| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2024/0025/Э |
| Дугаар | 2024/ ШЦТ/42 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2024/ ШЦТ/42
2024 01 08 2024/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нээлттэй шүүх хуралдааныг шүүгч С.Б даргалж,
улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгч Б.Э,
нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2311000001398 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: З овогт Б.Э
Монгол Улсын иргэн, 1966 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн .... тоотод хохирогч Э.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт барлах Сургуулийн .... тоотод хохирогч Э.Бийг зодож эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сэрүүн нэртэй шар айраг ганцаараа уусан. Тухайн пивоо ганцаараа ууж сууж байгаад 17 цагийн орчимд хамт амьдарч байгаа төрсөн ээж болон төрсөн дүү нарын гэр лүү орсон. Төрсөн дүү Бд хандаад чи өөрийнхөө машиныг хашаа руу шахаад тавьчихаж бай миний машин багтахгүй байна шүү гэх уцаарлан хэлэхэд дүү өөдөөс уурлаад бид 2-ын хооронд хэрүүл маргаан үүссэн. Хэрэлдэж байхдаа бид 2 бие биеэ заамдаад орилолдоод ноцолдсон. Тэгээд ээж бид 2-ыг салгасан бөгөөд би гэрээс гарчихсан. Хэсэг хугацааны дараа би дүүдээ хандаад чи намайг ах гэж хүндэлсэнгүй. Чи намайг яагаад ахаа гэхгүй байгаа юм гээд ахиад маргалдсан ба манай дүү өөдөөс мөчөөгөө өгөхгүй намайг барьж аваад унагаагаад байхаар нь айлгах гээд ширээн дээр байсан иштэй бор өнгийн хутгыг гартаа барьсан. Би ямар нэгэн байдлаар дүү рүүгээ хутга бариад дайрсан зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,
- хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цагийн орчим өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн ... тоотод байх байшиндаа төрсөн ээж П.Бхээ хоолыг хийгээд сууж байтал миний эх нэгтэй эцэг өөр ах болох Б.Э нь гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд гэнэт орилж хашхичаад гадаа хашааны хаалгыг ямар пизда нь хаачихсан юм бэ? гээд хараалын үг хэлээд орилоод эхэлсэн. Тэгээд гэнэт намайг харснаа над руу дайраад чамайг ална гэх зэрэг зүйл хэлээд миний биед халдаж зодсон. Эхлээд миний цамцны захаас заамдаад нүүр ам руу цохичих гээд дайраад эхлэхээр нь би хоёр гарыг нь дарчихсан байтал ах Б.Э нь миний ам руу толгойгоороо хоёр удаа хүчтэй мөргөчихсөн ба ам руу мөргүүлсний улмаас миний амнаас тухайн үед бага зэргийн цус гараад үүдэн шүд хөдөлчихсөн. Мөн ах Б.Э нь миний гарын сарвууг хойш нь дараад байсан. Тэгээд бид хоёр байж байтал гаднаас манай төрсөн дүү Э.Батчимэг өөрийн нөхрийн хамт орж ирсэн ба ахыг надаас салгасан. Бид хоёрыг салсны дараа Б.Э нь гадагшаа гарчхаад эргээд удалгүй буцаж гартаа бор өнгийн иштэй хутга барьчихсан орж ирээд над руу дайраад намайг ална мөн надад буу байгаа буугаараа буудна гээд салгаж байсан дүү нарт хандаад яриад байсан ба та хоёр миний бууг харсан биз дээ гэх зэрэг зүйлс яриад эхэлсэн бөгөөд тэр үед нь манай хүргэн Ууганбаяр болон төрсөн дүү Э.Батчимэг нар нь болиулсан. Би ах Б.Эыг намайг цохиж зодох гээд байхаар нь хоёр гарыг нь доош нь дараад барьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дугаар тал/,
- гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн .... тоотод амьдардаг. Би оройны 19 цаг өнгөрч байхад өөрийн гэртээ ирэхэд манай хашаанд хамт амьдардаг миний төрсөн ээж Бийн гэрт миний төрсөн ах нар болох Э.Б, Б.Э нар хоорондоо муудалцаж зодолдсон байдалтай байсан. Намайг ээжийн гэрт ороход Б ахын хувцас нь урагдчихсан, мөн нүүр амандаа маажуулсан, амнаас бага зэргийн цус гарчихсан байдалтай, харин Э ахын биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх анзаарагдаагүй. Тэгээд нөхөр бид хоёр ах нарыг салгасан бөгөөд тэр үед Э ах гадагшаа гараад явсан ба удалгүй гартаа бор өнгийн хутга барьчихсан ороод ирсэн. Тэгэхээр нь манай нөхөр У Э ахыг болиулаад хутгыг нь булаагаад авчихсан. Хэрэг болох үед манай ээж төрсөн ах нар байсан ба миний төрсөн ээж нь сүүлийн нэг жилийн хугацаанд ойр ойрхон болсон зүйлээ мартчихдаг, эмчийн хяналтад байдаг болохоор би эргээд болсон явдлын талаар асуухад ямар нэгэн зүйл хэлж чадахгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11822 дугаартай: Э.Бийн биед дээд уруулд цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, цээж, хүзүү, баруун дал, баруун шуунд цус хуралт, зүүн сарвуу зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,
- 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 88-91 дүгээр тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваанямын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №5944 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 98-101 дүгээр тал/,
- шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа. Нийгмийн даатгал төлсөн эсэх лавлагаа /хавтаст хэргийн 27-31 дүгээр тал/,
- ял шалгасан хуудас /хавтаст хэргийн 25 дугаар тал/,
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /хавтаст хэргийн 1-2 дугаар тал/,
- эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-12 дугаар тал/,
- эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 69 дүгээр тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн .... тоотод хохирогч Э.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу гэр бүлийн таагүй харилцаанаас болж хоорондоо маргалдан, улмаар шууд санаатайгаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргтйг бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Э.Б нь эмчилгээний зардалд 3.245.000 төгрөг, эд зүйлийн үнэлгээ 94.400 төгрөг нийт 3.339.400 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон 94.400 төгрөгийг шүүгдэгч Б.Эаас өөрийнх нь саналыг харгалзан 1 сарын хугацаанд гаргуулж, хохирогч Э.Бд олгуулах, хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3.245.000 төгрөг нь ирээдүйд гарах эмчилгээний зардал бөгөөд одоо тооцоолох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шүүгдэгч Б.Э нь тухайн үед гартаа барьж хохирогчийг айлгасан үйлдэл хийсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд зүйл устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Эыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 94.400 /ерэн дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан, хохирогч Э.Б-д олгож, 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хохирогч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуванцар иштэй, 2.5 см өргөнтэй, 11.5 см ажлын хэсэгтэй хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд зүйл устгах комисст даалгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ