Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 312

 

 

 

 

 

 

     2020            3             17                                         2020/ДШМ/312         

 

 

                                        Д.Тд холбогдох эрүүгийн

                                                         хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Тийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908005891334 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Т,

Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 165 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 531 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 152 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар нийт 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дугаартай шүүгчийн захирамжаар 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ялын хэмжээг 2 жил 10 хоногийн хугацаа болгон хөнгөрүүлж, ялаас чөлөөлөгдсөн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян Уулын 9-426 тоотод оршин суух Б.Гансүхийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 365.000 /гурван зуун жаран таван мянга/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Доржийн Д.Тийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Тийг 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Тд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Д.Тийн эдлэх ялыг 4 жил 1 сар 23 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар Д.Тийн цагдан хоригдсон 93 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Д.Тийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Д.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Д.Т тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Билгүүн дээр шалгагдаж байх хугацаанд тэрээр намайг гавлаж 2 өдөр 1 шөнө хоол ундгүй эрүүдэн шүүж, байцаалт авсан тул арга буюу цагдаагийн хэв журам сахиулах газарт мэдэгдэж гомдол гаргасан тул Билгүүнд арга хэмжээ авсан тул үүнд надад өс санаж, миний эрх зүйн байдлыг дордуулж, намайг хохироож байна.

Учир нь 2018 оны хэрэг дээрээ шалгагдаж байх хугацаандаа би дахин гэмт хэрэг үйлдэн баригдаж ирээд 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Билгүүнд байцаалт өгөхдөө 2018 оны хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлүүлье гэж хэлсэн боловч мөрдөн байцаагч Билгүүн нь 2019 оны 1 дүгээр сарын 13-нд хийсэн хэрэг чинь хэрэгсэхгүй болсон, хохирогч чинь эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан тул гомдол санал байхгүй гэж байгаа учир энэ хэрэг чинь хаагдана гээд миний хэргийг шүүхэд өгөөд хэрэг таслагдаж, 3 жилийн ялаар шийтгүүлсэн. 413 дугаар нээлттэй хорих ангид хуваарилагдан очоод тус ангийн үйлдвэрийн бүсэд чулуугаар сийлбэр хийж шагналын хоног аваад, биеэр 10 сар 1 хоног сууж байтал 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Чингис нь намайг авчираад цагдан хорих 461 дүгээр ангид хориод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар дахин эрүү үүсгэж, 1 шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх боломжтой байсан хэргийг 1 зүйлээр 2 дахин яллуулж, дэслэгч Билгүүн нь надад  өс санасны улмаас албан ажлаа ашиглаж намайг хохироож, миний эрх зүйн байдлыг асар ихээр дордуулж байгаад гомдолтой байна. 

Үүний улмаас биеэр эдэлсэн ялыг хасаж, магадланд орох хугацаа нь хойшлогдож, шинээр 4 жил 1 сарын ялыг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолох шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээс гаргаж байна.  ...Миний бие гэм буруутайгаа маргаагүй, хохирол гомдлыг бүрэн барагдуулж, хохирогчдын зүгээс гомдол санал, нэхэмжлэлгүй тул хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хөнгөрүүлэх боломжтой байтал эсрэгээр нь хүндрүүлсэн хуулийг хэрэглэж хүнд ял оноолоо. ... хуулийн мэдлэггүй байдлыг минь далимдуулан, өнгө үзэмжээр ялгаварлан гадуурхаж, намайг хохироосон шийдвэр гаргасан тул дахин шалгуулж, хуульд заасны дагуу миний хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх гомдлыг минь барагдуулж өгнө үү. 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гарсан шийтгэх тогтоолтой нэгтгэн шийдвэрлэж миний эрх зүйн байдлыг сэргээж өгнө үү. ...гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолд бие даасан гомдол гаргаагүй. Шүүгдэгч нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар эрх зүйн байдлыг минь хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой байна” гэж үзэж гомдол гаргасан. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолыг нэмж нэгтгэн ял оногдуулахаар байна. Гагцхүү сүүлийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хохирлын асуудал бүрэн шийдэгдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг дүгнэсэн хэдий ч хэрэгжүүлэхдээ тухайн гэмт хэргийн ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч хоригдож байх үед сүүлийн хэрэг нь илэрч хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэгдэх шаардлага гарсан тул шүүгдэгчийн сүүлийн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол биет байдлаар буцаан олгогдсон, гэм буруудаа гэмшсэн, маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” заалтыг баримтлан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Тд холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хуульд заасан ялын хэмжээний дотор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хор хохирол, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг нэмж нэгтгэхдээ хууль зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян Уулын 9-426 тоотод оршин суух Б.Гансүхийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 365.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Гансүхийн “...манай хүү Эрдэнэбат руу хойд айлын залуу Энхтөр залгаад гэр рүү чинь хулгайч орсон юм шиг байна. Танай гэрийн хаалга онгорхой, мөн зурагт чинь алга байна гэж ярьсан байсан. Тэгээд би шууд гэр рүүгээ очиход манай гэрийн хаалганы цоожийг эвдчихсэн байдалтай байсан. Би гэр рүүгээ орж үзэхэд манай гэрийн хойморт байх Монел маркийн 32 инчийн зурагт, зурагтны хажууд байх зурагтын суваг хүлээж авдаг МНБС төхөөрөмж, орны бүтээлэг зэрэг эд зүйлс алдагдсан. Удалгүй манай хүү Эрдэнэбат, Энхтөр 2 цагдаа нартай явж байгаад зурагт, суваг хүлээн авагч МНБС төхөөрөмж, орны бүтээлэг зэрэг эд зүйлээ олоод ирсэн. ...” /хх-42, 84/,

гэрч Ш.Энхтөрийн “...Гансүх эгчийн гэрийн хажуунаас тоосго авах гээд 13 цагийн үед гарахад хаалганых нь цоож эвдэрсэн, хаалга нь онгорхой байхаар нь гэр рүү нь ороод хартал тэдний хойморт нь авдар дээр байдаг зурагт нь байхгүй байсан. Тэгээд би гэрт хулгай орсон байна гээд шууд цагдаа дуудсан. Цагдаа ирээд надаас мэдүүлэг аваад гэрийн урд байсан мөр хөөж яваад нэг айлд очиж Гансүх эгчийнхээс хулгай хийсэн эрэгтэй хүнийг барьж авсан. Би тэр үед цагдаа нартай хамт явж байсан. Цагдаа очиход нөгөө залуу Гансүх эгчийнхээс хулгай хийж авсан зурагт, зурагтын хүлээн авагч төхөөрөмж зэрэг эд зүйлсийг аваад гэрээсээ гарч ирсэн. ...” /хх-78 /,

шүүгдэгч Д.Тийн “...Би 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр дэлгүүр орох гэж явж байгаад замаараа найзындаа ороод нэг шил архи хувааж уугаад гэрээс нь гартал цагдаагийн машин явж байхаар нь зугтаагаад айлын хашаа руу орсон. Би одоо ял авсан хэрэг дээрээ цагдаагаас зугтааж байсан болохоор машин харагдахаар нь айлын хашаа руу ороод буланд нь нуугдаж байсан. Тэгтэл тэр айлын хашаан дотор бүтээлгэнд боогоод тавьчихсан зурагт байж байсан. Цагдаагийн машин яваад өнгөрөхөөр нь тэр зурагтыг нь аваад явчихсан. Зурагтаа аваад гэртээ аваачиж тавиад буцаж нөгөө найзындаа очоод айлаас авсан зурагтаа зарах гэж явж байгаад цагдаад баригдсан. ...Би 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян Уулын 9-42 тоотод оршин суух Б.Гансүхийн гэрээс эд зүйл хулгайлсан. ...” /хх-152-153,192 / гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-12, 16-18/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-27/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-19/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-60-61/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Тийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Тийн хохирогч Б.Гансүхийн гэрт нэвтрэн орж, 365.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Тээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хөнгөрүүлэх боломжтой байтал эсрэгээр нь хүндрүүлсэн хуулийг хэрэглэж хүнд ял оноолоо. ... 2019 оны 1 дүгээр сарын 23-ны шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гарсан шийтгэх тогтоолтой нэгтгэн шийдвэрлэж  миний эрх зүйн байдлыг сэргээж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүгдэгчийн хувьд  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанараас гадна хувийн байдлыг харгалзан шүүх тухайн шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, эсхүл түүнээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор зохицуулан хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй хэдий ч тэрээр урьд нь хулгайлах, залилах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн атлаа түүндээ дүгнэлт хийлгүй дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 119-126, 129, 130-132, 133-137/ 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд буюу 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдалд тохирсон байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Тийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Үүнээс гадна шүүгдэгч Д.Т давж заалдах гомдолдоо “...эрүүдэн байцаасан, мөрдөгч Б.Билгүүнд арга хэмжээ авагдсан тул үүнд надад өс санаж, миний эрх зүйн байдлыг дордуулж байна...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилжээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Билгүүнд шүүгдэгч Д.Тийг эрүүдэн байцаасан, улмаар арга хэмжээ авагдсан тухай баримт хэрэгт авагдаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар мэдүүлээгүй, гэм бурууд маргаагүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Тд холбогдох өмнөх хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 9 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэжээ. /хх 161-165/

Тухайн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Т “...мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. ...Гэм буруугаа зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг өгчээ.

Прокуророос Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа, уг шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс үзвэл түүний 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед өмнөх хэрэг шүүхэд байсан, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Билгүүн уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагүй, тэрээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлээгүй байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үнэн зөв гэж үзэхгүй.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Тд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг эрүүдэн байцаасан гэж үзсэн тохиолдолд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальж, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах юм.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Т өөрийгөө илчилж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход туслах боломжтой байжээ.

Ингэсэн тохиолдолд тухайн үед шүүхээс нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах эсэхийг тухайн үед шийдвэрлэх, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байхад шүүгдэгч Д.Т уг боломжийг эдлээгүй байна.

Үүнээс гадна шүүгдэгч Д.Т өөрийгөө илчилж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход туслаагүй явдлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэсэн эрхэд хамаарна гэж ойлгохгүй.

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Д.Тийн эдлэх ялыг 4 жил 1 сар 23 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй байна.

 Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэж байгаа болно.

Иймд шүүгдэгч Д.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

            ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ