Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 14

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Алтангэрэл

Улсын яллагч Э.Тулгаа

Шүүгдэгч С.Зоригтбаатар нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Хөх Аюуш овогт Сономын Зоригтбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн 201721010018 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 сарын 01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 1983 оны 12 сарын 10-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хөх Аюуш овогт Сономын Зоригтбаатар /РД:ПА83121014/

Холбогдсон хэргийн талаар:

С.Зоригтбаатар нь Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Түмэндэмбэрэлийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч С.Зоригтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогч Б.Түмэндэмбэрэлд учирсан хохирлыг бүрэн төлж, эвлэрсэн тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

            Хохирогч Б.Түмэндэмбэрэл хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2016 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө Алтай сумын төвд найз Ханжаа, С.Зоригтбаатар, Догин, Шаргаа, Бамба, Жаамаа нарын хамт 3 шил баарт нэртэй архи хувааж ууж байгаад машинаас буугаад шээгээд зогсож байтал намайг машинтай хүмүүс хаяаад явах гэхээр нь араас нь гүйж очоод машины хойд талын хаалгыг гараараа 2 удаа цохиж зогсоотол С.Зоригтбаатар машинаас бууж ирээд цээжин дээр дарж байгаад нүүр хэсэг газарт 4-5 удаа гараараа цохиход Шаргаа ирж намайг салгаж авсан. Миний  бие нь одоо шүүгдэгч С.Зоригтбаатартай  ямар нэгэн хохирол, гомдол, тэмцэлгүй болно” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Түмэндэмбэрэлийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 85 тоот :

“1. Б.Түмэндэмбэрэлийн биед тархи доргилт, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд 2.3х0.1 см шархны сорив, зүүн нүдний алимны зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Б.Түмэндэмбэрэлийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдож, мөргөлдөх, унахад  үүссэн байх боломжтой, цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

3. Б.Түмэндэмбэрэлийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд,  Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош  хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

            - Гэрэл зургийн үзүүлэлтүүд

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

- Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн тухай хүсэлт зэрэг  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч С.Зоригтбаатар нь Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Түмэндэмбэрэлийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,  хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх 85 тоот шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Зоригтбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Түмэндэмбэрэлийн биед “тархи доргилт, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд 2.3х0.1 см шархны сорив, зүүн нүдний алимны зүүн хэсэгт цус хуралт” зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Зоригтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Зоригтбаатар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэсэн байх тул түүнийг урьд ял шийтгүүлж байгаагүй тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэв.

  Шүүгдэгч С.Зоригтбаатарын холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож ухамсарлан хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохиролд 3000000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч Б.Түмэндэмбэрэл нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй болсон байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч С.Зоригтбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Зоригтбаатар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.  Хөх Аюуш овогт Сономын Зоригтбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан  шүүгдэгч С.Зоригтбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар С.Зоригтбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Зоригтбаатараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.

       4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч С.Зоригтбаатарт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шүүгдэгч С.Зоригтбаатарын /РД:ПА83121014/ регистр бүхий иргэний үнэмлэхийг буцаан олгохыг ерөнхий шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.

         6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.