| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2024/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/33 |
| Огноо | 2023-01-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/33
2024 01 02 2024/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч П.Итгэл,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
шүүгдэгч Т.А нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303 00755 0596 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Аг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 11 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо Жоби 72 төвийн урд зүүн талын замд Хюндай портер маркийн 37-46 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хорооллын доторх замд явган зорчигч Д.Оийг мөргөж эрүүл мэндэд нь бүсэлхийн хоёрдугаар нугалмын шахагдсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2303 00755 0596 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч Т.А нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 11 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо Жоби 72 төвийн урд зүүн талын замд Хюндай портер маркийн 37-46 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөн оролцохдоо явган зорчигч Д.Оийг мөргөж эрүүл мэндэд нь бүсэлхийн хоёрдугаар нугалмын шахагдсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/,
ТЦА, ТЦА, Мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 04/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 05-06/,
Хэргийн газрын үзлэг хийсэн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн:
“ослын газрын зам орчмын газар нь асфальт, зам нь уруу, налуу, хуурай, зохоицуулагддаггүй, уулзвар дээр, хорооллын доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, замын хөдөлгөөн эсрэг, тусгаарлах шугамгүй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй байв. Явган зорчигч мөргүүлсэн гэх А цэгийг тогтооход орчимын хяналтын камерын бичлэгийг шалгаж А үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Явган зорчигч унасан гэх газарт Б үсгээр тэмдэглэв. Үл хөдлөх В цэгээр замын зүүн урд байрлах дугааргүй гэрэлтүүлгийн шонг авч техникийн мэргэжилтэн болон криминаластикийн шинжээчийг оролцуулан ослын газарт хэмжилт хийхэд А цэгээс Б цэг хүртэлх зай 1.70 метр А цэгээс Б цэг хүртэлх зай 9.50х3.50 метр, Б цэгээс хойш замын хашлага хүртэлх зай 1.0 метр байх бөгөөд авто замын урдаас хойш чиглэлийн өргөн 6.0 метр, зүүнээс баруун чиглэлийн замын өргөн 3.70 метр байв. Явган зорчигч авто замын урдаас хойш чиглэлд, тээврийн хэрэгсэл хойноос урагш чиглэлд зүүн гар тийш эргэх үйлдэл хийснийг хэмжилтийн бүдүүвчид сумаар тэмдэглэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-09/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10/,
Хяналтын камерын бичлэг бүхий Сиди-д үзлэг хийсэн тухай:
“...Хюндай портер маркийн 37-46 УНЭ улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явган зорчигч урдаас хойш чиглэлд явж байгаа хэсгийг харуулав. Хюндай портер маркийн 37-46 УНЭ улсын дугаартай автомашин зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үед явган зорчигч мөргүүлж байгаа эсэхийг харуулав.” гэх тэмдэглэл, сиди бичлэг /хх-ийн 13-14, 15/,
Хаан банкны депозит дасны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 17-24/,
Хохирогч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цагийн үед гэртээ харихаар автобусын буудлаас алхаад явж байхад ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явсан портер машин зүүн гар тийш эргэхдээ намайг мөргөж унагаасан. Тухайн үед осол гаргасан жолооч түргэн дуудаж түргэний машинаар гэмтлийн эмнэлэгт хүргүүлж үзүүлэхэд нурууны яс хугарсан байна гээд гэмтлийн эмнэлгийн нуруу нугасны тасагт хэвтүүлж 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нуруу хадах хагалгаанд орж хэвтэн эмчлүүлээд 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсан. Энэ хугацаанд миний эмчилгээ, эм тарианы зардал болон 1 сарын 2.500.000 төгрөгийн цалингийн зардалд 4 сараар тооцож нийт 10.630.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн болохоор одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Иргэний хариуцагч О.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дүүгийн нөхөр Агөөр машинаа бариулаад 100 айлын арьсны төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хүргүүлээд буцаасан. Тэр өдөр осол гарсаныг сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн:
“Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Порчигний гурван талын будаг бага зэрэг халцарсан гэмтэлтэй байна. Порчигний гурван талын будаг бага зэрэг халцарсан гэмтэлтэй байна. Порчигний гурван талын будаг бага зэрэг халцарсан нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл байна. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай АBS тоормосны системтэй. Урд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй байна. Харин хойд талын тоормос зүүн талдаа 3.10кН, баруун талдаа 1.42кН, зөрүү нь 54 хувь буюу зөрүүтэй барьж байна. Шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй автотээврийн хувьд шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-48/,
Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 49/,
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Сэргэлэн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14020 дугаар:
“Д.Оийн биед бүсэлхийн хоёрдугаар нугалмын шахагдсан хугарл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 50-51/,
Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн:
“Хюндай портер маркийн 37-46 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.А нь хорооллын доторх хөдөлгөөн тэмдэг бүхий газарт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
6.2 Явган зорчигч Д.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтанд зааснаар Замын хөдөлгөөний ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.” гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /хх-ийн 54/,
Хохирогчийн гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 83, 86/,
Шүүгдэгч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн үед ах Эрдэнэбатын эзэмшлийн Хюндай портер маркийн 36-47 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодон ахыгаа 100 айлын эмнэлэгт хүргэж өгөөд гэртээ харихаар Жоби 72 төвийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байгаад зүүн гар тийш эргэж байр луугаа орох гэж байгаад урдаас хойш чиглэлд зам хөндлөн гарч явсан хүнийг хараагүй мөргөж унагаасан. Тэр эмэгтэйг ослоо хойш эмнэлэг дээр нь байнга эргэж хоол цай дөхүүлж өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
Хохирогч Д.Оийн тээврийн прокурорын газарт хандан гаргасан:
“Дамжин овогт О миний бие нь 2023 оны 11 сарын 02-ны өдрийн 11 цагийн үед автомашинд мөргүүлж гэмтсэн учир жолоочоос эмчилгээ болон бусад төлбөр тооцоог гаргуулж авсан учир нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...
... Дамжин овогт О миний бие нь 2023 оны 11 сарын 02-нд зам тээврийн осолд орж гэмтсэн. Эмчилгээ эм тарианы зардал болон бусад зардалд жолооч Т.Агөөс 11.630.000 төгрөгийг гаргуулж авсан хойшид нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Сэтгэл санаанд учирсан хохирлыг тусдаа нэхэмжлэхгүй дээрх зардалд тооцон гаргуулан авсан болно.” гэх хүсэлт /хх-ийн 80, 85/,
Шүүгдэгч Т.Агөөс гаргасан:
“хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 77/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Агийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.
Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хэргийн газрын үзлэг, мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Т.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.А нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 11 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо Жоби 72 төвийн урд зүүн талын замд Хюндай портер маркийн 37-46 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хорооллын доторх замд явган зорчигч Д.Оийг мөргөж эрүүл мэндэд нь бүсэлхийн хоёрдугаар нугалмын шахагдсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.
Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гаргахгүй гэж өөрийн үйлдэлдээ хөнгөмсгөөр найдаж, бусдад хохирол учруулахгүй байна гэж итгэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.
Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад тэрээр зөвшөөрснөөр Т.Ад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аш авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Т.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Оийн эмчилгээ, эм тарианд 11.630.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, цаашид сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй тухай хүсэлт хавтаст хэргийн 80, 85 дугаар хуудаст авагдсан, мөн түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн учир шүүгдэгч Т.Аг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.
Шүүгдэгч Т.Ад ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн, цаашид гарсан зардлыг төлөхөөс илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгч Т.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.4, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Тгийн Аг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ