| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/02371/и |
| Дугаар | 02591 |
| Огноо | 2020-09-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 02591
2020 09 14 102/ШШ2020/02591
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч З.Доржнамжин, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох,
Гэм хорын хохиролд 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, иргэдийн төлөөлөгч С.Алтансувд, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020.03.03-ны өдрийн 21 цаг орчимд өөрийн өмчлөлийн 07-44 УБЗ улсын дугаартай Тоёота филдер маркийн сүүдлын автомашинтай өөрийн оршин суудаг байрны зогсоолын талбайд автомашинаа байрлуулах гэсэн боловч оршин суугч болон СӨХ-д мэдэгдэлгүй шинээр байрлуулсан стандарт бус буюу хэт намхан, тод бус саарал өнгөтэй шонг мөргөж урд талын гупер цуурч унасан. Уг хариуцагч байгууллагад мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулаагүй тул үнэлгээгээр тогтоосон 160,000 төгрөг, үнэлгээний хөлс 20,000 төгрөгийг гаргуулж өгнөүү. Аваарын тууз огт байгаагүй, СӨХ-ны даргатай холбогдож шаардсаны үндсэн дээр байршуулсан. Бохирын худгийн тагийг засч янзалж, шон байрлуулсан талаар СӨХ мэдээгүй байсан. Надад тээврийн хэрэгсэлийн даатгал байхгүй. Жолоочийн хариуцлагын даатгал энэ үйл баримттай хамаагүй. Замын цагдаагийн байгууллага руу ярьж мэдэгдсэн. Дуудлага бүртгэгдсэн байх гэж найдаж байна. Намайг дуудлага өгөхөд автомашины зогсоол дээр болсон үйл явдал байна. 2 машин хоорондоо мөргөлдөх зэрэг осол гараагүй байна гэж тайлбарласан. 2020 оны 7 сарын эхээр хөдөө яваад ирэхэд тухайн зөрчлийг арилгасан байсан. 2020.06.26-ны өдөр “Тэлмүүн-Од” ХХК нэхэмжлэлийн хувийг гардаж, хэргийн материалтай танилцсан байна. Үүнтэй холбоотойгоор зөрчилөө арилгасан байх гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх БГД, 18 хороонд байрлах 85, 85А байруудын ус, дулааны инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллага юм. Манай байгууллагын хариуцдаг ариутгах татуургын инженерийн шугам сүлжээний худаг дээр тус байрны нийтийн эзэмшлийн автозогсоол байрладаг ба оршин суугчид автомашинаа тавьсан шалтгааны улмаас бохир усны худаг бөглөрөх, худгийн таг эвдэрч гэмтэх эрсдэл үүсч, засвар үйлчилгээ хийх болон санхүүгийн хүндрэл байнга учирдаг. 2020.03.03-ны өдрийн 10:35 минутад манай засварчин Н.Цогжавхлан 85 байрны бохирын худгийн таг эвдэрсэн, солих шаардлагатай гэж диспетчерт мэдэгдсэний дагуу засварчид арга хэмжээ авч, 16:00 цагт худгийн тагийг шинэчлэн сольж цементэлж бэхэлсэн. Цементийг хатаахын тулд тухайн худгийн дээрхи зогсоол дээр 5 мм диамертэй, 40 см өндөртэй шон хатгасан байгаа гэж диспетчерийн рапортад тэмдэглүүлсэн. Т.А өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж шонг мөргөж машинаа гэмтээсэн тул манайх хариуцахгүй. Хуульд зааснаар жолоочийн хариуцлагын даатгалд жолооч бүр даатгуулсан байх ёстой. Үүний дагуу автомашины зогсоол дээр эрсдэл үүссэн бол замын цагдаагийн байгууллагад хандаж хэмжилт хийлгэж, акт үйлддэг. Бид бохир усны худгийн тагийг засч янзалсны дараа 3 шон хатгаж, аваарын тууз байршуулсан. Замын цагдаагийн акт, камерийн бичлэг байх ёстой. Нотлох баримт хангалтгүй байна. Замын цагдаа нэхэмжлэгчид 2 машин биш учир гэх хариу өгөхгүй. Автомашины зогсоол дээрх үеийн гэмтэл учир даатгалын байгууллагад ханд гэсэн байж магадагүй. Замын цагдаад дуудлага өгсөн тохиолдолд ирж хэмжилт хийж, акт үйлдэх ёстой байсан гэв
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Т.А нь “Т” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 180,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ оршин суугч болон СӨХ-д мэдэгдэлгүй шинээр байрлуулсан шонг мөргөж хохирсон гэж тайлбарлалаа.
Хариуцагч нь шон хатгасан гэж диспетчерийн рапортад тэмдэглүүлсэн, өөрийн анхаарал болгоомжгүйгээс шонг мөргөсөн тул хариуцахгүй гэж маргав.
Нэхэмжлэгч нь 2020.03.03-ны өдрийн 16:00 цагт худгийн тагийг шинэчлэн сольж байрлуулсан шонг 2020.03.03-ны өдрийн 21 цаг орчимд 07-44 УБЗ улсын дугаартай Тоёота филдер маркийн суудлын автомашинаараа мөргөсөн, энэ талаар талууд маргахгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Тухайн тохиолдолд хэрэгт нэхэмжлэгчээс өгсөн фото зургийн баримтаар хариуцагч нь байрлуулсан шондоо тэмдэглэгээ хийсэн талаархи тайлбар няцаагдаж байх тул Т.А нь “Т” ХХК-иас хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулснаа буюу СӨХ-д мэдэгдсэнээ хариуцагч нь нотолж чадахгүй байх тул хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заасанд нийцүүлэн “Ашид билгүүн” ХХК-ийн гэм хорыг арилгах 160,000 төгрөгийн дүгнэлт болон үнэлгээ хийлгэхэд төлсөн ажлын хөлс 20,000 төгрөг, нийт 180,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар эхэмжлэгчийн хураамжид төлсөн 6,050 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 6,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэдийн төлөөлөгч нь хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг арилгах үндэслэлтэй талаар дүгнэлтийг гаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-иас гэм хорын хохиролд 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулан, Т.Ад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн хураамжид төлсөн 6,050 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 6,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
Т.ГАНДИЙМАА