Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2026/0546

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Б.Адъяасүрэн

Илтгэгч: шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч: “А ф” ХХК

Хариуцагч: Гэмтэл согог судлалын үндэсний төв, тус төвийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар

Гуравдагч этгээд: “Г а ф” ХХК

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 502 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д

Гуравдагч этгээдийн  өмгөөлөгч М.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/1060/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А ф” ХХК-иас Гэмтэл согог судлалын үндэсний төв, тус төвийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдуулан “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1236 дугаар албан бичиг болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1792 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгох, Гэмтэл согог судлалын үндэсний төв, тус төвийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20,5 м.кв талбай түрээслэх сонгон шалгаруулалтад дахин үнэлгээ хийлгэхийг даалгах, дээрх талбайд 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 30 минутад зарласан дахин сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгох”-оор,

2. Гуравдагч этгээд “Г а ф” ХХК-иас Гэмтэл согог судлалын үндэсний төв, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус холбогдуулан “Г а ф” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах”-аар тус тус маргасан байна.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 2, 5-д заасныг тус тус баримтлан “А ф” ХХК-иас гаргасан “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1236 дугаар албан бичиг болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1792 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгох, Гэмтэл согог судлалын үндэсний төв, тус төвийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20,5 м.кв талбай түрээслэх сонгон шалгаруулалтад дахин үнэлгээ хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, “Г а ф” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Г а ф” ХХК-тай Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20,5 м.кв талбайг түрээслэх түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус даалгаж” шийдвэрлэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Шүүх сонгох боломжийг хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

4.1.1. Сонгон шалгаруулалтад оролцогч нь заавал хангавал зохих шаардлагыг хангаагүй мөртлөө Ажлын хэсэг түүнд бүрэн буюу хамгийн өндөр оноо өгсөн нь сонгох боломж биш, харин шалгуур үзүүлэлтийг буруу хэрэглэсэн хууль бус үйлдэл болно. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай тогтоолын Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгох Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичигт заасны дагуу сонгон шалгаруулалтын Ажлын хэсгийн үүрэг нь оролцогчдоос ирүүлсэн материалд шалгуур үзүүлэлтийг зөв дүгнэж шаардлага хангасан этгээдийг шалгаруулах явдал байдаг. Шаардлага хангасан эсэх нь Ажлын хэсгийн хуулиар хүлээсэн үүрэг мөн бөгөөд энэ нь зайлшгүй шүүхээр хянагдах ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана" гэж заасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэлгүй орхисон гэж үзэж байна. Манай компани сонгон шалгаруулалтад шалгарсан "Г а ф” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эмийн сангийн тусгай зөвшөөрлийн хуулбар, эм барих тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тухай баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, эмийн сангийн стандарт MNS 5260:2015 шаардлага хангасан ажиллах хүчний мэдээлэл ирүүлээгүй зэрэг хууль зөрчсөн байдлыг тогтоох нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Гэтэл шүүх эдгээр нотлох баримт тус бүрийн үнэн зөв эсэхийг үнэлж дүгнээгүй. Шүүх зөвхөн Захиргааны ерөнхий хуульд заасан “сонгох боломж"-ийг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг үнэлээгүй байна. Иймд нэхэмжлэгч Ажлын хэсгийн шийдвэртэй тухайлан маргаагүй гэсэн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад нийцэхгүй. Манай компани нь эхнээсээ сонгон шалгаруулалтын үнэлгээ буюу Ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2 дугаар хурлын шийдвэрийн дагуу гарсан үнэлгээ хууль зөрчсөн гэдгийг маргаж, “Г а ф" ХХК-д үндэслэлгүйгээр оноо өгсөн гэдгийг тодорхой нотлох баримтаар үндэслэн маргасан. Иймд нэхэмжлэгч үнэлгээтэй тухайлан маргаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

4.2. Гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмын дагуу гаргасан захиргааны актын тухайд:

4.2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А1/1792 дугаар албан бичиг нь "А ф" ХХК-ийн гаргасан гомдлын дагуу тухайн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хариуцагч захиргааны байгууллага өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянаад улмаар сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг мэдэгдсэн байх ба уг албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна" гэжээ. Манай компани сонгон шалгаруулалтад оролцсон 14 хуулийн этгээдийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бөгөөд зөвхөн өөрийн хууль ёсны эрх ашиг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх эдгээр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан мэтээр дүгнэлт хийсэн байна. “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А1/1792 дугаар албан бичиг нь дахин сонгон шалгаруулалтыг явуулахыг Гэмтэл согог судлалын үндэсний төвд даалгасан нь үндэслэлгүй буюу 14 хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтад оролцсон материалыг дахин үнэлэхгүйгээр ахиж сонгон шалгаруулалт явуулах нь манай компанийн эрх ашгийг хөндөж байна гэж тайлбарлаж маргасан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан бичгээр өгсөн хариу нь бие даасан захиргааны акт болохын хувьд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь ажлын хэсгийн хууль бус зөвлөмжийг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан гэж үзэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1.Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1236 дугаар албан бичиг болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1792 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, Гэмтэл согог судлалын үндэсний төв, тус төвийн захирлын тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын Ажлын хэсэгт Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20.5 мкв талбай түрээслэх сонгон шалгаруулалтад дахин үнэлгээ хийлгэхийг даалгах, дээрх талбайд 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 30 минутад зарласан дахин сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн сүүлийн шаардлагаасаа татгалзжээ. Гуравдагч этгээдээс Гэмтэл согог судлалын үндэсний төв, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус холбогдуулан “Г а ф" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож,түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч нарт хариуцагч нарт даалгах бие даасан шаардлага гаргасан.

3. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ “...1/Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1236 дугаар албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд ... ажлын хэсгээс гаргасан зөвлөмжид үндэслэн гарсан буюу ажлын хэсгийн шийдвэрийн талаар мэдэгдсэн мэдэгдлийн шинжтэй албан бичиг байна ... Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д ... заасан тухайн албан бичиг нь заавал биелүүлэх үр дагавар үүсгээгүй, захирамжилсан шинжгүй тул захиргааны актад хамаарахгүй байна..., 2/ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1792 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд ... хууль, журам болон тогтоолын заалтуудаас үзвэл уг албан бичиг нь “А ф” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу тухайн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хариуцагч захиргааны байгууллага өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянаад улмаар сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг мэдэгдсэн байх ба уг албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Өөрөөр хэлбэл тухай албан бичиг нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг шийдвэрлээд өгсөн хариу болохын хувьд захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны актын шууд үр дагаврыг нэхэмжлэгчид үүсгэхгүй энэ утгаараа захиргааны актад хамаарахгүй түүнчлэн дээрх журамд сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах эсэхийг түрээслүүлэгч этгээд буюу Гэмтэл согогийн судлалын үндэсний төв хариуцах, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь ирүүлсэн саналыг хянан үзэж зөвшөөрөл өгч байхаар зохицуулсан ба уг сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулаагүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдөх хөндөгдөх нөхцөл байдал үүсгэхээргүй байна..., 3/ Гэмтэл согог судлалын үндэсний төв, тус төвийн захирлын тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын Ажлын хэсэгт Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20.5 мк в талбай түрээслэх сонгон шалгаруулалтад дахин үнэлгээ хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд ... ажлын хэсгийн гишүүдэд сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нийт компаниуд болох 14 компанийн хувьд дахин үнэлгээг хийхийг шүүхээс даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн боломжгүй..., Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1  “ ...” , 106 дугаар зүйлийн 106.3.4 “ ...” заалтуудаас үзвэл эрх ашиг нь хөндөгдөж зөрчигдсөн гэх агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй хэн нэгний өмнөөс өөр этгээд нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй, тодруулбал тухайн сонгон шалгаруулалтад оролцсон 14 компанийн өмнөөс ямар нэгэн итгэмжлэлгүйгээр нэхэмжлэгч компани уг сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг шаардах нь Захиргааны хэргийн шүүхийн зорилгод нийцэхгүй ба нэхэмжлэгч компани нь уг сонгон шалгаруулалтад 3-д эрэмбэлэгдсэн  энэ тохиолдолд тус компанийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын материалд дахин үнэлгээ хийсэн ч нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй байна ... Гуравдагч этгээдээс Гэмтэл согог судлалын үндэсний төв, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус холбогдуулан “Г а ф" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож,түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч нарт хариуцагч нарт даалгах бие даасан шаардлагын тухайд ... Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 4.4-т “сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох эсэх асуудлыг тухайн түрээслүүлэгч байгууллага шийдвэрлэнэ” гэж заасан боловч Гэмтэл согог судлалын үндэсний төв нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1792 дугаар албан бичгийг үндэслэн сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа энэ нөхцөлд хууль болон журмын дагуу шалгарсан оролцогчтой хариуцагч нь гэрээ байгуулах үүрэгтэй ... нэхэмжлэгч компани нь гуравдагч этгээд “Г а ф" ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримтууд нь хууль, журмын шаардлага хангаагүй гэж маргасан боловч Ажлын хэсгийн шийдвэртэй тухайлан маргаагүйн дээр Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн үнэлгээ нь захиргааны сонгох боломжид хамаарах тул шүүх үнэлгээг үндэслэлтэй эсэх талаар дүгнэх боломжгүй ... иймд хариуцагч байгууллагуудаас тухайн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноогоор шалгарсан оролцогч болох “Г а ф" ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ...түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй дүгнэв” гэж шүүхээс тус тус нэхэмжлэлийн шаардлага бүрд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4. Нэхэмжлэгч “А ф” ХХК давж заалдах гомдолдоо “ ... Шүүх сонгох боломжийг хуулийг буруу хэрэглэсэн талаар ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “ Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасан анхан шатны шүүх хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэлгүй орхисон гэж үзэж байна ...  гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмын дагуу гаргасан захиргааны актын талаар ... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан бичгээр өгсөн хариу нь бие даасан захиргааны акт болохын хувьд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул хангахгүй орхиж шийдвэрлэв. Учир нь:

5. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно”, 28.2-т “Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ”, Монгол улсын засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын Дөрөв-ийн 23-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг Тарийн өмчийн бодлого зохицуулалтын газар шийдвэрлэнэ”, 24-т “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрийг эс зөвшөөрвөл зохих шатны шүүхэд хандаж хандаж маргааныг шийдвэрлүүлнэ”, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 50 дугаар тогтоолын 2.1-д “ төрийн өмчит хуулийн этгээдээс төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэх талаар ирүүлсэн саналыг хянан үзэж, зөвшөөрөл өгч байх”, 2.2-т “түрээслүүлэгч хуулийн этгээд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ үндсэн үйл ажиллагаанд нь харшлах үйл ажиллагаа явуулахгүй, түрээслэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тодоор сонгон шалгаруулж дүнг олон нийтэд мэдээлж байгаа эсэхэд хяналт тавих”, 2.3-т “түрээслэгч, түрээслүүлэгчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг ... баталгаажуулах ... биелэлтэд нь хяналт тавих чиг үүрэгтэй болохыг тодорхойлжээ.

6. Дээрх хууль, журам, тогтоолын заалт зохицуулалтаар Гэмтэл согог судлалын үндэсний төв нь  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг түрээсээр ашиглуулах бүрэн эрхийг эдлэхээр, мөн журам болон тогтоолд зааснаар түрээслүүлэгч төрийн өмчит хуулийн этгээд болохын хувьд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ хууль тогтоомжид заасны дагуу сонгон шалгаруулалтыг ил тодоор явуулж олон нийтэд мэдээлэх, сонгон шалгаруулалтад шалгарсан иргэн, хуулийн этгээдтэй Иргэний хуульд нийцүүлэн түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн гэрээг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар баталгаажуулах эрх, үүрэгтэй байна.

7. Харин дээрх хууль, журам, тогтоолын заалт зохицуулалтаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг шийдвэрлэх, тогтоолд зааснаар Гэмтэл согог судлалын үндэсний төв болон нэхэмжлэгч “А ф” ХХК хооронд гарсан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой сонгон шалгаруулалтад хяналт тавих, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс сонгон шалгаруулалтад шалгарсан гуравдагч этгээд “Г а ф" ХХК-д төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө болох Амбулаторийн тасагт байрлах 20.5 мкв газрыг түрээслүүлэх талаар ирүүлсэн саналыг хянан үзэх, зөвшөөрөл олгох, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон гуравдагч этгээд "Г а ф" ХХК-ийн хооронд Амбулаторийн тасагт байрлах 20.5 мкв газарт түрээсийн гэрээ байгуулагдсан тохиолдолд түрээсийн гэрээг баталгаажуулах эрх, үүрэгтэй байна.

8. Дээрх хууль, журам, тогтоолын зохицуулалтаар Гэмтэл согог судлалын үндэсний төв нь тухайн эмнэлгийн амбулаторийн тасагт байрлах 20.5 мкв талбайг эмийн сангийн зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах, түрээслэх зорилгоор сонгон шалгаруулалтыг бие дааж явуулах, сонгон шалгаруулалтад шалгарсан этгээдтэй түрээсийн гэрээ байгуулах, сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэх, сонгон шалгаруулалтад шалгарсан этгээдтэй түрээсийн гэрээ байгуулах  бүрэн эрхтэй байна. Харин төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хувьд түрээсээр эзэмшүүлэхтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд журамд заасны дагуу шийдвэрлэх, түрээслүүлэхээр ирүүлсэн саналд зөвшөөрөл өгөх, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй  оролцохоор зохицуулсан байна. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

9. Энэ бүхнээс дүгнэвэл хариуцагч Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тухайн эмнэлгийн амбулаторийн тасагт байрлах 20.5 мкв талбайг эмийн сангийн үйл ажиллагаа явуулах зорилгоор сонгон шалгаруулалт явуулсан болон сонгон шалгаруулалтад оролцсон “Г а ф" ХХК-ийг шалгаруулсан үйл ажиллагаа хууль болон журам тогтоолд заасныг зөрчөөгүй, мөн хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь нэхэмжлэгч “А ф” ХХК-ийн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гаргасан гомдлыг дээрх журамд заасны дагуу хянаад хариу өгсөн нь дээрх журмыг зөрчөөгүй байх тул хариуцагч захиргааны байгууллагуудын хууль, журамд нийцсэн үйл ажиллагааг буруутгах боломжгүй бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч “А ф” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

10. Нөгөө талаар хариуцагч нарын үйл ажиллагаа хууль зөрчөөгүй нь тогтоогдсон энэ тохиолдолд анхан шатны шүүхээс гуравдагч этгээд “Г а ф" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 128/ШШ2026/0502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                 ШҮҮГЧ                                М.ЦЭЦЭГМАА

                                                 ШҮҮГЧ                                Б.АДЬЯАСҮРЭН

                                      ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР