| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 102/2023/01580/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/15 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/15
2023 12 25 2024/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, шүүгч Н.Баасанбат, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал,
улсын яллагч Б.Цэцэгмаа,
иргэдийн төлөөлөгч П.Эрдэнэчимэг,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч н.Пүрэвбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт ******** ургийн овогт Д.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00674 0932 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, агаарийн хөлгийн замч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт **************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтэлгүй, ******** ургийн овогт Д.Б /РД:**********/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 112 тоотод Н.Цтой “эмэгтэй хүн зодлоо” гэх шалтгааны улмаас баруун бугалганд зэвсгийн чанартай буюу хутгаар хатгаж, түүний биед баруун бугалгын хураагуур, таруугуур судасны бүрэн тасрал, мэдрэлийн тасрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б нь гаргасан тайлбараа “...2022 оны 12 дугаар сарын 30-нд найзтайгаа уулзсан. Улаанхуаранд дүүтэйгээ түр амьдар байсан. Орой 16 цагийн үед тийшээ очсон. Хамт дэлгүүр орж 1 шил архи ууж, идэж, уух зүйл авсан. Гэртээ ирээд эхнэрийг хоол хийгээрэй гээд манай эхнэр хоол хийсэн. 0,75 литрийн архийг ууж дуусгаад дахиж архи авсан. Нэг харахад манай найз эмэгтэй хүнийг зодож байхаар нь яагаад чи эмэгтэй хүнийг зодож байгаа юм бэ гэхэд би эмэгтэй хүн зодож таашаал авдаг гэсэн. Би очиж салгах гэтэл над руу 3-4 удаа цохисон. Б ах намайг авраарай гэж хашгирч байсан. Намайг салгах гэж очиход цохисон. Эхнэр ариун цэврийн өрөө явсан хойгуур тухайн процесс явагдсан. Цоогийн гарнаас цус гарч байна гээд түргэн тусламж дуудаж авч явахад удалгүй намайг цагдаа ирээд авч явсан. Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэхэд хонож 12 дугаар сарын 31-ний орой эрүүлжүүлэхээс гарсан. Манай гэрт 2 хутга байсан. Нэг нь маслоны хутга байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “...Миний үйлчлүүлэгч Д.Б нь хохирогч гэр Цын эмнэлэгт хэвтсэн төлбөрийг бүрэн төлсөн. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байдаг. Миний хувьд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Д.Бы хувьд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн байх боломжтой. Гэмт хэргийн 3*5 хэмжээний жижиг амбаар амьдардаг. 210 хэмжээтэй ортой. Жижиг ширээтэй, түмпүүшиг дээрх хутга, сэрээг аваад хатгах боломжтой нөхцөл байдалд байсан. Тэгэхээр үүнийг сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэж үзэх бүрэн боломжтой боловч мөрдөгчийн хувьд үүнийг хангалттай нотлон тогтоогдоогүй. Мөн тухайн нөхцөл байдалд хохирогчийн тухайд эмэгтэй хүнийг зодсон, өөрийг нь зодсон. Эдгээр нөхцөл байдлаас үүдэж гарт тааралдсан зүйлээрээ хатгасан байж болохоор байна. Хутгаар гэмтэл учруулсан гэдэг дээр бид маргахгүй байгаа. Гэхдээ түүний гэмтэл нь хуучин гэмтэл байсан. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлгүй байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх доорх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул уг нотлох баримтуудыг үнэн зөвд тооцон эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа болон насанд хүрээгүй хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 112 тоотод Н.Цтой “эмэгтэй хүн зодлоо” гэх шалтгааны улмаас баруун бугалганд зэвсгийн чанартай буюу хутгаар хатгаж, түүний биед баруун бугалгын хураагуур, таруугуур судасны бүрэн тасрал, мэдрэлийн тасрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/-р тал,
Хохирогч Н.Цын өгсөн “...тухайн архийг ууж дууссаны дараа дахин би Бтай хамт дэлгүүр гараад дахин 1 шил 0,75 литрийн Соёрхол архи авч ирээд ууж сууж байгаад би тасарчихсан. Нэг мэдсэн чинь шөнө эмнэлэг дээр, баруун суга хэсэгтээ хутгалуулчихсан байдалтай сэрсэн. Миний баруун суга хэсэгт хутгалуулж судас тасарсан. Энэ гэмтлийг Б надад учруулсан гэж бодож байна. Учир нь тухайн үед надтай муудалцах боломжтой хүн нь Б байсан болов уу л гэж бодож байна. Тэнд байсан 2 эмэгтэй бол надтай муудалцаагүй байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Хохирогч Г.Цэын өгсөн “...Тэгээд маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед Оийн нөхөр Б нь найз гэн нэг залуутай хамт ирсэн. Б ирсэн залууг Ц гэж танилцуулсан. Тэгээд Б, Ц 2 архиа уугаад сууц байтал О бие засах гээд гарсан хойгуур Ц учир зүггүй босч ирээд миний нүүр рүү шууд цохиж аваад “Би эрэгтэй хүн зодож кайф авдаг” гээд орилоод, намайг татаж газар унагаад нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд би орилоод “Хөөе Б сэрээч ээ” гэж хэлтэл Б ах босож ирээд “Хөөе чи яаж байгаа юм бэ” гээд Ц гэдэг хүнийг барьж авсан. Тэр үед О орж ирээд бас орилсон. Тэгтэл удалгүй Ц гэдэг хүний баруун гарнаас нь цус гараад эхэлсэн. Тэгээд бид нар айгаад. Б ах “Би хүн хутгалчихлаа” гээд дуудлага өгсөн...Би тухайн Ц гэх хүнтэй өөрөөсөө хэрэлдэж муудалцаагүй. Ц, Б 2 хоорондоо бас хэрэлдээгүй. Маргаан болох болсон шалтган нь Ц намайг зодож цохисноос эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/-р тал,
Гэрч Л.Оийн өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ найз эмэгтэй Цэын хамт гэртээ байж байтал манай нөхөр Б 16 цагийн үед найз Ц гэх залуугийн хамтаар ирсэн. Б, Ц 2 орж ирэхдээ 1 шилтэй архи авч орж ирсэн ба бид 2 сууж байгаад тухайн архийг нь хувааж уугаад дуусгатал Б, Ц 2 дахин дэлгүүр гарч 1 шил архи авч ирээд 2-уулхнаа тал хүртэл нь уучихаар нь би архийг нь шүүрч аваад далд хийсэн. Тэгээд 23 цагийн үед манай нөхөр орон дээр хэвтээд унтсан. Тэгэхээр нь би гадаа гарч жорлон орчхоод 10 орчим минутын дараа ороод иртэл Ц Цэыг газарт унагаачхаад зодож байсан. Тэгээд би явж ороод болиулаад Быг дуудаж сэрээгээд Цыг болиулаач ээ гэж хэлтэл Б босоод иртэл Ц Бы толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би Цэыг холдуулж аваад нүүрийг нь хараад байж байтал Цыг баруун гарыг дагаад цус гоожиж байсан ба хажууд Б зогсож байсан. Тэгээд би “хүүе юу болж байнаа, түргэн дуудаач ээ” гэж хэлээд, Б утсаараа түргэн дуудаад “би хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй 10 орчим минутын дараа түргэн тусламж ирээд Цыг аваад явсан ба удалгүй цагдаа нар ирээд Быг аваад явсан. Манай гэрт Б, Цог, Цэ бид 4л байсан. Өөр хүн байгаагүй. Цын гарыг манай нөхөр Б хутгаар хатгачих шиг болсон. Ц Б 2 тусдаа Цэ бид 2 тусдаа зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/-р тал,
Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Эрхэмбаярын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1441 дугаартай “...Н.Цын биед баруун бугалгын хураагуур, таруугуур судасны бүрэн тасрал мэдрэлийн тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрөл болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Цолмон, Ш.Цэцэгмаа, Н.Энхцолмон нарын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 996 дугаартай “Н.Цын биед учирсан баруун бугалгын хураагуур, таруугуур судасны бүрэн тасрал бүхий гэмтэл 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1441 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Цэргийн нэгдсэн эмнэлгийн 22я/0137 тоот өвчний түүхээс үзэхэд Н.Цын биед учирсан дээрхи баруун суга хэсгийн хутгалагдсан шархны улмаас баруун бугалагын хураагуур, таруугуур судасны бүрэн тасрал мэдрэлийн тасрал гэмтлийн улмаас баруун гарын 1, 2, 3 дугаар хурууны хатингаршил үүссэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн асуудлаар:
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр халдашгүй дархан байх эрхтэй” гэж хүний халдашгүй байх эрхийг баталгаажуулсан.
Хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, түүний аюулгүй байдалд халдсан хамгийн хүнд гэмт хэрэг юм.
Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Д.Б нь хохирогч Н.Цын бие махбодид зэвсэг ашиглан халдаж, баруун гарын бугалга хэсэгт нь хутгалсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгчийн хохирогч руу чиглэсэн, хүч хэрэглэсэн, идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Б нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулж хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Учир нь шүүгдэгч хохирогчийн биеийг хутгаар хутгалах нь гэмтэл учирч болох аюултай шинж чанарыг өөрөө ухамсарлаж байсан ч хүсэж үйлдсэнээрээ уг хохиролд хүргэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч н.Пүрэвбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...миний үйлчлүүлэгч Д.Б нь тухайн үйлдлийг хийхдээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хохирогчийг хутгаар гэмтээсэн...” гэх тайлбарыг гаргаж маргадаг.
Улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №192 тогтоолд “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” тухай ойлголт нь өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодийн хувьд хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд энэхүү бусдын хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэлийн хүчтэй цочролт, давчдалт нь хохирогчийн нэг бус удаагийн хууль бус үйлдлийн хариу болж үүсч, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэл болох бөгөөд хохирогчийн хууль бус үйлдэл нь гэмт этгээдийн хувьд хүлээгээгүй нөхцөл байдалд, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэмт этгээдийн санаа шууд болон шууд бус хэлбэрээр илэрч болохыг анхаарвал зохино.
Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №295 дугаар тогтоолд “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал болно” гэж тайлбарлажээ.
Хэрэг болсон тухайн нөхцөл байдалд шүүгдэгч Д.Б нь хэрүүл маргаан, зодоон болсны дараа өөрөөс нь хол зайд байх хутгыг очиж аваад хохирогчийн баруун гарын шуу хэсэгт нь хутгалсан нөхцөл байдал тогтоогдож байна. Энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хор уршиг, учир холбогдлыг ойлгож ухамсарлаж байсан бөгөөд тухайн үйлдлийг хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг шууд заасан байх бөгөөд шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр амь насанд аюултай хүнд гэмтэл болох нь тогтоогдсон байх учир гэмт хэргийн шинж бүрэн хангагджээ.
Хүнд зэргийн гэмтэл гэж гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн, ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх амь насанд аюултай гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтлийг хэлнэ.
Уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.
Тус зүйлийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заажээ.
Шүүгдэгч Д.Бы мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дүгнэхэд шүүгдэгч болон хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн боловч шүүгдэгч нь болж байгаа үйл явдлыг мэдэж байсан болох нь тогтоогдож, тухайн үйл явдалд дүгнэлт хийх, нөхцөл байдлыг тодорхойлж үнэлэх чадвартай байсан байна.
Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан байна.
Иргэдийн төлөөлөгчийн уг дүгнэлт нь жирийн иргэний өөрийн ухамсар, итгэл, үнэмшил болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримт болон хохирогчийн мэдүүлгийг сонсож, шүүгдэгчийн үйлдлийн буруутай болохыг ойлгож дүгнэсэн дүгнэлт юм.
Шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт С.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “зэвсэг ашиглан үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Д.Б нь хохирогчид 2,600,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн байна.
Хохирогч Н.Ц нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч Н.Ц нь цаашид өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэсэн саналыг гаргасан бол
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналдаа “...Шүүгдэгч Д.Бы үйлдэл нь энэ гэмт хэргийн субъектив үндэслэлийг тооцож үзсэнгүй. Нэмж хэлэх зүйлгүй...” гэх саналыг тус тус гаргажээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,
5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.
Шүүгдэгч Д.Бы гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх нөхцөл байдлууд тогтоогдсон болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял, шийтгэл нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Д.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Тамгын газарт даалгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** ургийн овогт Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Быг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хохирогч Н.Ц нь энэ хэргийн улмаас цаашид өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хар өнгийн иштэй хутга 1 ширхэг” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН
ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ
Ц.МӨНХТУЛГА