Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/38

 

2024        01    03                                      2024/ШЦТ/38

 

                                   

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн 2309000002778 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, Л М ХХК-д менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхэд, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ...................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Г, ...... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Б.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин сүлжээ дэлгүүрийн урд талын уулзвар дээр хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар иргэн Ж.Бтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нэг удаа мөргөж түүний эрүүл мэндэд гурван шүдний сувгийн үрэвсэл, дээд уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/, хохирогч Ж.Б-ы "... Би 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 12 цаг өнгөрөөд Нарангийн голоос Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Түлэнхий төв рүү явж байсан ба 11 дүгээр хорооллын Номингийн урд талын уулзвар дээр явж байхад хөх өнгийн aqua маркийн тээврийн хэрэгсэл дохио өгөлгүй шахаж орж ирсэн. Тэгээд тухайн тээврийн хэрэгслээс нэг залуу бууж ирээд шууд миний хамар, ам хэсэг рүү мөргөсөн. Тэгээд зууралдаж байгаад миний өмсөж явсан куртик урсан ба удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13981 дугаартай "...Ж.Б-ы биед гэмтлийн шалтгаан гурван шүдний сувгийн үрэвсэл, дээд уруулд шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/, яллагдагч Б.Гийн "...Би 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр хороололд автобусны буудал дээр зогсож байгаад хөдлөхөд араас машин ирж намайг шахаад урд орж зогсоод цонхоо онгойлгоод над руу хандаж пизда минь чи аятайхан яваач гээд хараагаад байхаар нь би урдаас нь адилхан чи өөрөө аятайхан яв гээд хараасан. Тэгэхэд нь би уурлаад машинаасаа буугаад очиход тэр залуу руу очиход тэр залуу бас машинаасаа буугаад ирэхэд нь би тэр залуугийн толгой руу нь нэг удаа толгойгоороо мөргөхөд намайг тэр залуу бас мөргөсөн. Тэгж байхад тэр залуугийн хамт явсан хүмүүс нь бууж ирээд над руу бас дайрсан. Тэгээд маргалдаж байхад цагдаагийн алба хаагчид ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/, яллагдагч Б.Гийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.Г  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан  байна.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 Хохирогч Ж.Б нь баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн гараар бичсэн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөг төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ