цайны газартаа орох гэтэл дахин Отгоо миний толгойн ард талын үснээс татаж унагасан. Тухайн унаж байх үед миний хамарнаас цус гарсан бөгөөд би дахин босоод хамарнаас гарсан цусаа цэвэрлэх гээд цайны газар дотроо орж угаалтуур дээр цусаа цэвэрлээд байж байтал угаалтуур дээр төмс арилгадаг жижиг хар иштэй хутга байсан бөгөөд тухайн хутгыг би авч нөгөө хоёрыг айлгах санаатай авсан юм. Тухайн үед цайны газрын коридор хэсэгт Отгоо нь манай цайны газарт орох гээд дайрч байсан ба Хасаа гэдэг залуу нь нөгөөдхөө тэврээд болиулж байгаа харагдсан. Тухайн Отгоо гэдэг залуу нь манай цайны газрын вакум хаалгыг эвдэх гээд байхаар нь би хутгаа гартаа барин яах гээд байгаа юм бэ гэж хэлэн гартал намайг гартаа хутгатай байгааг харан тухайн хоёр коридор хэсгээс гарч гадагшаа гарч зугтсан. Би тухайн хоёрын ардаас нь гадагшаа гартал Хасаа нь цайны газрын гадаа зогсчихсон Отгоо нь булан тойроод зугтаж байгаа харагдсан. Би тухайн гадаа зогсож Хасаа гэдэг залууд нь наадхаа аваад яв гэтэл Отгоо нь хаанаас ч юм гарч ирээд намайг ардаас үсдэж унагасан. Би газарт унаад Отгоо нь намайг цохисон бөгөөд би газарт байх үедээ хутгаа унагачихсан байсан бөгөөд тухайн хар иштэй жижиг хутгаа босоод гартаа автал Хасаа миний ардаас тэврээд гараа зүсчих шиг болсон. Тухайн Хасаа гэдэг залуу нь намайг хутга авсныг хараад болиулах гэж байсан юм шиг байна лээ. Би тэр хар иштэй жижиг хутгаа гартаа барьчихсан байх үед Отгоо гэдэг залуу нь намайг дахин өшиглөх гэхээр нь би гартаа барьсан байсан хар иштэй жижиг хутгаараа хөлийг нь зүсчихсэн юм. Би тэр хоёрыг барьж байсан хутгаараа гэмтээчих шиг болхоор нь би айсандаа цайны газартаа орсон. Би цайны газартаа ороод зүрх салгалаад бие чичрээд байхаар нь би Хараа гэдэг архинаас аягандаа 100 грамм хийж уусан. Түүний дараа цагдаа нар хүрч ирсэн. Төд удалгүй манай эхнэр цайны газарт хүрч ирсэн. Манай гэр цайны газраас ойрхон байдаг учир намайг гэртээ ирэхгүй удаад байхаар нь хүрч ирсэн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/, мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 71-74 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Г нь 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил гэх нэртэй цайны газрын гадна хохирогч Ч.Оыг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн өвдөгний дотор хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ч.Оын мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/, гэрч П.Хасарын мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/, гэрч Н.Нансалмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/, Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар 9880 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/, мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Ч.Оыг оролцуулахаар  шүүх хуралдааны товыг хавтаст хэрэгт авагдсан 99898530 дугаарын утсанд нь холбогдож мэдэгдсэн, мөн түүнд хурлын тов сануулж ярихад тэрээр “...шүүх хуралдаанд суухгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой ...” гэсэн болно.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй тул шүүх хэргийн талаар няцаалт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 254.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Гээс гаргуулан төлүүлэх саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Ц.Г нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй  болно.

Шүүх шүүгдэгч Ц.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.О нь өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй болно.

Харин, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагаас “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч УМ92091816 регистрийн дугаартай Чулуунбаатар овогтой Отгонсугар нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Түргэн тусламж Ойрын дуудлага 48.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 23-ны Гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тусламж үйлчилгээ 15.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тусламж үйлчилгээ 15.000 төгрөг зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/ болон эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 47 дугаар тал/ хавтаст хэрэгт авагдсан байх тул,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Ц.Гээс 254.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн иштэй хутга нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ зэвсгийн чанартай ашигласан эд зүйл байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авгачууд овогт ЦГийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500 000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Гээс 254.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн иштэй хутгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ