Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 110/ШШ2020/0071

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн оршин суугч Б сарик овогт Ерхумарын Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай Тогтоолын зарим хэсгийг хүчингүйд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2013 оны 5 дугаар сард сургуулиа төгсөөд хуулийн дагуу цэргийн дүйцүүлэх албыг хаахаар Баян-Өлгий аймгийн Цэргийн штабт өөрийн гараар өргөдлөө гаргаж өгөөд Улаанбаатар хотод аавыгаа эмчлүүлэхээр явсан. Энэ хугацаанд аймгийн Цэргийн штабаас нэг удаа намайг дуудаад Хилийн цэргийн 0165 дугаар ангид очсон боловч хүн цуглараагүй гээд бид тараад явсан, дараа нь 2 удаа намайг дуудахад би хотод байсан. Энэ хугацаанд надад өөр ямар нэгэн ажил хийлгүүлээгүй ба 2015 онд Цэргийн штабын дарга Г.Лгээс цэргийн үүрэгтний үнэмлэхийг гардан авсан. Миний цэргийн үүрэгтний үнэмлэх хуурамч биш.

 

Энэ тухай бүх бичиг баримтууд, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргатай байгуулсан гэрээнүүд бүгд миний хавтаст хэрэгт авагдсан байгаа. Миний өргөдлийг миний ээж бичиж өгөөгүй ба би өөрийн биеэр очиж, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргатай гэрээ байгуулж, материалаа бүрдүүлж өгснийг аймгийн Цагдаагийн газраас удаа дараа шалгаж үзсэн. Иймд би иргэн хүнийхээ хувьд хуулийн дагуу цэргийн албыг дүйцүүлэх албаар хааж цэргийн үүрэгтний үнэмлэх авсан. Миний цэргийн үүрэгтний үнэмлэхийг хуурамч болохыг нотолсон нотлох баримт байхгүй. Үүнтэй холбоотой бичиг баримтын зөрчилтэй бол холбогдох эрхийн акт гаргасан хүмүүс нь хариуцах ёстой бөгөөд үүнд иргэний буруутай ажиллагаа байхгүй, хохирох ёсгүй гэж үзэж байна. 2016 онд Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орохдоо бүх материалаа Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн газарт бүрдүүлж өгсөн. Энэ үед аймгийн Засаг даргын захирамж гарч захирамжийн хувийг бас өгсөн, хавсралтад миний нэр байгааг архиваас харж болно. Дараа нь би аймгийн Нурлы эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллаж байгаад Толбо суманд гарсан нийгмийн даатгалын улсын байцаагчийн сул орон тоонд ажилласан. Тухайн маргаан бүхий захиргааны актыг дараах үндэслэлээр хууль бус гарсан гэж үзэж байна.

 

Нэгдүгээрт, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэдий ч цэргийн албыг дүйцүүлэн хаагаагүй гэх үндэслэл нь хангалттай нотлогдоогүй болно. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д .. хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх ... нийтлэг шаардлага тавигдсан бөгөөд энэхүү шаардлагыг хангасан иргэнийг төрийн жинхэнэ албанд томилох юм. Тэрээр, тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолын үндэслэлд ... ажилд орох үед цэргийн үүрэгтний үнэмлэхийг ашигласан нь нотлогдоогүй... гэж тусгасан боловч маргаан бүхий салбар зөвлөлийн тогтоолд .. улмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон болох нь тогтоогдсон ... гэж дүгнэсэн нь хууль бус болжээ. Өөрөөр хэлбэл, прокурорын тогтоолд тогтоогдоогүй асуудлыг салбар зөвлөл тогтоогдсон мэтээр дүгнэж, миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн болно.

 

Хоёрдугаарт, миний бие дээр дурдсанчлан цэргийн дүйцүүлэх албыг хуурамчаар хаасан асуудал тогтоогдохгүй бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/176 дугаартай Цэргийн дүйцүүлэх албанд татах, халах тухай захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай Тогтоолын зарим хэсгийг хүчингүйд тооцох тухай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хураладаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбарт:

 

Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай тогтоол бүхэлдээ нэхэмжлэгч Е.Сийн эрх, хуул ёсны ашиг сонирхолд нөлөөлж байгаа. Е.С нь дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй хүн. Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоо гарч, салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тогтоолоор түүнийг тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, тухайн үеийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Шэд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилохыг үүрэг болгож, одоо 4 дэх жилдээ ажиллаж байгаа. Дараа нь маргаан бүхий тогтоол гарч, Төрийн албаны тухай хуулиар цэргийн албыг хаасан байх ёстой гэж үзсэн. Цэргийн албыг гурван төрлийн журмаар хаадаг. Нэгдүгээрт биечлэн, хоёрдугаарт мөнгөн төлбөрөөр, гуравдугаарт дүйцүүлэх журмаар хаах журамтай. Төрийн албанд анх шалгалт өгөхдөө цэргийн албыг дүйцүүлэн хаасан тухай үнэмлэхийг өгсөн байна. Сүүлд энэ асуудлын талаар мэдээлэл гарч, аймгийн Прокурорын газраас шалгаж, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаар тогтоолоор Е.Сэд Цэргийн штабаас олгосон цэргийн албыг дүйцүүлэх журмаар хаасан тухай үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн гэдэг асуудал эрүүгийн хэргээр шалгагдаад, сүүлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэгэнт прокурорын тогтоол гарч, хуурамч цэргийн үнэмлэх ашигласан гэх асуудал прокурорын шатанд батлагдсан учраас уг тогтоол гарсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа аймгийн Прокурорын газраас 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5/16 дугаартай Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг, хүчингүй болгох тухай тогтоол гарч, Б.Б прокурорын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Т 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/09 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Е.С нь цэргийн дүйцүүлэх албаны үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Энэ шийдвэрийг тодруулж ярих юм бол Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол аймгийн Прокурорын газрын янз бүрийн тогтоолтой холбоотой гарч байгаа. Төрийн албаны салбар зөвлөлөөс мэдэгдэл ирүүлэхдээ 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаар тогтоолыг үндэслээд арга хэмжээ авч явуулсан. Хамгийн сүүлийн хүчин төгөлдөр тогтоолоор Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 219 тоот захирамжаар 2013 онд аймгийн хэмжээнд цэргийн дүйцүүлэх албанд 20 хүнийг элсүүлэн албыг нь хаалгахаар болсон боловч уг захирамжийн хавсралт байхгүй тул хэн хэний нэр орсон болох нь тодорхойгүй. Аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/176 тоот Цэргийн дүйцүүлэх албанд татах, халах тухай захирамжийн 2 дугаар хавсралт, 2013-2015 онд цэргийн дүйцүүлэх албыг хаасан иргэдийн тоо 22, 32, 33 гэж янз янзаар гаргасан. Энэ талаар аймгийн Цэргийн штабаас тодруулахад, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 9/24 дүгээр албан бичгээр хурандаа Г.Лгийн шийдвэрээр цэргийн дүйцүүлэх албанд 33 хүнийг элсүүлэн албыг хаалгасан байх бөгөөд уг захирамжид Е.Сийн нэр орсон. Цэргийн үнэмлэхийг албан тушаалтан эрх бүхий байгууллагын шийдвэрээр олгосон болох нь тогтоогдож байна. гэсэн байгаа. Тийм учраас прокурорын хүчин төгөлдөр тогтоолоор Е.С нь цэргийн дүйцүүлэх албыг хаасан. Цэргийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр олгосон болох нь тогтоогдсон учраас Е.С нь цэргийн дүйцүүлэх албыг хаасан болох нь прокурорын тогтоолоор нотлогдож байгаа. Цэргийн дүйцүүлэх албыг яаж хаасан тухай асуудалд эрх бүхий байгууллага буруутай, зарим захирамжууд хавсралтгүй, гэрээ, хэлцлийг зөв байгуулаагүй, 5-6 жилийн өмнөх асуудалд учир дутагдалтай асуудал байгаа боловч эцсийн эцэст Е.С нь цэргийн дүйцүүлэх албыг хааж, тухайн үеийн Төрийн албаны салбар зөвлөлд өгсөн цэргийн үнэмлэх хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас олгосон үнэмлэх гэдэг нь тогтоогдож байна. Цэргийн үнэмлэхийг хуурамчаар авсан гэдгийг шүүхийн байгууллага тогтоодог. Тийм учраас өнөөдөр Е.Сийг ямар нэгэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр байхгүй. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолын үндэслэл арилсан. Үүнийг аймгийн Прокурорын газраас бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол гаргасан учраас Е.Сийн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай Тогтоолын зарим хэсгийг хүчингүйд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбарт:

 

Е.Стэй холбоотой хэргийг эхнээс нь Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газраас хянаж үзээд тус зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 01/761 тоот албан бичгээр Толбо сумын Нийгмийн даатгалын байцаагч Е.С нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орохдоо цэргийн үүрэгтний хуурамч үнэмлэх ашиглан шалгалт өгч, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаар прокурорын тогтоолоор тогтоогдсон байх тул Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэсэн 2016 оны 11 дүгээр тогтоолын Е.Сад холбогдох хэсэг, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Толбо сум хариуцсан байцаагчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай 2016 оны 28 дугаар тогтоолыг тус тус хүчингүйд тооцох тухай үүрэг өгснийг тус салбар зөвлөлөөс хэлэлцээд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон болно. Гэтэл тус аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5/16 дугаар Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоолд Е.С нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг гардаж аваагүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн дээд шатны прокурорт гомдол гаргаагүй байна гэж үзэж байна. Мөн нотлох баримт олдоогүй тул яллагдагч Е.Сийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болж байх тул хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

 

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс хэлэлцээд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээх нь зүйтэй гэж үзлээ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Е.С нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн[1] 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолын холбогдох хэсгээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байх ба улмаар салбар зөвлөлийн мөн оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр түүнийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Толбо сум хариуцсан улсын байцаагчаар томилуулахаар нэр дэвшүүлснээр эрх бүхий этгээдийн шийдвэрээр төрийн захиргааны уг албан тушаалд томилогдсон байна.

 

Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасан хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн төрийн албаны онцлог төрөл болох энэ үүргээ биелүүлээгүй бол 16.1-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглосон бөгөөд салбар зөвлөлөөс Е.Сийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орохдоо цэргийн үүрэгтний хуурамч үнэмлэх ашиглан шалгалт өгч, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаартай тогтоолоор тогтоогдсон гэх үндэслэлээр 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 06 дугаартай тогтоол гаргаж, дээрх шийдвэрүүд болох салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр тогтоолын Е.Сэд холбогдох хэсэг болон 28 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаартай тогтоолоос үзэхэд прокуророос Е.Сэд холбогдох 1913000050115 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...Е.С нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үеэр хуурамч цэргийн үүрэгтний үнэмлэх ашиглаж шалгалтанд орсон, өөрөөр хэлбэл цэргийн дүйцүүлэх албыг өөрөө зохих журмын дагуу хаагаагүй, хуурамчаар бичүүлж авсан цэргийн үнэмлэх гэдгийг мэдсээр байж ашиглаж төрийн албаны шалгалтад орсон нь ...нотлох баримтуудаар тогтоогдсон боловч хуурамч баримт гэдгийг мэдсээр байж ашигласнаас хойш хөнгөн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. гэж дүгнэжээ.

 

Прокурорын уг тогтоолын талаар Е.Сийн гаргасан гомдлыг дээд шатны прокурор хүлээн авч, хэргийг сэргээсэн байх ба мөрдөн шалгах зарим ажиллагааг нэмж хийх үндэслэлээр 5/20 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5/16 дугаартай тогтоол гаргасан байна.

 

Ингэснээр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөс 1913000050115 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх ба уг ажиллагааг явуулж дуусгаснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокуророос 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5/09 дугаартай тогтоолоор Е.Сэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, үндэслэлээ ...Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 219 тоот захирамжаар 2013 онд аймгийн хэмжээнд цэргийн дүйцүүлэх албанд 20 хүнийг элсүүлэн албыг нь хаалгахаар болсон боловч уг захирамжийн хавсралт байхгүй тул хэн хэний нэр орсон болох нь тодорхойгүй, аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/176 тоот Цэргийн дүйцүүлэх албанд татах, халах тухай захирамжийн 2 дугаар хавсралтад 2013-2015 онд цэргийн дүйцүүлэх албыг хаасан иргэдийн тоо 22, 32, 33 хүн гэж янз янзаар гарсан, энэ талаар аймгийн Цэргийн штабаас тодруулахад 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 9/24 дугаартай албан бичигт цэргийн штабын дарга, хурандаа Г.Лгийн шийдвэрээр 33 хүнийг элсүүлэн албыг нь хаалгасан байна гэсэн бөгөөд уг захирамжид Е.Сийн нэр орсон, цэргийн үүрэгтний үнэмлэхийг ... эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тогтоогдсон байна гэж дүгнээд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 219 тоот захирамжийн хавсралтын эх хувийг эсхүл хуулбар хувийг олоход чиглэсэн мөрдөн шалгах бүхий л ажиллагааг явуулан шалгасан боловч уг нотлох баримт олдоогүй, яллагдагч Е.Сийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болсон тул ... гэж тайлбарлажээ.

 

Прокурорын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5/09 дугаартай тогтоолд талуудаас гомдол гаргаагүй байх ба уг тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсныг Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-664 дугаартай албан бичгээр шүүхэд мэдэгдсэн байна. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 5/20 дугаартай тогтоол нь дээрх байдлаар дээд шатны прокурорын 2020 оны 5/16 дугаар тогтоолоор хүчингүй болсон, прокурорын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5/09 дугаартай тогтоолоор Е.Сэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолын үндэслэлээс үзэхэд маргаан бүхий захиргааны актад дурдсан Е.Сийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орохдоо цэргийн үүрэгтний хуурамч үнэмлэх ашиглан шалгалт өгч, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Салбар зөвлөл нь захиргааны байгууллага болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.6-д зааснаар хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг нь хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албанд томилогдон ажиллахаас өмнө Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасан хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд төрийн албаны онцлог төрөл болох энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр тогтоогдсон бодит нөхцөл байдал одоогийн байдлаар үгүй байх тул салбар зөвлөлийн 2020 оны 06 дугаар тогтоолыг хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гэж үзэх боломжгүй байна.

 

Тодруулбал, салбар зөвлөлийн 06 дугаар тогтоол нь Е.Сэд холбогдуулж гаргасан эерэг нөлөөлөл бүхий тус байгууллагын хоёр шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа энэ хуулийн 38.1-д зааснаас гадна дараах нэмэлт зохицуулалтыг хэрэглэнэ гэж, үүний 38.2.3-т захиргааны актыг цуцлах нөхцөлийг тогтоох гэж тус тус заасан.

 

Салбар зөвлөлийн 2020 оны 06 дугаар тогтоолд үндэслэсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаартай тогтоол нь тухайн үед хүчин төгөлдөр байсан боловч уг шийдвэр нь дээрх байдлаар дээд шатны прокурорын тогтоолоор хүчингүй болсон тохиолдолд маргаан бүхий захиргааны актад тусгасан нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орохдоо цэргийн үүрэгтний хуурамч үнэмлэх ашиглан шалгалт өгч, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон гэх үндэслэлийг одоогийн байдлаар салбар зөвлөлийн 2020 оны 06 дугаар тогтоолоор тогтоогдсон гэж үзэхээргүй байна. Иймд уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй гэж үзэх үндэслэлтэй, мөн нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд бүртгэлтэй байх, одоогийн томилогдсон албан тушаалд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е.Сийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай Тогтоолын зарим хэсгийг хүчингүйд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1]Үндэслэх хэсэгт цаашид салбар зөвлөл гэх