| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0083/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/94 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/94
2024 01 22 2024/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,
Шүүгдэгч Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Ж-д холбогдох эрүүгийн 2309000002624 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 8 дугаар сарын 18-ны өдөр Х..... аймгийн Ө суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, уул уурхайн хүнд механизмын оператор мэргэжилтэй, "М Ч" ХХК-д зүсвэрчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ............................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 5 жил 6 сарын хорих ял,
2.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 629 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж тус ялыг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар 30 хоногийн хорих ялаар сольж шийтгүүлсэн,
3.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 852 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял,
4.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-нд өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Э.Ж, .................. регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Ж нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "П П" нэртэй чулууны үйлдвэрийн орчим гудамжинд хохирогч Б.Нтай маргалдаж улмаар нүүр лүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хоёр хажуу хананы зөрүүтэй цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, үүдэн баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал, хамар зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2309000002624 дугаартай хэрэгт авагдсан;
Хохирогч Б.Нгийн өгсөн: "19 цагийн үед ачаа буулгаж байсан чинь үл таних согтуу хүн ирээд мөрөн дээр гараа тавьчхаад татаад байхаар нь би зүгээр бай, гараа ав гэсэн чинь яагаад байгаа юм бэ гээд бид хоёр барилцаж аваад манай ажлынхан салгасан чинь нөгөө танихгүй согтуу залуу хоёулаа ийшээ явж уулзаадахъя гэж хэлээд бараа буулгасан газраас нэлээн холдоод том агуулахтай гудамж руу дагуулж ороод шууд эргэж хараад цохичихсон. Тэгээд манай ажлынхан ирж болиулсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, тухайн залуу нэлээн согтуу байсан. Манай ажлын тэр хавиар буюу 11 дүгээр хороогоор явж архи уугаад байдаг Ж гэдэг нэртэй залуу харвал танина. 160 см орчим өндөртэй биедээ таарсан махтай, дээгүүрээ цагаан куртиктэй, доогуураа хар өмдтэй, саарал малгайтай байсан. Үүдэн хоёр шүд хөдөлчихсөн байна, хамар нил өвчин болсон байна. ...надад одоогийн байдлаар эмчилгээний 631 200 төгрөгийн зардал хохирол учирсан байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэх шаардлага байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 4-8/,
Яллагдагч Э.Ж-ийн өгсөн: "2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 100 айлд байрлах ажлаа тараад 200 гр хэмжээтэй архи ганцаараа уучхаад орой болчихсон байсан болохоор цагийн баримжаа байхгүй байна. Тэгээд 100 айлын нэг гудамжинд чулуу бууж байх шиг байхаар нь очиж буулгаж мөнгө авъя гэж очсон чинь нэг танихгүй залуутай маргалдаад намайг түлхэж унагаасан. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би тухайн залууд хандаад хоёулаа энд яах юм бэ гудамж руу ороод учраа олъё гээд дагуулаад явсан. Тэгээд яг ямар гудамжны үзүүр дээр байснаа санахгүй байна. Тухайн хүмүүстэй ойрхон 10 алхмын зайд очоод би тухайн залууг барьж аваад шууд 1 удаа цохиж унагаагаад дээр нь гараад боож байсан чинь хүмүүс ирж салгаад нөгөө залуу цагдаа дуудсан байсан. Би тухайн залуугийн хаана нь цохисноо санахгүй байна. Ямартай ч гараараа нэг удаа цохисон. Тэгсэн шүд хугарчихлаа ч гэлүү шүдтэй холбоотой юм яриад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13660 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Б.Н-ийн биед хамрын ясны хоёр хажуу хананы зөрүүтэй цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, үүдэн баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал, хамар зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл байна. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх хоёр шүдний сулрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна." гэх /хх-ийн 11-14/,
хохирогч Б.Н-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эмчилгээ хийсэн баримтууд /хх-ийн 27-28/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Э.Ж-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "П П" нэртэй чулууны үйлдвэрийн орчим гудамжинд хохирогч Б.Н-тай маргалдаж улмаар нүүр лүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хоёр хажуу хананы зөрүүтэй цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, үүдэн баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал, хамар зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Улсын яллагчийн дүгнэлтээр шүүгдэгч Э.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Ж-ийн эрүүл мэндэд хамрын ясны хоёр хажуу хананы зөрүүтэй цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, үүдэн баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал, хамар зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар 631 200 төгрөгийг нэхэмжилснийг хангаж, шүүгдэгчээс 631 200 төгрөг гаргуулж хохирогч Б.Н-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Э.Ж-д Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,
Шүүгдэгчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал би ажлаа хийж чадахгүй. Миний хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү гэх гэх санал тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Тусгай дунд боловсролтой, уул уурхайн хүнд механизмын оператор мэргэжилтэй, М Ч ХХК-д зүсвэрчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ............... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял 4 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд:
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 29, 32-45/ зэрэг авагджээ. Түүний урьд ял шийтгэгдэж байсан нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг урьд нь үйлдэж байсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан гэмт буруутайд тооцсон зүйл хэсгээр 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн 2309000002624 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-ийг 700 /долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг Нийслэлийн Хот тохижилтийн газарт эдлүүлсүгэй.
4.Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-оос нийт 631 200 /зургаан зуун гучин нэгэн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, Баянгол дүүрэг........................... тоотод оршин суух хохирогч Б.Н /РД:.................../-д олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ