| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/01303/И |
| Дугаар | 183/ШШ2020/01774 |
| Огноо | 2020-06-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2020/01774
2020 06 26 183/ШШ2020/01774
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:, Д.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ж Э Э Э” ХХК-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Ж э э э” ХХК-тай гэрээ байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Дүнжингаравын 51 дүгээр байр, 2 дугаар орцны 116 тоотод байрлах 110 м.кв талбайтай орон сууцыг 85.250.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Улмаар уг байрын төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулсан. Уг байр нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтанд орсон бөгөөд одоог хүртэл амьдарч байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус компаниас гаргаж өгөөгүй. Гэрчилгээ гарахаас өмнө уг байрыг Төрийн банкинд зээлийн барьцаад тавьсан гэсэн. Иймд Д.Б намайг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Дүнжингаравын 51 дүгээр байр, 2 дугаар орцны 116 тоотод байрлах 110 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Д.Б нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөр болох 85.250.000 төгрөгийг бүрэн төлсөн гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “Ж э э э” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 162 тоот зээлийн болон барьцааны гэрээний дагуу 2.500.000.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо. Зайсан хороолол, Дүнжингарав гудамж, 51 тоот 14.100 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт барьцаалсан. Зээлийн барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгө нь нийт 188 айлын орон сууц бөгөөд тухайн компани дээрх орон сууцыг гүйцээн барих зориулалтаар Төрийн банкнаас уг зээлийг авч, орон сууц захиалгын хүлээгдэж буй орлогоор зээлийг эргэн төлөх зориулалттай байсан боловч Төрийн банкны зээлийг хааж дуусгаагүй байна. Банкны хувьд нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, түүнтэй эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй ба зээлдэгч нь зээлийн төлбөрөө барагдуулсан үед барьцааг суллахад татгалзах зүйлгүй болно гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Бын нэхэмжлэлтэй, “Ж э э э” ХХК-д холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
“Ж э э э” ХХК, Д.Б нарын хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 58/2-116 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” болон “Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт”-өөр гүйцэтгэгч “Ж э э э” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Соёмбот уулын хормойд Маунтэйн вийв ресидэнс /Mountain view residence/ орон сууцны 2 дугаар орц, 116 тоот, 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2014 оны 5 дугаар сард багтаан ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх, захиалгч Д.Б нь ажлын хөлсөнд 85.250.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Уг гэрээний дагуу захиалагч Д.Б нь хэлэлцэн тохиролцсоны дагуу ажлын хөлсөнд 85.250.000 төгрөгийг ажил гүйцэтгэгч “Ж э э э” ХХК-д төлсөн, ажил гүйцэтгэгч “Ж э э э” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Соёмбот уулын хормойд Маунтэйн вийв ресидэнс /Mountain view residence/ орон сууцны 2 дугаар орц, 116 тоот, 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг биет байдлаар нь захиалагчид 2014 оны 12 дугаар сард шилжүүлэн өгсөн, мөн уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.
Гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Соёмбот уулын хормойд Маунтэйн вийв ресидэнс /Mountain view residence/ орон сууцны 2 дугаар орц, 116 тоот, 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын 51 дүгээр байр нь “Ж э э э” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 162 дугаар “Зээлийн гэрээ” болон “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ний дагуу “Төрийн банк” ХХК-д барьцаалагдсан болох нь хэргийн оролцогчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.
Дээрх үйл баримтаар ажил гүйцэтгэгч “Ж э э э” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Соёмбот уулын хормойд Маунтэйн вийв ресидэнс /Mountain view residence/ орон сууцны 2 дугаар орц, 116 тоот, 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг захиалагч Д.Бод шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдсон тул нэхэмжлэгч Д.Быг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн боохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Быг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Соёмбот уулын хормойд Маунтэйн вийв ресидэнс /Mountain view residence/ буюу Дүнжингарав гудамж, 51 дүгээр байрны 2 дугаар орц, 116 тоот, 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Боос улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 584.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж э э э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 584.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД