| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 105/2020/0594/Э |
| Дугаар | 676 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 676
2020 5 26 2020/ДШМ/676
Л.Ст холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Сын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2006006280361 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Л-ийн С, 1998 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Түдэвтэй сумын ... дугаар баг, ... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД:..................../;
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 04 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн дээрх 01 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн;
Шүүгдэгч Л.С нь 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 3 дугаар гудамжны 839 тоотод, иргэн Б.Энхтайванд “Хил хамгаалах ерөнхий газарт ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Сыг “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ст 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Ст оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Л.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Саас 200.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхтайванд олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх миний хохирлоо төлж, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Мөн улсын яллагчийн гаргасан 300 цаг албадан ажил хийлгэх ялын талаарх дүгнэлтийг харгалзан үзээгүй. Шүүх ямар үндэслэлээр надад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг сайн мэдэхгүй, миний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Хэргийг дахин хэлэлцэж надад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ял болон мөнгөн торгууль болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Л.Сын өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй. Хавтаст хэрэгт авагдсан Л.Сын хувийн байдлын талаарх баримт тодорхойгүй байна. Шийтгэх тогтоолд Л.Сыг өмнө Завхан аймгийн Сум дундын шүүхээр 1 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдэж байсан гэж үзэж, 1 жилийн хорих ял оногдуулсан. Хавтас хэрэгт анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол авагдсан байсан. Харин ял эдэлж суллагдсан талаарх баримт хэрэгт байхгүй. Л.С нь өөрөө миний хэргийг хэрэгсэхгүй болсон гэдгээ мэдүүлсэн. 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 4 дугаартай магадлалаар хүчингүй болсон. Тухайн хэрэг хэрхэн хэрэгсэхгүй болсон талаарх баримт хэрэгт авагдаагүй. Үүнээс шалтгаалж шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байна. Өмнө ял шийтгэл эдэлж байсан гэх үндэслэлээр хорих ял оногдуулсан гэж үзэж байна. Хохирогч Б.Энхтайванд 200.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан баримтыг одоо гаргаж өгч байна. Л.С нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан зэрэг үндэслэл байгаа учраас хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна. Иймд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэв.
Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд уг хэргийг шийдвэрлэсэн. Өмнө нь нэг удаагийн ял шийтгэл нь хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд Л.С нь өмгөөлөгчгүй оролцохдоо нэг удаагийн ял шийтгэлтэй гэдгээ хүлээн мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.С нь 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 3 дугаар гудамжны 839 тоотод амьдрах иргэн Б.Энхтайваны гэрт түүнийг “Хил хамгаалах ерөнхий газарт ажилд оруулж өгнө” гэж хуурч 200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Энхтайваны “2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим манай гэрт хуурай ах Энхмандах нь Хил хамгаалах ерөнхий газрын 0253 дугаар ангийн хүний нөөцийн албаны дарга С гэх хүнийг дагуулж орж ирээд танилцуулаад “манай хилийн цэргийн дефендр гэх шинэ машинууд ирсэн байгаа, итгэлтэй хүн олоод өг гэхээр нь тань дээр дагуулж ирж байна” гэж хэлсэн. Иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, 3 хувь цээж зураг зэрэг бичиг баримтыг бүрдүүлж өгөөд 200.000 төгрөгийг Энхмандах гэх хүний данс руу дүү болох Нарангэрэлийн данснаас шилжүүлсэн. Би Лицензийн төв ороод лавлагаа авч байхад С нэг хүнтэй яриад байсан, тэгээд мөнгийг нь АТМ-ээр шилжүүлчихлээ гээд орж ирсэн. Тэндээс гараад С Хил хамгаалах ерөнхий газрын ард буусан бөгөөд 10 минутын дараа “за болчихлоо” гээд хүрч ирсэн. ...” /хх 5-8/,
гэрч Э.Энхсайханы “2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагийн үед би гэртээ байж байхад манай хадам ах С нь над руу танихгүй дугаараас залгаад “утас авна гээд ээж Завхан аймгаас мөнгө явуулж байгаа. Миний данс картгүй болохоор чиний данс руу шилжүүлээд авъя гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч, өөрийнхөө 5758033732 дугаартай дансыг өгсөн. 20 цагийн үед над руу дахиж залгаад “картнаасаа мөнгө аваад өгчих би очиж байна” гэж хэлсэн. Бид хоёр Гандан дээр уулзсан бөгөөд хүргэн ах С нь ганцаараа ирээд бид хоёр хамт явж Өргөө кино театрын баруун талд байрлах ломбарднаас 140.000 төгрөгөөр гар утас авсан. Тэгээд манай гэрт ирээд 23 цагийн үед явсан, тэр өдөр надтай уулзахдаа хил хамгаалахын дүрэмт хувцастай ирж уулзсан. ...” /хх 12-13/,
шүүгдэгч Л.Сын яллагдагчаар өгсөн “Би 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө 11 цагийн үед төрсөн дүү болох Сумъяанямын гэрээс гараад хороолол орох гээд такси барьсан ба хороолол орчихоод буцаад нөгөө такситайгаа Баянбүрд орсон. Энэ хугацаанд би таксины жолооч ахтай танилцаад ажлын санал тавьсан. Тэр үед би хил хамгаалахын хувцастай явж байсан болохоор өөрийгөө Хил хамгаалах ерөнхий газарт боловсон хүчин хийдэг гэж хэлээд жолоочийн ажил санал болгосон. Тухайн таксины жолооч ах “ах нь одоо нас 40 гарчихсан, харин найдвартай хүн олж өгье” гээд Дарь-Эх рүү явсан. Тэнд очиход Энхтайван гэх хүн байсан ба тэр хүнийг аваад бид хэд гарч ирсэн. Хамт явж байхдаа барьцаа 200.000 төгрөг авна гэж хэлээд мөнгийг нь таксины жолооч ахын данс руу хийлгэсэн. Дараа нь таксины жолооч ах манай хүргэн дүү Энхсайханы данс руу 200.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /хх 49-50/ гэх мэдүүлгүүд,
гэрч Б.Тунгалагийн эзэмшлийн “Хаан” банкны 5064238762 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 3/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.Сыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Л.Сын хохирогч Б.Энхтайваныг “Хил хамгаалах ерөнхий газарт ажилд оруулж өгнө” гэж хуурч 200.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Л.С “...оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж нийтэд тустай ажил хийлгэх ял болон торгох ял болгож өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн бөгөөд Л.Ст холбогдох хэргийг зүйлчилсэн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцжээ.
Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Сын өмгөөлөгч У.Сайнбилэг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхтайванд учирсан 200.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн талаарх бичгийн баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчийн хохирлыг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 6 сар болгон багасгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон “...Зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах...” гэсэн гэмт хэргийн шинжийг “...Хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэж өөрчлөлт оруулж, тогтоогдсон үйл баримтын хүрээнд гэм буруугийн шинжийг тодорхойлж, гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Иймд магадлалд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтад “Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Сыг “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Сыг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
- 2, 3 дахь заалтуудад “...1 жилийн хугацаагаар...” гэснийг “...6 сарын хугацаагаар...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Сын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Л.С 200000 төгрөгийг хохирогч Б.Энхтайванд төлсөн болохыг дурьдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ